МОНГОЛЫН ИРЭЭДҮЙГ БИД ХЭРХЭН ХҮМҮҮЖҮҮЛЭХ ВЭ?
13 жил, 3 сар өмнө

Мэдээж хүүхэд нас бол хүн бүхний хамгийн дурсамжтай, баяр хөөр, уйтгар гуниг хосолсон аз жаргалтай үе байдаг. Энэ л насандаа бид хөгжиж төлөвшиж, ирээдүйн зан авир, мөн чанар, оюун ухаанаа олж авдаг. Тиймээс бидний ирээдүйд хэн байх, хэн болохыг тодорхойлж өгдөг хүүхэд нас, тэр тусмаа бага балчир нас гэдэг хүний амьдралын маш чухал бөгөөд хариуцлагатай үе байдаг. Харамсалтай нь манай эцэг эхчүүдийн дийлэнх олонх нь энэ хариуцлагатай чухал үеийг хариуцлагагүйгээр өнгөрүүлж, ... дараа, .... том болохоороо, .... сургуульд орохоороо өөрлчлөгдөх биз, ...болох биз гэсэн  буруу хандлагаар хүүхдээ өсгөчихөөд, өнгөрсөн хойно нь хашгирав гэгчээр амаа барих тохиолдол олонтоо гаргаж байна.

Тэгвэл бид ирээдүй үе болсон хүүхэд багачуудаа хэрхэн хүмүүжүүлэх вэ? Бидний хүүхдээ хүмүүжүүлж байгаа арга барил маань зөв болов уу? буруу болов уу? Хүүхэд хүмүүжүүлэх хамгийн сайн арга юу байдаг бол?

Дэлхийд олон эст амьтан үүсэж, яваандаа тархитай болон хөгжсөн цагаас эхлэн өөрийн амьдралын туршлагаа хойч үедээ өвлүүлдэг болсон. Энэ байдлаар явсаар ухаант хүн үүсэн бий болоход амьдралаас олж авсан мэдлэг туршлагаа залуу үедээ даган дуурайх байдлаар өвлүүлдэг байсан, энэ яваандаа хэл хөгжих эх үндэс болсон ба улам нийгэмшиж, хот суурин төвлөрсөн зохион байгуулалттай болоход хүүхдийг хүмүүжүүлэх, мэдлэг туршлага зааж өвлүүлэх олон арга хэрэгсэл бий болсон. Үүний дүнд сургууль цэцэрлэг, сургалт хөгжлийн төв байгуулагдаж хүний хөгжлийг хангах болсон. Энэ бидний мэдэх БАГШ төвтэй сургалт буюу багш зааж, хүүхэд сонсох ёстой гэсэн хандлага юм.

17 зууны сүүл үеэс шавь төвтэй сургалтын тогтолцоо бий болж, энэ явсаар өнөөгийн өндөр түвшинд хүрсэн. Шавь төвтэй сургалтын давуу тал нь багш хүүхдийн чадвар нөөц бололцоог илрүүлэх зорилготой сургалтыг явуулж, шавь өөрөө бие даан сонирхол сэдлийнхээ дагуу суралцана. Өөрөөр хэлбэл хүүхэд өөрөө хүссэн сонголтоор сурч хөгжин багшийн мэдлэг чадварыг давах хангалттай боломж бүрддэг явдал юм.

Сүүлийн үед шавь төвтэй сургалтын тогтолцоог боловсронгуй болгох үүднээс “шавь төвтэй сургагч багш” сургалтын тогтолцоо руу аяндаа шилжиж байна. Энэ сургалтын онцлог нь хүүхэд сурч мэдсэн зүйлээ үе тэнгийнхэндээ зааж өгөх замаар өөрөө улам чадваржих, үүнийг сурсан хүүхэд дараагийн үедээ зааж өгөх замаар тасралттай хөгжиж төлөвших үйл явц юм. Яагаад энэ сургалт тийм үр дүнтэй гэж?

Аливаа хүнд мэдээллийг хамгийн сайн дамжуулагч нь үе тэнгийнхэн нь байдаг. Энэ нь тухайн хүний наснаас дээш 5 нас, доош 5 насны хооронд буюу нас ойролцоо хүмүүс бие биенээ хөгжүүлэх нь их байдаг. Харин насаар нэлээн ахимаг хүмүүс, эцэг эх зэрэг нь тухайн хүнээс 20 орчим жилийн насны зөрүүтэй байдаг учир хүүхдийнхээ сэтгэл мэдрэмжийг ойлгодоггүй, мэддэггүй учир хүүхэддээ, тэр тусмаа балчир насны хүүхэдтэйгээ зөв харилцаж чаддаггүй.

Тэр тусмаа сүүлийн жилүүдэд төрөөд байгаа шинэ үеийн хүүхдүүд аливаа юмыг сурахдаа хурдан, анхаарал сул, сэтгэн бодох чадвар өндөр, өөрийнхөөрөө гэх мэт зан авир илэрч байна. Харин энэ хүүхдүүдийг хүмүүжүүлэх аргаа эцэг эхчүүд олохгүй зөрүүд, муухай ааштай, өөрийнхөөрөө гэх мэт шинж чанарыг нь анзаарч хараад байна. Тэд хүүхдүүдийнхээ хүссэн бүх зүйлийг нь биелүүлээд, муухай ааш гаргахад нь аргадаад нэг үгээр урд нь бөхөлздөг. Энэ нь өөрийнхөөрөө байх гэсэн хандлагатай хүүхдүүдэд тааламжтай байдаг бөгөөд улам зөрүүдлэх, бусдыг даван гарах, бүгдийг өөрийнхөөрөө байлгах гэсэн хандлага бий болдог. Энэ өнөөгийн хэцүү хүүхэд гэгдэх хүүхдийн мөн чанар юм.

Хүүхдийг хүмүүжүүлэх, төлөвшүүлэх хамгийн сайн арга нь үе тэнгийнхэн дунд нь хөгжүүлэх явдал юм. Өөрийнхөө мэдлэг чадварын хувьд ойролцоо хүмүүстэй хамт хөгжих нь тэдний дунд өрсөлдөөн бий болж, үүнээсээ өөр хоорондоо улам чадваржих, хамтаараа хөгжих, багаар ажиллах чадварт суралцах зэрэг олон давуу талыг эзэмшдэг.

Орчин үеийн хүүхдийн оюуны чадвар, нөөц боломжийг тодорхойлох боломжгүй, тэднээс ямар ч авъяас чадвар гарч болох бөгөөд тэрхүү авъяас чадварыг нээж илрүүлэхийн тулд үе тэнгийнхэн дунд бүлэг, хамт олноор хөгжүүлж, эцэг эх, сурган хүмүүжүүлэгч нь хөндлөнгөөс ажиглан сургалт хөгжлийг нь чиглүүлэх явдал юм.

Манай эцэг эхчүүдийн хүүхдээ хүмүүжүүлж буй хандлагыг ажиглахад, бага наснаас нь оюуны чадварыг хөгжүүлэх гэсэн, хичээлээ хийж байгаа хүүхдийг сайн хүүхэд гэж ойлгох тал байдаг. Энэ нь тухайн хүүхдийг үнэхээр чадварлаг, сайн хүүхэд болгон хүмүүжүүлж чадаж байна уу гэсэн асуултыг эцэг, эх асран хамгаалагчид болон багш сурган хүмүүжүүлэгч нар өөрсддөө тавьж үзэх хэрэгтэй байна.

Хүүхэд хүмүүжүүлнэ, өсгөж төлөвшүүлнэ гэдэг хэн бүхэн тийм амар хийчих ажил биш гэдгийг та бүхэн сайн мэдэж байгаа. Мэдээж хэрэг хүүхдийг хүмүүжүүлэх хамгийн сайн арга гэж байхгүй, харин хүүхэд бүрийн онцлогт нь тохирсон хүмүүжүүлэх арга гэж байдаг. Хүүхэд хүмүүжүүлнэ гэдэг их өндөр байшин барьж байна гэсэн үг. Суурийг нь сайн тавьбал дээш нь хэдэн ч давхар барьж болно. Үүнтэй адил бага насанд нь ямар хүмүүжлээр ямар төлөвшил чадварыг суулгана, тухайн хүүхдийн ирээдүй тийм л байна. Хүүхэд сайн ном уншдаг, мэдлэгтэй байна гэдэг нь сайхан амьдрахын нэр биш, харин сайхан амьдрах арга ухаанаа ойлгосон, өөрийнхөө төлөө хичээж, тэмүүлж чаддаг байх нь сайхан амьдралын эх үндэс билээ.

Нэгэн сургааль үг байдаг билээ:

Авьяас дангаараа юу ч биш, авьяастай бүтэлгүйчүүд алийг тэр гэхэв

Боловсрол дангаараа юу ч биш, боловсролтой тэнэгүүд хорвоогоор дүүрэн

Суу ухаан дангаараа юу ч биш, хүлээн зөвшөөрөгдөөгүй суутнууд зөндөө л байсан

Гагцхүү шургуу зүтгэл, шийдвэр төгс чармайлт бүхнээс хүчтэй.

Хэрэв та хүүхдээ өөрөө сэдэлжиж хичээлээ хийдэг, өөрөө өөрийгөө хөгжүүлдэг, чадварлаг хүн болгон төлөвшүүлье гэвэл юун түрүүнд хүүхдийнхээ насны онцлог, түүнтэй холбоотой хэрхэн яаж хөгжүүлэх тухай анхан шатны мэдлэгийг эзэмшиж аваарай. Үүнд:

 

Нас

Онцлог

Хөгжүүлэх арга, зарчим

 

0-1

Нярай нас

Мэдрэхүйн эрхтний хөгжил сул, амьдралыг хүлээн авах суурь хандлага төлөвшдөг, хүрээлэн буй орчинтойгоо танилцаж яваа нас

Хайраар хүмүүжүүлье: Халуун дулаан тэврэлтийг мэдрүүлж, хайр ийм байдаг, бас хал ийм байдаг гэдгийг мэдрүүлэх хэрэгтэй. Ээж аавын эелдэг харц хүүхдийн энэ насанд чухал.

 

1-3

балчир нас

Мэдрэхүйн эрхтний хөгжил эрчимтэй сайжирч, хэл яриа хөгжинө. Булчингийн ажиллагаа сайжирч, харилцаа, хүний хандлагыг мэдэрдэг болно.

Харилцаагаар хүмүүжүүлье: Энэ насанд орчны эд зүйлтэй сайн харьцуулж, хүрээлэн буй орчинтой танилцуулах. Өөрөөр нь юмыг хийлгэж байх нь чухал.

 

3-6 сургуулийн өмнөх нас

Хэл яриа эрчимтэй хөгжиж, аливааг хийсвэрлэн сэтгэж сурна. Энэ насанд хүүхдийн тархи сайн хөгжиж байгаагийн нэг илрэл нь худлаа ярих байдаг. Их хөдөлгөөнтэй, өөрөө оролдох дуртай, би ХААН гэсэн төвтэй байдаг.

Зоригоор хүмүүжүүлье:Энэ наснаас эхлэн үлгэр домог, ертөнцийн сонин хачин ярьж өгөх, хүнтэй харилцах арга барил зэргийг зааж өгнө. Болохгүй болно гэдгийг ойлгуулж миний хүү МУНДАГ гэсэн ойлголтыг төрүүлэх хэрэгтэй.

 

Дээр дурьдсан 0-6 насны хүүхдэд чиглэсэн хүмүүжүүлэх арга барилд эрдэм мэдлэг, сууж сурах зэрэг арга барил байхгүй байгааг анзаарч байна уу. Хүүхдийг өсвөр нас хүртэл нь эрдэм мэдлэгээр бөмбөгдөх бус, харин амьдралыг ойлгуулах, амьдрах ухаан суулгах, харилцааны ур чадвар, өөрийгөө илэрхийлэх чадварт суралцуулах нь хүүхэд өөрөө сэдэлжин хөгжил төлөвшлөө олж авах чадвартай болгодог.

Харин өсвөр наснаас эхлэн сууж сургах, хичээл зүтгэлийн талаар ойлголт өгөх нь хүүхдийг мэдлэг чадвартай болгон хөгжүүлэх сайн талтайгаас гадна сэтгэлийн тэнхээтэй болгон төлөвшүүлдэг. Хүүхдийг ямар ч үед зөв шийдвэр гаргаж сургахын тулд багаас нь хичээл, эрдэм мэдлэг, оюун ухааны сургалтаар шахах бус харилцааны арга хэлбэрээр төлөвшүүлэх, байгаль дэлхийн онцлог, хүний амьдралыг ойлгуулах нь багаас эрдэм мэдлэгт дуртай, зөв шийдвэр гаргадаг сэтгэлийн хаттай хүн болгодог.

Та хүүхдээ хүмүүжүүлэхдээ дээр дурдсан насны онцлогийг харгалзан үзэх хэрэгтэй боловч түүнээс илүүтэйгээр чухалчлан үзэх зүйл бол хүүхдийнхээ дахин давтагдашгүй төрөлх онцогийг олж мэдэх явдал юм шүү. Тэгж байж бид хүүхдийнхээ онцлогт тохирсон, ирээдүйд нь тустай хүмүүжлийн арга хэрэгслийг сонгон ашиглаж чадна. Тиймд та доорх хэдэн асуултын хариултыг олохыг эрмэлзээрэй! Үүнд:

Таны хүүхэд ямар онцлогтой вэ?

Таны хүүхэд хэдэн настай вэ?

Таны хүүхэд ямар зан авиртай вэ?

Таны хүүхэд юунд дуртай вэ?

Таны хүүхэд ямар авьяастай вэ?

Харин та эдгээр асуултанд бүрэн хариулт олж авч чадахгүй байгаа бол, хариултыг нь мэдэж байгаа боловч хэрхэн яаж харьцах аргаа олохгүй байгаа бол манай төвд хандаарай. Бид таны хүүхдийн онцлогийг зан авир, оюун ухаан, сэтгэлгээний онцлог гэх мэт олон талаас нь цогц байдлаар оношилж, хүүхдийн төрөлх онцлогтой холбоотойгоор хэрхэн яаж харьцах, ямар арга барилаар хүмүүжүүлэх талаар зөвлөгөө өгч байна.