"Мандухай хатан эх үрс" гэр бүлийн боловсролын аян (2010 он)
14 жил өмнө

"Мандухай Хатан" компани 20 жилийн ойгоо тохиолдуулан, Яруу сэтгэгч нэгдэлтэй хамтран нийгмийн сайн сайхны төлөө гэр бүлийн боловсролыг дэмжих хүмүүнлэгийн аяны хүрээнд, өсвөр насны сурагчидад үерхэл, нөхөрлөлийн зөв хандлага, залуу эцэг эхчүүдэд гэр бүлийн боловсрол олгох лекц, сургалтын аянг зохион байгууллаа. Аянд Яруу сэтгэгч нийгэмлэгийн тэргүүн Ж.Лувсандорж, гишүүн Т.Чимэддагва, Б.Норовсүрэн, БГД-ийн 14-р хорооны ОНХ Ц.Шийрэв нар дэмжиж оролцсон бөгөөд 30 гаруй сургуулийн 5000 гаруй сурагчид, 200 гаруй эцэг эхчүүдэд хүрч ажиллаа.
Өсвөр насны дүү нар маань ухаалаг үерхэж, зөв найзалж Монголын ирээдүй үр хойчис эсэн мэнд өсөн торниход хувь нэмрийг оруулж, дүү нартаа бид оюуны хөрөнгө оруулалт хийж ирээдүйд гарч болох алдаанаас урьдчилан сэргийлэхэд бага ч болов тусаллаа.


Мандухай хатаны үрс (Танд өсвөр насны дүү нартаа цаг гаргаж хэлэх үг байна уу?)

Нийслэлийн Эрүүл мэндийн газраас хийсэн судалгаагаар жилд дунджаар 15-16 мянган эх үр хөндөлт хийлгэдэг гэсэн тоо гарчээ. Энэ бол зөвхөн зөвшөөрөлтэй 21 эмнэлгт хийсэн судалгаа. Эрүүл ахуйн стандарт хангаагүй нөхцөлд мэргэжлийн бус хүмүүс үр хөндөлт хийж, хүний аминд хүрч, эрүүгийн хэрэгт татагдах нь ихсэж, үр хөндөж мөнгө олдог далд бизнес цэцэглэсээр.
Эрүүл мэндийн хөгжлийн үндэсний төвөөс 2007 онд гаргасан статистик мэдээллээр тухайн жилд 15817 эмэгтэй үр хөндүүлжээ. Энэхүү тоог насны хувьд ангилахад 25-29 насныхан 4045, 20-24 насныхан 3302,15-19 насныхан 982 байна. Эндээс харахад нөхөн үржихүйн ид насныхан үр хөндөлтийг "сонгож", насны хувьд залуужсан нь нэгийг хэлж, хоёрыг сануулах аж. Үр хөндүүлэгсэд залуужиж буй нь үндэстэнд хөнөөлтэй гэдэг. Тэгвэл энэ сөрөг үзэгдлийг бууруулахын тулд залуучууд, өсвөр үеийнхэнд дотно харилцааны талаар мэдлэг мэдээлэл өгөх нь зүйтэй болов уу. Бэлгийн боловсрол муутайгаасаа болоод өсвөр насныхан төдийгүй насанд хүрсэн эмэгтэйчүүд хүртэл хүсээгүй жирэмслэлт, халдварт өвчинтэй нүүр тулж, аборт бол хялбархан мэтээр ойлгож яваа хүн олон байна. Гэтэл анхны хүүхдээ авахуулснаас болоод насан туршдаа үр хүүхэдгүй шаналж яваа бүсгүйчүүд, тэр ч байтугай абортонд ороод саваа цоолуулаад нас барсан тохиолдол ч олон байна. Олон зуун хүүхдүүд дотно харилцааг тоглоом мэт ойлгосон, тийм хандлагаар өсөж торниж байна. Эцэг эхчүүд, багш нар, ах эгч бид нар дүү нартаа мэдлэг мэдээлэл бага өгч байгаагаас асуудал үүсэж байна.

Ер нь аборт бол хор уршигтай гэж сурталчилмааргүй, абортын талаар дурсахыг ч хүсэхгүй байна. Анхнаасаа л зөв зохистой харилцааны талаар мэдлэгтэй болчихвол ямар ч асуудал гарахгүй. Анхнаасаа л алдахгүй байвал, алдаа гарсны дараа яах вэ гэж халаглаж суухгүй. Хүн алдаж болохгүй зүйл гэж байдаг бол хэвлий доторхи үрдээ хүйтэн мэс бүү хүргэ л гэж хэлмээр байна. Сайхан бүсгүйн хийж болдоггүй зүйл, жинхэнэ эр хүний алдаж болдоггүй алдаа бол энэ л гэж хэлмээргүй байна.

Т.Чимэддагва: Мандухай хатны үрс аяны тухайд [Лавайн эгшиг фм] by Creative Mongolia on Mixcloud

Монголын ирээдүй болсон мянга мянган хүүхдэд ухаарал хайрлаж үзэсгэлэн гоо, цэцэн билэгт Мандухай хатаны үрс маш олон болтугай.