Л.Хүрэлбаатар: Ядарч байна гэж үглэж гомдоллож байгаад гайхах юм ердөө үгүй. Хэтэртлээ идсэн идээ ундааг боловсруулах гэж бие махбод тасралтгүй ажиллаж хүмүүс эрч хүчээ нөхөх биш алдаж байна
8 жил, 5 сар өмнө

Идээ ундаа хийгээд түүний хэмжээг тохируулах нь:

Идээ ундаа хийгээд түүний хэмжээг тохируулах нь орчин үеийн хүмүүсийн хамгийн амин чухал асуудал болоод байна. Зарим оронд өлсгөлөнгөөс болж олон мянган хүүхэд нас барж байхад ихэнх оронд хэт таргалалтаас болоод өвчин, эмгэг ихэсч байна. Идээ ундааг хэтрүүлэн хэрэглэснээс үүдэн өвчин эмгэгт нэрвэгдэн нас барсан хүмүүсийн тоо өлсгөлөнгөөс болж нас барсан хүмүүсийн тооноос хэдэн арав дахин их байгааг судлаачид тогтоожээ. Тухайлбал, АНУ-ын хүн амын 60-70 хувь нь илүүдэл жинтэй байжээ. Өглөөний цай, дараа нь кофе, өдрийн хоол хоолны дараах кофе, хөнгөн зууш гээд хүмүүс зогсоо зайгүй идэж байна. Оройн хоол нь шингээгүй байхад телевизор үзэж суухдаа ч ам нь хөдөлж л байх. Орчин үеийн хүмүүс байнга ядарч байна гэж үглэж гомдоллож байгаад гайхах юм ердөө үгүй. Хэтэртлээ идсэн идээ ундааг боловсруулах гэж бие махбод тасралтгүй ажиллаж хүмүүс эрч хүчээ нөхөх биш алдаж байна.

Өвчингүй, эрүүл саруул энх амгалан амьдаръя гэвэл идээ ундааг өөрийн бие махбодын өвөрмөц чанар, нас хүйс, ажлын онцлог, цаг агаар, улиралд тохируулан хооллох ёстойг өмнөх хоёр өгүүлэлд дэлгэрэнгүй дурдсан билээ. Энэ удаа идээ ундааны хэмжээг тэнцүүлэх уламжлалт ёс заншлыг товч ч гэсэн өгүүлье гэж зорилоо.

Уламжлалт анагаах ухааны ном сударт идээний хэмжээг тэнцүүлэн идвэл долоон тамир тэнцүү байх бөгөөд галын илч хэвийн хэмжээнд үүсч өөрийн үйлийг зохих ёсоор үйлдэнэ гэжээ. Ер нь өглөө идсэн идээ үдэш, үдэш идсэн идээ өглөө шингэдэг гэж үздэг. Ийм учраас идээ ундааг зөв зохистой шингээж, амьдралын эрч хүч болгож хувиргах нь идээ ундааны хэмжээг хэрхэн тэнцүүлж чадсанаас хамаарна.

Ер нь хүн идэхийн тулд амьдрах уу, амьдрахын тулд идэх үү гэдэг асуултыг өөрөө өөртөө тавьж байх нь чухал болов уу. Хүний амьдралд сайхан амттай хоол идэхээс өөр таашаал авах олон сонголт байна шүү дээ. Хүн яагаад хоол иддэг вэ? Мэдээжийн тэнэг асуулт шиг санагдах байх. Хүн мэдээж амьдралынхаа эрч хүчийг олж авах гэж хооллодог. Гэтэл хүний эрч хүч, эрчмийн олон эх үүсвэр байжээ. Хүн хоол унднаас гадна сэтгэл санаа, оюун ухаанаасаа, агаар, нар салхи, бие биеэсээ эрч хүчийг авдаг аж. Аз жаргал ч амьдралын эрч хүчийг өгдөг байжээ. Гэтэл орчин үеийнхэн өөрсөддөө хэрэгтэй эрч хүчийг зөвхөн идээ ундаанаас авч байна. Эрч хүчээ идээ ундаанаас зуун хувь, бүр хэтрүүлэн авах болсноор хүн байгалиас заяасан эрчим хүчний бусад эх үүсвэрийг хэрэглэх нүх сүв нь аль хэдийнээ бөглөрч ажиллахаа больсон нь мэдээж юм. Харин ч идээ ундааг хэтрүүлэн хэрэглэх болсноор илүүдэл идээ ундааг боловсруулахад олсноосоо ч илүү эрчим хүчийг зарцуулж ядаргаа хэмээх шинэ өвчнийг үүсгэж байгаа мэт санагдах юм.

Идээ ундаа бага хэрэглэх эртний монгол уламжлал

Юм л бол гадаадынхан гэж хөөрцөглөх болсон өнөө үед айлаас эрэхээр авдраа уудал гэгчээр идээ ундааг тохируулан хэрэглэж байсан эртний сайхан монгол уламжлалаа сэргээн судалж, хэрэглэх цаг нь аль хэдийнээ болжээ. Монголчууд эрт дээр үед идээ ундааг тохируулан, орчин үеийн хэмжүүрээр бол маш бага хэрэглэж байсан боловч маш хүчтэй, тэвчээртэй, хурц оюун ухаантай, сэргэлэн цовоо байсныг ном сударт олонтоо тэмдэглэсэн байдаг. Алдарт жуулчин П.Карпини, В.Рубрук нар энэ талаар тун дэлгэрэнгүй тодорхой бичиж үлдээжээ. Тухайлбал П.Карпиний аяллынхаа тэмдэглэлд “ Тэд (Монголчууд) арван хүнд гэхэд дөнгөж хоёр хүнд мөчиг тачиг хүрэхээр тийм бага зүйл (хоол) өгнө. Бид лавтайяа сар шахам болоход дөрвөн хүнд оногдох хоол ундны зүйл нь дөнгөж ганц хүнд хүрнэ” гэж бичжээ. В.Рубрук ч үүнтэй утга адил зүйл тэмдэглэн үлдээсэн байдаг. Эдгээр жуулчдын тэмдэглэлээс дүгнэж үзэх юм бол Монголчууд 13 дугаар зуунд тэр үеийн европчуудаас 4-5 дахин бага хооллож байжээ. Тэр үед хоол хүнс бага байсан уу гэвэл үгүй юм. Мөнөөх П.Карпиний аяны тэмдэглэлдээ “Тэд (Монголчууд ) тэмээ, үхэр, хонь, ямаа, адуу малаар үлэмж баян ...” гээд дуу алдсан байх юм. Түүгээр ч барахгүй П.Карпини “Тэд (Монголчууд) бас сүрхий тэвчээртэй бөгөөд хоёр гурван хоног юу ч идэж уугаагүй хэрнээ өлсч цангаж байгаа нь огт мэдэгдэхгүй цатгалан хүмүүс шиг байж дуулан наргицгаах ажгуу” гэж гайхан бичжээ. Тэгэхээр эдгээр хоол хүнс хомсхон, дутагдсанаас бус ерөөс хоолны зөв бөгөөд хатуу дэглэм хэвшиж тогтсон жишээ байсныг өгүүлж байна.

“Үе үе нэг цаддаг, үхэр алахад нэг цаддаг, цаг цагт нэг цаддаг, цагаан сараар нэг цаддаг” гэдэг нь зүгээр нэг зүйр цэцэн үг бус монголчуудын хоолны дэг жаягийн зарчим нь байжээ. Өөрөөр хэлбэл ихэнхдээ цадтал хооллодоггүй байсныг гэрчилж байна. Өлөн зэлмүүн хооллож байсан атлаа өвөг дээдэс маань олон хоногийн аяныг дажралгүй давж, өөрөөсөө хүчтэй дайсныг ялж, хурц дайчин оюун ухаанаараа дэлхийд шагшагдаж явсан байх юм.

Египетийн агуу их Александр хот хүн төрлөхтний соёлын төв байх үед хичээл номд суралцахын өмнө хүмүүс 40 хоног хоолоо сойх ёстой байжээ. Ийсус Христос 40 хоног өлч байсан, Будда, Ганди гээд олон суутан, монгол лам нар ч мөн удаан хугацаагаар өлсч байсан юм. Тэд өлссөнөөрөө бие махбодоо хорт бодисоос цэвэрлэж, оюун ухааны их эрч хүчийг олж авдаг байсныг орчин үеийн эрдэмтэд захаасаа хүлээн зөвшөөрч эхлэж байна.

Ер нь ихэнх сурлага сайтай оюутнууд шалгалт дөхөөд ирэхээр хоолоо сойход нойр багасч, ой тогтоолт сайжирч, оюун ухаан сэргэлэн болдгийг өөрийн биеээр амсч анзаарсан байдаг билээ. Америкийн алдарт ерөнхийлөгч Бенжамин Франклин “Хэт их иддэггүй хүн хэзээ ч залхуурдаггүй. Мэргэн ухааны хаалга хэзээ ч хаалттай байдаггүй” гэж хэлсэн нь дээр дурдсаны нотолгоо юм. Иймээс их идэх хорт зуршил өвчин эмгэг авчрах шидтэн бол идээ ундааны хэмжээг тохируулан хэрэглэх нь эрүүл мэнд аз жаргал авч ирэх шагнал юм.

Идээ ундаа тохируулан хэрэглэх, сойх арга, заншил

Эрүүл мэндийн төлөө хөдөлгөөнийг үндэслэгч, эрүүл хооллох талаар олон арван ном бичсэн алдарт доктор Пол Брег долоо хоногт наанадаж нэг удаа, жилдээ 52-оос доошгүй өлсөх нь ашигтай тухай бичээд өөрийн биеээр үлгэр жишээ үзүүлсэн хүн юм.

Түүний энэ сургаал олон талаараа Монголын уламжлалт анагаах ухааны сургаалтай нийцдэг билээ. Бидний өмнөх ахмад үеийнхэн маань сар бүрийн 4,8,15,22,30-нд цагаан хоол хэрэглэдэг байсан бөгөөд үүнийгээ мацаг барих гэж нэрлэдэг. Ийнхүү нар, сар, дэлхийг 90,180 хэмээр талцан татах их хүчний өөрчлөлтөнд орсон үетэй давхцуулан мацаг барьж, бие махбодоо цэвэрлэж ирсэн өвгөд дээдсийнхээ мэргэн ухааныг гайхан бишрэхэд ч багадах юм. Энэхүү ёс заншлыг сэргээн хэрэглэвэл та бидний эрүүл мэндэд оруулах том хөрөнгө оруулалт юм шүү.

Бие махбодоо цэвэрлэх өөр нэг арга бол нүгнээнд суух юм. Энэ аргыг эрт дээр үеэсээ лам нар өргөн дэлгэр хэрэглэж ирсэн юм. Үдээс өмнө бага зэрэг цай уугаад бүтэн өдөр юм ярихгүй, хий болохоос сэргийлэн суудаг. Үүний дүнд бие махбод маш сайн цэвэрлэгддэг билээ.

Мөн үүнээс гадна хоолоо тохируулах хамгийн өргөн хялбар арга бол гүнцэг авах юм. Энэ нь үдээс өмнө бага зэрэг хоол идэж, үдээс хойш юу ч идэхгүй зөвхөн цай уух арга юм.

Сүүлийн үед монголчууд маань эрүүл мэнд, хооллолтондоо анхаарах болсныг дурдахгүй өнгөрч болохгүй юм. Гэнэт цагаан хоолтон болсноос мацаг барих аргыг хэвшүүлж аажмаар цагаан хоол руу шилжих нь эрүүл мэндэд ихээхэн ашигтай байх болно.

Мөн гүнцэг барих нь хоолны зөв дэглэмийн нэг гэдгийг зуу насалж зургаадай таяг тулж буй буурлууд төвөггүй хэлээд өгнө.

Үүний зэрэгцээ ахмад үе маань үе үе туулга хэрэглэн бие махбодио цэвэрлэж байсан арвин туршлага байна. Өвөл өнгөрч махан хоолоо багасгахын зэрэгцээ Гишүүн-3 (гишүүн, ар үр, хужир) бүхий тан ууж гэдэс ходоодоо цэвэрлэдэг уламжлал дээр үед нилээд түгсэн байжээ. Одоо хүмүүс шар сүү эсвэл магнийн сульфат уух зэргээр цөс хөөж ходоод цэвэрлэх аргыг өргөн хэрэглэж байна. Мөн хүмүүс цэвэрлэх цай ууж бие махбод, ходоод гэдсээ цэвэрлэх нь мэдэгдэхүйц нэмэгджээ.

Л.Хүрэлбаатар /Төрийн шагналт, академич/