Бүтэлгүйтлээс айх айдас
12 жил, 10 сар өмнө

Бүтэлгүйтлээс айх айдсыг давхын тулд та бүтэлгүйтэл гэж юу болох хийгээд түүний үнэн учрыг мэдэх хэрэгтэй. Бүтэлгүйтэл гэдэг гутамшигт, хортой, зовлон зүдгүүр таригч биш, харин жам ёсны зүйл болхыг ухаарвал айдас арилна. Балчир хүүхэд хөлд орж, алхахдаа байнга бүдэрч унадаг. Тэгж бүдрэхийг тэр юман чинээ тоодоггүй. Хүүхэд нэг босож зогсоод, дараа нь ойчихыг жам ёсны хэмээнэ.

Бүтэлгүйтэл бол бодит үнэний эсрэг зүйл биш харин бодит байдлыг хэлбэршүүлж, бодит байдал болон хувирдгыг мэдэх аваас айдас арилна. Бүтэлгүйтлийг бид горьдлого найдварыг маань нураагч мэт санадаг. Гэвч бүтэлгүйтэл нь үнэндээ биднийг урагш хөдөлгөгч хүч юм. Бурханы Мэлмийгээр тольдоход бүтэлгүйтэл хэмээн бидний нэрлэсэн зүйл бол гагцхүү туршлага сургамж байдаг. Бүтэлгүйтлийг бид эцсийн үр дүн, туршлагын туйл хэмээн үзэж болохгүй, харин туршлага сууж хэрсүүжих нэг алхам хэмээн ямагт санах учиртай.

Тодорхой үр дүнд хүрхийн тулд та чадлаараа зүтгэсэн ч, тэрхүү чармайлт талаар өнгөрсөн байг л дээ. Урам хугарч, цөхрөлд автахын оронд ажил үйлсийн дотроос бурханлаг зорилгоо олж харахыг хичээгтүн. Магадгүй тэр нь тэсвэр хатуужил, цэцэн билэг, бусад бурханлаг чанарыг тань нэмэгдүүлэхэд тусалсан байж болно. Хэрэв та ийм хандлагатай байвал бүтэлгүйтлийн хөнөөлт шуургыг хэтийдэн давж чадна.

 

Бясалгал айдсыг арилгана

Айдсаас ангижрах хамгийн сайн арга бол бясалгал юм. Бясалгал үйлдэхдээ бид өөрсдийгөө Хязгааргүй Уудамтай, Оройн Дээдтэй адилтгадаг. Бид ямар нэг юмнаас, хэн нэгнээс айдгийн учир гэвэл тэр хүнийг эсвэл тухайн юмыг өөрийн нэгэн хэсэг мэт үздэггүйгээс болно. Харин Оройн Дээдтэй ухамсарт нэгдлээ тогтоох үед бид юм бүхнийг өөрийн мэт үзнэ. Өөрөөсөө хүн юунд айх билээ?

Хэрэв бид хэн нэгнээс айж байгаа бол сэтгэлдээ түүнийг дотно санахаар ухамсар маань тэлэгдээгүй, тухайн хүн бидний хувьд харь элгийн мэт санагдсаны илрэл юм. Биеийнхээ аль нэг хэсгээс хүн айж цэрвэдэггүй шүү дээ. Тэр нь биеийн маань тасархай хэсэг болхыг мэднэ. Сэтгэл зүрхний замаар замнах цагт ухамсар маань дөрвөн зүг найман зовхист тэлнэ. Ухамсарт ухаарлаараа бид хорвоо ертөнцтэй хагацашгүй нэгддэг. Орчлон ертөнцийн ухамсартай нэгдэх цагт айдас хэмээгч эс оршино.

Бясалгалын туйлын зорилго бол ухамсрыг маань тэлэн өргөжүүлж, гэгээрүүлэн мөнхжүүлэхэд оршино. Бид найз нөхөдтэйгөө ярилцах юм уу ажил хөдөлмөр хийж байхдаа, дотоод Бурханлагынхаа тухай бараг боддоггүй. Харин бясалгаж байхдаа бид, Бурханлагаа ухааран танихыг хичээдэг. Бурхан бээр өөрөө хязгааргүй хүчтэй учир хүн төрөлхтөнөөс айж эмээдэггүй. Бурханлагт саадгүй хүрэх замыг олж, бие сэтгэл маань Бурханы дундрашгүй хүчээр халгин бялхах цагт, хүмүүн төрөлхтөн бид юуны учир айх билээ? Тэгэх учиргүй!

Айдсыг хэрхэн ялах вэ?

Гэгээрүүлэгч ухамсрын гэрэлт

Өлмийд оршигтун!

Таныг хамгаалж, төгөлдөржүүлэн чөлөөлөх

Хатан зориг энэхүү гэрэлд шингэсэн

 

"Яруу сэтгэгч" сониноос

Шри Чинмойн төв