БҮГД СОНС!!! ӨӨРЧЛӨЛТ ЭРЧЭЭ АВЛАА... !!!
12 жил, 9 сар өмнө

Улс орны хөгжлийн үндэс нь Хүний хөгжил. Хүн нь хөгжсөн улс орон л хөгждөг. Хүн нь хөгжөөгүй бол хичнээн нь их алт эрдэнэс байгаад нэмэргүй. Жишээ нь Зимбабе орон алт, алмазын ордоороо дэлхийд тэргүүлдэг ч, хүн амынх нь 95% нь ядуурал гуйланчлал дунд амьдарч байна. Ямар ард түмэн байна тийм төр байна гэдэг. Тиймээс бүх зүйлд төр – адгийн шаар гэж орилж байгаа бол өөрсдийгөө л доромжилж байгаагаас ялгаагүй.

Хөгжлийн шийдэл, гарц оллоо, нээлт хийлээ энэ, тэр гэж... олон юм яримааргүй байна аа. Зүгээр хүнээ л хөгжүүлье. Тэгээд хүн нь хөгжсөн байхад тэр асаад байгаа гал унтарч, бид утаа дагаж орилолдохгүй амар сайхан аж төрцгөөх болно.

Хүнээ хөгжүүлээгүй байж... гудамжин дахь хог цэвэрлэж, мод тарилаа гэхэд үр дүн нь ямар бол? Толгойдоо хогтой, зэрэмдэг сэтгэлгээтэй хүмүүс бидний цэвэрлэснийг бохирдуулж, тарисаныг минь сүйтгэхгүй гэж үү? Бид, түймэр гарч байхад утааг нь дагаж хошууран гүйлдэх мунхаг хүмүүстэй адилхан биш байна гэж үү?! Энэ юун утаа вэ? Ямар хар утаа вэ? Яасан муухай утаа вэ? гээд л... Яагаад архидалт их байна аа? Хогоо цэвэрлэцгээе! Архи бага ууцгаая! Модоо тарьцгаая! Архи бүү заръя, Гэмт хэрэг яагаад их байна аа?, Би нөхрөөсөө салмаар байна. Манай нөхөр аймаар, Би амьдралдаа гутраад байна... Яана аа, энэ улс орон новш юм аа, үхэх юм сан... утаа, хог, биеэ үнэлэх, энэ бүхэн үнэхээр хэцүү байна. Жагсацгаая, урагшаа нөхдөө. Би эндээс явмаар байна. Хаа нэгтээ очиж жорлон угаасан нь дээр юм байна. Ёо ёо ёо, ямар аймаар юм бэ... Энэ Төрөөс л боллоо. 76-с л боллоо. Багш лам минь намайг дааж хайрла.. ирээдүйг минь мэргэлээд өгөөч... Ард түмэн минь юм хайрла... хүүг минь эмчлүүлэхгүй бол гажигтай болох гээд байна... данс 245...3000. Ээ эзэн минь амьдралыг минь... Надаас болоогүй. Би шудрага хүн. Би эмчид набор өгдөггүй, би хог огт хаядаггүй шүү дээ. Би архи амсдаг ч үгүй. Би гэр бүлийнхэнтэйгээ хэрэлддэггүй. Манай хүүхэд л гайтай хүүхэд... Үгүй үгүй, би тэгээгүй, би цэвэр ариун хүн. Би чадварлаг хүн, би бүхнийг хийж чадах байсан. Даанч ажил олддоггүй ээ.. Төр л бүхэнд буруутай, багш л буруутай.

... Бид ингэж нэгнээ зүхэж суулаа гээд ашиг нь хэнд вэ? Бид авилгачтайгаа, хулгайчтайгаа, худалчтайгаа, муутайгаа, сайнтайгаа бүгд нийлээд Монгол гэсэн нэг нэрээр овоглоно. Нэгнээ муулж цагаа үрэхийн оронд урдаа байгаа ажлаа хий л дээ. Шийдэж чадахгүй зүйлдээ орилж цамнахын оронд ном унш л даа. Өөрийгөө хөгжүүл л дээ. Өөрийнхөө амьдралыг аятайхан аваад явчих л даа. Ямар ард түмэн байна тийм Төр байгаа биз дээ. Бид мунхаг байгаа учраас л мунхаг хүмүүсээ сонгосон юм биш үү. Ходоодоороо сонголт хийж мунхаг, хулгайч нэгнээ сонгочихоод дараа нь үглэж суух. Тэрний оронд өөрийгөө боловсруул л даа. Та ухаантай байж чадвал Ухаантай төрийг бий болгож чадна биз дээ. Бусдыг муулж үглэж суухын оронд өөрийгөө муу л даа. Өөрийгөө шүүмжил л дээ. Та бусдыг өөрчилж чадахгүй ч өөрийгөө хөгжүүлж чадах юм байгаа биз дээ.

Өөрчлөлтийг өөрөөсөө юу?… эсвэл чөтгөрөөс үү?

Утаа дагаж хошуурахгүй ээ... Эхлээд галаа унтраацгаая. Гал хаана асаж байна вэ? Хувь хүнийхээ хувьд хөгжиж чадаагүй, өөрийгөө олоогүй байгаа хүмүүсийн толгой дотор гал асаж байна.

Хүний хөгжлийн хувьд хаягдсан шалтгаан юу вэ?. Манжид 200 гаруй жил дарлагдаж хүний хөгжил битгий хэл юмгүй болж... Үндэсний оюун санаа...үнэт зүйлүүд алдагдсан. 30-аад онд нийгмийн оюун санааны манлайлагчидаа бүгдий нь хядууллаа. Оросын оюуны боолчлолд 70 жил талхиуллаа... Монголчуудыг оюун санаагүй болгох гэсэн бодлого...
Төлөвлөсөн төлөвлөгөөт эдийн засаг.. Энхрий хайрт намынхаа төлөө... Ах нарынхаа өгсөн хар, хүрэн хоёрхон өнгийн пальтогоор гангараа хийгээд урагшаа... Зарим нь сайхан үе байж дээ гэж дурсах... Ухаандаа бол туулайг торонд дотор хорьж бүх зүйлээр хангаад байвал, мунхаг туулайны хувьд аз мэт санагдаж болох юм. Хөрөнгийг нийгэмчилж байсан нь өвөөгийн хэлдэг үлгэрийн далай байсан юм билээ. Ухаандаа бол миний хөлс хүчээ шавхаж, нойр хоолоо хасаж байж олсон хөрөнгийг идэх унтахаас өөр юм хийдэггүй ядуу гуйлгачинд тэгшитгэж өгдөг байсан. За, бараг л ухаантай хүн байж болдоггүй, ухааныг хүртэл тэгшитгэнэ гэсэн бодлоготой байсан юм уу даа. Их өөрчлөлт... эх захгүй байдал... том нүсэр аппарат.... араа шүдэн дунд золиослогдсон ах, эгч нар минь, аав ээжүүд минь... Тэдэндээ мэхийн ёсолъё!!!

Залуус аа, болоод байгаа бүхнийг системийн том хүрээгээр бодоод нэг үзээрэй... Энэ болж буй бүхэн сүүлийн 300 жилийн турш болсон үйл явдлуудын... тогтолцооны, СИСТЕМИЙН ШИНЖТЭЙ АЛДАГДСАН ҮЕ харагдах вий... Тиймээс алдаагаа нэг нэгэн хүнрүү. чихэж, хэн нэгэн дарга түшмэлрүү довтлох нь өрөөсгөл юм даа...

Сүүлийн 20-иод жилийн хугацаанд нийгмийн оюун санаа, нийгмийн сэтгэлзүйд гарсан томоохон өөрчлөлтүүд... 90-ээд оны өөрчлөлт шинэчлэл, зад тавьсан мэдээллийн асар их урсгал, дэлхий нийтийн өөрчлөлтүүд, технологийн хөгжил, даяарчлал. Энэ бүхэн нийгмийн оюун санаанд огцом нөлөөлж залуучуудын оюун санаа, сэтгэлзүйд сөргөөр нөлөөлж, зарим залуус барьц алдах, өөрийн гэсэн үнэт зүйлгүй болох, учраа олохгүй байх, дотоод сэдэл тэмүүлэл нь тодорхой биш болох гэх мэтээр сөрөг үр дагаварууд илэрч байгаа. Тиймээс хүнээ хөгжүүлэх, залуучуудаа чадваржуулах нь хамгийн ГОЛ АСУУДАЛ.

Асуудал дундах шийдэл нь ЗАЛУУС
40- өөд оны ахмадуудын нарын маань үг бидэнд сургаал болно
50- аад оны аав нарын маань бүтээл бидэнд үлгэрлэл болно
60- аад оны ах нарын ухаарал бидэнд сургууль болно
70- аад оны анд нарын минь алдаа бидэнд хичээл болно. Тийм ээ, энэ бүхэн биднийг эрчилж өгөх болно оо.
80-аад оныхон, Хүүхэд насандаа нийгмийн томоохон өөрчлөлтүүдийг бяцхан оюундаа гайхаж явсан 80-аад оныхонд би итгэдэг ээ. 80-аад оны бүсгүйчүүд, залуучууд нийгэмд нэгэн шинэ үе болж гарч ирж байгаа гэдэгт итгэдэг.

ТЭД ШИНЭ ҮЕИЙН ДАВАЛГАА гэдэгт итгэдэг.
Тэд МАНАЙ ҮЕИЙН БААТРУУД БАЙХ БОЛНО, БАЙХ Ч ЁСТОЙ
ТЭД ИХ ӨӨРЧЛӨЛТИЙН ЭХЛЭЛИЙГ ХИЙНЭ ГЭДЭГТ ИТГЭДЭГ.
Тэд үнэт зүйлээ хайж байна. Түүнийгээ бүтээж байна.
Тэд МОНГОЛ МӨРӨӨДЛИЙГ БҮТЭЭЖ БАЙНА.
Тиймдээ ч тэд өөрсдийгөө илүү сайн хөгжүүлэх хэрэгтэй.
Тиймдээ ч тэднээс илүү их ур чадвар шаардана.
Тиймдээ ч тэднээс илүү их ухаан шаардана.
Тиймдээ ч тэдэнд илүү хариуцлага ноогдоно.
Тиймдээ ч хөгжсөн чадварлаг, бүтээлч хүн л улс орны хамгийн том баялаг гэдгийг бүгд ойлгох болно.

ХҮН НЬ ХӨГЖСӨН БАЙХАД БУСАД БҮХИЙ Л АСУУДЛУУД дагаад шийдвэрлэгдэх болно.
ХӨГЖСӨН ХҮН- хамгийн их бүтээмжтэй ажиллаж чадна
ХӨГЖСӨН ХҮН- гэр бүлээ хайрлаж чадна
ХӨГЖСӨН ХҮН- архинд донтохгүй байж чадна
ХӨГЖСӨН ХҮН- сэтгэл хангалуун амьдарч чадна
ХӨГЖСӨН ХҮН- зөв сэтгэнэ
ХӨГЖСӨН ХҮН- хүн алж, хулгай хийхгүй
ХӨГЖСӨН ХҮН- өөрийгөө удирдаж чадна
ХӨГЖСӨН ХҮН- амьдралаа аваад явчихна.
ХӨГЖСӨН ХҮН- нэгдэж ажиллаж чадна.
ХӨГЖСӨН ХҮН- эрүүлээр сэтгэнэ
ХӨГЖСӨН ХҮН- Утаа харж орилох биш, галаа харах нүдтэй, унтраах ухаантай...

Улсын хөгжлийн үндэс нь ХҮНИЙ ХӨГЖИЛ гэдэгт бид итгэдэг...

ИХ ӨӨРЧЛӨЛТИЙН САЛХИЙГ ЗҮСЭХ ЗАЛУУ ХҮН ТА ӨӨРИЙГӨӨ НЭЭ, ӨӨРИЙГӨӨ ХӨГЖҮҮЛ, ӨӨРИЙГӨӨ ЧАДВАРЖУУЛ.

БҮГД СОНС!!! ӨӨРЧЛӨЛТ ЭРЧЭЭ АВЛАА....... !!!

(Бид жагсаал хийж, үймээн үүсгэхгүй... Өөрчлөлт толгой дотор минь эрчилж байна)