БРЭНДИНГ, ЛОГО ДИЗАЙНЫГ ХӨГЖҮҮЛЭХ ЗӨВЛӨМЖ
3 жил, 9 сар өмнө

Хурдан шиг лого хийгээд өгөх хүн байна уу гэж олон хүн асууж байхтай таарч байлаа. Лого, бүтээгдэхүүн хөгжүүлэлт гэдгийг каноны газарт ороод интернэтээс татсан уул усны зураган дээрээ санаанл орсон нэрээ гоё угалзарсан шрифтээр бичүүлээд наах гэж ойлгож огт болохгүй.

Аливаа брэндийг хөгжүүлж, лого брэндбүүкийн бүтээхийн өмнө дараах агуулга дээр ажиллах шаардлагатай.

Брэндийн үзэл санааг тодорхойлохын тулд удирдлагын баг болон маркетингийн баг хамтран оюуны довтолгоо хийж, ямар ч санааг шүүмжлэж, үгүйсгэхгүйгээр нээлттэй ярилцан бүх санааг бичиж тэмдэглэж авах нь чухал. Өөрсдийн боловсруулсан агуулгын хүрээнд мэргэжлийн багтай хамтран ажиллаж болно.

Үзэл баримтлалыг дараах 4 агуулгын хүрээнд боловсруулна. Боловсруулсан үзэл баримтлалд тулгуурлан лого, брэндбүүкийн ажил хийгдэнэ.

  1. Брэндийн тодорхойлолт
  2. Брэндийн үзэл баримтлал
  3. Өнгө төрх
  4. Дүрслэл
  1. Брэндийн тодорхойлолт
    1. Бүтээгдэхүүнээ нэг өгүүлбэрээр тодорхойлвол?
    2. Бүтээгдэхүүн хэнд зориулагдсан бэ. Гол хэрэглэгчид?
    3. Брэнд нь дотроо хэдэн төрлийн бүтээгдэхүүнтэй байх вэ
    4. Бусад ижил төстэй брэнд, бүтээгдэхүүнээс ялгарах онцлог, давуу тал нь юу вэ?
    5. Брэндээ хүнээр илэрхийлэх байсан бол ямар хүн байх байсан бэ? Нас, хүйс, ажил мэргэжил, ур чадвар, амьдралын хэв маяг, зан чанар, онцлог, харилцааны төлөв.
    6. Брэндээ амьтанаар төлөөлүүлвэл ямар амьтан байх байсан бэ?
    7. Дэлхийн алдартай брэндүүдтэй зүйрлэвэл ямар брэнд шиг болохыг мөрөөдөх байсан бэ?
  1. Брэндийн үзэл баримтлал         
    1. Энэхүү брэнд яагаад заавал байх ёстой вэ? Оршин байх үндэс нь юу вэ?
    2. Брэндийн гол зорилго нь
    3. Брэндээрээ дамжуулж, тухайн бүтээгдэхүүний зах зээлд та юуг өөрчлөхийг, юуг сайжруулахыг, юуг шинэчлэхийг хүсэж байна
    4. Хэрэглэгчидээ амлаж чадах амлалт нь юу вэ?
    5. Хэрэглэгч танай брэндийг сонгох учир шалтгаан нь юу вэ?
    6. Брэндийнхээ 50 жилийн дараахыг хэрхэн төсөөлж байна вэ?
    7. Брэндийн уриа 3 үгээс ихгүй.
  1. Өнгө төрх
    1. Таны хэрэглэгчид ямар өнгөнд дуртай гэж бодож байна вэ
    2. Лангуун дээр бусдаас ялгарахын тулд ямар өнгийг ашиглахыг хүсэж байна вэ
    3. Орчин үеийн хэрэглэгчидэд таалагдахуйц өнгөний давтагдашгүй хослолуудыг нэрлэнэ үү
    4. Та брэндээ дэлхийн брэндүүдийн өнгө төрхийг ашиглах уу? Эсвэл өөрийн гэсэн давтагдашгүй өнгө төрхөөр гаргахыг мөрөөдөж байна уу?
    5. Хэрвээ таны брэнд хүн байсан бол ямар стил, имиж, үс засалт, хувцаслалттай хүн байх байсан бэ?
  1. Дүрслэл
    1. Геометрийн дүрслэлээр илэрхийлвэл ямар дүрс ороосой гэж хүсэж байна вэ
    2. Дэлхийн ямар брэндтэй төстэй байлгахыг хүсэж байна вэ
    3. Заавал оруулахыг хүсэж байгаа хэлбэр, дүрс, эд зүйлс бий юу? Нар, гэр, харандаа г.м
    4. Хээ чимэглэл нь ямар хээ чимэглэл хамгийн түрүүнд санаанд орж байна вэ?
    5. Логогоо амьдрал дээр өдөр тутам хэрэглэгдэг ямар нэгэн эд зүйлсээр зүйрлэх байсан бол та юутай зүйрлэх байсан бэ?
    6. Таны лого, брэнд хүнд ямар сэтгэгдэл, мэдрэмж төрүүлээсэй гэж та хүсэж байна вэ?
    7. Хэтэрхий олон элементгүй, энгийн дүрслэл илүү давуу талтай байна. Яагаад гэвэл маш жижиг хэмжээтэй, хар, цагаан өнгөөр байсан ч лого танигдах чадвартай байх ёстой.
    8. Та брэнддээ санал болгож байгаа нэрсийн жагсаалт

Та өөрийн бүтээн бий болгож буй бүтээгдэх, үйлчилгээний өнгө төрх, сүлд тэмдэгийг зүрх тархиндаа нэрэн боловсруулж, тодорхойлоод, тэр боловсруулсан мэдээллээ дизайнартай хуваалцан хамтран бүтээх шаардлагатай. Тэрнээс биш лого гэдэг нь "гоё л логотой болмоор байна" гэсэн үгээр бүтдэггүй.

Жамсранжавын Лувсандорж (Үндэстэн Баг)