Би сул дорой залуу
12 жил, 9 сар өмнө

Өвчнийг хэдий чинээ эрт оншилж чадвал төдий чинээ эдгэрэхэд хялбар байна.

Нэг удаа би “Миний амьдралын утга учир юу вэ?” гэж өөрөөсөө асууж, тольны өмнө суугаад өөрийнхөө зөвхөн нүүр царайг биш дотоод мөн чанараа тольдон харвал,

Би бол залхуу, зорилгогүй, аймхай хулчгар, арчаагүй, сул дорой, өөртөө итгэлгүй..

Би хог хаядаг, гудамжинд нусаа нийдэг, би хүмүүст тусалдаггүй,

Би тархины тураалтан, оюуны гуйланчлагч...

Би бол архичин: Би ядарсан оюутан нэрээр өөрийгөө халхавчилдагч хамгийн их мөнгөө номонд биш архинд зориулдаг баян оюутан.  Миний энэ архидалтаас болж зодоон цохион, хулгай дээрэм, хүчин, танхайн гэмт хэрэг Улаанбаатарт цэцэглэсээр.

Би бол хүйтэн сэтгэлтэн: Хүн хүнээ дээдэлсэн үерхэл нөхөрлөл мартагдаж хүмүүс бид бие биенээсээ айж, халуун нүүрээ харсан чин сэтгэлийн яриа үгүй болж мессежээр танилцаж, чатаар ярилцаж, мессенжерээр үерхэж, би хүн биш робот болон хувирч байна. Би Сэтгэл гэж ямар үг байдгийг ч мартах юм шиг байна. 

Би бол мөнгөний төлөө биеэ худалдагч: 2007 онд гадаадад худалдагдаж хохирсон 124 хүний нэг нь би. Би тэнд зөвхөн хэдэн төгрөгний төлөө өөрийнхөө хүн гэсэн ариун нэрээ бузарлуулж, өөрийгөө хүчирхийлэхийг зөвшөөрч, ганц олдох амьдралаа гутамшигтайгаар доромжилсон хүн бол би. Тэнд гоё сайхан хувцас, тансаг сайхан өрөө, бидний хөгжил гэж нэрлэдэг бүх зүйл байсан ч тэнд араатан мэт хүчирхийлэл бас байсан.    

Би бол алуурчин: 4 сарын 16-нд Америкийн Виржиниа Тек Их сургуульд 32 хүнийг буудан алсан Чо-Сэүнг-Хүй бол би. Манай Америкт өндөр сайхан байшин, гял цал гудамж, бидний хөгжил гэж нэрлэдэг бүх зүйл байсан ч би хүн алчихлаа. Хөгжил байсан ч би хүн алчихлаа. 

Би өөрийгөө сул дорой, арчаагүй өвчтөн гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Харин одоо өөрийгөө эмчлэхийг хүсэж байна.

Би өөрийн муу зуршил, өвчин эмгэг бүхнээ эрт оншилж үүнийгээ эмчилж чадвал улсынхаа хөгжилд оруулах хувь нэмэр минь энэ.

Би жинхэнэ хүн байж хүмүүст туслаж, хайрлаж, шудрага хөдөлмөрлөж, хүн хэмээх эрхэм нэрээ өндөрт өргөж чадвал улсынхаа хөгжилд оруулах хувь нэмэр минь энэ.

Би архичин биш, алуурчин биш, дарга биш, уран донгодогч биш, ерөнхийлөгч биш.. би жинхэнэ хүн байхыг л хүсэж байна.