БАЙГУУЛЛАГЫН СУРГАЛТ ХӨГЖЛИЙН ХӨТӨЛБӨРИЙГ БОЛОВСРУУЛАХ НЬ (Зөвлөмж)
11 жил, 4 сар өмнө

“Бизнесийн өрсөлдөөн улам бүр хурдтай болж буй энэ цаг үед тогтмол сурч хөгжих тогтолцоог бий болгож чадсан байгууллага л амьд үлдэнэ”

 

 ==================================================

АГУУЛГА

1. Хөтөлбөрийг боловсруулах
1.а. Зорилго, хэрэгцээ шаардлагаа тодорхойлох
1.b. Нөөцөө тодорхойлох
1.с. Сургалтын байгууллагууд болон сургагч багш нарыг судлах

 2. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх
2.а. Сургалтын хэлбэр, аргачлалууд

 3. Хөтөлбөрийг үргэлж шинэчлэх

 

 ============================================================

 1. ХӨТӨЛБӨРИЙГ БОЛОВСРУУЛАХ

Компанид ажилтанг сурган дадлагажуулж авах үед болон сонгон шалгаруулалтаар авсан цагаас ажилтанг тогтмол хөгжүүлж, чадваржуулж байх Ажилтаны сургалт хөгжлийн хөтөлбөр гэсэн чухал хөтөлбөрт хамрагдаж явах ёстой. Уг хөтөлбөрийг менежментийн баг болон хүний нөөцийн менежер (баг) хамтран боловсруулвал зохистой. Хөтөлбөрийг 1 улиралаас 1 жил хүртлэх хугацаатай, цогц шинж чанартай, системтэйгээр хэрэгжихүйцээр төлөвлөх хэрэгтэй.

Сургалт хөгжлийн хөтөлбөрийг боловсуулахдаа, ажилтаны

  1. Хувь хүний хөгжил (Эхлээд ажилтанг ажилтан гэж харахаасаа өмнө хувь хүн шүү гэдэг өнцөгөөс нь харж хөгжүүлвэл оновчтой. Хувийн зохион байгуулалт, дадал зуршил, амьдралын хэв маяг г.м. Монгол хүний нэг онцлог нь хүн шиг хандвал хүн шиг л хандана гэсэн дотоод бодол байдаг)
  2. Мэргэжлийн ур чадвар (Мэргэжлийн ажлаа хийж гүйцэтгэхэд дутагдаад байгаа ур чадварууд)
  3. Багаар хамтран ажиллах ур чадвар (Бусадтайгаа уялдаж, ойлголцож ажиллах чадварын түвшин)

гэсэн ерөнхий 3 чиглэлийг бодолцож төлөвлөнө.

Хөтөлбөрт

  1. Лекц, сургалт
  2. Ажилтан хамт олны уулзалт
  3. Өглөөний уулзалт буюу 7 хоногт 1 удаа ажилын цагаас өмнө цуглаж мэдлэгээ солилцох, сонирхолтой хүн урьж яриа хийх.
  4. Ажилчидын клуб буюу мэдлэг туршлагаа солилцдог өдөрлөг. Дотоод хөгжлийн клубын системийг бий болгосноор хамт олон туршлагаа тогтмол хуваалцан нэгнээсээ суралцаж тогтмол хөгжих тогтолцоо бүрдэнэ.
  5. Гэр бүлийн өдөрлөг буюу нийт хамт олныг гэр бүлтэй нь урьж нээлттэй өдөрдөг зохион байгуулах. Гэр бүлд нь ажлынх нь онцлогийг мэдүүлэх зорилготой. (Цагаан сарын үеэр байж болно.)
  6. Үнэт зүйлийн өдөр буюу байгууллагынхаа үнэт зүйл, зорилго зорилт, алдаа онооны тухай нийтээр ярилцдаг өдөр.
  7. Чин сэтгэлийн зурвас буюу нэг өдөр байгууллагаар шууданч ажиллуулж нэгэндээ зориулсан зурвас, захидалуудыг зөөж үйлчилнэ. Гомдож, тунисан сэтгэлийг тайлж уур амьсгалд эерэгээр нөлөөлдөг.
  8. Мэдээллийн цаг буюу байгууллагын ажилтануудад хамгийн их хэрэгтэй байгаа сэдвээр мэдээлэл хийлгэж болдог. Жишээ нь: байрны зээл, даатгал, хэрхэн турах вэ г.м.
  9. Урлаг спортын арга хэмжээ, тэмцээн уралдаан
  10. Хамт олноороо үзвэр үйлчилгээнд хамрагдах
  11. Ажлын чиг үүргээ нэг өдөр солилцож хийж, нэгнийхээ ажлын байрны онцлогыг мэдэж авах.
  12. Салбарын байгууллагуудтай өрсөлдөх уралдаан, тэмцээн гэсэн хэлбэрүүдээс оруулах боломжтой.


1.a. Зорилго, хэрэгцээ шаардлагаа тодорхойлох
Хөтөлбөрийн зорилго нь байгууллагын баг хамт олны мэдлэг, ур чадварын нөөцийг илрүүлж ашиглах, шавхагдашгүй баялаг болох хүний бүтээлч сэтгэлгээ, туршлагыг бизнесийг хөгжүүлэхэд, баялаг бүтээхэд оролцуулахад чиглэдэг.  Мөн ажилтануудын сул талыг багасгах, давуу талыг дэмжиж илүү хөгжүүлэхэд чиглэж болно.

Сургалтын хэрэгцээ шаардлагыг Гүйцэтгэлийн үнэлгээнээсээ тодорхойлж гаргаж ирнэ. Гүйцэтгэлийн үнэлгээнээс үр дүн муутай ажиллаж байгаа ажилтаны МУУ АЖИЛЛААД БАЙГАА ШАЛТГААНЫГ тодорхойлно. Мэргэжлийн ур чадвар уу, эсвэл хувийн харилцаа, хандлагаас болов уу, эсвэл удирлагын ур чадвар, баг хамт олны үл ойлголцол, хийх ажлын тодорхой биш байдлаас болов уу гэх мэтээр тодорхойлно. Тодорхойлсоны дагуу төлөвлөлт гаргана.

  1. БАЙГУУЛЛАГЫН ДОТООД СУРГАЛТ
    1. Байгууллагын зорилго, үзэл санаа, үнэт зүйл
    2. Дэг, журам, заавар
      1. Дэг: Ажлын дэс дараалал
      2. Журам: Болох, болохгүйн хил заагийг заасан
      3. Заавар: Ажил хийх аргазүй, үйл явцийн заавар
      4. Гэрээ: Эрхийг заана. Хөдөлөмөрийн харилцааг зохицуулна
      5. АБТ: Үүргийг заана
  2. МЭРГЭЖЛИЙН УР ЧАДВАР САЙЖРУУЛАХ
  3. ХУВЬ ХҮНИЙ ХӨГЖИЛ
  4. Байгууллагын соёлын үйл ажиллагаа г.м-р төлөвлөнө.

СУРГАЛТЫН ХЭРЭГЦЭЭ ШААРДЛАГЫГ Ажилтануудын санал асуулгаар тодорхойлж огт болдоггүй. Хэрвээ санал асуулгаар асуувал "Англи хэл сурах, Илтгэх урлаг"  гэх мэт ямар ч уялдаа холбоогүй Мөрөөдлийн жагсаалт болдог тул, ингэж тодорхойлоос татгалз.

1.b. Нөөцөө тодорхойлох
Сургалтын дотоод нөөц буюу компанийн ажилтанууд ямар сэдвээр ямар хугацаанд лекц сургалт орох чадвартайг тодорхойлох хэрэгтэй. “Жор үзсэн ламаас зовлон үзсэн чавганц дээр” гэдэг шиг ажлынхаа тухай А-Я хүртэл мэддэг ажилтан бол хамгийн сайн сургагч болж чаддаг.  Хамгийн үр дүнтэй сайн сургагчид бол дотоод сургагчид байдаг. Тиймээс өөрсдийн дотоод сургагчидыг бодлогоор дэмжиж, чанартай сайн сургалт, зөвлөгөө зохион байгуулах ажиллагааг цалин, урамшууллын системтэй нь холбож өгөх нь зөв. Дотоод сургалт нь мэргэжлийн бус, туршлагаа солилцох хэлбэрээр эхлэдэг боловч яваандаа илүү чанаржин сайжирч хэлбэржин мэргэжлийн сургалттай өрсөлдөхүйц болж хөгждөг.

1.c. Сургалтын байгууллагууд болон сургагч нарыг судлах
Танай байгууллагад хэрэгтэй гэж үзсэн сургалтын байгууллагууд болон сургагч багш нарын жагсаалтыг гаргаж, тухайн байгууллагуудруу хандаж сургалтын дэлгэрэнгүй мэдээлэл болон сургалтын арга барил зэрэг мэдээлэлийг урьдчилан хүлээн авч тэдгээрийн салбартаа мэргэшсэн байдал, туршлага, сургалтын хэлбэр арга барил зэргийг судалж үзнэ. Мөн өөрсдөнд тулгамдаж буй асуудлаа сургагч багш нартаа хэлж, гарах гарцийг нь тогтмол ярилцаж байх хэрэгтэй.

2. ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ
Хөтөлбөр нь амжилттай хэрэгжихийн тулд ажилтануудын өдөр тутмын ажил, үүргийн хуваарьтай нягт уялдсан, ажилаа хийхэд нь төвөр учирахааргүй, энгийн шийдсэн байх ёстой. Сургалт хөгжлийн хөтөлбөр явагдаад байна гэж илт мэдэгдэхгүйгээр урсах мэт, өдөр тутмын үйл ажиллагаатай уялдаад урсах мэт хийж чадсан хөтөлбөр хамгийн сайн болсон гэсэн үг. 
Байгууллагын соёлтой нягт уялдсан хөтөлбөр л цааш амьдарч чаддаг. Хэт албадлагын шинжтэй болгоод ажилтануудын дургуйцлийг хүргэвэл хөтөлбөр амжилтгүй болно. Тиймээс анхнаас нь хөтөлбөрийнхөө ач холбогдолыг  ажилтанууддаа сайн ойлгуулж хандлагыг нь бий болгох хэрэгтэй.

2.a. Сургалтын хэлбэр, аргачлалууд
Агуулгын хувьд: 1. Хувь хүний хөгжилд чиглэсэн; 2. Мэргэжлийн ур чадварыг сайжруулах; 3. Ажиллах орчин нөхцөл, текник технологийн шинэчлэлт, ашиглалттай холбоотой сургалт гэсэн 3 чиглэл байдаг.

Сургалтын орчны хувьд: 1. Ажлын байрны сургалт (ажлын байран дээр богино хугацааны); 2. Танхимын сургалт (сургалтын зориулалтын танхимд); 3. Заалны сургалт (Спорт заал ашиглан, хөдөлгөөнт тэмцээнд суурилсан сургалт); 4. Хээрийн сургалт (Хөдөө, байгалийн сайханд, гадаа талбайг ашиглан өрсөлдөөнт тоглоом, уралдаан хийх замаар баг хамт олны уур амьсгалыг зангидддаг сургалт)

Сургалтын аргууд: Лекц, семинараас гадна оролцоонд тулгуурласан аргачлалууд түлхүү хөгжиж байна. Жишээ нь: тоглоомын, дүрд тоглох, багийн ажиллагааны даалгавар биелүүлэх, кейс ажиллах гэх мэт. Сургалтын идэвхитэй олон талт аргачлалуудыг ашигласнаар хөтөлбөр сонирхолтой, үр дүнтэй болдог.

Сургалтын хэлбэр: Биечилсэн сургалтаас гадна доорх хэлбэрүүдийг ашиглавал илүү баялаг хүртээмжтэй болно. Ажилтануудын мэдлэг хүлээн авах онцлогт тохирсон олон талт сургалтын хэлбэрүүд байвал маш сайн.
1. Аудио: Захирал удирдлагуудын лекц яриа болон чадварлаг туршлагатай мэргэжилтнүүдийн хэлсэн үг зэргийг хураагуураар бичиж аудио архив бүрдүүл. Уг бичлэгүүдийг зохистой дараалалд оруулж заавал сонсох хичээлүүд болгон бэлтгэх боломжтой.
2. Видео: Онцгой, чухал ач холбогдолтой, дахин давтагдашгүй лекцүүдийг видео болгож архивла. Мөн техник технологийн ашиглалтын заавруудыг видео хичээл болгож бэлтгэ. Видео хичээлүүдийг цуврал болгож шинэ ажилтануудын заавал үзэх хичээлийн жагсаалт гаргаж үзүүл.
3. Цахим сургалт: Академик мэдлэг дээшлүүлэх, судалгааны чиглэлийн сургалтуудыг цахимаар зохион байгуулах боломжтой.

3. ХӨТӨЛБӨРИЙГ ҮРГЭЛЖ ШИНЭЧЛЭХ
Хөтөлбөрийн явцийг тогтмол дүгнэж сайжруулж байх хэрэгтэй. Байгууллагад тулгарч байгаа асуудал болон ажиглалт, судалгаанд үндэслэн эрэлттэй байгаа сургалтын сэдэвийг тодорхойлж хөтөлбөрт нэмэлтээр оруулж байх нь зөв. Сургалтын агуулга, хэлбэр, сургагч багш нарын чадварыг тогтмол үнэлж, сул талуудыг нь илрүүлж байх хэрэгтэй. Хөтөлбөрийн сургалт -> судалгаа -> үр дүнг дүгнэх -> дахин төлөвлөх гэх мэтээр хөтөлбөрийг тогтмол сайжруулах тогтолцоогоо бүрдүүлэх хэрэгтэй.

Жамсранжавын Лувсандорж
Үндэстэн Баг ХХК