АЯГАНЫ СОЁЛ |
3 жил, 2 сар өмнө

НЭГ АЯГААР НИЛЭЭН ХЭДЭН АСУУДЛЫГ ШИЙДЭХ НЬ

Вирус, халдвар ч их байна. Ядаж аяганаасаа эхэлье. Ер нь Монголчууд бид саяхан л ХУВИЙН АЯГАтай ард түмэн байсан. Зөвхөн өөрт зориулсан аягаа хамгийн сайхан ур хийцээр урлуулж, уутлаад бүсэндээ хавчуулаад авч явна. Хаана ч явсан өөрийн аяганаас л идэж, уугаад, долоогоод, арчаад л уутанд хийчихнэ. Халдварт өвчин тарахгүй, хэл, бахлуур ажилласнаар ангин, хоолойн өвчлөл байхгүй, мөнгө, зэс аяга нь ионжуулах, цэвэршүүлэх давхар ач холбогдолтой байна.Таарсан аяга, халбага бүрээ завааруулж, тэр бүрийг угаана, арчина гээд ус, цаг үрэхгүй, гэрийн эзэгтэйн хөдөлмөрийг хэмнэсэн, бусдын хөдөлмөрийг хүндэтгэх соёл. Нэг удаагийн аяга гэж хог хаягдал үүсгэж, байгалиа сүйтгэхгүй, энгийн минимал, хэмнэлттэй, үр ашигтай амьдралын хэв маяг. Энэ нөгөө эко, байгальд ээлтэй чинь биш үү. Цагаан сар, баяр ёслол, айл саахалт, гадуур хооллохдоо аягатайгаа л явна. Нэг хүнд- нэг аяга.Аяны ур хийц нь өөрөө брэнд, үе дамжин өвлөгдөнө. Аяганы уутнаас нь уран бэрийн ур хийц, сэтгэл нь үнэртэнэ. Уран дарх, урлал оёдол нь мөн хамт өвлөгдөөд, зааж сургаад үргэлжлүүлнэ.Нэг аягаар нилээн их асуудлыг шууд сууриар нь шийдэж чаддаг Монгол ухаан, монгол өв соёл гэж энэ. Хамгийн бага зардлаар ихийг бүтээнэ гэж энэ.

#МонголУхаан #МонголӨвСоёл #БүтээлчМонгол

УринХиадын Гүн Төгс Мөрөн Хан (Ур сарын шинийн 17)

АЯГАНЫ ӨВ СОЁЛ

Монголчууд аягаа тусгай уутанд хийж, өөр бусдад дамжуулахгүй, зөвхөн өөрөө л унд хоолоо ууж иддэг нандин өмч нь байлаа.  Монголчууд хоол унд идэж, уудаг аягаа эрхэмлэн дээдэлдэг ард түмэн. монголчууд хүн бүхэн өөр өөрийн ногдсон аягатай, арчиж цэвэрлэдэг алчууртай, түүнийгээ хийж явдаг аяганы ууттай байжээ.

Өөрийн аягаа байнга авч явдаг байсан монголчууд хол ойрын айлд очоод өврөөсөө аягаа гарган цай ууж, хоол идээд зарим хүмүүст жаахан бохир санагдаж болох ч хоолойн гүйлсэн булчирхайн маш сайн дасгал болох аягаа долоож, аяганыхаа алчуураар арчиж цэвэрлээд явдаг байсан тул

Тиймээс аягатай холбоотой үг хэллэг, хэлц Монгол хэлэнд олон байдаг. "Аяганы хариу өдөртөө Агтны хариу жилдээ" "Аяганы алгаас агтны алаг дээр" гэх юм уу "Аягатай нь уудаг, адуутай нь туудаг" хэмээн аягыг эрхэмлэсэн утга бүхий зүйр цэцэн үг нэн олон. Аягаа долоох нь амны хишгийг дууддаг, аягандаа үргэлж хүнстэй байхын билиг гэж, Амны хишиг нь хацарт нь тогтог аяганы ерөөл нь дүүрэн байг гэж ерөөдөг.

Хүний ходоодны үйл ажиллагаанд хамгийн сайнаар нөлөөлдөг нь мөнгөн сав суулга, аяга аж. Мөнгөн аяганд хоол цай идэж уухад буйлыг бэхжүүлж, ходоод гэдсийг ариутган аливаа өвчин үүсгэгч нян бичил махбодийг устгах чадалтай. Мөнгөн аяга, халбага, сав суулганд хийсэн шингэн зүйлд мөнгөний ионууд уусаж хүний бие махбодид дамжин орно.

Хүн бүр өөрийн аягатай байсан нь нэг талдаа тухайн айлын эзэгтэйд аяга таваг угаах ажил багатай, аливаа амьд бодгалыг тэтгэгч чандмана эрдэнэ болсон усаа ариглан хэмнэх байгаль экологид ээлтэй амьдралын хэв маяг байж...

Бохир аягаар дамжих элдэв өвчин, тэр дундаа амны хөндийн өвчин, ходоодны бадган хорхой буюу хеликобактериас тун сайн хамгаалдаг байсан. Нүүдэлчин монголчуудын дунд аливаа халдварт өвчин харьцангуй бага байсан нь цэвэр тунгалаг агаар ус, мөнхийн хөдөлгөөнтэй амьдрал гол нь аяга халбаганы ариун цэврийг энгийн байдлаар тун өндөр үр дүнтэй сахидаг байсантай холбоотой биз ээ… Өдгөө нийтийн хоолны газруудад угааж цэвэрлэсэн боловч өөр хүний идсэн аяга таваг, халбага сэрээг дамжуулан хооллодог болсон, хэдий технологийн дэвшил, халдвар ариутгалыг сайн сахиж байгаа ч хэрэв стандарт алдагдваас аяга тавгаар дамжих халдвар, хеликобактери зэрэг тархах тун таатай шалтгаан болдог ажээ.

Гэтэл сүүлийн үед олноор бий болсон кофе шоп, бэкерины газрууд гялгар ууттай нэг удаагийн хуванцар халбага сэрээг ихээр хэрэглэх болсон нь байгальд ээлтэй минималист амьдралын хэв маягтай байсан монголчуудын төдийгүй орчин цагийн дэлхий нийтийн маш том асуудал болсон нийлэг уут, хуванцрын хэрэглээг өдөөдөг бололтой.

Хоол идэж, тараг сүү уусны дараа аягаа долоох нь хоолойн мах буюу гүйлсэн булчирхайн маш сайн дасгал болж хоолойн элдэв өвчнөөс хамгаалах чухал арга юм, ийм учир аягаа долоож байх нь хоолойн гүйлсэн булчирхай үрэвсэхээс сэргийлэх маш үр дүнтэй арга гэдгийг Монголчууд мэддэг байж.

Уран шаглаа, угалз хээ бүхий уутанд ур хийц сайхан, мөнгөн аягаа хийчхээд авч явах нь Монгол эр хүний нүнжиг, бэл бэнчинтэйг илтгэх гоёл болдог байсан.