Амжилтанд хүрэх маш энгийн
10 жил, 9 сар өмнө

“Бид л түвэгтэй болгоод байдгаас биш аж амьдрал бол өөрөө маш энгийн.”- Күнз

Бодоод байхад бид аливаа зүйлийг маш хэцүү болгодог.

Амжилтанд хүрэхэд хэцүү, үүнийг хийхэд, түүнийг хийхэд хэцүү гээд л…

Үнэндээ бол бид өөрөө хийх хэрэгтэй гэж үзэж байгаа, хийхэд амархан, их цаг зав, хүч хөдөлмөр зарцуулах шаардлагагүй зүйлүүдийг хийдэггүй. Тийм ч учраас амьдралыг  хэцүү төвөгтэй болгодог.

Жишээ нь, Эрүүл холлох, ногоо сайн идэх, ус их уух хэрэгтэй гэдгийг бид бүгдээрээ л мэднэ.  Ногоо идэж, уус уух нь амархан уу? Амархан. Гэтэл бид мэдсээр байж тэр болгон ногоо идэж, ус уудаггүй.

Дасгал хийх ёстой гэдгийг хүн бүр л мэддэг. Гэвч хийдэг үү? Үгүй! Ихэнх хүмүүс хийдэггүй.

Яг үүний адил цагтаа ирэх, хэлсэн амандаа хүрэх, өглөө эрт  гучхан хувийн(минут) өмнө босох зэрэг нь хэцүү юу? Үгүй! Амархан! Гэвч бид ихэвчлэн хийдэггүй.

Тиймээс бид амархан юмнуудыг хийдэггүй учраас амьдралаа хэцүү болгодог.

Энэ амархан гээд байгаа зүйлүүдийг хийхэд амархан, бас хийхгүй байх ч амархан. Хэн хожих вэ? гэвэл “хийсэн хүн л хожино.”

Санаж яв: Хийхэд амархан юмыг хийгээгүйгээс болж хэцүү болдог.

Амжилтанд хүрэх маш амархан. Ердөө л мэддэг чаддаг юмаа хийхээс эхэлнэ. Мэддэг чаддаг юмаа хийж  эхлэх л юм бол та одоо байгаагаасаа илүү амжилттай болно.

Амьдрал ч гэсэн амархан, хөнгөхөн болно.

Маш энгийн!

Хийхэд амархан зүйлийг өдөр бүр, удаан хугацааны турш хийж чадсан тохиолдолд үр дүнд хүрнэ.

Жишээ нь: Амжилтанд хүрсэн хүмүүс “амжилтын тарнийг” өдөр бүр удаан хугацааны турш амьдралдаа хэрэгжүүлж чадсан учраас амжилтанд хүрсэн байдаг.

Бид амжилтын тарнийг урих цагийг өдөр бүр өглөө 3 хувь(минут), орой 3 хувь гаргаж чадах уу? Чадна. Амархан уу? Амархан.

Тэгээд түүнийгээ долоо хоног, 2 долоо хоногийн турш гаргалаа гэж бодоход бид өөрчлөгдөж эхэлнэ, сэтгэл санаа хүртэл өөдрөг, эерэг болж эхэлнэ. Гэвч 2 долоо хоног, 3 долоо хоног хангалттай хугацаа биш, харин бид 2, 3, 5, 10 жил хэрэглэж чадвал үр дүнгээ үзнэ гэсэн үг.

Зөв хооллолт ч гэсэн мөн адилхан. Хэрвээ бид нэг талхыг нэг луувангаар орлууллаа гэж бодоход нэг сар, 2 сарын дотор үр дүнгээ үзэхгүй. Харин 2, 3, 4.. жил үргэлжлүүлэн орлуулсаар байх юм бол үр дүнгээ үзнэ.

Хэлсэн амандаа  1, 2 сар хүрээд л больчих юм бол утгагүй. Харин 5, 10 жил хэлсэн амандаа хүрэх юм бол таны хэн бэ? гэдгийг хүмүүс ч мэдэх болно, та ч гэсэн өөрийнхөө хэн бэ? гэдгийг өөрчилж чадна.

Өдөрт аравхан хувь(минут) дасгал хийх цагийг хүн бүр гаргаж чадна. Амархан уу? Амархан! Харин өдөр бүр 3-4 жилийн турш тууштай гаргаж чадвал бие бялдар, оюун ухаанаа өөрчилж чадна.

Товчхон хэлэхэд амархан гэх зүйлүүдээ дор нь хийгээд, түүнийгээ өдөр бүр, удаан хугацааны турш, тууштай хийж чадвал амжилтанд хүрнэ.

Дахин хэлье:

“Хийхэд амархан гэж үзэж байгаа зүйлүүдээ өдөр бүр, тууштай хийж чадвал амжилтанд хүрнэ.”

“АМЖИЛТ” бол маш энгийн: Ердөө л мэддэг чаддаг юмаа хийхээс эхэлнэ.

ХҮС. ХИЙ. ХҮР.

ТАНЫ АМЖИЛТЫН ТӨЛӨӨ

©Ука Төмөр