Амжилтанд хүрэхээс айдаг 4 шалтгаан
10 жил, 9 сар өмнө

Та амжилтанд хүрэхээс айдаг уу?

Хэрвээ энэ асуултыг хэн нэгнээс асуувал  “үгүй” гэж хариулах байх. Магадгүй “Амжилтаас айдаг хүн байдаг юм уу?” гэж  гайхаж ч мэднэ.

Гэвч харамсалтай нь их олон хүн амжилтанд хүрэхээс айдаг.

Яагаад гэвэл амжилтанд хүрэхээс айдаг 4 шалтгаан бий.

1. Амжилтанд хүрснээр үүрэг хариуцлага их хэмжээгээр нэмэгдвэл яана аа? -гэдэг айдас. Тодруулбал: Одоо ийм их ажил төрөлтэй байгаа юм чинь амжилтанд хүрчихвэл бүүр их ажилтай болж, үүрэг хариуцлага нэмэгдэнэ гэж боддог.

Мэдээж амжилтанд хүрэхэд үүрэг хариуцлага нэмэгдэнэ. Тиймээс амжилтанд хүрснээр нэмэгдэх үүрэг хариуцлагуудыг тодорхой жагсааж бич. Хэрэв бичих зүйл огт олдохгүй байвал та дэмий хоосон зүйлд санаагаа зовоож байна гэсэн үг. Энэ бодлоо орхи. Харин хариуцлагууд ар араасаа бичигдэж байвал танд юу гэж хэлмээр байна вэ гэвэл: Aмжилтанд хүрч, үүрэг хариуцлагууд нэмэгдэх үед та аль хэдийн тэр хэмжээгээрээ өсөж, хөгжсөн байх учраас ирэх үүрэг хариуцлагууд одоо айж байгаатай адил хэмжээнд байхгүй байх болно. Та өдрөөс өдөрт өсөн хөгжиж, сайжирч байгаа. Тийм ч учраас амжилтанд хүрч байгаа билээ.

Тиймээс амжилтанд хүрснээр гарах эерэг өөрчлөлтүүд дээр анхаарлааа төвлөрүүлэх нь зүйтэй.

2. Амжилтанд хүрснээр бусад хүний хандлага өөрчлөгдвөл яана аа? Найз нөхөд, дотны хүмүүс холдчихвол яана аа? -гэдэг айдас.

Хэрвээ та үргэлж өөрөөрөө байж, өнгө, дүрсээ өөрчлөөгүй тохиолдолд ийм байдалд орохгүй гэж бодож байна. Найзуудтайгаа сард 2 удаа уулздаг байсан бол уулздагаараа л уулз. Гэр бүл, хайртай хүмүүстэйгээ хагас сайн болгонд хамтдаа кино үздэг байсан бол үздэгээрээ үз. Бусдад тусалдаг байсан бол тусалдгаараа тусал.  Ингэж чадвал энэ айдастай нүүр учрахгүй болов уу гэж бодож байна.

3. Амжилт хүнийг эвддэг –гэдэг айдас.

Амжилтанд хүрсэн хүний ааш зан нь эвдэрдэг, их зантай, сэхүүн, дээрэлхүү, харамч, амиа хичээсэн зантай болохоос гадна гэр бүл, хайртай хүмүүстээ тавих анхаарал нь багасдаг гэж боддог.

Их олон хүмүүс амжилтыг шууд мөнгөтэй холбож боддог. Амжилтруу тэмүүлж байгаа хүнийг мөнгөний араас явж байгаа хүн гэдэг нүдээр ч бас харах нь их. Өөрөөр хэлбэл амжилтын тухай дутуу ойлголттой байдаг.

Амжилт гэдэг нь зөвхөн баяжих гэсэн үг биш. Тэгэхээр өнөөдөр цаг гаргаж байгаад “таны хувьд амжилт гэж яг юуг хэлээд байна вэ?” гэдгийг өөрийнхөөрөө гаргаад үзээрэй.

Амжилт гэдэг нь миний хувьд амьдралынхаа бүх л талбарыг сайжруулж хөгжүүлэхийг хэлдэг. Хэрвээ ааш занд нөлөөлдөг, ааш занг  эвддэг гэдэг бодолтой байгаа бол санхүүгийн зорилго гаргахын хажуугаар сэтгэлийн боловсролоо дээшлүүлэх зорилго гаргах хэрэгтэй. Хэрвээ гэр бүл хайртай хүмүүсээсээ хөндийрөх вий гэж айж байгаа бол хайртай хүмүүстэйгээ, найз нөхөдтэйгээ өнгөрөөх цагаа хэрхэн яаж хуваарилах тал дээр бас давхар төлөвлөгөө гаргаж түүн дээрээ анхаарах хэрэгтэй. Хэрвээ харамч бас өгөөмөр биш болчихвол гэж айж байгаа бол бусдад яаж туслах тухай зорилго тавьж болно шүү дээ.

4. Амжилтанд хүрсний дараа хүмүүс наймайг тийм гоц авьястай биш, тийм мундаг ухаантай биш,  амжилтанд хүрэх хэмжээний хүн биш  гэвэл яана аа? гэж айж байгаа бол -энэ бол зөвхөн таны  бодол, таны өөртөө хэлдэг үгс. Хэрвээ та иймэрхүү үгийг өөртөө хэлж, түүнийгээ сонсоод, дагаад байх юм бол амжилтанд хүрч чадахгүй.

Амжилтын тухай сөрөг бодлууд амжилтанд хүрэхэд хамгийн том хаалт болдог.

Дахин сануулж хэлэхэд бидний бодол бодит амьдралыг маань бүтээдэг. Тиймээс энэ сөрөг бодлоо өөрчлөх хэрэгтэй.

 

 

АМЖИЛТЫН ТАРНИ

Би амжилттай учраас араасаа амжилтыг дагуулж байна!

Би өдрөөс өдөрт __________илүү их амжилт гаргаж байна!

(ажил, сургууль, бизнес юунд амжилт гаргаж байна түүнийгээ хэл)

Би амжилттай учраас амжилттай яваа хүмүүсээр хүрээлүүлж байна!

 

Танаас асуух миний асуулт:

Танд өнөөдөр амжилтын тухай ямар сөрөг бодлууд байна вэ? Хэрвээ та амжилтын тухай сөрөг бодлоо устгаж чадсан бол “Яаж устгасан бэ?” тухайгаа надтай доор хуваалцана уу.

 

ХҮС.  ХИЙ.  ХҮР.

ТАНЫ АМЖИЛТЫН ТӨЛӨӨ

©Ука төмөр