АЛТАЙ ЯТГА БАРИМТАТ КИНО (2014 он)
9 жил, 1 сар өмнө

Монгол орон дэлхийн бусад улс, орнуудаас ардын дуу хуур, үндэсний хөгжмөөрөө ялгардаг өөрийн гэсэн язгуур урлагийн онцгой ялгарамжтай эртний нүүдэлчдийн өлгий нутаг юм. Энэ ч үүднээс ЮНЕСКО-ын соёлын өвд морин хуур, уртын дуу, хөөмий, бий биелгээ, цуур гэх мэт соёлын биет болон биет бус өвүүдийг бүртгүүлсэн билээ. Харин үндэсний бахархал болсон ардын язгуур урлаг болон үндэсний хөгжмийн зэмсгүүдийн он цаг хугацаа, гарвал үүслийг тодорхойлох цорын ганц боломж бол Монгол улсын газрын хөрсөн доорх археологийн олдворууд юм.

АРХЕОЛОГИЙН СУДАЛГАА

2008 онд Ховд аймгийн Манхан сумын малчин Тахиа овогт Намсрайн Дандар тус сумын Жаргалант Хайрхан уулын баруун хойд бэлийн Өмнөхийн агуйн булшныг олж түүхийн багш Энхтөрд хэлснээр Алтай ятгын шинэ түүх эхлэжээ. Энхтөр багш Археологийн хүрээлэнд мэдээллийг уламжилсны дагуу ШУА- ын Археологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, археологич Ц.Төрбат, Д.Батсүх, Т.Батбаяр, Н.Баярхүү, Т.Идэрхангай нар уг хадны булшинд судалгаа хийж эх олдворуудыг Герман улсын судалгааны багт хүлээлгэн өгсөн байна.

2009 оноос Доктор Жанн Бемманн тэргүүтэй Герман улсын Бонн хотын Их Сургуулийн угсаатан болон археологийн салбарын эрдэмтэн судлаачид булшны эд зүйдсийн судалгааг хийсэн байна. Судалгаагаар булшны эд өлгийн зүйлс нь 7- р зуун буюу эртний Түрэгийн үед хамаарч байгааг тогтоосон бөгөөд дайчин баатрын шарилын толгой тус газраас олдсон чавхдаст хөгжмийн зэмсэгийг Монгол Улсад төдийгүй олон улсын хэмжээнд энэ төрлийн хөгжмийн анхны олдвор болохыг Герман Улсын Бонны Их Сургуулийн доктор Жан Бэрман болон эртний хөгжим судлаач Сюзанна Шүлц нар онцолсон байдаг.