Аз жаргалтай амьдралын үндэс
10 жил, 6 сар өмнө
Хүмүүний заяаг олсон ихэнх хүн энэ заяаныхаа үнэ цэнийг мэдэрч эрт орой ч гэлээ ганц заяах амьдрал хэмээн үнэлдэг. Бид бүгд л сайн сайхан амьдралыг хүсэж ХҮН шиг амьдарна гэж тэмүүлдэг. Гэвч чухам хүн шиг амьдарна, сайхан амьдрана гэдгийг бүгд өөр өөрсдийнхөөрөө төсөөлдөг билээ. Гагцхүү энэ л мөрөөдөлдөө хүрэхээр хүсэлдээ хөтлөгдөн өөр өөрсдийнхөө замаар алхсаар, гүйсээр. Миний хувьд ч бусдын л адил сайн сайхан амьдралыг мөрөөднө, гэхдээ миний сайн сайхан амьдралын төсөөлөл цогц болоогүй л байна. Аз жаргалыг хайсаар, эрэлхийлсээр байна. Одоогоор  аз жаргал, амьдралын утга учир элэг бүтэн амьдралд л оршдог гэж бодогдоно. Би энэ л бодолдоо хөтлөгдөн аз жаргалтай гэр бүлээ бүтээж чадсан айл өрх бүрт зочилж хосуудынхаа хэрхэн аз жаргалаа бүтээсэн түүхийг нь сонсон үзэгчидтэйгээ хуваалцан суудаг. Харин хосуудтайгаа уулзах гэж бас л их ажил болдог шүү. Учир нь манай оронд сүүлийн жилүүдэд гэр бүл салалт ихэссэн учир бат бөх гэр бүлүүдийг олно гэдэг тийм ч амархан ажил биш болжээ. Эрлийг сургаар гэдэгчлэн эрэн хайж байж, эргэн тойрон дах хүмүүсээс лавласаар сайхан хосуудтайгаа уулзана. Заримдаа үр хүүхэд, ач зээ нь аав ээждээ гэнэтийн бэлэг барихаар бидэнтэй холбогдоно. Ер нь л сайхан сэтгэлт хүмүүс тэнд тийм сайхан хос байгаа, энд ийм сайхан хос байгаа гэснээр үлгэр жишээ хосуудыгаа үзэгчидтэйгээ уулзуулна. Хосуудтайгаа уулзсан мөчөөс эхлээд тэднээс олон сайхан зүйлийг олж хардаг. Амьдралын ханиа зөв сонговол амьдрал сайхан байна. Энэ бол наад захын ухаарал. Цаашлаад  хувь тавилангаа холбосон ханиа хайрлаж халамжилж байж илүү сайхан амьдрлаа хамтдаа бүтээнэ. Эс тэгвээс хичнээн сайхан хань байгаад ч хайр үгүй бол нисэн одно. Үлгэрт гардаг шиг. Ийм л болхоор бид нэг нэгнээ нисгээгүй дэргэдээсээ холдуулалгүй хайраараа нэгэн бие болсон хосуудтайгаа уулзаж амьдралын түүх, арвин туршлагаас нь сонсон суудаг. Азтай хүмүүс байгаа биз. Учир нь хувь тавилангаа холбосон хосууд маань тэр бүр хүмүүсд амьдралын түүхээ яридаггүй бөгөөд бүтээсэн амьдралаа эргэн ярихдаа сэтгэл нь хөдөлж бидэнд догдолсон сэтгэл ухаарлаасаа хуваалцдаг юм. Хувь тавилан нэвтрүүлэгт оролцсон хосууд бол бат бөх гэр бүлийн үлгэр жишээ бөгөөд сонголтоо зөв хийснээр зөв замаараа алхаж буй сайхан сэтгэлт хүмүүс юм. Тэдний сайхан сэтгэлийн үнэн үгсийг сонссон хүн бүр биш гэхэд нэг ч гэсэн хүн ухаарал, амьдрах урам зоригийг авдаг нь гарцаагүй гэдэгт бид итгэдэг. Зарим гэрлээгүй залуус нэвтрүүлгийг үзээд хурдхан хосоо олох юм сан ингээд л сууж байх сан гэж яарна, зарим нь эрт орой хамаагүй хувь тавилангаараа учирч л байвал гэж бодсоноо хуваалцаж байсан юм. Гайхалтай амьдралын эздийн түүхийг сонсох бүртээ би өөрөө ч бас хувь тавиландаа итгэн сайхнаар төсөөлөн суудаг. Ийм л аз жаргалтай амьдралаа бүтээнээ гэж, амьдралын утга учир бол сайхан гэр бүлээ бүтээх юм. Хүн бүхэн хувь тавилангаараа учрах ханьтайгаа амьдралаа холбож насан турш үнэнч байх болтугай. 
Хэрвээ та бидний бэлтгэдэг Хувь тавилан нэвтрүүлгийг үзэхийг хүсвэл хосуудын түүхийг сонсохыг хүсвэл youtube рүү ороод Хувь тавилан нэвтрүүлэг гэж хайгаад үзэх боломжтой. Танд аз жаргал хүсье.