Агваандоржийн САРУУЛ: ХБНГУ-Д ПАРЛАМЕНТЫН ГИШҮҮД ИРГЭДИЙН САНАЛЫГ ХУДАЛДАЖ АВСАН БОЛ 3-5 ЖИЛИЙН ХОРИХ ЯЛААР ШИЙТГҮҮЛДЭГ
7 сар өмнө

Улс төр судлаач, улс төрийн ухааны доктор Агваандоржийн Саруултай ярилцлаа.

-Авлигатай тэмцэх газрын Олон нийтийн зөвлөлийн үүргийн талаар тодруулахгүй юу. Юу хийдэг вэ?

-ОНЗ-ийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар томилдог. 2017 оны есдүгээр сард дөрөв дэх удаагийн ОНЗ-ийг 15 хүний бүрэлдэхүүнтэй байгуулсан. Олон нийтийн зөвлөл нь АТГ-ыг олон нийттэй холбох гүүр болж өгөх үүрэгтэй. Ардчилсан нийгэмд АТГ-аас иргэд айж эмээх, өгсөн өргөдөл гомдлынхоо мөрөөр асууж сураглах, асуудлаа шийдүүлэх эрхтэй байх ёстой.

Гэтэл өнгөрсөн хугацаанд АТГ иргэнлэг байгууллага байж чадсангүй, авлигын асуудлаар гаргасан өргөдөл гомдлын сураг тасардаг, асар том авлигын хэргүүд нүдний өмнө хөвөрсөөр АТГ-ын гаргасан тооцоогоор 2007 оноос хойш Монгол Улс 12 их наядын хохирол амссан, татвараас дайжиж, төрөөс завшсан мөнгөө угаах авлигын диваажин улсуудын “саарал жагсаалтад” орчихсон улс болчихлоо. Манай АТГ нь олон улсад “Авлигын эсрэг хараат бус агентлаг” хэмээн нэрлэгддэг. Монголдоо гэтэл хараат бус нь байхгүй, зүгээр л АТГ нэртэй. Энэ байгууллага 2007 оноос хойш хараат бус байх үүргээ биелүүлж чадаагүй, улс төрөөс бүрэн хараат явж ирсний баталгаа нь “саарал жагсаалт”-д багтсан явдал. УИХ-аас АТГ-ын төсвийг баталж өгдөг ч гэсэн үйл ажиллагаанд нь ингэж нөлөөлж болохгүй, АТГ улстөрчдөөс хараат бус ажиллах тоглоомын дүрэм ч тодорхой бус. АТГ өөрөө босоо удирдлагатай учраас зөвхөн даргаасаа хараат явж ирсэн. Ер нь ардчилсан нийгэмд улс төрөөс хараат бус ажиллаж чадах боломжийг иргэдийн хяналт олгодог. Иргэд нь мэдээлэл сайтай, иргэний нийгэм ба улс төрийн намуудын хүчийг тэнцүүлж хуулиар баталгаажуулсан нийгэмд улстөрчдийн тоглолтыг хууль, шүүхээс гадна иргэд хязгаарлаж чаддаг. Жишээ нь, ОНЗ энэ маягаар АТГ-ыг улс төрөөс хараат бус хүчтэй ажиллахад хүч нэмж, дэмжиж өгөх үүрэгтэй гэж боддог. АТГ-ын ажилтнууд дунд “том албан тушаалтнуудад биш, харин Монголын төрд тангараг өргөсөн” хэмээн ухамсарладаг чадалтай залуус байна. Энэ зарчим дээр тулгуурлан олон нийттэй хамтраад ажиллах боломж нээлттэй.

Ер нь АТГ-т өргөдөл гомдол ирээд сураг алдардаг хэмээн цөхөрцгөөдөг. Энэ удаагийн ОНЗ байгуулагдсан цагаас иргэд АТГ-д хандсан өргөдлөө ОНЗ-д давхар гардуулж өгдөг болсон. Манай хуульчид тухайн өргөдөл гомдол хаана, ямар шатандаа яваа, энэ өргөдөл гомдол үндэслэлтэй эсэх, мөн өргөдөл гомдлоо ямар шат дараалалтай хэнд хэрхэн гаргах талаар тэдэнд зөвлөгөө өгдөг, мөн хэвлэлийн хурлуудаараа олон нийтэд мэдээлэл, АТГ-аас өргөдлийн мөрөөр тодруулж асууж сураглаж өгдөг.

-Авлигатай олон улсад хэрхэн тэмцдэг юм бэ. Бууруулсан туршлага нь ямар байдаг юм бол?

-Авлига багатай улсуудыг Скандинавын орнууд байнга тэргүүлж явдаг. Хуучин соц орнуудаас Гүрж, Латви, Литва, Эстони хошуучилж яваа. Харин ОХУ, Хятад, Хойд Солонгос, Турменистан, Узбекстан, Африкийн нэлээд улсууд байнга сүүл мушгиж явдаг. Гүрж улс Транспаренси интэрнейшнэлийн авлигыг мэдрэх индексээр манайхаас хоёр дахин их авлигатай явж байснаа таван жилийн дотор манайхаас хоёр дахин бага авлигатай болсон.


Энэ бүхний нууц нь:

1. Мэдээллийн ил тод байдал /манайд Засаг даргын коридорт ойлгомжгүй цаас өлгөж мэдээлэл өгсөн болох төдий/,

2. Иргэний нийгэм өөрөө чадварлаг, тэдний санал бодол, үйл ажиллагааг улс төрийн намуудтай тэнцүү хэмжээнд хуульчилж өгсөн,

3. Хууль засаглал ба хэвлэл мэдээлэл хараат бус, амьтай

4. Улс төрийн намуудын хязгааргүй эрх дархыг иргэний нийгмийн эрх дархаар хязгаарлаж чадсан.

Нэг жишээ татаад хэлье л дээ. Щвейцарьт засаг захиргааны бүх нэгж нь хэн ч халдашгүй бүрэн эрхтэй. Тэд өөрсдийн парламент /манайхаар ИТХ/ ба засаг даргыг сонгоно. Сонгогдсон дарга нараа хэрэглээгээр нь хянана. Тэд тусгайлсан цалингүй, олон нийт сонгосон бол нэр төрийн хэрэг. Орлогоо тайлагнаж сонгогдсон тул гэнэт их мөнгө үрээд эхэлбэл иргэд нь төвөөс шууд аудит дуудаж шалгуулаад огцруулна. Татвараар нь хөөж орлогыг хянана.

Германд компанийн захирал компаниа дампууруулбал ажилтнууд нь шалгуулж, шүүхийн шийдвэрийн дагуу тухайн захирал байсан хүн зувчуулсан мөнгөө зарцуулж чадахгүй болдог. Гэр бүлийн орлогоос давсан том аялал хийх, хүүхдээ үнэтэй сургуульд оруулах, тансаг машин авах бүрт тэр цагдаад дуудагдаж эх үүсвэрээ шалгуулах үүрэгтэй. Хилийн хориг тавиулсан энэ хүн насан туршдаа мөнгөө нуусан чигээрээ дуусна. Иргэдийн ба хуулийн хяналт гэж энэ.

Ихэнх улсын Авлигын эсрэг хууль нь маш тодорхой. 1000 евро хахуульд авсан бол нэг жил хорих, эсвэл хэд дахин нугалж төлөх гэх мэт. Мөн урд хөршид улстөрчдийг лоббиддог кампаниудын нэрсийг тодорхой болгож, тухайн компани нь байнга тендерт ялах эрхийг хаах жишээтэй.

-Манайд тэмцэж чадаж байна уу?

-Манайд ширүүн тэмцэх гээд үнэхээр чадахгүй байна. СЕХ гэж сонгууль будлиантуулчихаад, ажлаа хийдэггүй айлаас жишээ нь авлигын эсрэг тэмцлийг эхэлмээр байна. ХБНГУ-д парламентын гишүүд иргэдийн саналыг худалдаж авсан бол 3-5 жилийн хорих ялтай. Манай гишүүд, нэр дэвшихээр горилогчид төсвийн мөнгөөр данх, хивс, “бакаал” тарааж, Хайнан, Тайланд, Манжуур, Турк, Итгэлт хамба гээд дэлхий тойрсон аялалуудаар иргэдийн саналыг худалдаж авч байна. Саналаа зарсан иргэд ч мөн тэнд хуулийн хариуцлага хүлээдэг. УИХ-ын гишүүд тойрогтоо хууль таниулах нэрээр нэгнийхээ хэвлэлийн үйлдвэрт баахан өөрийн сурталчилгааг хэвлүүлж аваад тарааж явах жишээтэй.

Өмнөх жлүүдийг бодоход 2019 оны сүүлээр авилгын эсрэг тэмцэлд ахиц гарч эхэлж байгааг олон нийт харж байна. “60 тэрбум”, “ЖДҮ” зэрэг дуулиант хэргүүд зах зухаасаа шүүхээр ороод эхэллээ. Төрөө цэвэрлэж байж хууль хэрэгжиж эхэлнэ.

Сая Үндсэн хуулийн шинэчлэлт хийлээ. Харин иргэдэд улс төрийн оролцооны эрхийг нь олгосонгүй. Иргэд өнөөх л ордны гадаа жагсаж, нэг нэгэндээ цаасан малгай өмсгөж “баатар цол” олгодог хэвээрээ хоцорлоо. Санал хураалтаар жишээ нь хамгийн дээд орлого хэд байх, төсвөөс хичнээн хөрөнгийг иргэдээс асууж зарцуулах эрхтэй байх гэх мэт өчнөөн асуудлыг санал асуулгаар шийдэх боломж хаалттай хэвээр үлдэв. Бусад улсын санал асуулгын хууль өөрөө энэ бүхнийг маш сан зохицуулж өгдөг юм билээ.

-Авлигатай тэмцэхэд олон нийтийн оролцоо хэр зэрэг байна вэ. Олон нийтийг хэрхэн татан оролцуулах тал дээр та бүхэн хэрхэн ажиллаж байна?

-Олон нийтийг татаж оролцуулахын тулд мэдээлэл сайн өгөх хэрэгтэй. Мэдээлэл гэдэг нь авлигын эсрэг хууль тогтоомжууд, авлигын тодорхой хэргүүдийн талаар, хаана хэрхэн хандах, ямар шинж тэмдгүүдээр авлига хэмээн үзэх зэрэг тодорхой ойлголтуудыг нийгэмд байнга түгээх хэрэгтэй. Улс төрийн авлига өнөөдөр анхаарлын төвд байна. Нийгэм дургүйцлээ хангалттай илэрхийлж байна. Одоо бусад улсын жишгээр улс төрчдийн орлого, татвар, хэрэглээ гурваар нь хөөн улс төрөө нэн тэргүүнд авлигаас цэвэрлэх шаардлагатай. Бусад улсад хууль бус хөрөнгөжсөн, төрийн албаны нэр хүндийг гутаасан хэргээр төрд насан турш алба хаших эрхгүй болгодог сайн туршлагуудыг нэвтрүүлмээр байна. ОНЗ-ийн дэргэд саяхан оюутан залуус нэгдэж “Авлигыг мэдээлж жигших клуб” байгуулсан. Клубт идэвхтэй оролцох сонирхолтой хүмүүс 95093404 дугаарын утсаар Батхишигтэй холбогдож болно.

Агваандоржийн Саруулын танилцуулга

2019.12.09 (Өдрийн сонин)