"САЙН МУУГ ЯЛГАЯ" ХҮҮХДИЙГ ЗӨВ ХҮН БОЛОХОД ТУСЛАХ 60 ДАДАЛ НОМ БИЧИХ БОЛСОН ШАЛТГААН
10 жил, 11 сар өмнө

Би 2008 оноос зан байдал болон сэтгэлзүйн өвөрмөц онцлогтой  "индиго хүүхэд" хэмээх нэр томъёог анхаарч, сүүлийн үеийн хүүхдүүдийн зан байдлыг судлах болсон. 2010-2012 онд "Индиго" хүүхдийн хөгжлийн төвийг удирдан цэцэрлэгт явах дургүй, өвөрмөц зан араншинтай, эцэг эх нь ихэвчлэн "индиго" хэмээн томъёолсон бага насны хүүхдүүдийг сурган хүмүүжүүлэх явцдаа судалж, тэдгээр 50 орчим хүүхдэд  буй зан байдлын түгээмэл хандлагыг илрүүлсэн. 2009- 2011 онд боловсрол судлалын магистрын ажлын судалгаагаа "4 настай хүүхдийн зан төлөв дэх хандлага" сэдвээр хийхдээ нийслэлийн 6 дүүргийн 12 цэцэрлэгийн 300 гаруй хүүхдийг хамруулан  судалж, "индиго" хүүхдэд ажиглагддаг гэх зан байдлын онцлог шинжүүд тэдэнд ч мөн түгээмэл байгааг илрүүлсэн. Үүнд:

  • Өөртөө маш итгэлтэй, эрс шийдэмгий.
  • Хэнийг ч туйлшран шүтдэггүй, даган дуурайдаггүй, өөрийгөө нэгд тавьдаг. Би л мундаг, би чадна гэсэн хандлагатай.
  • Бусдын дүрмийг дагадаггүй, өөрсдөө дүрмээ зохиох, батлах дуртай. Өөрсдийн гаргасан дүрмээ хэзээ ч мартдаггүй, түүнийгээ ягштал биелүүлдэг. Дүрмийн сэтгэлгээ маш сайн хөгжсөн.
  • Хэн нэгэн асуудлыг нь шийдвэрлэхэд дургүй, эцсийн шийдвэрийг өөрсдөө гаргах дуртай.
  • Сонголтыг зөвхөн өөрсдөө хийдэг. Хэн нэгэн сонголтонд нь халдахад дургүй.
  • Бусдын анхаарлын төвд байж бусадтай чөлөөтэй, илэн далангүй харилцах, ярилцах дуртай.
  • Бусдаар магтуулж, сайшаалгах дуртай.
  • Гүн гүнзгий сэтгэдэг. Ямар нэг зүйлийн талаар ярихад шууд итгэж үнэмшдэггүй, яагаад, ямар учраас гэж заавал тодруулдаг.
  • Бусдаар заалгах бус заах дуртай. Багш, эцэг эх хэн байх нь хамаагүй.
  • Тун зөрүүд. Өөрсдийг нь сонсохгүй бол таныг ч сонсохгүй. г.м зан байдлууд хамаарна.

 Түүнээс гадна "Индиго” хүүхдийн хөгжлийн төвд явж байсан хүүхдүүдээс ажиглагдсан сэтгэл зовоосон асуудал бол тэдгээр хүүхдүүдтэй зөв харьцаагүй, тэднийг сонсоогүй, ойлгож дэмжээгүй, анхаарал тавьж өсгөөгүйн улмаас тэдний зан байдлыг уур уцаартай, гөжүүд, бусдыг сонсдоггүй, гэр бүлийн гишүүдээ дийлж сурсан, түрэмгий, бусадтай нийлдэггүй, зожиг, уур уцаараар асуудлыг шийдэж сурсан зэрэг олон сөрөг хандлагаруу түлхсэн нь сэтгэл зовоож байлаа.

Энэ бүхнээс үүдэн сүүлийн үеийн хүүхдүүдтэй хэрхэн яаж харьцаж, харилцан ярилцах талаар эцэг эхчүүдэд мэдлэг олгохын сацуу, шинэ үеийн хүүхдүүдийн өөрөө өөрийнхөө дагаж мөрдөх дүрмийг батлах, шийдвэр гаргах, сонголт хийх дуртай зан байдлын онцлог шинжүүд дээр нь түшиглэн сайн муу, зөв бурууг өөрсдөөр нь ялган салгуулж, багаас нь өөрсдийн гэсэн үзэл санааг төлөвшүүлж, амьдралын зөв дадал хэвшүүлэх, эерэг сайн сайхан зан чанарыг эзэмшүүлэх зорилгоор энэхүү номыг гаргах болсон.

Эцэг эхчүүд та бүхэн 0- 5 насны хүүхдийнхээ зан байдалтай холбоотой мэдээллийг horloo_j@yahoo.com хаягаар илгээж, хүүхдийнхээ насны онцлогтой холбоотой зөвлөгөөг үнэ төлбөргүй авах боломжтой!

 ХҮҮХДИЙН ХӨГЖИЛ ТӨЛӨВШИЛ СУДЛААЧ
ЖАМСРАНЖАВЫН ХОРЛОО

(САЙН МУУГ ЯЛГАЯ номын хэсгээс)