Хүний үнэт зүйлийн эрэмбийг алдагдуулж, өөрийгөө үнэлэх үнэ цэнийн дархлааг эвддэг ДОХ-с ч аюултай ЁС СУРТАХУУНЫГ ЗАДЛАГЧ НЯН ИЛЭРЧЭЭ
МАШ АЮУЛТАЙ НЭГЭН НЯНГИЙН ТУХАЙ...
Ёс суртхууныг задалдаг нян маш аюултай халдвартай, агаар дуслаас ч илүү, харах үзэгдэх, сураг дуулдах төдийд халдварладаг юм байна. Ганц хоёр жишээ гэхэд:
- Яг ижил нөхцөлд, адилдаа адил, годилдоо годил цалингаар өдөр хоногоо адилхан торгоолцож явсан нэг нь гэнэтхэн нүдэн дээр нь 570 унаад, тансаг харш бариулаад эхэлмэгц, тэр болтол тэсэж, тэвчиж, цээрлэж хориглож байсан бусад нь боломж гарвал л төсвийн халаас руу гараа ахиухан хийгээд авах нь зөв юм байна гэсэн дотоод итгэл үнэмшилтэй болно.
- Яг ижил түвшиний, магад ч үгүй өөрөөс нь дор чадвар, туршлагатай нэгэн гэнэтхэн төрийн сайд болоод дэнхэлзээд, данхалзаад, орой бүр ТВ-ээр малилзаад эхэлмэгц бусдынх нь тэсгэл алдарч, гэнэтхэн аль нэгэн намын үзэл суртлыг учиргүй ойлгож дэмждэг болж хувираад, аль нэгэн улс төрчийн хонжогийг эгзэг нь таарвал олж долоочих гээд уралдчихна.
- Яг ижил нөхцөлд аж төрөх, амьдрах гээд үхэлдэн тэмцэлдэж явсан нэгэн нь гэнэтхэн брэнд яриад, тив далайг гатлан нисээд эхлэнгүүт зүгээр өмнөх ажлаа хийж байсан хүмүүс гэнэтхэн хийж чадахаа байгаад ямар ч хамаагүй аргаар гэнэт цөм цөм баяжчих ухаан сүйхээ эрж хайгаад дажигнацгаачихна.
- Яг ижил нөхцөлд бүгдээрээ зам дээр хаашаа явж буйгаа мартатлаа таг түгжирчихээд үүрэглэн ахуйд гэнэтхэн нэг нөхөр урсгал сөрөөд урдуур нь дайраад, эсвэл хажуугийн брожор дээгүүр дамнуулаад явган хүний замаар дайраад ороод ирэнгүүт бүгдээрээ нүх сүв бүхнээр сигнаалдаад дайралцацгаачихна.
- Яг адилхан өвлийн хүйтэнд түлэх түлээгүй чичирч суусан хоёр айлын нэг нь гэнэтхэн орой бүр уут уутаар нь нүүрс чирч ирээд, дүүгтэл халуун гэртээ бужигнаад эхлэнгүүт нөгөөх нь тэсэлгүй нөгөөнийхнөө явсан зам мөрөөр явж, нийтийн уурын зуухнаас зөөдөг хулгайн жимийг нэгээр нэмнэ.
Ер нэг ийм нийтийг хамарсан хачин уур амьсгал их түгээмэл байна.
Энэ бол чөлөөт өрсөлдөөн биш, харин чөлөөт уналт юм. Миний л мэдэхээр бид 25 жил уналаа.
ҮР ДҮНД НЬ бүгдээрээ ёс суртхууныг задлагч нянгаар ноцтой өвчилцгөөж, тамын тогоо луу ар араасаа нисэцгээх аж. Харин тийн өвчилсөнөө ер мэддэггүй, мэдэрдэггүй нь энэ өвчний хамгийн аюултай тал нь юм. Хүний оюун сэтгэлгээн дэх үнэт зүйлийн эрэмбийг алдагдуулж, сэтгэл зүрхэн дэх өөрийгөө үнэлэх үнэ цэнийн дархлааг эвдэж орхидгоороо энэ өвчин яг ДОХ шиг аюултай, бараг эмчилгээгүй шахам... халдварлах нь цар тахлаас ч аюултай юм.
Мэдээж хэрэг төрөлхийн шударга ёсны мэдрэмжтэй буюу ёс зүйн хүчирхэг дархлаатай, мөн цаг зуурын үзэгдлийн мөн чанарыг таньж мэдсэний тул энэ мэт булингарт урсгалд автан урсдаггүй тэсэж тогтоод үлдэх цэгээ олж чаддаг хүмүүс бас байна аа байна. Гэвч тэд цөөн юм, харамсалтай нь цөөн юм. Цөөний дээр нийгмийг нийтэд нь хамарсан энэ их ёс суртхуунгүй бужигнааны лай ланчигийг зөвхөн тэд л нуруун дээрээ тээж үүрэх ёстой болдог учир тэсвэрлэхүйеэ бэрх байх аж...
Нэг ийм зүйл үзэгдэж харагдаад нойр хулжаагаад байх ...
Нийтлэлч: Баасангийн НОМИНЧИМЭД
Эх сурвалж: https://www.facebook.com/NominchimedB