Б.Цэгмэд- Монголын хүндийн өргөлтийн хоёр дахь мастер | Дэлхийд 66 рекорд эзэмшдэг
13 жил, 8 сар өмнө

Монголын хүндийн өргөлтийн хоёр дахь мастер, пауэрлифтингийн Дэлхийн мастеруудын аварга шалгаруулах тэмцээнээс зургаа, мастеруудын Дэлхийн цомоос найм, Азийн аварга шалгаруулах тэмцээнээс долоон алт хүртсэн Олон улсын шүүгч, Олон улсын хэмжээний мастер

Тэрбээр наян нас хүрч яваа ч пауэрлифтингийн мастеруудын Дэлхийн рекордыг тогтоож Монголынхоо нэрийг дуурсгасаар яваа юм.

-Та пауэрлифтинг буюу хүчний гурван төрлийн мастеруудын ангилалд дэлхийн 66 удаа рекорд эвджээ. Танд баяр хүргэе?

-Би хүндийн өргөлтөөр 60 жил хичээллэсэн. Харин хүчний гурван төрлөөр 2010 оноос тууштай хичээллэж байна. Учир нь энэ төрлөөр мастеруудын зэрэгт рекорд тогтоох боломж их байсан юм. Миний хувьд энэ сарын 1-3-ны хооронд ОХУ-ын Челябинск хотод хүчний гурван төрлийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож 14 рекорд эвдсэн. Мөн энэ сарын 7-10-ны хооронд Новосибирскт болсон “Дэлхийн цом”-ын тэмцээнд оролцож 19 рекорд эвдлээ. Энэ жил манай Хүндийн өргөлтийн холбооны 60 жилийн ой тохойж байгаа юм. 76 настай ахмад тамирчны хувьд энэ ойгоо нийт 33 рекорд эвдсэн амжилтаар угтаж байна даа. 2013 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний амжилтыг оролцуулбал нийт 66 удаа рекорд эвдсэн байна.

-Ямар тэмцээнүүдэд оролцож байсан бэ?

-Монголд 2006 онд хүчний гурван төрлөөр улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулахдаа анх удаа мастер ангиллаар зохион байгуулсан юм. Тэр үед суулт, таталтаар хоёр мөнгөн медаль хүртсэн. Дараа нь 2010 онд Азийн аварга шалгаруулах тэмцээнд рекорд тогтоосон. Мөн 2013 оноос дэлхийн рекорд тогтоож эхэлсэн. 2013 оны арваннэгдүгээр сард АНУ-ын Флорида мужийн Вест Палм Бийч хотод зохион байгуулагдаж байсан Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцсон юм. Уг тэмцээнд хамгаалалтын дан хувцастай, бэхжүүлсэн хувцастай төрөлд 70-74 насны -75 кг-ын ангилалд гурван алтан медаль хүртсэн. Түүнчлэн дан хувцастай төрөлд шилдэг мастерын цом хүртэж байлаа. Дэлхийн аваргын тэмцээнд 20 гаруй орны 800 орчим тамирчин оролцсон. Үүнд Монгол Улсаас таван тамирчин оролцож найман алт, хоёр мөнгө, хоёр хүрэл медаль хүртэж байсан түүхтэй.

-Та хүчний гурван төрлөөрөө хэд, хэдэн кг өргөж рекорд тогтоосон бэ?

-Би хүчний гурван төрлийн суултанд 220 кг өргөж дэлхийн мастеруудын дээд амжилт үзүүлсэн. Харин шахалтанд 105 кг, таталтанд 195 кг өргөсөн. Нийтдээ 520 кг өргөж байсан. Гэхдээ саяын хоёр тэмцээнд энэ амжилтдаа хүрч өргөөгүй, дээд тал нь 465 өргөсөн. Гэсэн ч мастерын зэрэглэлд буюу 40-өөс дээш насны ангилалд түрүүлсэн.

-Яагаад хүндийн өргөлтийн спортыг сонгон хичээллэв. Анхны багшийнхаа тухай дурсаач?

-Миний багш Аюурзанын Гунгаа гэж хүн байсан. Монголд хүндийн өргөлтийг үүсгэн байгуулсан хүмүүсийн нэг. Энэ спортоор хичээллэх болсон тухайд гэвэл, 1956 онд Улаанбаатарт дөрвөн ерөнхий боловсролын сургууль байсан юм. Тэр дөрвөн сургуулийн 1000-аад хүүхдээс бяртай, тэнхээтэйг нь шалгаруулж хүндийн өргөлтөөр хичээллүүлж эхэлсэн. Түүнд би шалгарч 16-тайгаасаа л энэ спортоор хичээллэж эхэлсэн дээ. Хамгийн анх Москвад тэмцээнд оролцож дөрөвдүгээр байранд орж байлаа. Би бага насандаа мал хариулж өссөн учраас хотын хүүхдүүдийг бодвол бяр тэнхээтэй байсан болов уу.

-Та аль нутгийн хүн бэ?

-Би Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын харьяат. Миний аавыг Паламын Магсаржав гэдэг, их бяр тэнхээтэй хүн байсан. Нутгийн олон их малтай учраас баян Магсар гэдэг байсан. Би зургаан настайгаасаа л өвлийн хүйтэнд хонио хариулдаг байсан юмдаг. Ээж минь надад нэг хонины нэхийгээр дээл хийж өгөхөд яг таарсан гэж сүүлд ярьж байсан. Нэг түүх ярихад урьд манай нутгийг Пүрэв гүний хошуу гэдэг байж. Нэг удаа Пүрэв ноён нүүж нутгийн бөхчүүд, бяр тэнхээтэй залуус тусалж гэнэ. Гэтэл буух газар нь их том чулуу байсан бөгөөд нөгөө хүчтэнүүд өргөж дийлэхгүй байж л дээ. Тиймд Пүрэв ноён “Энэ чулууг өргөсөн хүнд байдас өгнө” гэж л дээ. Харин тэр чулууг аав минь “Ямар ч хүнд зүйлийг хөлөндөө хүчээ тааруулж өргөдөг юм” гээд ганцхан өргөөд холдуулчихсан гэдэг. Аав минь бага залуу учир Пүрэв ноён байдас ч өгсөнгүй, харин таван литрийн гуулин данхаар дүүрэн мөсөн чихрээр шагнасан юм гэнэ лээ. Би 1958 онд нийгэмлэгүүдийн аварга шалгаруулах тэмцээнд ороод түрүүлсэн юм. Тэр тэмцээнийг аав минь үзчихээд “Би залуудаа өргөчих л байсан юм байна” гэж билээ.

-Хүчний гурван төрлөөр хичээллэдэг таны үеийн тамирчин хэр их байдаг бол?

-Миний үеийн болоод надаас ахмад тамирчин байдаггүй. Харин надаас хэд дүү тамирчид бий. Олон улсын чанартай тэмцээн уралдаанд явахад хүмүүс “Ийм насны хүн ингэж амжилт үзүүлнэ гэж байдаг юм байх даа” гээд их гайхаж, бас зургаа даруулахыг хүсдэг. Зарим хүмүүс “Манай аав, ээж танаас дүү мөртлөө явж чаддаггүй” гэхийг их л сонсож байсан. 2011 онд тэмцээнд оролцоод жингээ үзүүлж байх үед хоёр шүүгч нь “Энэ хүнийг 70 хүрсэн гэхэд үнэмшмээргүй” юм гэж байсан. Би энэ бяр чадалтай, эрүүл чийрэг байдлыг монгол хүний гентэй л холбоотой гэж боддог. Тиймээс өөрийнхөө хэмжээнд монгол хүний генийг дэлхийд таниулж байгаа гэж ойлгож байна. Намайг тэмцээнд явах тухай УБТЗ-ын нэгдүгээр орлогч А.В.Ушаков сонсоод л надад туслахаар болж “Монголын спортыг дэлхийд сурталчлахад хоёулаа хувь нэмрээ оруулах болно“ гэсэн юм. Тиймээс цаашид амжилт үзүүлэхийн тулд хариуцлагатай байж бэлтгэлээ таслахгүй, тууштай байхыг хичээж байна.

-Та ямар албан тушаал хашиж байсан бэ. Ажлынхаа хажуугаар бэлтгэл сургуулилтаа хэрхэн зохицуулдаг байв?

-Би төмөр замын инженер мэргэжлээр Москвад сургууль төгссөн. Төмөр замын удирдах газар 20-иод жил ажиллаад одоо гавьяаны амралтандаа амарч байгаа. Тэгсэн ч зүгээр сууж чадахгүй спортоороо хичээллэсээр л байна. Мөн ажлын хамт олон минь олон улсын тэмцээн уралдаанд явахад минь их тусалдаг. Саяхан Төмөр замын гадаад харилцааны гадаад алба байгуулагдсаны 50 жилийн ой болсон. Би гадаад харилцааны албанд ажиллаж байх үедээ Москва-Улаанбаатар, Москва-Бээжингийн суудлын галт тэрэгний бэлтгэлийг хангаж явуулж байсан. Энэ бол миний хөдөлмөр, санаачилга, бүтээсэн том зүйлийн минь нэг юм. Тэр үед хүндийн өргөлтийн шигшээ багийн тамирчин байсан учраас Спортын төв ордон дээр бэлтгэлээ хийдэг байлаа. Бас томилолтоор явах үедээ Сэлэнгэ аймгийн Сүхбаатарт мөн Чойрын арван жилийн сургуулиудад очиж штанг дээр нь бэлтгэлээ хийдэг байсан. Харин Сайншандад очвол орос цэргийн ангийн штанг дээр бэлтгэл хийн аль болох тасалдаггүй байлаа. Одоо “Алагтай цэцэн” клубт бэлтгэлээ базааж байгаа.

-Танд бэлтгэл сургуулилт хийхэд хүндрэлтэй зүйл байдаг уу?

-Би орос телевиз, сонин сэтгүүлд гарсан эрүүл мэндэд тустай, амжилт үзүүлэхэд хэрэг болохуйц бүхий л зөвлөгөөг уншиж, судалдаг. Зөв хооллож биеийн хүч тэнхээ сайжруулах эм бэлдмэл тогтмол хэрэглэж мөн бэлтгэл сургуулилт тогтмол хийдэг болохоор даралт ихэснэ гэсэн зүйл байдаггүй. Харин хүчний спорт учраас өвдөгний гэмтэл авах тохиолдол байдаг.

-Манай хүндийн өргөлтийн тамирчдын амжилт сүүлийн жилүүдэд нэмэгдэж байна. Энэ талаар таны бодол?

-Манай хүндийн өргөлтийн тамирчид сүүлийн жилүүдэд амжилттай байна. Удахгүй олимп болох гэж байна. Ази тивийн аварга болсон М.Анхцэцэг маань их юм дуулгана гэдэгт итгэлтэй байгаа. Би медаль авах бүртээ урам аваад илүү хичээгээсэй гэсэндээ залуучууддаа очиж үзүүлдэг юм. Энэ бол миний хариуцлага гэж боддог. Мөн Монголын пауэрлифтингийн “Алагтай цэцэн” клуб олон улсын хэд хэдэн холбоодтой харилцаа холбоо тогтоож, энэ спортыг хөгжүүлэхэд их хувь нэмэр оруулж, тамирчдын амжилт ч сайжирч байна. Манай тамирчид олон улсын чанартай тэмцээнд явахад алтан медальгүй буцаж ирдэггүй.

О.Ариунцэцэг (Өдрийн сонин 2016/8/2)