The New Media Marketing Agency 1 ЖИЛИЙН ХУГАЦААНД ЮУ ХИЙЖ БҮТЭЭВ ЦААШИД ЮУ ХИЙЖ БҮТЭЭХ ВЭ
Нэг жилийн хугацаанд хийж бүтээсэн ажлуудаа гэр бүл найз нөхөд, хамтран ажиллагсаддаа тайлагнаж цаашдын хамтын ажиллагаагаа баталгаажуулсан бидний ойн баяр амжилттай сайхан боллоо.
БИДНИЙ ТУХАЙ
The New Media Marketing Agency компани нь монголын мэдээлэл технологи болон маркетингийн хөгжлийг шинэ түвшинд хүргэж дэвшилтэт медиа маркетингийн салбарт дэлхийд өрсөлдөх зорилго тавин 2010 оны 6-р сарын 2-нд 4 хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдсан билээ. Одоогоор Удирдлагын зөвлөлийн баг, Маркетингийн газар, Технологийн газар, Дизайны газар гэсэн бүтэц зохион байгуулалттай 30 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. Бид байгууллагынхаа мэдээлэл болон удирдлагын менежментийг хялбарчилан оновчилж өөрсдийн зохиосон төслийн удирдлагын програм болон онлайн офиссыг бүрэн нэвтрүүлэн ажиллаж байна.
Компанийн удирдлагын зөвлөлийн багт Амартайваны Мэнд-Орших, "Наран" группын СЕО, Харвардийн их сургуулийн магистр Балхаажавын Бүүвэй, мөн "Тэнгэр" санхүүгийн нэгдлийнДэд ерөнхийлөгч, Харвардийн их сургуулийн магистр Ханибалын Амартүвшин, “Mongolia International Capital Corporation”-ийн ерөнхийлөгч Дарамбазарын Ачит-Эрдэнэ, Хотын нийтийн төв номын сангийн Мэдээлэл технологийн хэлтсийн дарга Жамсранжавын Бэгзсүрэн, Энхтайваны корпусын сайн дурын ажилтан Travis Hellstrom нар ажилладаг.
Байгуулагдсан цагаасаа хойш гадаад дотоодын нэр хүндтэй байгууллага, хувь хүмүүсийн захиалгын дагуу тэдгээрийн онцлогт тохирсон мэдээллийн технологи, маркетинг, дизайны цогц шийдлийг боловсруулан хамтран ажиллаж байна. Үүнд, Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд, Сангийн дэд сайд Ч.Ганхуяг, Эдийн засагчД.Жаргалсайхан, “Мандухай Хатан” компани, “Акума Эрин” компани,“Тэнгэр санхүүгийн нэгдэл” компани, “Монголын Нууц Товчоо” компани, “i-concept” компани, Монголын Эдийн Засгийн Чуулган ТББ,GLOBAL DIGNITY хөдөлгөөн, Монголын Оюутаны Холбоо зэрэг нэр хүнд бүхий байгууллага, хувь хүмүүс юм.
Хором мөч бүрд өргөжин тэлж буй интернэт хэрэглээний өсөлттэй уялдан дэлхийн тэргүүлэгч компаниуд маркетингийн бодлоготоо дэвшилтэт медиа маркетингийг оновчтойгоор ашиглаж байна. Дэвшилтэт медиа маркетинг нь хамгийн бага зардлаар брэнд, бүтээгдэхүүн, үйлчилгээгээ зорилтот зах зээлд, маркетингийн зардлын өгөөжийг хэмжих боломжтойгоор хүргэдэг шинэ үеийн арга юм. Дэлхийн зах зээлд бүтээгдэхүүн үйлчилгээгээ худалдаалах нь жижиг компаниудын хувьд биелэх боломжгүй зүйл байсан бол одоо бид энэ ойлголтыг халж, “хүн бүр экспортлогч” гэсэн уриан доор жижиг дунд бизнес эрхлэгч нар болон компаниудын гадаад зах зээлд хийх маркетингийн кампанит ажлууд дээр төвлөрч ажиллаж байна.
КОМПАНИЙН СОЁЛ
“Хүн төвтэй бизнес” энэ бол бидний уриа. Бизнесийн ашиг орлогоос илүүтэйгээр харилцагч, үйлчлүүлэгчид, ажилтануудаа нэн тэргүүнд тавьж тэдний хөгжих таатай орчинг бүрдүүлж, салбартаа тэргүүлэгч чадварлаг ажилтан нь хамт олны амжилт гэсэн зарчимаар бид ажилладаг. Тиймээс ажлын орчин нь хүн өөрийнхөөрөө чөлөөтэй сэтгэж хийж бүтээх, сэдэлжүүлэх боломжийг бүрдүүлсэн байх ёстой гэж бид үздэг. Ажлын нарийн цагт баригдаж, өдөр бүр ажлын байранд ирэхгүйгээр хүссэн орчин нөхцөлдөө ажиллаж, ажлын гүйцэтгэлээ ажлын байранд байх цагаар хэмжүүлэх бус, ажлын гүйцэтгэлийн хугацаа болон чанараар дүгнүүлэх боломжийг ажилтнууддаа олгодог. Ажилтануудын амралт чөлөөт цагийг идэвхитэй өнгөрүүлэх, ажил дээрээ чөлөөтэй амрах, тоглох, олон нийтийн мэдээ мэдээллийн цахим хуудсуудаар зочилж найз нөхөдтэйгээ харилцах, өөрийн үзэл бодол, хүсэл мөрөөдлийн дагуу блог хөтлөхийг дэмждэг.
Бид бүгдээр санаачлагч байж нэгнийхээ санал, санаачлагыг дэмжиж, бусдынхаа ур чадвараас тогтмол суралцаж, ажиллах бүтээн туурвих орчиноо өөрсдийн мөрөөдлөөр бүтээж тасралтгүй хөгжин дэвших компанийнхаа соёлыг хамтдаа бий болгохоор чармайн ажиллаж байна.
НИЙГМИЙН ХАРИУЦЛАГА
Бид нийгмийн хариуцлагаа ухамсарлаж хүмүүнлэгийн салбарт ашгийн бус үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд болох Nomadic care ТББ,Blue sky education project, Mongolia Institute of Outdoor Learning байгууллага, Аdvance humanity зэрэг байгууллагуудыг дэмжиж цахим хуудсуудыг үнэ төлбөргүйгээр хийж гүйцэтгэсэн юм.
Үүнээс гадна залуусын боловсролыг дэмжсэн, нийгмийн сайн сайхны төлөө “Монгол блогчид-2010” наадам, “Мандухай Хатан Ээжүүд” гэр бүлийн боловсролыг дэмжих хүмүүнлэгийн аян, "Мандухай хатны үрс" аянг санаачлан зохион байгуулж, Нэр төрөө эрхэмлэх дэлхийн өдөр, "UBTwestival-2011" арга хэмжээг хамтран зохион байгууллаа. Мөн 2011 оны 8 сард Дэлхий даяар шинэ санааг түгээгч TED арга хэмжээний бүсчилсэн хөтөлбөр болох "TEDxUlaanbaatar" арга хэмжээг “Уламжлалаа дээдэлж ирээдүйг бүтээцгээе” уриан доор зохион байгуулахаар бэлтгэл ажилдаа ороод байна. Бид өөрсдийн нийгмийн хариуцлага болгож ЗАРЛИГ - Хүмүүнлэгийн хөдөлгөөнийг эхлүүлж блог бичдэг хүн бүр эх орныхоо хөгжилд өөрийн хувь нэмэр оруулах боломжийг олгосон билээ.
БИЗНЕС ШИЙДЛҮҮД
Хүн төрөлхтний харилцаа холбоо, хэвлэл мэдээллийн сувагуудад эрс шинэ дэвшилүүд гарснаар интернэтэд суурилсан цахим нийгэм улам бүр хүрээгээ тэлсээр байна. Тиймээс онлайн орчны хэрэглэгчидтэй зардал багатайгаар түргэн шуурхай харилцах, реклам сурталчилгаагаар залхаахгүйгээр хүссэн үед нь хүссэн мэдээлэлээр хангаж, үнэнч тууштай хэрэглэгчийг төлөвшүүлэхэд чиглэсэн үр дүнтэй ажлуудыг хэрэгжүүлэх нь шинэ үеийн захиалга болоод байна.
Бид таныг мэдээллийн эрин зууны шинэ ололт, дэвшилттэй хөл нийлүүлж Хувь хүний брэнджүүлэлтийн цогц шийдэл, Жижиг дунд бизнес эрхлэгчдийн цогц шийдэл, Компанийн цогц шийдэл, Корпорацийн цогц шийдэл гэсэн төрлүүдээр бизнесийн шийдлийг боловсруулан хамтран ажиллаж байна.
БҮТЭЭГДЭХҮҮН
Бид монгол хүний оюун санаагаар бүтсэн шинэ шийдэл бүхий интернетд суурилсан бизнесийг идэвхижүүлэн хөгжүүлэхэд зориулагдсан цогц бүтээгдэхүүнүүдийн нэгдэлийг бүтээж байна. Үүнд,
Зарлиг - Хүмүүнлэгийн хөдөлгөөн, Ханлиг - Бизнесийн цахим хуралдай, Гэрэгэ - Сошил Медиа маркетинг, Голомт - Бизнесийг мандан бадраагч, Соён - Цахим мэдлэгийн өргөө, Хишиг - Өдөр бүр үнэ цэнэтэй, Буухиа - Худалдан авалтын хувьсгал зэрэг агуулга, зорилгын хувьд дахин давтагдашгүй боломжийг олгосон бүтээгдэхүүнүүдээ тун удахгүй та бүхэнд хүргэх болно.
ТАНЫ САНААЧЛАГЫГ ДЭМЖИХ БИДНИЙ ШИЙДЭЛ
The New Media Marketing Agency компани нь таны санаачилга, хүсэл мөрөөдлийг дэмжиж бодит ажил хэрэг болгох зорилгоор дараах шийдлүүдийг санал болгож байгаа билээ.
The New Media Venture Capital: Мэдээлэл технологийн салбарт таны санаачилсан бизнес төслүүдэд хөрөнгө оруулалт хийж, менежмент, маркетингийн бодлогоор дэмжиж, эцсийн үр дүнд хүртэл нь хамтарч ажиллах юм.
The New Media Open University: Интернэтэд суурилан нээлттэй боловсрол олгох хэлбэр нь боловсролын ирээдүйн чиг хандлага юм. Иймээс бид програм хангамж, дэвшилтэт медиа маркетингийн боловсролыг хүссэн хүн бүрт хүссэн газраасаа, хүссэн цагтаа суралцах боломжийг бий болгож дэлхийд өрсөлдөхүйц чадварлаг мэргэжилтэн бэлтгэх бодлого барин ажиллаж байна.
The New Media Creative Studio: График, дизайны салбарт шинэ өнгө төрхийг бий болгож, таны хүссэн график, дизайны шийдлийг бүтээхээр ажиллаж байна.
The New Media Foundation: Нийгмийн сайн сайхны төлөө олон талт үйл ажиллагааг санхүүжүүлэх зорилгоор байгуулагдаж байна.
ХАМТЫН АЖИЛЛАГАА
Улам бүр хавтгайрч буй дэлхий дээр компаниуд бүх зүйлийг дангаараа хийх боломжгүй болж бусад компаниудаас хамаарах хамаарал өсөж байна. Технологи хөгжих тусам бүтээгдэхүүн, үйлчилгээнүүд улам нарийн, боловсронгуй хэсгүүдээс бүрдэх болсон. Үүнийг дагаад нэг компани дотроо хэд хэдэн нарийн мэргэшсэн хэсгүүдтэй байх, эсвэл өөр байгууллагуудтай холбоотой ажиллах шаардлага тулгарч байна. Энэ нөхцөлд хамгийн сайн хамтрагч байж чадсан байгууллагууд өндөр амжилтанд хүрч байна. Компаниуд зардлаа хэмнэж, эрсдэл багатайгаар амжилтанд хүрэхийн тулд шилдэг менежменттэй, чадварлаг хүний нөөцтэй, маркетингийн цогц үйлчилгээ үзүүлдэг агентлагуудад хандаж, чанартай үйлчилгээ авахыг илүүд үзэж байна.
Манай хамт олон дэвшилтэт медиа маркетингийн салбарт хийж гүйцэтгэсэн ажлууддаа, харилцагчдынхаа зүгээс өндөр үнэлгээг хүртээд байна. Бид хамтран ажилладаг үйлчлүүлэгчдийнхээ хүсэл эрмэлзлийг эрхэмлэж, компанийнхаа үйл ажиллагаанд ул суурьтай тусган ажилласнаар хамтдаа өсөн дэвжих бодлогыг баримтлан ажилладаг. Цаашдаа дэвшилтэт медиа маркетингийн салбарт бодит хувь нэмэр оруулахын тулд илүү өргөн хүрээг хамарсан үйл ажиллагаа явуулахаар төлөвлөж, харилцагч байгууллагууддаа илүү цогц үйлчилгээг хүргэх зорилго тавин ажиллаж байна.
БИДНИЙ ТЭМҮҮЛЭЛ
Дэлхийд тэргүүлэгч салбар болох мэдээллийн технологи нь хурдтай хөгжлөөрөө дэлхийн хөгжлийг тодорхойлсоор байна. Мэдээллийн технологи нь бүх салбарт нэвтэрч мэдээллийн технологиос хамааралгүй салбар гэж үгүй боллоо. Тиймээс энэ салбарт хийж бүтээх, санаачлах ажлууд хором мөч бүрд нэмэгдэж дэлхийд хамгийн ирээдүйтэй мэргэжлээр тодроод байна. Мэдээллийн технологийн мэргэжилтний онцлог болсон дэлхийн хэмжээнд өрсөлдөж, дэлхийн хэмжээнд үнэлүүлэх боломж бидэнд ч бас нээлттэй байна. Монгол хүний оюун ухаан, ур чадвараар газар доорх баялагаас илүү баялагийг бүтээж чадна гэдэгт итгэлтэй байна. Монгол залуус нэгдэж, монгол оюунаар мэдээлэл технологийн хөгжилд цахиур хагалж дэлхийд өрсөлдөхүйц бүтээлүүдийг хийж чадна. Хийх учиртай.
Мөрөөдлөө биелүүлэх цаг иржээ.
Тиймээс монгол залуусын зорилго тэмүүлэл, монголын мэдээлэл технологийн хөгжлийн хурдасгуур “Монголын Цахиурт хөндий” төслийг бид санаачиллаа.
Бидний ойн баярт тансаг сайхан орчинг бүрдүүлж өгсөн Black Box theatre, амттай сайхан хоолоор дайлсан "МSH ресторан", видео бичлэг хийж хамтран ажилласан "Дельта энтертаймент"-ийн хамт олонд маш их баярлалаа. Хүрэлцэн ирсэн найз нөхөд, гэр бүлийнхэн, хамтран ажиллагсаддаа маш их баярлалаа. Дараа жилийн ойн баяраар илүү их хийж бүтээсэн амжилтаар дүүрэн уулзацгаая.