БОЛОР ТӨГӨЛДӨР ХУУР ХҮҮХДИЙН ХҮСЭЛ МӨРӨӨДЛӨӨР ЭГШИГЛЭЛЭЭ
90 жилийн турш дэлхийн төгөлдөр хуурын чиг хандлагыг тодорхойлж буй KAWAI компанийн Монгол дахь албан ёсны төлөөлөгч “Эгшиглэн” төгөлдөр хуурын сургууль, тус компаний нэрийн хуудас болсон БОЛОР ТӨГӨЛДӨР ХУУР-ыг Монголдоо авчирлаа.
Хүн төрөлхтний хүсэл мөрөөдлийн нэгэн оргил болон эгшиглэх Болор төгөлдөр хуур нь нэрт мастеруудын ур ухаанаар жилдээ 2-3 ширхэг үйлдвэрлэгддэг нэн үнэ цэнтэй тансаг зэрэглэлийн төгөлдөр хуур юм.
“Эгшиглэн” төгөлдөр хуурын сургуулийн захирал, дуучин Б.Бат-Өлзий энэхүү гайхамшигт Болор төгөлдөр хуурт зориулж “БОЛОР ТӨГӨЛДӨР ХУУРЫН ДОМОГ” номоо бүтээж, номын зургийг Японы манга зургийн сонгодог стилээр “Stallion” студийн уран бүтээлч залуус зурж хамтдаа бүтээсэн юм.
Дэлхийн төгөлдөр хуурч хүүхэд бүрийн мөрөөдөл болсон “Болор төгөлдөр хуур”-ын танилцуулга болон “Болор төгөлдөр хуурын домог” номын нээлтийн ёслол 2016 оны 5-р сарын 13-нд The Corporate Hotel & Convention Centre –т ийнхүү боллоо.
Ёслолын ажиллагаанд “Эгшиглэн” сургуулийн захирал, KAWAI компаний Монгол дахь төлөөлөгч Б.Бат-Өлзий, “The Corporate Hotel & Convention Centre”-ийн захирал Б.Алтантуяа, “Stallion” студийн үүсгэн байгуулагч, зураач Ц.Оргил, Манга урлагийг хөгжүүлэгч “MOST” сэтгүүлийн эрхлэгч Г.Мөнхбаатар, “Азмон”, “Монгол Японы төв”, “Шинэ Монгол сургууль”, “Эверидэй фарм” компаний төлөөлөл хүрэлцэн ирж оролцсон бол Дуурь бүжгийн Эрдмийн театрын гоцлол дуучин Б.Энхнаран, төгөлдөр хуурч Б.Алунгоо, Японы нэрт дуурийн дуучин Юми, түүний шавь дуурийн дуучин Э.Уянга, “Эгшиглэн” сургуулийн 7 настай бяцхан сурагч С.Өнө-Эрдэнэ, төгөлдөр хуурч Э.Бат-Эрдэнэ нар болор төгөлдөр хуурыг эгшиглүүллээ. Үйл ажиллагааны зохион байгуулалтанд “Бүтээлч Монгол нэгдэл” болон МУИС-ийн Япон хэлний ангийн оюутнууд дэмжиж ажиллаа.
Нээлтийн үеэр хүрэлцэн ирсэн хүүхдүүдийн хүсэл мөрөөдлийг биелүүлж хүүхэд бүр Болор төгөлдөр хуур дээр тоглох боломжийг олгосон нь хүн бүрийг сэтгэл хөдөлгөсөн үйл явдал болсон юм.
Болор төгөлдөр хуурыг нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлж Монгол авъяасыг дэмжигч “Корпорейт хотел энд Конвейшн центр” болон “Алтан Дорнод Монгол” компаний ерөнхий захирал ноён Т.Ганболд худалдан авч өөрийн охин Ариунжаргалд бэлэглэсэн бөгөөд энэхүү төгөлдөр хуурыг зөвхөн охиндоо зориулж биш Монгол авъяасыг дэлхийд гаргахын төлөө худалдан авч байгаагаа илэрхийлж, авъяас чадалтай Монгол хүүхдүүдийг Болор төгөлдөр хуур дээр тоглуулж хүсэл мөрөөдлийг нь хязгааргүй тийш хөтөлж байхаа илэрхийлсэн нь сонгодог урлагийг дэмжсэн тэмдэглэлт үйл явдал боллоо.
Монгол авъяас дэлхийд цуурайтаж, Монгол Улс мандан бадрах болтугай.Зургийн альбом үзэх