Монголын дугуйн спортын анхны дэлхийн аварга Б.Тэгшбаяр: Тамирчин хүн биеийн хүч, тархи хоёроо зэрэг ажиллуулах ёстой
Монголын дугуйн холбоо үүсгэн байгуулагдсанаас хойш нэг жарны түүх бичигджээ. Мөн тус холбоо Олон улсын дугуйн холбооны гишүүнээр элссэний 60 жилийн ой ирэх онд тохионо. Эдгээр түүхэн ойг угтаж Монгол Улсын Дугуйн спортын анхны дэлхийн аварга, Ази тивийн мөнгө, хүрэл медальт, ОУХМ Б.Тэгшбаяртай ярилцлаа. Тэрээр 2016 онд 18 насандаа дэлхийн аварга болж байсан юм. Сүхбаатар аймгийн Шилийн богд уулын энгэрт тоглож өссөн бор хүү хэрхэн дэлхий аварга болсон түүхийг ярилцлагаас уншина уу.
-Дугуйн спортоор яагаад хичээллэх болсон юм бэ. Энэ спортын давуу тал юу вэ?
-Багаасаа дугуй унах хоббитой байсан. Ээж аав маань намайг гурван настай байхад дугуй авч өгөөд, тэрнээс хойш дугуйнаас салдаггүй хүүхэд байсан гэж ярьдаг. 2013 онд сумын сургуулиас аймгийн төвд шилжиж ирсэн. Аймаг руу шилжиж ирснийхээ дараагаас дугуйн спортоор хичээллэх зорилго тавьсан. Аравдугаар ангид орж байсан үе л дээ. 2014 онд анх удаа өвлийн бэлтгэлд гарч, улсын чанартай тэмцээнд орсон. 2014 онд улсын аваргаас гурван алт, нэг мөнгөн медаль авч байсан. Энэхүү амжилтдаа урамшиж, дугуйн спортоор хичээллэвэл үр дүн гаргах боломж байна гээд тууштай хичээллэх болсон. 2014 онд Сүхбаатар аймгаас Ханхын боомт орж, Ханхаас Улаан-Үд хот хүртэл дугуйтай аялсан. Хоёр сарын хугацаанд 4200 км газар дугуйгаар аялж байсан. Дараа нь 2015 онд Монголын дугуйн холбоо болон Дэлхийн дугуйн холбооноос авьяаслаг залуу тамирчдыг дэмжих, илүү сайн хөгжүүлэх сургалт зохион байгуулсан. Уг сургалтад хоёр сарын хугацаанд сурч, тэнд хүчний дугуйн спортын төрлөөр тест өгөхөд бусад орны тамирчдаас нэлээд өндөр оноо авсан. Техник, ур чадварын хувьд бага зэргийн дутмаг байсан л даа.
Ингээд 2016 онд Азийн аварга шалгаруулах тэмцээнд бэлдэж байхдаа осолд ороод тэмцээндээ явж чадаагүй. Тухайн оны дөрөвдүгээр сард надад Дэлхийн дугуйн холбооноос урилга ирсэн юм. Энэ нь 2015 онд сургалтад сууж байхдаа хүчний дугуйн спортод өндөр оноо авсан учраас энэ авьяасыг нь хөгжүүлж, илүү сайн бэлдэж үзье гэсэн агуулгатай захиа байсан. Мөн Монголын дугуйн холбооны ерөнхийлөгч П.Ганхүү, нарийн бичгийн дарга Наран нар Японд болсон Азийн аваргын үеэр Дэлхийн дугуйн холбооны удирдлагуудтай уулзаж, энэ талаар ярьсан юм байна лээ. Ингээд нэг сарын хугацаанд Швейцарт байрлах Дэлхийн дугуйн төвийн байранд бэлтгэл сургуулилт хийлгэж, ажиглахаар болсон. Нэг сарын хугацаанд надтай хамт Азийн маш олон тамирчин очсон. Ингээд бүгдийг нь сургалтад хамруулсны дараа дахин тест өгөхөд бусад улсаас хамгийн өндөр оноог миний бие авч чадсан. Бага оноотой улсын тамирчид эх орон руугаа буцаж, би тэнд үлдэж, үргэлжлүүлэн гурван сарын хугацаатай бэлтгэл хийсэн. Тус оны долдугаар сард Швейцарт болох дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд орохоор бэлтгэлдээ орсон. Би зорьсондоо хүрч, 2016 онд болон Дугуйн тойрог замын залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртэж, Залуучуудын дэлхийн аварга болсон. Монгол Улсын дугуйн спортын анхны дэлхийн аварга тамирчин болсноо маш их бэлгэшээдэг.
-Маш богино хугацаанд шаргуу бэлтгэл хийж, амжилт үзүүлсэн байна шүү дээ?
-Тийм ээ. Өмнө нь шулуун замд уралддаг байж байгаад Швейцарт налуу зам дээр гурван сарын хугацаанд маш эрчимтэй бэлтгэл хийж, дэлхийн аваргад орсон. Ингэхдээ налуу замын 200 метрийн таван тойрог уралдаж түрүүлсэн. Залуу тамирчны хувьд авьяас, авахаалж, хурд, хүчний илүүгээрээ давамгайлах тал бий. Мөн мэргэжлийн төвшинд ороод ирэхээр дугуйтай харьцах ур чадвар, бэлтгэл сургуулилт, идэж ууж байгаа хоол унд маш нарийн болж ирдэг.
-Монголын хувьд дугуйн спортоор хичээллэх сонирхогчид жилээс жилд нэмэгдэж байна. Гэхдээ нөгөө талд үүнийг дагаж мэргэжлийн тамирчид хэр сайн бэлтгэгдэж байна вэ?
-Монголын хувьд мэргэжлийн дугуйн спортын 20 орчим тамирчин бий. Монголын мэргэжлийн тамирчид 2016 оноос хойш гадаадын багуудад лигеонер тамирчнаар уралдаж байгаа. Гадаад спонсортой багт лигеонер болоод тус газраас цалинжиж ажиллаж байгаа гэсэн үг. Харин Ази тивийн аварга, Дэлхийн аваргын томоохон тэмцээнд Монгол Улсынхаа нэрийг гаргаж, улсаа төлөөлж оролцдог. Лигеонер тамирчин байхад ч мөн ялгаагүй, Тэгшбаяр гэдэг хувь хүн гэхээс илүү Монгол Улсын тамирчин гэж улс орны нэр хүнд гардаг.
-Сонирхогчид дугуйн холбоондоо харьяалагдаж явдаг уу?
-Тийм ээ. Сонирхогчид болон мэргэжлийн тамирчид бүгд Дугуйн холбоондоо харьяалагдаж явдаг. Сүүлийн үед маш олон хүн дугуйн спортоор хичээллэж, биеийн эрүүл мэнд талаас нь харж дугуй спортыг сонирхох болсон. Европууд яагаад нийтээрээ дугуй унаж, өдөр тутмын хэрэглээ нь болсон юм бэ гэдгийг монголчууд ч ойлгож эхэлсэн. Энэ нь дугуйн спортоор хичээллэх сонирхогчдын тоо өсөхөд нөлөөлж байгаа. Дугуйн спортыг хөгжүүлэх зорилгоор Монголын Дугуйн холбооноос дулааны улиралд урт хугацааны дугуйтай аялал, мөн олон тэмцээн уралдаан зохион байгуулдаг болсон. Энэ нь өөрөө дугуйн спорт хөгжих, тамирчид туршлагажихад эерэг нөлөөтэй. Өмнө нь дугуйчид л дугуй унадаг гэсэн сэтгэхгүй байсан. Гэхдээ өнөөдөр эрс өөрчлөгдөж, дугуй уана нь хобби, дуртай зүйл болж хувирсан.
-Монгол Улсад Дугуйн холбоо үүсгэн байгуулагдсаны 60 жилийн ой энэ жил тохиож байгаа. Залуу тамирчны хувьд цаашдаа дугуйн спортыг илүү хөгжүүлэхийн тулд юунд илүү анхаарч ажиллах ёстой вэ. Мөн өнөөгийн ололт амжилт юу байсан бэ?
-Тамирчин хүний нүдээр харахад, Монгол Улсад дугуйн спорт амжилттай хөгжиж байна гэж боддог. Монголын дугуйн спортын мэргэжлийн 10 гаруй тамирчин гадаадын улсуудад лигеонер болж уралдаж байгаа нь үнэхээр том амжилт шүү дээ. Тамирчнаа илүү сайжруулж, хөгжүүлэхийн тулд санхүүгийн дэмжлэг чухал байдаг. Миний хувьд холбооны удирдлагынхаа дэмжлэгтэйгээр спонсортой болж чадсан. Тодруулбал, энэ жил Багануур ХК-ийн тамирчин болсон. Ингэснээр олон улсын том тэмцээнд оролцохдоо санхүүжилтийн хувьд санаа зовох зүйлгүй болж байгаадаа маш их баяртай байгаа. Ер нь дугуйн спортын мэргэжлийн тамирчид амжилтын хувьд топ спортуудаас дутахааргүй яваа гэж боддог.
-Цаашдаа мэргэжлийн тамирчдыг олноор бэлтгэхийн тулд юун дээрээ илүү анхаарах шаардлагатай гэж боддог вэ?
-Шинэ мэргэжлийн тамирчдыг бэлтгэхийн тулд хөдөө орон нутгийн хүүхдүүдийн дунд бага байхаас нь тэмцээн уралдаан зохион байгуулж, сонирхлыг нь илүү хөгжүүлж түүнд нь хөтлөгдөн мэргэжлийн төвшинд бэлтгэвэл нь амжилт үзүүлэх магадлалыг нэмэгдүүлдэг юм шиг санагддаг. Миний хувьд амжилт гаргасан замнал маань яг ийм л дээ.
-Монголын Дугуйн холбоо баг тамирчдаа хэр сайн дэмждэг вэ?
-Манай холбооны удирдлагууд гурван жилийн өмнө шинэчлэгдэж, Ерөнхийлөгчөөр нь “Эрдэнэс Монгол” компанийн захирал П.Ганхүү, Ерөнхий нарийн бичгээр Наран ах болсон. Сүүлийн хоёр жил манай дугуйн спортын үйл ажиллагаа нэлээд идэвхижиж, улсын чанартай болон гадаадын олон тэмцээнд тамирчдаа явуулж байна. Дотооддоо ч дугуй спортын тэмцээн уралдаан идэвхжиж байна. Өнгөрсөн намар дугуйн спортын улсын аварга шалгаруулах тэмцээн маш өргөн хүрээнд, амжилттай болж өнгөрсөн. Мөн манай ахмад дугуйчид гадаадын тэмцээн уралдаанд маш амжилттай уралдаж, эх орныхоо нэрийг гаргаж байгаагаар нь үнэхээр бахархдаг.
-Ойрын хугацаанд ямар тэмцээнд оролцохоор бэлдэж байгаа вэ?
-Өнгөрсөн сард Хятад болсон томоохон тэмцээнд уралдаанд ирсэн. Одоо 2-3 долоо хоног амарна. 2020 оны гуравдугаар сард Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн болно. Энэ тэмцээндээ эрчимтэй бэлдэнэ. Энэ нь манай дугуйн холбооны мэргэжлийн тамирчдын хүлээдэг маш чухал тэмцээн л дээ. Улсынхаа ранкийг өсгөх, улсынхаа нэрийг өндөрт гаргахын тулд амжилттай оролцоход бүх хүч чадлаа зарцуулдаг. Холбооны зүгээс ч энэ тэмцээнд тамирчдынхаа бэлтгэлийг хангахад дэмжлэг үзүүлж ажиллаж байна.
-Манай дугуйн спортын тамирчдаас ирэх 2020 оны опимпод оролцох уу?
-Олимпын оноо цуглуулах тэмцээнүүд дуусч байгаа. Манай улс ранкаараа эхний 55-д бичигдэж байгаа. Эхний 50-д бичигдвэл нэг эрх олгодог. Тэгэхээр 2020 оны олимпод орох магадлал багасч байна. Гэхдээ 2024 оны олимпод оролцох боломж бидэнд бий. Тиймээс том зорилгодоо хүрэхийн тулд өнөөдрөөс хичээж, бэлтгэл сургуулилтаа хийж байна.
-Мэргэжлийн тамирчин байх, сонирхогч тамирчин байх хоёрын ялгаа юу вэ. Мэдээж мэргэжлийн тамирчин бол байнгын бэлтгэл сургуулилт хийнэ, хариуцлага өндөртэй болох байх.
-Мэргэжлийн тамирчин болж байгаа бол хувь хүнээс маш өндөр сахилга бат, зохион байгуулалттай байхыг шаардана. Бие махбодоос эхлээд бүх зүйлээ хяналтад байлгах ёстой. Бэлтгэл сургуулилт, биеийн жин, идэж ууж байгаа бүх зүйлээ нарийн тооцоолох хэрэгтэй. Спортод амжилтад гаргахад тамирчин ганцхан биеийн хүчиндээ найдахаас илүүтэйгээр аливаад анализ хийх, зөв тооцоолж чадсанаа ур чадвартайгаа хослуулдаг болсон. Тиймээс мэргэжлийн тамирчин хүн тархиа маш сайн ажиллуулах хэрэгтэй.
Ер нь сонирхогчид ч бай, мэргэжлийн ч бай дугуйн спортоор хичээллэх нь өөрөө эрүүл мэндийн том эмчилгээ гэж хэлж болно. Өвчтэй байсан дугуйн унасаар байгаад эдгэсэн тохиолдолд байдаг. Дугуй унахад бодисын солилцоо маш сайн явагддаг учраас зүрх, уушгинд эерэг нөлөөтэй. Европчууд урт насалдаг шалтгаан нь байнгын дугуйн унадаг, зүрх судасны өвчнөөр өвчилдөггүйтэй нь холбоотой.
-Дугуйн спорт нь дотроо олон төрөл байдаг байх. Б.Тэгшбаяр ямар чиглэлээр илүү мэргэшиж байгаа вэ?
-Миний хувьд налуу тойрог замын дугуйн уралдаанаар мэргэшиж байгаа. Налуу замын уралдаанд дандаа улсынхаа нэр дээр тэмцээнд оролцдог. Мөн саяхан шулуун замын төрлөөр Украины багтай гэрээ хийж, лигеонероор тоглож байгаа.
-Тэгшээ чөлөөт цагаараа юу хийж, өөрийгөө хөгжүүлэхэд хэрхэн анхаардаг вэ?
-Улирлын амралттай байгаа үед огт зүгээр суудаггүй. Ууланд алхах, усанд сэлж зэргээр өрийгөө амраадаг. Чөлөөт цагаараа гэр бүлтэйгээ байх дуртай. Мөн гадаад хэлний чадвараа сайжруулдаг. Тамирчин хүний хувьд гадаад хэлтэй байгаа нь өөрөө давуу тал болдог. Хаана ч очсон бусадтай нээлттэй харьцаж, үзэл бодлоо солилцсоны үр дүнд гаднын багуудад лигеонероор тоглож байгаа нь гадаад хэлтэй байгаагийн давуу тал шүү дээ.
-Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье.
Монголын Дугуй холбооны ерөнхийлөгч П.Ганхүүгийн хамт
Эх сурвалж.Itoim.mn