Super size me!
Америкийн бүх юм нь том. Машин, байшин барилга, жоом (За бүр арай л дэндүү том. Тэгээд хаа сайгүй гудамжаар алхаж явна даа. )- оос эхлүүлээд л. Хүмүүс нь хүртэл том. Амьдралдаа харж байгаагүй том том хүмүүс зөндөө. Одоо энэ улс хүн амын таргалалтаараа дэлхийд бас л тэргүүлж байгаа.
Саяхан Netflix (Энэ сайтад бүртгүүлээд хүссэн кино, тв шоу, тв цуврал кинонуудыг үзэж болно. Хэл сайжруулах нэг арга болохоор эндээс кино үздэг юм. Hulu.com гэж бас сайт байдаг. Гэхдээ энэ сайтууд зөвхөн АНУ- даа л ашиглагддаг юм билээ. ) сайтаас “Super size me” (Morgan Spurlock гэх залуу 30 days- 30 өдөр нэртэй баримтат нэвтрүүлгээрээ их алдартай. Super size me нэвтрүүлэг 30 өдөр шоуны нэг анги нь юм. Ерөнхийдөө энэ улсад тулгамдаж буй эмзэг асуудлуудыг хөндөн гаргаж нэвтрүүлгээ хийдэг. Жишээ нь: Эхнэртэйгээ хамтдаа ямар ч бичиг баримтгүй, жижиг хотод очоод хууль бусаар амьдарч буй хүмүүсийн амьдралаар 30 хоног амьдарч үзнэ. 30 хоног зөвхөн МакДоналдсаар хооллоно, тэгээд өөрийн бие дээрээ энэ хоолны үр дүнг туршиж үзэх гэх мэтчилэн их олон сайн нэвтрүүлгүүдийг хийсэн юм билээ. Хэдий тийм боловч бас л төр засгийн бодлогоор нэвтрүүлгүүдийг нь бүрэн эхээр нь нэт дээр байрлуулахыг болиулсан байсан.Ззөвхөн эхний 3, 4 минут нь байх жишээтэй. ) гээд баримтад кино үзлээ.
Эндэхийн хүмүүсийн таргалалтын гол шалтгаан болсон “Fast food- McDonalds”- н тухай. 30 хоногийн турш өдөрт 3 удаа энэ хоолоор хооллож байгаан. Туршилт эхлэхээс өмнө бүрэн шинжилгээнд орж ямар ч өвчингүй, бүх бие нь хэвийн сайхан байгаа юм. За тэгээд 30 өдрийн дараа 8 кг таргална, ядарч сульддаг болно, биз нь энэ хоолонд дасал болж эхэлнэ, өглөө сэрэхдээ амарсан мэдрэмж авахгүй, цусан дахь сахарын хэмжээ ихэснэ гээд л хамаг юм нь болохгүй тал руугаа хандаж эхэлсэн дээ. Яаж ч бодсон үнэхээр муу гэдгийг дахин мэдэрсэн.
Монголд л битгий салбараа нээгээсэй билээ л гэж бодогдсон доо. Яахав бид нар чинь БРЕНД л бол бүгд л хошуураад дайрдаг хүмүүс. МакДоналдс салбараа нээвэл бүгд очиж оочирлож зогсоод, том том одууд нь рекламдаад сүр болох нь тодорхой.
Гол нь энэ орны ард түмэн тэгээд эхнээсээ энэ хоолны үр шимийг аль хэдийн хүртээд эхэлчихсэн байна даа. Гэхдээ нэг гайхаж байгаа зүйл байна. Энд хүмүүс бүгд мэднэ. Түргэн хоол, кола биенд муу гэдгийг тэгсэн хэрнээ л идээд байдаг. Өнөөдөр бидний амьдарч байгаа нийгэм цаг хугацаанд баригдаж байгаа нь үнэн, цаг хугацааг хэмнэсэн түргэн хоол цаг хэмнэх гэдэг давуу талыг бидэнд олгосон ч, буцаагаад биднээс эрүүл мэнд, амь нас гэсэн хамгийн үнэт эрдэнийг маань буцаагаад авч байна. Энэ дэлхийг хэрсэн том компанийг жилд олон арван хүн шүүхэд өгдөг. Хэдий тийм боловч ялж чаддаг нь тун ховор. Уг нь бол өөрөө сонгоод л ходоод руугаа хийж байгаа даа тиймээ.
Хэдий энэ компани нийгмийн хариуцлагаа сайн хэрэгжүүлдэг ч гэлээ, олон мянган хүнийг ажлын байраар хангадаг ч гэлээ, хор нөлөө бас байнаа. Өдөрт дэлхий даяар 64 сая хүнд үйлчилгээ үзүүлдэг, 1955 онд байгуулагдсан, 119 оронд 31000 салбартай, 1.5 сая ажилтантай, үүсгэн байгуулагч нь Рэйе Крок (Ray Kroc).
Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс:
http://en.wikipedia.org/wiki/MacDonalds
Бидний өмнө ч бас таргалалтын асуудал тулгараад байгаа. Хөдөлгөөний дутагдал, хоолны буруу дуршил гэх мэтчилэн. Хэрвээ өөрийгөө super sized болгож, эрүүл мэндээ үүрд алдахыг хүсч байгаа бол түргэн хоолыг шүтэж амьдраарай гэж уриалж байна. Бид мэддэг хэрнээ л хийсээр байдаг сонин амьтад шүү.