Н.ОРЧЛОН: АНГЛИ ХЭЛ СУРААГҮЙ БАЙСАН БОЛ ХЭЗЭЭ Ч ОУ-ЫН ШҮҮХЭД ӨМГӨӨЛӨГЧ ХИЙХ АНХНЫ МОНГОЛ ХҮН БОЛОХГҮЙ БАЙХ БАЙСАН БОЛОВ УУ
Нидерланд улсын Гааг хотын олон улсын эрүүгийн шүүхийн өмгөөлөгч Н.Орчлонтой ярилцлаа. Тэрбээр тус улсад 10 гаруй жил ажиллаж байгаа бөгөөд олон улсын шүүхэд ажиллаж байгаа Монголын анхны хүн юм.
Түүний хувьд их ажил амжуулахаар эх орондоо ирээд байгаа бөгөөд тун завгүй явна. Тэртээ 1990-ээд оны үед хамт англи хэл заалгаж байсан ангийнхнаа болон үеийнхнээ олж уулзах,мөн энэ сарын 27-нд “Зорилготой амьдарцгаая” сэдэвт чөлөөт ярилцлагыг залуусын дунд өрнүүлэхээр болжээ.
-Та эх орондоо ямар ажилтай ирэв. Ажлаа амжуулж байна уу?
-Намайг Наранцэцэгийн Орчлон гэдэг. Би Нидерланд улсын Гааг хотын олон улсын эрүүгийн шүүхийн өмгөөлөгчөөр 13 дахь жилдээ ажиллаж байна. Өмнө нь Монголдоо хууль сахиулах байгууллагад мөрдөн байцаагчаар ажиллаж байлаа. Бас Америкт өмгөөлөгчийн туслахаар ажиллаж байсан. Тухайн үед мэргэжлийн ажлаа хийхэд англи хэл зайлшгүй чухал хэл байлаа. Олон улсын түвшинд ажиллах гол хэрэглүүр байсан учир сурах шаардлагатай байсан. Эх орондоо хоёр ажил амжуулах зорилготой ирсэн. Нэг нь ЛГБТ төвийн урилгаар залууст “Зорилготой амьдарцгаая” лекц уншина. Нөгөө нь 1990-2000 оны үед хамт англи хэлний хичээл заалгаж байсан оюутнуудаа олж уулзаж том ажил төлөвлөхөөр ирлээ. Бид хамтдаа хүнд цаг үед англи хэл сурч байлаа шүү дээ.
-Анх англи хэлийг яаж сурсан бэ. 1990-ээд оны үед англи хэлний дамжаа гэж бараг байдаггүй. Гадаад хүмүүс ч манайд ховор харагддаг байсан үе?
-Намайг сургуулийн сурагч байх үед англи хэл заадаггүй байлаа. Орос хэл заадаг үе надаар дууссан. Тухайн үед Монголд анхны англи хэлний хувийн дамжаанууд дөнгөж байгуулагдаж байлаа. 1990-ээд оны үед сурах бичиг ч байхгүй хомс байсан үе. Энэ үед англи хэл сурах туйлын хэцүү байсан. Харин яаж хэл сурсан бэ гэхээр Англи хэлний институт гээд олон улсын төвтэй сайн дурын багш нар дэлхий даяар англи хэлийг үнэ төлбөргүй заадаг болов.
Энэ байгууллага манайд 1994 онд анх орж ирсэн. Байгууллагын үйл ажиллагаа нь хот хөдөөгүй явагдаж байсан бөгөөд Канад, Америк багш нарыг олноор явуулж хүүхдүүдэд англи хэл заалгаж байсан. Зун нь англи хэлний олимпиад зохион байгуулдаг байсан бөгөөд түүнд нь би тасралтгүй оролцдог байв. Өөр мэргэжлээр сурч байсан оюутнуудыг мөн их, дээд сургуульд суралцаж байсан шилдэг оюутнуудыг оролцуулан англи хэл зааж, өргөн хүрээг хамардаг байсан. Гурван жил тасралтгүй зун нь англи хэлний хичээлд сууж байсан ба хэл сурах нь миний гол зорилго байлаа. Хэрвээ энэ институтын багш нар англи хэл заагаагүй бол надад хэл сурах ямар ч боломж байхгүй байв. Надтай адилхан хэдэн зуун Монгол оюутнуудад англи хэл заасан гавьяатай Америк, Канад олон багш нар байгаа. Энэ байгууллага манайд 10 гаруй жил үйл ажиллагаагаа явуулсан бөгөөд одоогоор түр завсарласан. Миний мэдэхээр энэ олимпиадад дунджаар 3000-4000 оюутан оролцсон. Тэдний ихэнх нь гадаадад мэргэжлээрээ ажиллаж амьдарч явна. Шилдэг явж байгаа бүхэн нь дээрх институтын багш нараар англи хэл заалгасан хүмүүс байгаа юм. Монголын бүхэл бүтэн сэхээтний үеийг төрүүлж өгсөн байгууллага болохоор их баярладаг.
Энэ байгууллага Монгол Улсад үйл ажиллагаа явуулсны 25 жилийн ой ирэх жил тохионо. Сайн дураараар бидэнд англи хэлний хичээл заасан Америк, Канад багш нарынхаа ач буянаар амьдралдаа сэтгэл хангалуун явдаг хүн би. Тиймээс энэ багш нараар хичээл заалгаж байсан Монголд байгаа тухайн үед оюутнууд байсан хүмүүс ярилцаж байгаад 25 жилийнх нь ойг сайхан тэмдэглэж өгье гэсэн бодолтой байна. Ийм төлөвлөгөөг эртнээс ярьж хэлж, бэлтгэж, хэрэгжүүлэхээр Монголдоо түр хугацаагаар ирсэн байгаа минь энэ. Жилийн өмнөөс бэлтгэж байгаа юм. Дараа жилийн өдийд энд багшилж байсан гадаад багш нараа Монголдоо урьж авчрах гэсэн юм.
Яагаад одоо үүнийг ярьж байгаа юм бэ гэхээр Америк, Канад хүмүүс жилийн өмнөөс аяллын төлөвлөгөөгөө гаргадаг хүмүүс. Тэгэхээр одооноос хүмүүстээ зар түгээх шаардлагатай байгаа. Зарим багш нартайгаа холбоо тогтоож чадсан. Олон багш нар ирэх сонирхолтой байгаагаа уламжилсан. 20 жилийн дараа Монгол Улс хэрхэн хөгжиж цэцэглэж, дээшилж дэвжсэнийг харах гэж хүсч байгаа байх тэд.
Тухайн үед олон настай багш нар ирж байлаа. Тэднээс маань нас барсан багш нар ч цөөнгүй байна. Тэгэхээр яг одоо цуглуулахгүй бол дахиад 10 жилийн дараа гэхээр амьд хүн бараг байхгүй болчих вий. Тухайлбал, 1990-2000-аад оны оюутануудад үнэ төлбөргүй англи хэл заасан сайн дурын Америк, Канад багш нарын уулзалт ирэх зун Монголд болох тухай мэдээ түгээх зорилготой ирсэн дээ.
-Тухайн үед нийт хэдэн багш ирж англи хэлний хичээл зааж байсан юм бэ?
-Нэг зун гэхэд ойролцоогоор 30-40 багш ирж байлаа. Ганц нийслэлд биш орон нутгаар ч явж хэл заадаг байсан. 10 гаруй жил үргэлжилсэн сургалт бөгөөд нэг зуны олимпиадад 300 гаруй оюутан ордог байв. Одоо бол яг миний насны хийж бүтээх насан дээрээ яваа хүмүүс юм. Тэднийгээ цуглуулахын тулд Зуны англи хэлний олимп гэсэн фэйсбүүк групп нээсэн. Одоогоор 160 гаруй гишүүнтэй болж. Тэд бүгд англи хэл заалгаж байсан оюутнууд юм. Миний бодож байгаагаар хамгийн багадаа 2000 гаруй хүн байх ёстой гэсэн тооцоолол бий. Тэр хүмүүс ямар нэгэн аргаар яаж ийж байгаад холбоо бариарай. Хуучныхаа найзуудтайгаа, багш нартайгаа холбогдоорой. Анх англи хэл заалгаж байсан Америк Канад багш нараа баярлуулж, 25 жилийнх нь ойг сайхан тэмдэглэж, нэгэн гоё дурсамжийг бүтээе гэж бодож байгаа юм шүү.
Тиймээс эртнээс ойн төлөвлөгөөгөө гаргах шаардлагатай байгаа юмаа. Хамгийн гол нь хүмүүсээ цуглуулъя. Дээр хэлсэндээ 2000 гаруй оюутан байсан гэж. Ядаж тэдний 10 хувь нь цуглаж багш нараа хүлээж авах, арга хэмжээг зохион байгуулах зэрэг ажлыг амжилттай хийж, тухайн үед суралцаж байсан дурсамжтай үеэ эргэн дурсъя. Англи хэл заалгаад гадагшаа гарч яваад тэндээ ажиллаж амьдарч байгаа оюутнууд ч ирнэ. Тэдний дундаас олон гэр бүл, найзууд төрөн гарсан гэж бодохоор их сайхан санагддаг юм.
-Сайн дурын үнэ төлбөргүй англи хэл заадаг байсан байгууллага байсан гэсэн үү?
-Тийм ээ. Сайн дурынх бөгөөд тэр багш нар өөрсдөө зардал мөнгөө гаргаж Монголд ирээд хүүхдүүдэд англи хэл заадаг байсан. Хөгжингүй орнуудад англи хэл заалгах зорилготой явуулдаг байсан юм билээ. 1990-ээд оны үед нийгмийн хүнд үе байлаа. Энэ үед хэл устай болно гэдэг маш том боломж. Сургалтын чанар сайн, маш сайн заадаг байсан. Тэр үед англи хэл сурсан хүүхдүүдийн ирээдүйн карьер ажил амьдралд нь нөлөөлсөн гэдэгт би итгэдэг.
Хэрвээ би тэр үед англи хэл сураагүй бол хэзээ ч олон улсын шүүхэд өмгөөлөгч хийсэн анхны Монгол хүн болохгүй байх байсан болов уу. Тиймээс багш нартаа дахин баярлалаа талархлаа, олон хүний амь амьдралд том өөрчлөлт оруулсан шүү гэдгийг хэлж талархах зорилготой. Энэ улс орны хөгжилд цэцэглэлт өөрчлөлт оруулж чадсан шүү гэдгийг л хэлж яримаар санагддаг юм. Миний хамгийн гоё залуу насны дурсамж бол энэ багш нартай яах аргагүй холбоотой доо.
-Холбоо барьсан хүүхдүүдийн хувьд таны энэ санаачлагыг хэр дэмжиж байна?
-1998 онд хамтдаа сурч, төгсч байсан ангийнхантайгаа холбоо барьж хэлсэн. Намайг дэмжиж байна билээ. Харин бусад төгсөлтийн ангийнхантайгаа холбоо барих гээд л групп нээсэн нь тэр юм. Америкт байгаа төвтэйгээ холбоо барьсан их сайхан найрсагаар дэмжиж хүлээж авсан. Гадаадаас бол багш нартайгаа нийлээд олон хүн ирэх төлөвлөгөөтэй байна. Дараа жилийн зун наадмаа тааруулж байгаад ирье гэж бодож байна. Би ганцаараа биш бид хамтдаа хийвэл гоё байх болов уу. Дахин хэлэхэд, Зуны англи хэлний олимп гэсэн фэйсбүүк групп рүү хандаж зочлохыг хүсье.
-Монголд ажлын гараагаа эхэлж байсан үеэ дурсахгүй юу. Мөрдөн байцаагчаар ажиллаж байсан гэсэн үү?
-Цагдаагийн академийг 1999 онд эрхзүйч мэргэжлээр төгссөн. 1999-2001 онуудад цагдаагийн байгууллагад мөрдөн байцаагчаар ажиллаж байгаад 2001-2002 онд АНУ-ын Миннесотагийн их сургуулийн хуульзүйн магистрын зэрэг хүртсэн. 2002 онд АНУ-д өмгөөлөгчийн туслахаар ажилласан. 2003-2013 он хүртэл Австри, АНУ, Бельги, Герман, Голланд, Франц, Итали, Шинэ Зеланд зэрэг улсуудад олон улсын хүний эрх, хүмүүнлэгийн хуулийн чиглэлээр мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагдсан. 2006 оноос хойш өдгөөг хүртэл Нидерландын Гааг хотноо Олон улсын шүүхийн өмгөөлөгчөөр ажиллаж байна даа.
-Олон улсын шүүхэд өмгөөлөгчөөр ажилладаг хүний ажлын онцлогийг сонирхоё. Монголынхоо хуулийн байгууллагуудтай харьцуулж ярьвал ямар байна вэ?
-Маш олон талаар ялгаатай. Ялангуяа олон улсын шүүхэд мэтгэлцэх зарчмыг хатуу хэрэгжүүлдэг. Шүүхээр гэм буруутай нь тогтоогдоогүй, тооцогдох хүртэл хэнийг ч гэм буруутан гэж үзэхгүй гэсэн том зарчимтай. Хуулийн хэллэгээр бол гэм буруутайг нь нотлох хүртлээ хэнийг ч гэм буруутан гэж тооцохгүй. Миний хувьд дайны болон хүн төрөлхтөний эсрэг үйлдэгдсэн гэмт хэргийн хохирогч нарыг шүүхийн өмнө төлөөлөн ажилладаг.
-Эрүүгийн шүүхийн өмгөөлөгч гэхээр онц ноцтой гэмт хэрэгтнүүдийг өмгөөлнө гэсэн үг үү?
-Манай эрүүгийн шүүх, шүүх дотроо байдаг бөгөөд хэргийн хохирогчийг өмгөөлнө. Ялангуяа иргэний дайнтай улсууд болон хүн төрөлхтөний эсрэг гэмт хэргийн хохирогч болсон хүмүүс олон ирдэг. Яг одоо миний ажиллаж байгаа хэрэг дээр 1500 хохирогч байна. Гэм буруутай этгээдийг олж ял шийтгэл оногдуулах, үнэн мөнийг олтол, хохирогчдод учирсан хохирлыг нөхөн төлүүлэх ажилд өмгөөллийн үйлчилгээ үзүүлнэ дээ.
-Олон улсын шүүх хэр шударга ажиллаж чаддаг вэ?
-Ямар ч улсын шүүх шударга биш шүү дээ. Харин тэр шүүхийг шударга болгодог хүмүүс нь хуульчид өөрсдөө байх ёстой. Хуулийн байгууллага гэрээ хэлэлцээрийн байгууллага болчихоор шударга байна гэж хэзээ ч байхгүй дээ. Хамгийн гол нь ажиллуулж байгаа хүмүүс нь шударга зарчимч байх. Чингис хаан Хятадын цагаан хэрэмийг “Ямар ч хана хэрэм манаж байгаа хүнтэйгээ адилхан хүчтэй” гэж хэлсэн байдаг юм билээ. Тэгэхээр нь манаж байгаа хүн нь аймхай сул дорой байвал ямар ч хана хэрэм хэрэггүй дээ. Шүүхэд ажиллаж байгаа өмгөөлөгч, прокурорын ёсзүй, мэдлэг чадвараас бүх зүйл шалтгаална. Олон улсын шүүхэд маш олон асуудал гарна. Яагаад гэвэл хүн байгаа газар асуудал гарч л таараа. Гэхдээ хуулийнхаа дагуу асуудлыг шийдээд, шийдвэрлээд явна.
-Олон улсад хэрэг шалгалтын явц, хэргийн шийдвэрлэлтэд хэр цаг хугацаа ордог вэ?
-Маш удна, цаг хугацаа орно шүү. Би нэг хэрэг дээр гурван жил оролцож байна. Хоёр жил хагас нь прокурор нотлох баримтаа танилцуулсан. Ганцхан яллах тал шүү дээ. Тэгээд цаашдаа хэргийг үргэлжлүүлэх боломжгүй гээд яллагч талын танилцуулсан нотлох баримт хангалтгүй байна гэж үзээд шүүх хурал хэргийг хаасан байгаа юм. Зөвхөн нэг талын нотлох баримт танилцуулахаар 3 жил авна гэдэг их хугацаа биз. Энд нөгөө л мэтгэлзэх зарчим харагдана. Харин Монголд бол энэ бодит байдлаараа хэрэгждэггүй. Олон улсад мэтгэлзэх зарчим өндөр хөгжсөн орнуудад яг яллах тал буюу прокурор ямар нотлох баримт цуглуулж мэтгэлзэж байна, өмгөөлөх талд нь яг ийм боломжийг яг адилхан олгодог.
Уганда хотод болсон зэвсэгт бүлэглэлтэй холбоотой хэргийн шүүх хурал. Прокуророос 80 гаруй гэрч дуудсан. Одоо өмгөөлөгч талаас бас өдий тооны гэрч дуудах хүсэлтээ гаргасан байгаа. Шүүх бол яг л хоёр талын дуудахыг хүссэн гэрчүүдийг дуудна. Тэнд шүүгч хөндлөнгөөс оролцохгүй. Нэг хүний гэм буруутай эсэхийг нотлохын тулд дахиад олон гэрч дуудаж байна. Тэднийг дуудаж шүүх дээр байцаагаад нотлох баримтыг нь гаргах боломжийг нь шүүх бүрдүүлдэг юм. Хэчнээн их цаг хугацаа орж, зардал мөнгө гарсан ч бай хамгийн гол нь хэргийн үнэн мөнийг олох, гэм буруутай этгээдийг шийтгэх, гэм буруугүй хэнийг ч хилсдүүлэхгүй байх зарчмыг алдагдуулахгүй ажилладаг онцлогтой. Энэ бол цаг хугацаа мөнгөөр хэмжигдэхгүй үнэ цэнэ юм.
-Монголд бол гэм буруугүй этгээдийг хилсээр барьж хорих, хүчээр яллах, ял тулгах зэрэг шударга бус зүйл их гарч байгаа. Шүүх, прокурор нь шударга ажиллахгүй байна гэсэн шүүмжлэл ч газар авсан. Өөрөөр хэлбэл, шударга шүүхийн үнэн гэж алга гэх. Үүнд та ямар бодолтой байна вэ?
-Шударга шүүхтэй болтол Монгол хол байна. Үүнд их зүйлийг ярьж болно. Хуульчдын ёсзүй маш доогуур байна. Хуулийн өндөр албан тушаалд томилогдож байгаа алба хаагчдын ур чадвар, мэдлэг туршлага нь муу. Тавьж байгаа шалгуур гэж алга. Ямар ч өндөр албан тушаалтны сэнтийд мөнгөтэй эрх мэдэлтэй бол хэн ч очиж болдог юм байна гэдгийг харуулж байна. Улс төрийн шалгуураар албан тушаалд томилогдож байна. Энэ бол байж боломгүй зүйл. Ийм байгаа цагт шүүх нь хэзээ ч хараат бусаар ажиллаж чадахгүй. Шүүхийн байгууллага нь өндөр ур чадвар, мэдлэгтэй байхгүй. Яагаад гэвэл улс төрийн хүрээнд танил талаараа томилогдож байна. Хуульчдад тавих шаардлага нь ч муу. Шүүгч гэхэд 25 нас хүрсэн хуульч мэргэжилтэй хүнийг хуульч гэнэ гээд заачихсан. Нас бол шалгуур биш. Үүнийг л хамгийн түрүүнд өөрчлөх ёстой. Өндөр настай хүн мэдлэг чадваргүй байж болно, нас бага хүүхэд мэдлэгтэй боловсролтой байж болно. Хуулийн сургууль төгссөн гэдэг чинь сургууль төгссөн л гэсэн үг юм. Гэтэл олон улсад энэ сургууль төгссөн үзүүлэлт бол анхан шатны нэг л шалгуур болдог юм. Насны шалгуур байхгүй яагаад гэвэл бодит шалгуур болдоггүй гэж үздэг. Хамгийн чухал нь мэдлэгийн шалгуур, чадварын, хэлний шалгуур тавьдаг. Дээр нь ажилласан байдлын шалгуур шаарддаг.
-Хэл хэрэглээ болсон. Хэлгүй бол хөлгүй ээ ч гэж ярьдаг болжээ. Гадаад хэлийг амархан сурах арга барил гэж байдаг уу?
-Амархан сурах арга барил гэж байдаггүй юм. Хүмүүс ингэж хууртагддаг байхгүй юу. Хэлний курсүүд ч ингэж өөрсдийгөө рекламддаг болжээ. Хэлийг хүн ярьж, сонсч, бичиж ойлгож сурдаг. Амархан сурдаг эд биш, гэхдээ сурсан хойноо их үр дүнтэй шүү. Хэдхэн сар сураад төгс эзэмшихгүй. Би бол насаараа сурч байна. Хүн эх хэлээ ч насан туршдаа сурдаг биз дээ. Яг түүнтэй адилхан. Мөн нөгөөтэйгүүр англи хэлийг гадаад хэл биш гэж ойлгох хэрэгтэй залуус. Гадаад хэлийг хүн хоббигоо болгож сурдаг. Өнөөдөр англи хэл бол орчин үеийн хүний хоёр дахь хэл юм. Орчин үеийн хүн та бол англи хэлгүй байж болохгүй ээ.
-Таны гол зорилго бол монгол залуусыг олон улсын түвшинд гаргах. Ер нь манай залуус олон улсад хэр амжилт арвин бүтээл ихтэй явдаг вэ?
-Манай залууст авьяас бий. Гэхдээ жаахан залхуу туушгүй байна. Хэрэглээ болох хэлийг гэхэд сурч байгаад хаячихдаг. Уг нь гадаад хэлийг тултал нь сурах хэрэгтэй. Суръя гэсэн л бол сурдаг л байх хэрэгтэй. Орчин үед хэл сурах олон арга хангалттай нээлттэй байна. Бүх юм нь бэлэн болохоор бэлэн юмны дунд байгаа болохоор биеэ дайчлахгүй байх шиг. Бид нарын үед гадаад багш байдаггүй, барууны жуулчид цөөхөн ирж байсан үе. Бид нарын үед интернет, гар утас нь байдаггүй байсныг мэднэ биз дээ. Гэтэл одоо үед бүх юм нь бэлэн сайхан болчихжээ. Залуу хүмүүс өөрсдийгөө хөгжүүлж зорилго бүтээлтэй амьдрах нь чухал шүү.
-Таны хобби үнэртэн цуглуулах юм байна. Энэ талаараа сонирхуулаач?
-Би үнэртэн цуглуулах дуртай. Монголд анх удаа Үнэртэй усанд дурлагчдын клубыг байгуулсан хүн. Клубээ дөрвөн жил хагас авч яваад өнгөрсөн жил орхиж явсан. Сая ирээд буцаад энэ группдээ орсон байна. Үнэртэний соёл түгээдэг хүн гэж ойлгож болно. Найзуудынхаа дунд эхэлсэн энэ групп маань одоо бол 126 мянган гишүүнтэй болжээ. Чөлөөт цагаа зарцуулдаг хүн. Үнэртэний соёлын тухай их бичсэн дээ. Үнэртэний мэргэжилтэй хүн биш зүгээр хоббитой хүн. Орчин үед байх ёстой урлаг, соёл гэж ойлгож болно.
Эх сурвалж:
О.Сайхан
Оллоо.mn olloo.mn
2018-07-25