Дашцэвэгийн НОННА
10 жил, 2 сар өмнө

Нэрт сурган хүмүүжүүлэгч

Бага насны хүүхэд, сургуулийн өмнөх боловсролын асуудалд ухаан бодол, сэтгэл зүтгэл, бүх л амьдралаа зориулж яваа нэрт сурган хүмүүжүүлэгч. Тэрбээр Монгол улсад орчин цагийн хүүхдийн цэцэрлэгийг хөгжүүлэх, багшлах болон удирдах боловсон хүчин бэлтгэх, цэцэрлэгийн сургалтын хөтөлбөр боловсруулах, бага насны хүүхэд, эцэг эхэд зориулсан ном, гарын авлага бүтээх гээд өргөн хүрээний ажил хөдөлмөр эрхэлсээр ирсэн нөр их хөдөлмөрч бүтээлч хүн билээ.

Д.Нонна багш 1935 оны 5 дугаар сарын 30-нд Дашзэвэгийн анхны охин болон Москва хотод төрсөн. 1942- 1951 онд Улаанбаатар хотын орос 1- р сургуулийн бага, бүрэн бус дунд сургуулийг төгсжээ.

1953- 1957 онд Улсын багшийн институтыг орос хэлний багш мэргэжлээр төгсөж, 1957 оны 8 дугаар сарын 15- с Улаанбаатар хотын Багшийн сургуульд орос хэлний багшаар томилогдон ажиллахын сацуу 1959- 1962 онд цэцэрлэгийн мэргэжилтэн В.Ф.Максаковагийн орчуулагчаар хавсран ажилласан.

1962-1963 оны хичээлийн жилд Цэцэрлэгийн багшийн сургууль Багшийн сургуулиас тусгаарлан гарахад Д.Нонна багш орос хэлний болон сургуулийн өмнөх насны хүүхдийн дүрслэх урлаг, байгаль заах арга зүй, гэр ахуйн хичээлийг давхар зааж байсан. Ингээд 1963-т1967 онд Эрхүү хотын Багшийн дээд сургуульд суралцан сургуулийн өмнөх сурган, сэтгэл судлал, арга зүйч мэргэжлээр төгсөж ирсэн.

1967- 1970 онд Ардын Боловсролын яамны боловсон хүчний хэлтэс ба Хүүхдийн цэцэрлэгийн хэлтэст мэргэжилтэн, 1970-1981 онд СХУ-ны хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан, 1981-1990 онд Ардын Боловсролын яаманд хүүхдийн цэцэрлэгийн хэлтсийн даргаар тус тус томилогдон ажиллаж байгаад, 1990 онд өндөр насны тэтгэвэрт гарсан.

1982 онд “Боловсролын хууль”-ийг боловсруулах үед хуулийн хоёрдугаар бүлэг болох “Сургуулийн өмнөх насны хүүхдийн хүмүүжил” гэсэн бүлгийг боловсруулан оруулсан нь сургуулийн өмнөх боловсролын эрх зүйн орчин бүрдэх чухал суурь болсон.

1991- 1994 онд нийслэлийн 147 болон 122 дугаар цэцэрлэгүүдэд арга зүйч багш, Монген сургууль, Америкийн гэр цэцэрлэгт зөвлөх багшаар ажилласан байсан. Мөн “Өүлэн ээжийн төв” ТББ байгуулж, цэцэрлэгт хамрагдаагүй олон хүүхдийг сургуульд бэлтгэх буянт үйлсийг хийж ирсэн.

ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АЖИЛ, БҮТЭЭЛ ТУУРВИЛ

1970- 1981 онд Сурган хүмүүжүүлэх ухааны хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтнаар ажиллаж байхдаа сургуулийн өмнөх 0-6 настай хүүхэд дээр судалгаа хийж, түүн дээрээ тулгуурлан цэцэрлэгийн хүмүүжил, сургалтын хөтөлбөрийг боловсронгуй болгон 1976 онд “Цэцэрлэгийн хүмүүжил сургалтын програм”, 1982 онд шинээр “Яслийн хүүхдийн хүмүүжил сургалтын програм”-ыг орон тооны бус эрдэм шинжилгээний ажилтнуудтай хамтарч боловсруулж гаргасан.

1986 онд “Сургуулийн өмнөх 0-8 насны хүүхдийн хүмүүжил, сургалтын програм” бүтээлийг холбогдох хүмүүстэй хамтран гаргасан. Энэхүү хөтөлбөрт 3-7 насны монгол хүүхдийн үгийн санг нэмэгдүүлэх асуудлыг судалж тусган мөн сургуулийн өмнөх насны хүүхдийг мал аж ахуйтай танилцуулах агуулгыг 1-7 насны хүүхдэд ямар дэс дараатай эзэмшүүлэх аргыг судалж, боловсруулан оруулсан нь шинэлэг зүйл байв.

1986 оны сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд багш нарт гарын авлагууд нэн хэрэгцээтэй байсан тул оросын эрдэмтдийн заах аргын гарын авлагаас зохиомжлон орчуулж, мөн өөрийн орны онцлог дээр тулгуурлан багш нарт зориулсан зарим гарын авлагыг боловсруулан гаргах ажил хийгдсэн. Тухайлбал, Д.Нонна, Ц.Удэрпил, Д.Пунцаг, Ванчиг нарын “Сургуулийн өмнөх насны хүүхдийн хэл яриаг хөгжүүлэх арга зүй”, Д.Нонна, П.Дулмаа нарын “Сургуулийн өмнөх насны хүүхдийг байгальтай танилцуулах арга зүй”, Д.Нонна, Га.Цэрэндорж нарын “Сургуулийн өмнөх насны хүүхдэд биеийн тамир заах арга зүй” гэсэн номуудыг дурдаж болох юм. Мөн Ж.Лхагвасүрэн, А.Батжаргал нарын “ Сургуулийн өмнөх насны хүүхдэд дуу хөгжим заах арга зүй”, Ш.Гандолгор, Ч.Түмэндэлгэр нарын “Сургуулийн өмнөх насны хүүхдэд дүрслэх урлагын хичээл заах арга зүй” гэсэн заах аргын анхны гарын авлагуудыг дурдаж болно.

1970 оноос сургуулийн өмнөх насны хүүхдэд уншиж өгөх уран зохиолыг сонгон түүвэрлэж, зохиолуудын агуулга нь хүүхдэд хэр ойлгомжтой, хүмүүжлийн ач холбогдол, хэллэг, үгийн давтамж, хэмжээ, үгийн утга зэрэг нь энэ насныханд хэр зохицохыг судалсны үндсэн дээр 1-7 настай хүүхдэд зориулан “Багачууддаа уншиж өгөөрэй” 1, 2 ном гаргаж, түүнийгээ 2 удаа хэвлүүлэн цэцэрлэгийн багш, ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн багш, эцэг эхийн гарын авлага болгосон.

НИЙГМИЙН ЗҮТГЭЛТЭН

Д.Нонна багш 1994 оноос “Өүлэн ээжийн төв” төрийн бус байгуулага байгуулж, Английн хүүхдийг ивээх сан, Монголын хүүхдийн эрхийн төв, Хатагтай нийгэмлэг, Дэлхийн зөн зэрэг олон улсын байгууллага, Сонгинохайрхан дүүргийн Гэгээрэл төв, Сүхбаатар, Чингэлтэй, Баянгол, Сонгинохайрхан, Баянзүрх, Хан-Уул дүргийн зарим хороо, Дархан-Уул, Өвөрхангай, Архангай, Өмнөговь аймгийн зарим ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгтэй идэвхтэй хамтран ажилласаар ирсэн. Энэ байгууллагынхаа шугамаар цэцэрлэгт хамрагдах боломжгүй малчдын болон гэр хорооллын хүүхэд болон эцэг эх, явуулын багш нарт зориулсан 11 төрлийн гарын авлага боловсруулан холбогдох хүмүүс, хүүхдэд хэрэглүүлж ирсэн.

Д.Нонна багш “Өүлэн эхийн оюуныг бадраах клуб”- тэй хамтран 2007 оноос одоог хүртэл дүүрэг, аймаг орон нутгийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн багш, сурагчид, эцэг эх, эмээ өвөө, ахмадууд, хорооны хөдөлмөрчдийн дунд “Хүүхдийн хүмүүжилд гэр бүлийн оролцоо”, “Хүн болохын учир”, “Хүүхэдтэй хэрхэн яаж харьцах, гэр бүлийн гишүүдийн харьцаа”, “Эрүүл явахын учир” зэрэг “Гэр бүлийн зан байдал төлөвшилтийн цогц сургалт” сэдвээр нийт 150 байгуулага 25,000 хүнийг хамарсан сургалт хийсэн байна.

http://xvvxed.blogspot.com