Жадамбаагийн НАРАНТУНГАЛАГ- Холимог тулааны урлагийн дэлхийн аварга
6 жил, 10 сар өмнө

Холимог тулааны "One Championship", "Legend FC" холбооны дэлхийн аварга, Монгол Улсын гавьяат тамирчин, "Чингисийн цавчилт" хочит Ж.Нарантунгалаг

1975 оны арванхоёрдугаар сарын 16-нд Булган аймгийн Бугат суманд төрсөн. Биеийн жин 70 кг, биеийн өндөр 1 метр 73 см. Эхнэр, хоёр охин, нэг хүүгийн хамт амьдардаг.

Багадаа кикбокс, жүдо, жиү-жицү, бокс зэрэг спортын олон төрлөөр хичээллэдэг байсан. Гэхдээ аль нь ч түүний сэтгэлийг холимог тулааны спорт шиг татаж чадаагүй гэдэг.
Ж.Нарантунгалагийн олон жилийн нөр их хөдөлмөрийг төр үнэлж, гавьяат тамирчин цолоор энэ жил шагнасан. Тэрээр ийнхүү Монголын тулааны спортын түүхэн дэх хамгийн анхны гавьяат цолтон болсон юм.

2003 онд болсон холимог тулааны "Mongolia fighting" тэмцээний 93 кг-д аваргалж, амжилтын салхиа хагалснаар энэ спортод эргэлт буцалтгүйгээр хөл тавьжээ.

Олон хүний хараанд өртөж, ирээдүйд юм дуулгахаа харуулж эхэлсэн түүнийг дараа жил нь Японы нэгэн дасгалжуулагч "К-1"-д тулалдахыг урьснаар тулааны урлаг дахь их амжилтынх нь үүдийг нээсэн. Тэрээр "К-1" холбооны анхны тулаанаа аварга асан А.Клаустай хийхдээ өдгөө "Чингисийн цавчилт" хэмээн алдаршсан өшиглөлтөө хийсэн. Тэр тулааныг үзэж байсан нэгэн хүн Д.Дагвадорж аваргаас "Би өмнө нь ийм өшиглөлт ер үзээгүй. Ямар нэртэй өшиглөлт вэ. Монгол өшиглөлт үү" хэмээн гайхан асуухад нь аварга маань "Тийм ээ. Монгол өшиглөлт. Чингисийн цавчилт" хэмээн хариулсан гэдэг. Тэр үеэс эл хоч эцэн эхийнх нь өгсөн нэрнээс дутахааргүй дуудагдсаар өдий хүрсэн. Японы "Sony" корпораци түүний "Чингисийн цавчилт" цохилтыг нэгэн тоглоомондоо оруулсан байдаг.

Ж.Нарантунгалаг гавьяат хэвлэлд өгсөн ярилцлагадаа "Чингисийн цавчилт" хэмээн дуудуулж, хүндлэгдэх сайхан байдаг ч Чингис хааны маань нэр хүнддэх вий гэж битүүхэн эмээж явдаг. Тиймээс багынхаа Тунгаа нэрээрээ л дуудуулж, дэвжээнд гардаг" хэмээн өгүүлсэн.

"К-1" 2010 онд татан буугдсанаас болж өөр холбоонд хүч сорихоос өөр аргагүй болов. Улмаар "Legend FC" холбоонд хөл тавьсан юм. Ж.Нарантунгалаг шилдэг гэдгээ баталж, хоёрхон сарын дараа Адриан Пэнийг "цавчиж", дэлхийн аварга боллоо.

"Legend FC" холбооны аварга цолоо хамгаалах тулаанаа 2013 онд Японы К.Андотой хийхдээ хөлөө хугалж, аваргын бүсээ алдсан юм. Хөлөө хугалан, шагайгаа мулталж, шөрмөсөө сунгасан түүнд зарим эмч "Дахин тулаан хийх боломжгүй" гэж хэлсэн гэдэг. Бүр зарим найз нь эдгэснийхээ дараа юу хийхээ төлөвлө гээд ажлын санал хүртэл тавьж байсан гэнэ лээ. Саад бэрхшээл, бэртэл гэмтэл ч түүнийг өмнөө сөхрүүлж чадаагүй. Тэрээр жил гаруйн хугацаанд эмчилгээ хийлгэсний эцэст эдгэрсэн юм.
Дэлхийд чансаагаараа гуравт эрэмбэлэгдэж буй "One Championship" холбоонд 2014 оны тавдугаар сараас хойш тулалдаж байна. Тэрээр Японы Коши Ойшийг ялж, дэлхийн аварга болсон юм.

https://www.facebook.com/Narantungalag-Jadamba-158537387564365/