Б.НАРАНБАТ- Удам дамжсан цуурч, өв тээгч, соёл судлаач
2 жил өмнө

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нэн эрт үүсээд, олон мянган жил нүүдэлч малчдын өвөрмөц, сонин соёлыг тээж байсан цуур хөгжмийн тухай алдарт цуурч Паарайн Наранцогтын ач хүү, Монголын биет бус соёлын өвийг өвлөн тээгч Б.Наранбаттай хөөрөлдлөө. Өвөрмөц содон эгшиглэгээтэй цуур хөгжим урианхай түмний хоймроос уул хаданд “бүгэх” хүртлээ хавчигдаж, нүүдэлчдийн ахуйгаас хэрхэн гээгдсэн нь ийн учиртай аж. 
 
-Цуур хөгжим ер нь хэдий үеэс үүсч, хэр дэлгэрсэн хөгжим байв?
- Нүүдэлчдийн байгаль дэлхийтэйгээ холбогддог гэж үздэг цуур хөгжмийн тухай Хүннүгийн үеийн баримтуудад бий. Нэг тодорхой жишээ дурдахад, Хүннүд олзлогдсон Хан улсын элч  “Оройдоо цуур хөгжим хангиналдан, адуу янцгааж, үхэр мөөрөлдөн нойр хүрдэггүй байлаа” гэж бичсэн байдаг. Энэ бол цуур хөгжим ямар их дэлгэрсэн байсны тодорхой баримт юм.
Ер нь бол урианхай түмний дунд түгээмэл тархацтай, нэг ёсондоо шүтээн хөгжим нь байсан. Урианхай түмэн айл болгон цууртай байв.  Гэвч Соёлын довтолгоон, өөр олон нөхцлөөс болоод, цуурын нэг өвөрмөц соёл нь алга болсон. Айлд ирсэн хүн цуурыг нь заавал үлээх юм уу, дуугаргаад тавьдаг ёстой байсан. Энэ нь үгүй болсон. Бас цуурыг нь ил байлгахгүй болсон тул цуур тоглох соёл  сүүлийн 30 -40 жилийн дотор урианхай түмний дундаас алга болсон.
Манай өвөө бол Баян-Өлгий аймгийн Буянт сумын цуурч байгаад, 1973 онд Ховд аймгийн Дуут суманд ирсэн, алдарт  цуурч Паарайн Наранцогт гэдэг хүн байсан. Өвөө маань тасрахын нь даваан дээр хамгийн сүүлд, өөрийнхөө үр хүүхэд, ганц хоёр шавьд зааснаар өнөөгийн цуурын шинэ гал голомт ассан. Магад энэ хүн хэнд ч заалгүй насан өөд болсон бол цуур гэдэг хөгжим Монгол Улсад өнөө байхгүй, бүрмөсөн устах байлаа.
-Цуурыг тоглох нь байтугай, ил байлгаж болохгүй болсон шалтгаан нь юу байв?
-Монголын төрийн нэг гашуун түүх л дээ. Монголчуудын уламжлалт соёлыг л  үгүй хийх, шашны гэдэг нэрээр нухчин дарах зорилготой Зөвлөлт  коминтерний заавраар бүх соёлоо гээж байсны нэг нь цуур хөгжим. Тэгээд нэгт, төрийн хавчилгад орж нуугдмал болсон. Хоёрт, энэ хөгжмийг тоглож сурахад амар хялбар биш. Хэн болгон оролдоод дуугаргаж чаддаггүй.  Хоёр гурван сар, бүтэн жил оролдоод ч дуугаргаж чадахгүй болохоор хаячихдаг. Тиймээс зөвхөн амь цучил төдий л яваад байсан. Манай өвөө гэхэд л, эсэргүүний хэрэгт холбогдохгүйн тулд хад асганад нуучихаад цагаан сарын үеэр л авчирч тоглодог байсан. 
-Бүр тэгэж хүчтэй хориглосон гэхээр их сонин хөгжим байх нь. Тэгэхээр бүр нэрээс нь эхлэе. Цууриа гэсэн үгнээс гаралтай гэх нь ч бий?
-Цуур хөгжмийн анхдагч үндэс нь байгаль дэлхийг аргадах тайтгаруулах. Тухайлбал . Цуурын хамгийн сонгодог  “Эйвэн голын урсгал” гэж аялгуу бий.  Энэ нь уул усны эздийг тайтгаруулах, ган гачиггүй байлгах, байгаль дэлхийг өөрсөддөө эергээр нөлөөлүүлэх хүсэл эрмэлзэлтэй холбогддог.  2016 оны зургадугаар сард “Олон улсын цуурын симпозиум” наадам Улаанбаатар хотод болоход, цуур бол эко хөгжим юм гэж тодорхойлсон. Байгаль дэлхийгээ энд тэндээс нь онгичсоноос, экологийн асуудал дэлхийд нэн тэргүүний асуудал болоод байна шүү дээ. Тэгвэл цуурын анхных нь уг философи санаа нь, байгаль дэлхийгээ хамгаалах, энэ бол амьд юм, үүндээ дасан зохицож,  түүнтэйгээ эн тэнцүү амьдрах ёстой гэсэн утгатай. Тэгэхээр байгаль дэлхийн авиа эгшиглэн гэсэн санааных нь үүднээс цууриа гэдгээс гарвалтай байх тал бий. Цуураас гарч байгаа эгшиг байгаль дэлхийг аргаддаг гэж дээр үеийн урианхайчууд итгэдэг, үздэг байсан.  
- Бусад үлээвэр хөгжмөөс ямар онцлогтой вэ?
-Үлээвэр хөгжмийн өвөг хөгжим гэдгийг судлаачид өдгөө нэгэнт тогтоосон. Үлээвэр хөгжим хэдий үед үүссэн байна гээд үзэхэд тэд нарын эцэг нь гэхээр хөгжим. Цуур нь шулуун, дотроо хөндий, гурван нүхтэй хөгжим. Энэ гурван нүх нь дээд, дунд, доод гурван ертөнцийг бэлгэддэг. Тэднийг энх амгалан байлгах, байгаль дэлхийдээ өргөл цацлаа өргөх зорилго санаа агуулдаг.  Дуу авианы хувьд сав шимийн ертөнцийн аялгууг гаргадаг, хамаг амьтны амьдрах орчныг эмх цэгцтэй тэгш байлгах зорилготой энх амгалангийн мөн чанартай хөгжим юм даа. Байгаль дэлхийн долгионд нь таардаг ч юм уу, гурван нүхний долгион их өөр байдаг шиг байгаа юм.
-Чухам яаж тоглодог талаар нь товч тайлбарлавал?
-Дуугаргахад хэцүү. Хэвлийн хөндийгөөс зөөлхөн үлээх буюу, хамгийн товчоор хэлэхэд, автобус машины цонх цантчихад хүмүүс амаараа зөөлөн үлээж цан хайлуулж байдаг шүү дээ. Яг тийм зөөлөн амьсгаагаар исгэрээ өнгө гаргана. Үүн дээр “Уу” гэсэн маш урт тасралтгүй эгшиг нэмэхэд, хөөмий шиг цуурилаг, хүнгэнэсэн, байгалийн дуу чимээ гардаг. Тэгээд байгаль дэлхийн усны харгиа боргио, адууны хатираа гишгээ гэх зэргээр ая аялгуу  гаргаж тоглодог.
-Цуур нь дээр үед урт байсан, өдгөө богиноссон гэх юм. Ер нь хэр өөрчлөгдөн хувьсаж ирсэн хөгжим бэ?
-Яг тэгэж өрөөсгөл ойлгож болохгүй.  Уламжлалт цуур ямар байсан гэхээр, хүнийхээ биед тааруулж хийдэг байсан. Таны төөгөөр гурван төө, дөрвөн хуруу гэдэг чинь, таны өөрийн уушгины багтаамжид тааруулна гэсэн үг.  Магадгүй өндөр хүн урт л цуур барих боломжтой. 10 хүн 10 өөр хэмжээтэй учир 10 өөр хуур байна. Нэг ёсны Монгол дээл оёдог шиг л өөр өөр байсан.
- Байгалийн дуу эгшгээс гадна, орчин үеийн ая аялгууг цуураар тоглох боломжтой юу?
-Орчин цагийн ая аялгууг тоглох чиглэл рүү орж эхэлж байна. Гэхдээ уламжлалт юмаа байнга барьж байхгүй бол,  50, 100 жилийн дараа өөр хөгжим болж хувираад, цуур хөгжмөө алдчих эрсдэлтэй. Зах зээлийн жам ёсоор хөгжихийг үгүйсгэж болохгүй ч анхных нь хэлбэрийг ээдээхгүй, гашилгахгүй байлгах хэрэгтэй гэж боддог.
- Ер нь энэ хөгжмийн чадамж нь ямар байдаг юм. Үнэхээр орчин үеийн сонгодог аязуудыг эгшиглүүлж болох юм уу?
-Харьцангуй материал дутах юм бий.  Гэхдээ бусад хөгжмийн хүрэхгүй чадамж байдаг. Жишээлбэл, Ган ганчиг нүүрлэхэд цуураар ёслол үйлдчихэд тэр газарт нь зундаа сайхан зун болж байсан байдаг. Манай өвөөгийн хийж байсан ёслолуудын тухай нутгийн эрдэмтэд батлаад биччихсэн байгаа. Түүнийг бусад хөгжмөөр хийж чадахгүй шүү дээ. Манай морин хуур байна. Хөдөөний морин хуурч нөхөр ингийг уйлуулж чаддаг. Харин мэргэжлийн том газрын нөхөд очоод морин хуур тоглоод ингийг уйлуулж, ботгыг нь авахуулж чадахгүй байх жишээтэй. Тэгэхээр энэ хоёр бол, нэг нь сэтгэл зүрхнийх, нөгөө нь мэргэжлийн түвшний ялгаа байна.
-Та өөрөө цуураар ямар ямар аялгуу тоглох дуртай вэ?
-“Эйвэн голын урсгал”, “Алтайн магтаал”. Их багтаамжтай гоё аялгуунууд юм. 
-Тэгэхээр цуур хөгжим тайзны гэхээсээ илүү зан үйлдээ "амьд" хөгжим юм байна шүү дээ ? 
-Цуур хөгжим бол нэгд, ая аялгуу нь монголчуудын зохиол, хоёрт, хийх урлах арга технологитой, тэгээд ая аялгууг нь  дагасан домогтой байдаг. “Балчиг хээр морины явдал” гэхэд л нэг архичин хүн байгаад морио алдаж, мориныхоо тийм сайхан явдал гишгээг цуурын аялгуунд оруулсан гэх домог байх жишээний. Тэгээд зан үйлтэй. Тухайлбал, овоо тахих, хүүхэд гардаггүй айлыг засах, цуур хөгжмөөр  мэргэлэх гэх мэт. Одоо судалгаа хийгээд явж байхад, нэгэнтээ 30-40 жил ханилсан улсын амьдрал 30-40 жилийн өмнө хэлсэн цуурчийн үг хоёр зөрөхгүй биелж байна гээд ярихыг сонсоход бас их урамтай л байдаг.  Үүнийг манай өвөө П.Наранцогт хийдэг байсан байна.
-Ямар сонин юм, энэ соёлыг нь нь та уламжилж чадсан уу?
-Цаг нь болохоор хийдэг болох байх даа. Цуурын ахуй ертөнц дэх соёлыг аав маань бага сага хийж л байна. Зуд болоод байгаа газрыг зудгүй болгох арга байж, мал нь хорогдоод  хэцүүхэн болоод ирэхэд  малын хишгээ дууддаг аялгуу тоглож засдаг байж.  Үүнийг хийдэг хүн нэлээд арвин байсан байна. 
-Үүнээс нь л шашны зан үйлтэй адилтган, буруутгах шалтаг болсон юм байна шүү дээ?
-Монголын уламжлалт юмыг устгах, үүнтэй байвал Монгол гэдгээрээ үлдчих гээд байсан тул  аль болох өөрчилж, үгүй хийх гэж хүчилж байсан байхгүй юу.
Уг нь бол  цуур шарын шашингүй байх үеийн хөгжим. Шарын шашингүй байх үед монголчууд тууль хайлах, цуур тоглуулахад тэр айл тэр жилдээ орлого арвин, гарз хохиролгүй гэж үздэг. Одоо ч энэ ёсыг  урианхайчууд хийлгэж л байна. Бас урианхайчууд цагаан сарын шинийн нэгэнд тооноороо гурван сум харвуулдаг. Ингэвэл, тэр жилдээ гай барцадгүй хэмээлцдэг. Ийм соёлууд нь хомсдож байгаа учир элдэв бусан юм болж байна гэж урианхайчууд үздэг. Ийм соёлууд нь байсан учир монголчууд өөрийн өвөрмөц дархлаатай байсан.
-Тэгэхээр хүүхэдгүй айлыг цуураар засаж байсан баримтуудаас хуваалцаж болох уу?
-Дуудлагууд гэж байна. Хос нийлж суугаад хүүхэд гаргахгүй удлаа шүү дээ. Цуурч “Үрийн дуудлага” гэдгийг дуудаж өгдөг. Ховд аймгийн Дуут суманд ингэж хүүхэдтэй болсон нэлээд олон айл байна. Би цагаан сарын өмнө очиж судалгаа хийж яваад ирлээ. Мөнхтөр гээд найз маань байдаг юм. Ээжтэй нь уулзаад ярьж байх нь ээ, тэднийд манай өвөө цуураар мэргэлээд, гурван ширхэг чулуу хадгалуулсан гэнэ. 33 жил хадгалсан гээд үзүүлсэн. Тэр нь гурван хүүхдийг нь тогтоож өгсөн гэж хуучилж байна. Их олон хүүхдээ алдаад байсан юм байна л даа.
Тэгэхээр тайзан дээр ая аялгууг нь гаргавч энэ зан үйлээс нь салгавал цуур гэдэг мөн чанараа алдчихна.  Мэргэлэхийн тухайд, Монголын алдарт морин хуурч Г.Жамьян гуай хуураар бас мэргэлдэг байсан гэдэг. Хөгжим судлаач доктор профессор  Ж.Энэбиш,  манай өвөөг цуураар мэргэлдэг хөгжимч байна гэж “Онгодыг өдөөж халгаа”  гэдэг номдоо бичсэн байдаг.
-Цуурыг морины сүүлэнд хадгалдаг байсан нь үнэн үү?
-Монголчууд цуурыг мориныхоо сүүлэнд хийж авч явдаг байжээ. Яагаад гэвэл монгол морь сүүлээ огт дарж хэвтдэггүй тул цуурыг сүүлэнд нь хийчихэд  огт хагарч хэмхэлдэггүй аваад явчихдаг байж л дээ.
-Малд хэцүү байхгүй юу?
-Ямар хэцүү байдаг юм. Цуур чинь 200-300 гр, нэг стаканаас хөнгөн юм чинь.
-Ер цуурыг яаж хийдэг юм. Хийх арга технологи нь хэрхэн уламжлагдаж байна?
-Өвөө маань хийх арга, технологийг нь бидэнд заасан. Өвөөгийн хийсэн цууруудыг дууриалгаж зарим хөгжмийн үйлдвэрүүд хийдэг болж байна. Үзэмж, материалын хувьд сайн байна. Харин цуур үлээдэг хүмүүс хийхгүй байгаа учир, хөг эгшиглээний хувьд бага зэрэг доголдол яалт ч үгүй гардаг. Явцын дунд туршлагажаад гайгүй болчих байх.
-Ямар модоор урлах уу?
-Ихэвчлэн хар модоор хийнэ. Дуу сайтай болдог. Уг нь бол залаат балчиргана, гишүүнэ гэсэн ургамлын ишээр хийдэг. Намар хонь хариулж байгаа хүүхэд хэчнээн ч балчирганын ишээр хэдэн ч цуур өдөрт хийж тоглож болно гэсэн үг. Би бас гишүүнэ цууртай. Нэг сайн хийгээд авчихаад сайхан эдлээд явбал 10 жил элээчихдэг юм билээ. Түүнээс биш чангахан нясалчихад хагарчихдаг хэврэг л дээ. Гэхдээ сайхан ая эгшигтэй. Энэ чанараараа цуурыг монголчууд аян дайнд авч явдаг,  тодорхой уриа дуудлага хийдэг, цуурын аялгуугаар бие биедээ дохио өгдөг байсан байгаа юм. Хүннүгийн үед 18 ая аялгуу нэмэж цэргийн хөгжим болгов гэж бичсэн байдаг.
-Манайхаас өөр оронд цуур байна уу?
-Монголчуудын аян дайны явцад дэлхийн олон газар очсон. Монгол хүний очсон газар монгол соёл дагаж явдаг учир тарж, өдгөө Тувачууд, Шинжааны урианхайчуудад байна, хажуу зэргэлдээ нь олон зуун жил хамт байсан казахууд сураад  авсан байх жишээний. Нэгэн үе ховордсон болохоос харьцангуй тархацтай байж л дээ.
Нэг соёлыг устгахад нэг үеийн юмуу хоёр үеийн хүнээс нь холдуулахад болдог байна л даа. Нэг гэрээр ярихад, аав, ээж, хүүхдийнх соёлыг нь  дарахад тэр улсын нөгөө соёл дараагийн 40 -50 дахь жилээс мартагддаг нь ажиглагдаж байна.
-Гадаад оронд ер нь тоглож байв уу?
-Юнескод бүртгэгдсэн болохоор гадагшаа дотогшоо мэр сэр явсан.
-Өнөөгийн нөхцөлд хийж байгаа зүйлээсээ  цалинжихгүй бол түүнийг хөгжүүлэн, уламжлуулах гээд зүтгэх хэцүү байх л даа. Энэ хөгжмийг хөөгөөд явахад амь зуулгад нэмэр болох боломж байх уу?
-Яг хошуучилж яваа хүний хувьд, би арай илүү байж магадгүй юм. Цуураа өөрөө хийж, хүмүүсийг сургадаг цуурын талаар хүмүүстэй нийлж бага зэрэг юм бичдэг.  Түүнээс биш  бусад цуурчдад хаалга бас л хаалттай байгаа.
Соёлын өвийг өндөр түвшинд өвлөн уламжлагч гэж байдаг юм. Монгол Улсад ийм 100 хүн байдаг. Тэдний дунд, цуур хөгжмөөр хоёр хүн байдаг нь манай аав Буяндэлгэр, нэг нь би юм.  Тэдгээр 100 хүнээс жил бүхэн хасагдсаар, одоогоор 60 -70-аад хүн л байна. Манай улсад уламжлалт соёлынхоо өвлөн уламжлагчдыг анхаардаггүй. Манайд хамгийн ойр, мөнхийн хөрш,  Хятадад гэхэд , цуурын өв тээгч аймгийн хэмжээний, улсын хэмжээний дэс байна. Манай Ховд аймгийн дэсийн хүн мөнгөн дүнгээр бол 6000 юань, монгол мөнгөөр ойролцоогоор 2500 000 төгрөгөөр урамшуулдаг тул тэр хүмүүс соёлын өвөө цааш нь өвлүүлээд уламжлуулаад явах бололцоо их. Манай улсад сайдын тушаалаар 2012-2013 онд жилд 180 000 төгрөг өгсөн. Сүүлийн жил нь  өгч чадалгүй дууссан.  Монгол Улсад маань гавьяатууд маш олон байдаг. Харин соёлын өвийг тээгч маш цөөн хүнээ анхаардаггүй. Монгол соёлтойгоо байж л бид дэлхийн хүмүүсээс ялгарна.
-Сард хэдэн сая төгрөгийн тэтгэмжтэй тамирчид манайд цөөнгүй болж байна. Харин Соёлын өв тээгчдээ тоохгүй байгаа нь үнэн шүү?  
-Зарим үед улсаасаа ичих үе гардаг. Яагаад гэхээр, соёлын өв тээгч гээд өндөр нэр хэргэмтэй гадна дотнын улстай заримдаа бид уулздаг. Тэгэхэд бидэнтэй адил цол хэргэмтэй гадаадын хүмүүс санхүүгийн хувьд харьцангуй чадамжтай байдаг. Би соёлын өв тээгч хүмүүсийн өмнөөс үүнийг хэлж байгаа юм шүү. Соёлын өв тээгч гэдэг хүний үнэлэмж нийгэмд алга. Монгол улсын соёлыг тээгч нь “нэг тиймэрхүү л юм” байдаг гэвэл, их гутамшигтай. Соёлын өв тээгч доромжлогдоно гэдэг бол Монгол Улсыг л доромжилж байгаа хэрэг.
-Цуураа өөрөө хийдэг гэсэн. Хөгжим худалдаж авая, ямар үнэтэй байх вэ?
-Одоогоор их л хямд байгаа шүү дээ, 50 000 төгрөг. Гэхдээ зарим хүмүүс үнэтэй байна л гэдэг юм.. Гадаадад бол харьцангуй үнэтэй байдаг л даа. Энэ хөгжмийг түгээх зорилгоор ханшийг хямд барих бодлого барьдаг.
-Хэчнээн шавьтай вэ, ямар хугацаанд аль хэмжээнд сургав?
-80 гаруй шавьтай. Сурахад их удаан, нас ахих тусам сайжраад байдаг хөгжим. Энэ тэндэхийн төсөл хөтөлбөрөөр, би бүх сургалтаа үнэ төлбөргүй явуулсан. Сургалтын хугацаа хоёр сар учраас дунд шатанд л сургасан. Тогтоож хоногшуулахын тулд өдөрт дөрвөн цаг үлээлгэж, “тамалж” сургадаг. Бусад хөгжим гар хуруу хүрэхэд л дуугардаг бол цуур  хэчнээн чанга үлээгээд  ч дуугардаггүй.  Аль болох эвлэж аргадаж, хэдий зөөлөн үлээнэ төдий чинээ сайхан чанга дуугарна. Хэдий  чанга хүчлэнэ, төдий чинээ муухай дуугарна, бүр дуугарахаа байдаг. Шавь нартаа би,  та нар хэдий сайхан энэрэнгүй зөөлөн тайван болж байна тэр хэмжээгээр дуу авиа чинь гоё,  чанга болно шүү захидаг.  
-Цуур хөгжмийн ая аялгууны урын сан ямархуу байна, шинээр зохиож болох уу?
-Сурсан хүн аялгуу зохиож болно оо. Энэ хөгжим 2000 гаруй түүхийг агуулаад  хөгжөөд ирсэн гэхээр жилд нэг аялгуу зохиогдсон гэвэл дор хаяж 2000 аялгуу байх ёстой байгаа биз дээ.  Өдгөө бидэнд судлагдсанаар 40-өөд аялгуу л  байна шүү дээ. 40-өөд аялгуунд өвөөгийн өөрийнх нь зохиосон нэлээд хэдэн аялгуу байдаг. Тэгэхээр энэ хөгжим ямар аймшигтайгаар устах дөхсөн нь ойлгогдож байгаа биз дээ.
-Хөгжмөөр мэргэлнэ гэхээр үнэхээр сонин. Өвөөгийнхөө хийдэг байсан зан үйлүүдийг та өөрөө оролдож үзсэн л байх гэж санагдаад байна?
-Өвгөдийн юмыг гээхгүй, сэргээх хэрэгтэй гэдэг санаагаар би бага зэрэг хийж оролдож байсан л даа. Үр шим өгч байсан нь ямар юм бүү мэд. Манай аав Буяндэлгэр хөгжмөөр мэргэлдэг. Ер нь бол урианхайчууд дотор 41 чулууны мэргэ байдаг. Энэ чулуун мэргэ, цуур хоёр яалт ч үгүй холбоотой. Хүний хувийн чанартай юмыг 41 чулуугаараа мэргэлж, зөвлөгөө өгдөг байжээ. Би өвөөгийнхөө 41 чулуу тасалсан нэг жишээг ярия.  Ховд аймгийн Мөнххайрхан сумын нутагт  нэг айлын тэмээ алга болоод адуугаа салбартал хоёр сар хайж гэнэ. Салбартал гэдэг бол тэр малыг эцтэл гэсэн үг л дээ. Тэгээд чулуу таслаад өгөөч гэж өвөө дээр ирэхэд, өвөө маань “Та нар битгий хай, энэ тэмээ чинь гарзандаа гарсан байна” гэж гэнэ.  Гарзандаа гарсан гэдэг үхлээ гэсэн үг шүү дээ. Нөгөө хүмүүс хайгуулаа больж. Нэг сар орчмын дараа нь нөгөө тэмээ нь гадаа нь хүрээд ирсэн гэж байгаа. Энэ өвөө чулуу тасалж мэддэггүй юм байна шүү дээ гэж ярилцан, цай уучихаад гараад ирсэн, тэр тэмээ нь гэрийнхээ гадаа үнсэндээ хөрвөөгөөд үхчихсэн байсан гэнэ. Хайхгүй учир нь энэ байж гэж тэр айлынхан нь ярьж байсан гэдэг. 
Чулуугаар мэргэлэхдээ, тэр хүнийг  гартаа нэг юм атгаж ир, би таавал амьдрал ахуйг чинь үзэж өгнө, таахгүй бол өнөөдөр миний мэрэг таарахгүй нь дараа үзэж өгөе гэдэг байсан байна. Харин цуураар айлын ахуй, урт удаан хугацааны юмыг үздэг байсан. Хөгжмийнхөө хэмнэлээс шалтгаалаад ямар явах, юун дээр анхаарахыг нь мэдэж мэргэлчихээд, тоглох ая аялгуугаараа засч, анхаарч явах зүйлийг нь хэлээд өгчихдөг байсан байна. 
-Үнэхээр сонин соёл байж шүү. Энэ том соёлыг гэрээсээ хэдүүлээ өвлөв?
-Ам бүл тавуулаа. Тавуулаа чадах чадахаараа үлээдэг. Хамгийн гайгүй нь аав маань, манай дүү Б.Загджав, тэгээд би гэх юм уу даа. Өвөөгийн бусад ач зээ, дүү нар маань бүгд л өөр өөрийнхөөрөө дуу гаргаж тоглож л байдаг. Дуу гаргахгүй хүн цөөн. Ер нь бол, манайхан найман үеэрээ цуур хөгжим өвөлж ирсэн удамтай. Би бол,  цуур хөгжмийг тав зургаан настай байхдаа өвөө болон ааваасаа сурч эхэлсэн. Харин СУИС-д оюутан байхдаа цуур гэдэг бол Монголын их том соёлын өв гэдгийг ойлгож, түүнээс хойш цуурын олон төрлийн ажилд өөрийнхөө чадахаар зүтгэж явна. 
-Цуур хөгжмөөр одоо хэчнээн хүн тоглож байна?
-Би 2006 оноос “Хүннү цуурчдын холбоо” гэж ТББ байгуулаад Баян –Өлгий, Ховд, Улаанбаатар, Эрдэнэтэд  шавь сургалт явуулсан. Үүний үр дүнд 70-80-аад  хүн гарч ирсэн. Одоо бол ерөнхийдөө, цуур дуугаргадаг, оролддог хүн 100 орчим болчихоод байна. Хөгжим бүжгийн сургууль дээр Г.Нямжанцан,  СУИС-д  Н.Санжаадорж гэдэг залуу мэргэжлийн хөгжмийн сургалтад оруулахаар анхан шатны сургалтууд явуулж байна. Үүний хүчинд, чанарын хувьд сайн гэж хэлэхгүй ч, сурах эрмэлзэлтэй хүний тоо өсч байгаа. Энэ бол 2009 онд цуур хөгжим ЮНЕСКО-гийн биет бус соёлын өвд бүртгүүлж, 2014 онд Монгол Улсын Засгийн газраас “Монгол цуур” үндэсний хөтөлбөр баталсантай холбоотойгоор, хүмүүс үүнийг хүндэтгэх хүсэл эрмэлзэлтэй болж байгаа.
-Хамгийн сүүлийн асуулт, Эмэгтэй хүн цуур тоглож болох уу?
-Миний шавь нар ихэнх нь  эмэгтэй. Урианхайчууд дотор, эмэгтэй хүн цуур тоглодогүй, эмэгтэй хүн тууль хайлдаггүй гэсэн яриа байдаг. Гэхдээ эрт үедээ байсан ч сүүл рүүгээ шашны нөлөө ороод эмэгтэйчүүдийг энэ соёлоос хорьж эхэлсэн байдаг. Манай авга эгч  П.Өлзий гэж цуур тоглодог хүн байсан.

 

Facebook хаяг: https://www.facebook.com/naran...

Ярилцсан:Б.Хандмаа

Эх сурвалж: khandmaa@montsame.gov.mn  2018-04-10 13:33:41  https://montsame.mn/mn/read/86...