Х.Намсрай: Бид хүссэн, хүсээгүй цөмийн энергиэ шүтэж, түүнийгээ ашиглах нь зүй ёсны асуудал
5 жил өмнө

Өчигдөр Монгол Улсын төрийн соёрхолт, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, академич, доктор, профессор, цөмийн физикч Х.Намсрай гуайд Цөмийн Энөргийн газрын удирдлага тус байгууллагын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн гишүүд хүндэтгэл үзүүлж хүлээн авч уулзлаа. Энэ үеэр түүнтэй цөөн хором ярилцсан юм.

-Шинжлэх ухааны салбараас Чингис хааны одонг анхлан та хүртсэн, Тэр үед төрсөн сэтгэгдлээсээ хуваалцаач?

-Энэ шагналыг урьд нь улс эх орон, төрийг удирдан жолооддог төрийн тэргуүнүүд голдуу авч байсан учраас эрдэм шинжилгээний энгийн ажилтанд яагаад өгч буй юм бол гэж гайхсан.

Дараа нь миний ард байгаа олон авьяаслаг залуу, эрдэм шинжилгээний ажилтан, шинжлэх ухааны байгууллагад олон жил зүтгэсэн хүмүүсийн хичээл зүтгэлийг төрөөс үнэлж, хойч үед маань хүндэтгэл хийгээд урам хайрласан явдал болох юм гэж бодсон.

-Та анхнаасаа энэ салбарыг сонирхон судалсан уу?

-Тийм. Анхнаасаа л физик сонирхсон. Хоёрдмол санаа надад огт байгаагүй. Хэрэв сэтгэл хоёрдвол ажил цалгардана, бүтээмж ч тэр хэмжээгээр багасна. Тийм учраас аливаа зүйлийг хийж буй хүнд хоёрдогч санаа, эргэж буцах алхам хэрэггүй л дээ.

Аав, ээж маань физикийн талаар нарийн мэдэх биш, "Хүү минь сураад байгаарай, хичээгээрэй" гэж хэлэхээс биш чи ийм мэргэжилтэй болох хэрэгтэй, энэ чиний амьдралын утга учир шүү гэж хэлж байгаагүй.

Миний үеийнхэн л шинжлэхухаан, нарийн мэргэжлийн анхдагчууд. Түүнээс өмнө нарийн шинжлэх ухаан манайд хөгжөөгүй, бүгд малчин байлаа. Би өөрийнхөө сонирхлоороо л физикийн шинжлэх ухааныг сонгосон.

-Ертөнцийн бүтцийгбүрдүүлэгч эгэл урт бүхий цэгэн бус онолыг боловсруулж, квант физикийн онолд шинэ чиглэл гаргасан хүн та. Маш олон жилийн хөдөлмөр шүү?

-1940 оноос хойш эрдэмтдийн шийдэх гэсэн гол асуудал энэ байсан юм. Физикийн онол боловсруулж байтал шийдэж боломгүй нэг хүндрэл гардаг юм л даа. Түүнийг шийдэхийн тулд нэмэр болсон нэг дусал нь миний энэ онол. Энгийнээр тайлбарлавал, телевиз, гар утсаар гүйж байгаа гэрэл нь жижиг бөөмийн урсгал байдаг юм.

Энэ бөөмийн урсгалыг эрдэмтэд бүтэцгүй гэдэг. Гэхдээ хөдөлгөөнийг нь бичих гэхээр хүндрэл үүсдэг. Миний энэ онолд гаргасан гол санаа бол бөөмсийн бүтцийг нь тодорхойлох, нэг сантиметрийг хэдэн сая, хэдэн тэрбум хуваасантай тэнцэхүйц бүтэцтэй байдаг юм бэ гэдгийг л тогтоосноор хүндрэлийг арилгаж болох арга зам нь гарч ирсэн юм.

Өөрөөр хэлбэл, олон орны эрдэмтэд бүгдээрээ нэг л зүйлийг тал талаас нь мэрдэг. Ийм нэг шинэ юм оруулъя, үүнийг нь орхисон байна гээд л нэг л асуудлыг шийдэхийн тулд олон санаа дэвшүүлдэг. Би түүний нэг дуслыг нь л бий болгосон хэрэг.

Түүнийг л "Намсрайн онол", "Намсрайн дөхөлт” гэж нэрлэсэн. Олон орны, олон мянган эрдэмтдийн гаргасан далай шиг их бүтээлийн нэг жижиг дусал нь л "Намсрайн шийдэл”. "Намсрайн онол’’, "Намсрайн дөхөлт’’-ийг 40 жилийн турш нухаж байж гараас гаргасан.

Өнөөдөр миний гаргасан онолыг сайхан нээлт хийлээ гээд гэнэт ухаараад дэлхий даяар ашиглана гэж байхгүй шүү дээ. Шалгуур гэж маш урт хугацаа шаарддаг зүйл бий. 10-20жилийн дараа яах аргагүй "Намсрайн онол”-ын үр дүн юм байна шүү дээгэж хүлээн зөвшөөрөх жишээтэй.

Судлаач эрдэмтэн хүн нэг шинэ юм хийчихлээ, шинэ томъёо олчихлоо гэж хэлэх эрхтэй. Гэхдээ тэр нь олны хүртээл болж, нийтэд хүлээн зөвшөөрөгдөнө гэдэг нь урт удаан хугацааны үйл явц. Заримдаа тэр нь худлаа байх нь ч бий.

-Та олон оронд эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдэд урт, богино хугацаагаар ажиллаж байсан юм билээ. Манайд ажиллаач гэсэн санал ер нь хэр олон ирж байсан бэ?

-Би Орос, Америк, Англи, Швейцарь, Герман, Итали зэрэг улсуудад томилолтоор ажиллаж байсан. Социалист систем задарсны дараа бүрэлдэхүүнд нь байсан улсуудад бэлтгэгдсэн эрдэмтдийг авах сонирхлоо Америк илэрхийлж эхэлсэн юм.

Аргагүй шүү дээ, нэг эрдэмтнийг бэлтгэх зардал 100 мянган ам.доллараас дээш үнээр яригдана. Магистрантур, аспирантур, докторантурт сургахад цаг хугацаа их зарцуулна. Тийм учраас Оросын болон социалист орнуудад ажиллаж байсан эрдэмтдийг татаж авахын тулд 1995 оны дундуур "Ногоон карт” гэх зүйл гаргасан.

"Америкт ажиллаж, амьдрах виз олгоод, ажлын байр гаргаж өгье, Та ногоон карт авах уу?” гээд надаас ч асууж байсан. Эх оронтой хүн учраас би чимээгүй орхисон. Ер нь өөр байгууллагуудаас түр хугацаагаар ажиллах олон урилга ирж байсан.

-Сүүлийн үед цөмийн энергийн салбарын талаар ташаа ойлголт их гарах болсон. Мэргэжлийн хүний хувьд таны бодлыг сонсмоор байна?

-Миний судалгааны ажил ерөөсөө цөмтэй холбоотой. Манай салбарынхан эх орондоо цөмийн судалгааг хөгжүүлэх, бүр цаашдаа цөмийн хавсарга судалгааг цахилгаан станц болтол нь хөгжүүлэх зүй тогтлыг өвөртөлж ирсэн жилийн туршлагатай.

Ер нь цөмийн энерги гэдэг бол шинжлэх ухааны хамгийн дээд оргил нь юм. Энэ нь техникийн болоод судалгаа, онолын хувьд гарсан дэвшил нь. Аль улс цемтэй, түүнийгээ хэрхэн ашиглаж байна гэдгээр нь дэлхийд хэмждэг болсон.

Тийм учраас бид хүссэн, хүсээгүй цемийн энергиэ шүтэж, түүнийгээ ашиглах нь зүй ёсны асуудал. Цаг нь ирэхээр бид цөмийн цахилгаан станцтай, түүнийг судалдаг эрдэмтэдтэй болох ирээдүй харагдаж байна.

Тэгэхээр монгол орны хөгжил дэвшлийн нэг гол зүйл бол гайхамшигтай энэ шинжлэх'ухааны хөгжил дэшлийг өөрийнхөө амьдрал ахуйд ашиглах болсон гэдгийг хэлмээр байна. Өнөөдөртөө бол зарим нэг эргэлзээ байгааг үгүйсгэхгүй. Энэ бол бидний хэлдгээр нялхасын өвчин юм.

Ямар ч зүйл хөгжихдөө эргэлзэж буцсан тийм асуудал байж л байдаг шүү дээ. Зүй тогтлынхоо л дагуу явж байгаа хэрэг. Харин ч бид бие даасан салбар агентлагтай байгаа нь хамгийн чухал.

Учир нь дэлхийн бүх улс орон цөмийн энергийн салбартай юу гэж асуудаг. Ялангуяа хотын утааг багасгахад хамгийн чухал салбар бол цөмийн энергийн газар юм. Тэгэхээр зайлшгүй энэ агентлаг байх хэрэгтэй

-Дэлхийн эрдэмтэд хүлээн зөвшөөрөөд, "Намсрайн онол”, "Намсрайн дөхөлт” гээд таны нэрээр нэрлэгдсэн шийдэл, томъёолол бий болох цагт танд юу мэдрэгдэж байв?

-Тэр чинь гэнэт "Намсрайн онол" гээд нэрлэчихдэг зүйл биш. Энэ бол урт удаан цаг хугацааг туулсан учраас хэзээд нь баярлаж, хэзээд нь өөрөөрөө бахархаж байсан юм бол гэх зүйл байдаггүй юм, бүх эрдэмтний хувьд.

Урсгалаараа хүлээн зөвшөөрдөг учраас. Зарим тохиол-долд бурхан болсны дараа бүтээлийг нь үнэлэх тохиолдол ч бий.

-Дэлхийн академийн гишүүн өөр монгол эрдэмтэн бий юү?

-Байдаг. Би анхных нь болоод, нэрийг нь дэвшүүлж, санал болгосоор одоо надтай нийлээд зургаан хүн Дэлхийн академид данстай. Жишээлбэл, хөдөө аж ахуйн салбараас Ж.Гарьдхүү гэж хүн байна, геологийн салбараас Д.Доржнамжаа, нийгмийн ухааныг Р.Барсболд төлөөлж байна. Бүгд миний гарын үсгээр, миний санал болгосноор гишүүн болсон.

-Та академийн гишүүн болж байсан үеэ дурсаач гэвэл?

-Нобелийн шагналт, Дагестаны Абдул Салам гэж гарамгай эрдэмтэн хүн бий, Байгалийн дөрвөн хүчний цахилгаан соронзон, сул харилцан үйлчлэлийн нэгдлийг боловсруулсан эрдэмтэн. Эртний танил тэр хүнтэй нэг удаа уулзахад ийм академи байгуулж байна.

Монголоос та төлөөлж, манай гишүүн болбол ямар вэ гэж анх санал болгож байсан юм. Гэхдээ ингэж хэллээ гээд шууд гишүүн болчихгүй шүү дээ. Миний бүтээлүүдийг олон эрдэмтэн хэлэлцээд, гишүүнээр элсэхийг хүлээн зөвшөөрч байсан.

Явсаар одоо би энэ академийн экспертийн комиссын гишүүн болчихсон. Арваад жил болж байна. Энэ академид элсэх хүсэлтэй, эсвэл шагналд нэр дэвшиж байгаа гишүүдийн бүтээлийг шүүн хэлэлцэж, үнэлэлт дүгнэлт өгдөг юм л даа.

-Төр засгаас эрдэм шинжилгээний ажилтнуудыг арай л дутуу үнэлээд байна гэж бодогддог уу?

-Одоогийн нөхцөлд залуучууд гадагшаа яваад 2000 ам.долларын цалинтай ажил хийх сонирхолтой байгаа. Тухайлбал, Герман яагаад өндөр цалин өгч байна вэ гэхээр хураасан нөр их хөрөнгө тэдэнд бий.

Харин манайх бол дөнгөж хураах шатандаа явж байна. Тиймээс манайд 2000 ам.долларын цалин өгөх боломж байхгүй. Гэхдээ манай залуучууд эх орондоо эргэж ирж байгаа. Тэнд 2000 ам.доллар аваад болсон болоогүй ажил хийж явснаас эх орондоо ирээд хоёр, гурван авьяаслаг залуу аваад компани байгуулаад ажиллах нь хэрэгтэй гэдгийг ойлгож ирж байна.

1990-2000 он биш, өнөөдөр нөхцөл байдал шал өөр болж байгаа. Энэ бол бүх дэлхийн хөгжлийн чиг хандлага. Солонгос мундаг хөгжчихсөн гээд ц яриад байдаг. Яг манайх шиг л байсан шүү дээ. Бүр манайхаас дор, байгалийн баялаг ч байхгүй. Гэхдээ зөв шийдлийг нь олдог төр, засаг байх хэрэгтэй.

Энд бас нэг асуудал бий. Би бол онолын физикч учраас үзэг, цаас байхад л болдог. Туршлагын чиглэлээр мэргэшсэн хүнд бол нарийн багаж, төхөөрөмж, компьютер хэрэгтэй. Мөнгө төгрөг их шаардана. Маш хэцүү. Энэ хангамж нь муу учраас судлаач хүмүүс Монголдоо үлдэж чадахгүй байгаа байхгүй юу.

Бусад орны эрдэмтэд маш нарийн багажаар, нарийн туршилт хийж байхад бид бүдүүлэг туршилт хийхээр тэр хүний түвшинд хүрч, үнэлүүлж чадахгүй байна шүү дээ. Ядахад, багаж төхөөрөмж таван жил болоод л хуучирчихна. Ийм багаж нарийн тооцоон дээр алдаа гаргадаг.

Тийм учраас туршлагын физик, биологийн эрдэмтэд энд, Монголд ажиллахад хүндрэл үүсдэг. Тэгээд гадаадын эрдэмтэдтэй хамтрахаас өөр арга үлдэхгүй. Харин цаас, үзгээс өөр зүйл ашигладаггүй, онолын эрдэмтдэд энд гайхамшигтай сайхан боломж бий.

Олон улсын янз бүрийн төсөлд хамрагдаж энэ цоорхойг нөхөх бас нэг арга бий. НҮБ-ын, Европын холбооны зэрэг олон төсөл хэрэгждэг. Энэ бол шинжлэх ухаан Монголд хөгжих нэг гарц нь. Гишүүнээр элсээд багахан мөнгө төлөөд л судалгаа хийж болох олон төв дэлхийд бий.

Тухайлбал, Дубна хотын Цөмийн шинжилгээний хүрээлэн байна. Бид 1956 онд тэндхийн гишүүн болсон. Тэрнээс хойш хичнээн олон эрдэмтэн тэнд бэлтгэв. Тийм учраас манай өнөөгийн нөхцөлд хамгийн таатай боломж бол олон улсын хүчийг ашиглаж, тэндээ ажиллах бол маш чухал хүчин зүйл.

О.Жаргал

Эх сурвалж: Нийслэл таймс