Ш.ЯЛАЛТ: Тонныг нь 50$-р зарж чадахгүй бга нүүрсэнд 1кг нь хагас сая $-р үнэлэгддэг сансрын техник, дуунаас хурдан онгоцний үйлдвэрлэлд онцгой шаардлагатай чухал материал байгаа
Монголын анхны электроникийн үйлдвэр МОНЕЛ-ийг үүсгэн байгуулагч, Монелтех компанийн захирал Ш.ЯЛАЛТын инновацийн талаар бичсэн ИННОВАЦИ эсвэл СҮЙРЭЛ нийтлэлийг танд хүргэж байна.
МОНГОЛ УЛСАД ӨНДӨР ТЕХНОЛОГИЙН ҮЙЛДВЭРЛЭЛ ХӨГЖҮҮЛЭХ БҮРЭН БОЛОМЖТОЙ.
Монгол орны эдийн засгийн байдлыг сайжруулах нэг үндсэн арга зам бий. Энэ бол мэдлэг шингэсэн, материалын орц багатай, өрсөлдөх чадвар өндөртэй бүтээгдэхүүн үйлдвэрлэж эдийн засгийг амь оруулах явдал юм. Ийм учраас инновацийн үйл ажиллагааны хөгжлийг хангаж, эрчимжүүлэх, шинжлэх ухаан технологийн өнөөгийн ололтуудыг сорчлон авч үйлдвэрлэлдээ шуурхай нутагшуулан нэвтрүүлж эдийн засгийнхаа бодит өсөлтийг хангаснаар ард түмний аж амьдрал дээшилнэ.
Хөгжиж байгаа болон хөгжилтэй орнуудын ДНБ-ий өсөлтийн 70-85 хувийг мэдлэгт тулгуурласан, инновацийн технологи бүхий үйлдвэрлэлээр хангаж байна. Тухайлбал, мэдлэгт тулгуурласан иргэний нийгэм товойн гарч ирээд, тэрхүү мэдлэг нь инновацид тулгуурласан бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжийг олгож нийгмийн хөгжлийг тодорхойлох гол хүчин зүйл болж байна.
Ингээд мөн нэгэн цоо шинэ соёл иргэншил үүсэн төлөвших нь. Энэ нь инновацийн соёл иргэншил гэж нэрлэгдэх боллоо. Шинэ төрлийн бүтээгдэхүүн зохион бүтээх, үйлдвэрлэлд нэвтрүүлэх хугацаа хэдэн арван жил, бүхэл зуунаар хэмжигдэж байсан бол сүүлийн үед бүр хэдхэн сараар хэмжигдэх болж байна. Хөгжил дэвшил, өсөлтийн хамгийн гол хэмжүүр үзүүлэлт нь инновацийг хэрхэн төрүүлж байгаа, бойжуулж байгаа, нутагшуулж байгаа болон үр шимийг нь хүртэж байгаа байдал юм. Электроникийн салбарт анх эхэлж хүчээ авсан инновацийн их давалгаа нь өнөөдөр программ хангамж, харилцаа холбоо, хими биологи, материал судлал зэрэг манай гаригийн үйлдвэрлэл, технологийн бүх салбарыг хамрах болжээ.
Энд чухам инноваци гэж юу болох тухай ойлголтыг жаахан тодруулъя. Инновацийг хэд хэдэн талаас нь авч үздэг. Ерөнхийдөө эрдэм шинжилгээ, судалгааны ажлын үр дүнд бий болсон нээлт, шинэ бүтээлийг үйлдвэрлэлд бүтээгдэхүүн хэлбэрээр нэвтрүүлсэн үйл ажиллагааг хэлдэг. Инновацийн тухай ойлголт нь шинэ бүтээгдэхүүн гаргах, үйлчилгээ үзүүлэх, тэдгээрийг хэрэгжүүлэх арга, технологи, эрдэм шинжилгээний болон зохион бүтээх үйл ажиллагаа юм. Мөн тэдгээрийг зохион байгуулах, эдийн засгийн ашиг олохоор санхүүжүүлэх зэрэг хүрээг ч мөн хамруулна. Энэ дундаас инновацийн хоёр чухал онцлогийг тодорхойлбол:
Нэгдүгээрт, бүтээлч үйл ажиллагаа, оюуны хөдөлмөрийн үр дүн.
Хоёрдугаарт, шинэлэг зүйлийг нэвтрүүлэх үйл ажиллагаа юм.
Сүүлийн үед инновацийн Олон улсын стандарт гэдэг ойлголт гарсан. Инновацийг бүтээлч үйл ажиллагааны үр дүнд бий болсон шинэ болон сайжруулсан бүтээгдэхүүн, тэдгээрийг үйлдвэрлэхэд шаардлагатай технологийн процесс хэлбэрээр илрэн гарч ирээд практикт нэвтрэн зах зээлд амжилттай борлуулж байгаа эцсийн үр дүн гэж ойлгож болох юм. Харин шинэлэг санаа, зураг схем, онолын үндэслэл зэрэг нь практикт нэвтэрч хэрэглээнд хүрээгүй л бол инноваци гэхгүй. Өөрөөр хэлбэл, сувай үнээтэй л ижил юм даа.
Иймд инноваци нь шинжлэх ухаан, технологийн шинэлэг чанар, практикт нэвтэрсэн байдал буюу үйлдвэрлэгдэж эхэлсэн, өөрөөр хэлбэл аль нэг салбарт хэрэглэгдэж байдаг гэсэн үг.
Тэгвэл инновацийн процесс гэдэг нь шинэлэг зүйлийг бүтээх ба дэлгэрүүлэх үйл ажиллагаа юм. Ер нь “Innovation” гэдэг англи үг нь шинэчлэл, шинийг сэдэх, шинэ санаачилга гэж ойлгогддог.
Монгол Улсын эдийн засаг сүүлийн хэдэн жилийн дотор “Баялгийн хараал”-д ямар нэг хэмжээгээр өртөн, ганцхан хоногт олон арван сургууль, цэцэрлэг, эмнэлэг барих мөнгөө гадаадын хөрөнгө оруулагч нэртэй мөнгө хүүлэгчдэд хүү хэлбэрээр төлж байна. Энэ нь эдийн засагт ямар их дарамт үзүүлж, бүр муужруулж байгаа нь ойлгомжтой. Энгийн үгээр хэлбэл, хайртай охиноо хадамд өгөөд дараа нь өдөр болгон хурдан морио хүргэндээ барьж өгч нядлуулж байна гэсэнтэй агаар нэгэн юм.
Манай эдийн засагт өндөр технологийн үйлдвэрлэлийн эзлэх хувь өчүүхэн байгаа нь инновацийн төвшин дэндүү доогуур байгааг бэлхнээ харуулж байгаа. Ихэвчлэн хүрзний технологи голлож, баялгийг ухаж аваад зарахыг л манай толгой бизнесмэнүүд чадаж байна. Хэсэг хугацаанд ингэж мөнгө босгож болох ч энэ нь яваандаа мөхөлд хүргэх нь дамжиггүй. Хөгжсөн орнууд нүүрснээс 500 гаруй төрлийн материал гарган авч байна. Нүүрс гэхэд 15-20 жилийн дараа хэнд ч хэрэггүй болох магадлалтай. Энэ нь эрчим хүчний цоо шинэ эх үүсвэр бий болж байгаатай холбоотой. Одоо манай улсын Шинэ технологи – Инновацийн боломж, өрсөлдөх чадварыг авч үзье.
Саяхан эдийн засгийн өсөлт 18 хувьд хүрлээ гэж хөөрцөглөж байсансан. Савангийн хөөс мэт замхрахад манай төр засгийн газрын түшмэдүүдийн санаачлан хэрэгжүүлж ирсэн зуун ямаанд жаран ухны үлгэр болох Тахарын алба, Боомтын нэгдсэн захиргаа, Хөдөлмөр нийгэм хангамжийн хоёрын хоёр яам, төрийн албан хаагчдын тоог сүүлийн хоёрхон жилд 30000 хүнээр нэмэгдүүлсэн зэрэг эдийн засгаа сөхрүүлэх “инновациуд” илт нөлөөлсөн нь тодорхой.
Хамгийн эмгэнэлтэй нь Монгол Улс ялангуяа сүүлийн жилүүдэд өөрийн орны оюун ухааны хүчин чадлыг эдийн засгийн, технологийн инноваци хөгжүүлэх, нутагшуулах, мэдлэг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд чиглүүлж чадсангүй. Өрсөлдөх чадвартай бүтээгдэхүүнээр өөрийн хэрэгцээг хангаад цаашаа дэлхийн зах зээлд гарахын ганц болзол бол инновацийн төвшин гэдэгтэй одоо маргах хүн гарахгүй байх. Өөрөөр хэлбэл, хөгжлийн тулгуур нь инновацийн эдийн засаг, мэдлэгт тулгуурласан эдийн засаг байх учиртай.
Уул уурхайг хөгжүүлэхийн хажуугаар мэдлэгийн үйлдвэрлэлийг 100 дахин хурдан хөгжүүлж чадвал сая найдвартай түргэн хөгжлийн замд орох түлхүүрийг гартаа оруулна. Энд хамгийн гол хоёр хөшүүрэг хэрэгтэй бөгөөд энэ нь инновацид зориулах төсвийн хөрөнгө, татварын бүтэц юм.
Хүнд суртлын данхар бүтэц тэнд зарцуулж байгаа төсвийн нүсэр хөрөнгөн дотор судалгааны ажилд зарцуулж байгаа хөрөнгө үнэндээ нуудгайгаа далдлахад ч хүрэхгүй ДНБ-ий дөнгөж 0.27 хувь байна. Энэ нь Монгол Улсын эдийн засгийг “харакири” хийхэд түлхэж байна. Инноваци нэвтрүүлэлтийн төвшнөөр манай улс нэлээд сүүлийн байрт найдвартай хэвтэж байгаа нь судалгаанаас харахад тодорхой байна. Тухайлбал, чадварлаг инженерүүдийн хүрэлцээ, технологийн дэвшлийг дэмжих бодлого, дэвшилт технологийн хөрөнгө оруулалт, хууль эрх зүйн орчны дэмжлэг зэрэг үзүүлэлт дэндүү доогуур байна. Тухайлбал, Сингапур зэрэг улстай харьцуулахад 2-3 дахин доогуур байгаа бөгөөд өндөр технологийн агуулга бүхий экспортын нийт экспортод эзлэх хувь Сингапурт 45.16 хувь байхад манайд дөнгөж 0.3 хувь байна. Дээрх хүснэгтээс харахад 100000 хүнд ногдож байгаа патент мэдүүлгийн тоо Сингапурт 87 байхад манайд ердөө нэг байх жишээтэй.
Байгалийн асар их баялагтай, 50 сая малтай, гуравхан сая хүнтэй, цунами хар салхи хэзээ ч нүүрлэхгүй Ази тивийн өндөрлөгт байрладаг орны иргэд болж төрчихөөд бид яагаад ингэж амьдрах болов оо? Яагаад хүн амын тэн хагас нь дөнгөж өл залгуулж явна вэ?
Ганцхан шалтгаан байгаа нь биднийг удирдахаар гарч ирсэн үндэсний лидерүүд хэмээх хэсэг бүлэг хүмүүс өндөр технологи, инноваци нэвтрүүлэх ухаан, чадвар хүрэлцэхгүй, засаглалыг зөвхөн өөрсдийн халаасыг түнтийлгэх хэрэгсэл болгон ашиглаж байгаатай холбоотой. Үүний үр дүнд Монгол Улсад өнөөдөр долларын тэрбумтан хоёр, саятнууд хэдэн арваараа төрийн мөнгөөр төржээ.
Өнгөрсөн зуунд Даймлер Бенц шинэ бүтээгдэхүүн болох автомашин үйлдвэрлэсэн бол Генри Форд технологийн инноваци нэвтрүүлсэн нь конвейрын шугам байв. Энэ нь бүтээгдэхүүнийг олноор үйлдвэрлэх боломж олгосон шинэ инноваци байсан юм. WalМart-ын сүлжээ дэлгүүр болон ах дүү МcDonalds нарын нийтийн хоолны шинэ зохион байгуулалтын инновацийг олон жилийн өмнө нэвтрүүлсэн нь өнөөдөр ч хуучраагүй байна.
Ийм гурван төрлийн инновацид тулгуурласан эдийн засаг, нийгмийн дэвшил бүхий улс нь хөгжингүй орон гэж тооцогдож байгаа бөгөөд хөгжил дэвшил гэдэг нь товчоор инноваци нэвтрүүлж чадаж байгаагийн үзүүлэлт болжээ.
Уг нь бидний Монгол Улс гайхамшигтай инновацийн бүтээлүүдийг түүхэндээ хэрэгжүүлж ирснийг Ил хаадын үед Персид байгуулсан өнөөгийн NASA-тай эн тэнцэх одон орны судалгааны төв, услалтын систем, дөнгөж өнөөдөр учрыг нь олж байна. Жишээ нь, композит материалаар хийгдэж байсан өндөр хурд, цохилтын хүчтэй исгэрдэг нум сум, хоорондоо өртөөний зайнд байрласан элсэн цөлийн дундахь агаараас ус ялгадаг эрчлүүрт технологийн худгууд, пуужинт технологийн эхлэл болох галт сумаар харвагч техник хэрэгслүүд, тэр үед Европ тивд ч байгаагүй эрэгтэй, эмэгтэй хүмүүс тусдаа халуун усанд орж, алжаал тайлдаг газрууд, цэвэр бохир усны системүүд, олон арван мянган цэрэг дайчдыг хооллож, ундалж чадаж байсан одоогийн Макдональдсаас дутахгүй систем, орчин үеийн интернэтийн өвөг эцэг гэгдэж байгаа шуурхай морин өртөө зэргээс харж болно.
Хүлэг хаан баруун зүг дайлаар мордохдоо их цэргийн урд талд 20000 хүнтэй инженер, техникийн бүхэл бүтэн алба хөдөлгөж шаардлагатай гүүр, хүнсний агуулах бусад байгууламж барих, цэргийн хүнд техникийг сэлбэх, засварлах зэрэг ажлыг гүйцэтгүүлж байжээ. Германы их гүн ухаантан В.Гегель “Монголчууд хүн төрөлхтөнд оюун ухаан бэлэглэсэн юм” гэж нэгэн алдарт бүтээлдээ хэлсэн байдаг нь монголчуудын гени ямар их агуу түүхэн уламжлал, потенциалтай гэдгийг дэлхий үнэлж байсны тод гэрч мөн билээ.
Үндэсний инженер техникийн болон эрдэмтдийн хүчийг нэгтгэн төвлөрүүлж эдийн засгийнхаа нэн тулгамдсан асуудлуудыг шийдэх хугацаатай үүрэг даалгавар өгч, зорилго тавин, шаардлагатай санхүүжилтээр хангаж чадвал манай Монгол Улс ойрын хугацаанд сэргэн босож ирэх боломжтой. Үүний нэгээхэн баталгаа нь хэдэн жилийн өмнө МОНЭЛ фирмийн инженерүүд Монголын ориг компьютер зохион бүтээж, өнгөт телевизор үйлдвэрлэж, сансрын болон биотехнологийн зориулалттай өндөр нарийвчлалтай электрон техник хэрэгсэл үйлдвэрлэн гадаад оронд нийлүүлж байсан нь Монгол Улс 2200 жилийн түүхэндээ анх удаа өндөр технологийн бүтээгдэхүүн экспортолж байсан түүх болон үлдсэн юм. Энэ инновацийн багахан үйлдвэрийг босгоход Монгол Улс нийтдээ тав орчим сая ам.доллар зарцуулсан байдаг.
Эдийн засгаа инновацижуулж чадахгүй бол биднийг одоо нэрвэгдээд байгаа ядуугийн зовлон дээр оюун ухааны хоосрол нэрмэж Монгол Улс маань оршин тогтнох, цаашид бидний генийг, хөх толбыг өвлөн Мөнх тэнгэрийн дор түмэн жил алтан жолоог залах ирээдүй хойч маань ямархан нүүр царайтай, хэнбугай болчихсон байхыг тааварлахад үнэхээр аймшигтай.
Хэдхэн жилийн өмнөх тоглоомын дүрэм “Инновацийг зайлшгүй тохиолдолд л нэвтрүүл” гэж байсан бол өнөөдрийн тоглоомын дүрмийг “Инноваци эсвэл сүйрэл” гэж томьёолохоос аргагүй болж байна.
Монгол Улс өнөөдөр ямар ч үнээр гэсэн өөртөө шатахуун үйлдвэрлэдэг болох, нүүрснээсээ хамгийн наад захын бордоо, утаа багатай түлш, карбон нийлэг материал, композит материал, нэг квт нь 50 төгрөгийн үнэтэй цахилгаан эрчим хүч, мах, сүү, ноос, ноолуур, барилгын материал үйлдвэрлэхэд шаардлагатай уур зэргийг гарган авч өргөн ашиглах, нано технологи, супер компьютер, жолоочгүй онгоцны үйлдвэрлэл эзэмших зэрэг ихээхэн өргөн боломж байгааг инновацийн шугамаар нутагшуулан хэрэгжүүлж эхлэхэд 3-5 жилийн дотор л нэг хүнд ногдох ДНБ 10000 долларт хүрэх бодит боломж нээлттэй байгааг Шинэ Засгийн газрын тэргүүнийхээ анхааралд хандуулж, өөрт чинь “Инновацийн засаглал” хэрэгжүүлэх түүхэн хариуцлага тулж ирээд байгааг анхааруулаад эхний яриагаа дуусгая.
Эцэст нь, бидний ганц тонныг нь 50 ам.доллараар зарж чадахгүй байгаа нүүрсэн дотор нэг кг нь хагас сая ам.доллараар үнэлэгддэг сансрын техник, дуунаас хурдан нисэх онгоц, усан онгоц, хурдан галт тэрэгний үйлдвэрлэлд онцгой шаардлагатай чухал нэгэн материал байж л байгаа юмсан даа.
2015 оны 5 дугаар сарын 2.
Улаанбаатар хот