MAL UP Nation | КОВИДЫН ДАРААХ БИЗНЕСИЙН ШИНЭ ДЭГ ЖУРАМ
3 жил, 11 сар өмнө

Короногийн дараа дэлхийн улс орнууд гарааны 1 цэг дээр ирнэ. Одоо бидний хөгжил гэж хөөрцөглөөд байгаад хуурамч шилэн бөмбөлөг хагарна. Хүн төрөлхтөн өөрсдийгөө цоо шинээр тодорхойлно. Байгальд ээлтэй болж, элдэв маяглал, тансаглалгүй энгийн амьдарч эхэлнэ. Амдралынхаа үнэ цэнтэй зүйлсийг дахин шинээр тодорхойлно. Хоосон, хиймэл, зохиомол бүхний араас хөөцөлдөж, тээг, садааг өөртөө бий болгож, утгагүй зүйлд амьдралаа үрж байгаагаа ойлгоно. Байгаль эх дэлхий, орчлон ертөнцтэй зөрчилгүй нэгдмэл оршин амьдрах шинэ дүрэм эхэлнэ.

Элдэв хогон хүнс багасаж, эко, шинэ хүнсийг дотоодоосоо хангахыг чармайж эхэлнэ. Дотоодын үйлдвэрүүд эрс сэргэнэ. Улс үндэстэн бүр өөрийн давуу тал, байгалийн нөөцрүүгээ анх удаа ухамсартайгаар ширтэнэ. Эх дэлхийн хэвлийг ухаж сэндийчих, байгалийг захирна гэж андуурсан хөөрцөглөлүүд газардана. Уугуул соёл ингэншлүүдийн ололтыг гэнэт ухаарч бахархана. Даяаршил гэсэн хоосон цэцэрхэл нурж, үндэстнүүд өөрсдийн өгөгдөл, ялгаралаа илүүтэй ухаарч ойлгоно.

Энэ үед олон мянган жилээр байгальтайгаа зохицон амьдарсаар ирсэн Монголын тал нутгаас ЭКО ХӨГЖЛИЙН шинэ давалгаа эхэлнэ. Хуучин, муухай, өнгөрсөн баларсан гэж муулсан МАЛ од болно. Нүүдлийн соёл иргэншлийн ололтууд дэлхийн алтангадас болно. Дэлхий мянга мянган жилийнхээ жам ёсоор Монголоос дахин суралцана. Жил бүр байгаль эх бидэнд өгч байдаг нөхөн сэргээгдэх баялаг дээр тулгуурлан яаж аз жаргалтай, амар амгалан амьдарч болдогийг дэлхийд ҮЛГЭРлэнэ. Эрүүл энх, эрдэм мэдлэгтэй, чанартай, утга учиртай амьдрал бий болно.

Наанаа амьтны эрх ярьж, начир дээрээ “Ферм” гэсэн гоё нэрээр амьтныг тамлан тарчлаах жам бус хэрцгийлэл эрс багасна. Байгаль өөрийн зүй зохирлоороо буй болгосон Нүүдлийн мал аж ахуй- тэнэг бүдүүлэг хоцрогдмол биш юм байна гэдгийг ухаарна. Байгалийн хамгийн үнэт баялагаа үл ойшоож байснаа ухаарч, малын хишиг буянг хэрхэн зүй зохистой боловсруулж ашиглах ёстойг тодорхойлж, нүүдлийн мал аж ахуйтай хослосон эко үйлдвэрлэлүүдийн бүрэн бүтэн тогтолцоо бүтэц бий болно. Төвлөрөл эрс саарч, залуус утга учиргүй шамбааралдаанаас зугтаж, эко, баталгаат амьдралыг өөрсдөө бий болгоно. MAL-ын амьсгалаас бусдыг ашигласан ECO брэндүүд хөгжинө. Нүүдлийн соёл иргэншилтэй хослосон газар тариалан, бэлчээр, ус бүрэн бүтэн болж, зүй зохирлоороо ажиллаж эхэлнэ. Эко үйлдвэрлэл, эко хотууд, дэд бүтэц цоо шинэ түвшинд хөгжихөд энэ тулгуур дээр Аялал жуучлал шинээр тодрон мандана.

Байгаа юмаа юм болгож чадсаны дараа, дараагийн том боломжүүд үүцээ нээнэ!

#MalUpNation #МалАжАхуйнОрон #ЭкоХөгжлийнҮлгэр

УринХиад Ж.Лувсандорж
2020 оны 1 сарын 7 | Сул сарын 25