Д.Лхагважав- Янмал оймсны үйлдвэрийг үүсгэн байгуулагч, оймсны ноосон утас үйлдвэрлэгч
Монголын анхны оймсны үйлдвэр Янмал брэндийг үүсгэн байгуулагч, оймсны ноосон утас үйлдвэрлэгч, удахгүй IPO гаргахаар бэлтгэж байна.
Янмал брэндээр түүчээлсэн 10 гаруй үйлдвэрүүд Монгол улсын оймсны зах зээлийн 60 гаруй хувийг эзэлж байна.
Монголчуудын хэрэглэж байгаа бараа бүтээгдэхүүний талаас илүү хувь нь гаднаас орж ирдэг.
Импортын барааг орлох бүтээгдэхүүн Монголдоо үйлдвэрлэх талаар багагүй ажил хийж, уриалсны хүчинд бид чамлахааргүй олон зүйлийг эх орондоо үйлдвэрлэдэг болсон.
Түүний нэг нь монгол хүн бүрийн өдөр тутмын хэрэглээ болсон монгол оймс юм.
Энэ удаагийн “Бизнес, хөгжил” буландаа анхны монгол оймс үйлдвэрлэгч “Янмал” компанийн захирал Д.Лхагважавыг урилаа.
-Анх оймс үйлдвэрлэх санаа хэрхэн төрсөн талаараа сонирхуулахгүй юу?
-Би БНСУ-д найман жил ажиллаж амьдарсан. Тэнд байхдаа олон үйлдвэрийг сонирхож судалсан. Их хөрөнгө оруулалт босгож чадахгүй, бага мөнгөтэй хүний хувьд хамгийн түрүүнд хийж болохоор зүйл нь оймсны үйлдвэр байлаа. Тухайн үед оймс хямдхан бүтэх боломжтой юм гэдгийг олж харсан.
Нэг өдрийг алдахад бусдаас 100 алхам хоцордог гэдгийг хүн бүхэн ойлгодог тэр цаг үе ирэхэд л Монголын нийгэм өөр болох байх.
Хуримтлуулсан мөнгө маань 50 мянган ам.доллар байсан учир түүндээ тааруулж санаагаа олсон гэх үү дээ. Тэгээд эх орондоо ирэхдээ хоёр машин, дагалдах жижиг тоног төхөөрөмжийг 20 гаруй мянган ам.доллараар худалдаж авчирсан. Тоног төхөөрөмжөөс гадна газар авах, үйлдвэрээ барих гээд олон асуудалтай тулгарч байсан. Хэрэв хангалттай хөрөнгөтэй бол одоо ч гэсэн ашигтай үйлдвэрүүд олон байна. Тухайлбал, цементийн үйлдвэр байгуулахад их хөрөнгө зарцуулдаг. Хүн бүр хүссэнээрээ цементийн үйлдвэр байгуулна гэвэл чадахгүй. Үүнтэй адил хэмжээндээ таарсан бизнесээ эхлүүлж байсан түүхтэй.
Үнэндээ анх Солонгос улсад очоод тэр улсыг тийм ч сайн ойлгоогүй. Ямартай ч их хөдөлмөрч хүмүүс байсан. Хэсэг хугацааны дараа тухайн улсын амьдрал ахуйтай нь танилцаад ирэхэд хатуу бодлого барьж байгааг нь ойлгосон.
Хэрэв тэнд нэг л өдөр ажил хийхгүй бол маргааш нь дампуурах нийгэмд амьдарч байсан. Солонгос хүн бүр ийм нөхцөлд амьдардаг. Иймд хүн бүр хөдөлмөрлөхөөс өөр аргагүй. Солонгосын нийгэм бол сул зогсож болохгүй болтол нь ажиллуулдаг хатуу нийгэм. Харин манайд эсрэгээрээ. Монгол хүн нэг сар ажил хийхгүй байсан ч үнэтэй хувцас өмсч, инээмсэглэн гудмаар алхаж байна. Ингээд харьцуулахад манай нийгэм арай л болоогүй байгаа юм шиг. Нэг өдрийг алдахад бусдаас 100 алхам хоцордог гэдгийг хүн бүхэн ойлгодог тэр цаг үе ирэхэд л Монголын нийгэм өөр болох байх.
-Таны үзэж байгаагаар манай улсын хөгжил, түүнийг дагасан үйлдвэрлэлийн салбар муу байна гэсэн үг үү?
-Бас ч тэгж хэлж болохгүй л дээ. Нэг үеэ бодоход нийгэм маань маш хурдацтай хөгжиж байна. 2005 онд БНСУ-аас чингэлэг ачаад ирж байсан. Түүнийгээ буулгахдаа ах дүү, найз нөхдөө дуудахад 28 хүн ирж тусалж байсан юм. Өөрөөр хэлбэл, тухайн үед хүмүүс завтай, ажилгүй байж. Гэтэл өнөөдөр чингэлэг ирлээ гэхэд завтай хүн байна уу. Бүгд ажилтай, амжихгүй гэж байна. Энэ бол хүн бүр чадах чинээгээрээ ажиллаж, амьдрах гэж хичээдэг болсны илрэл юм.
-Үйлдвэрлэл эрхэлж байгаа хүн бүр олон бэрхшээлтэй тулгардаг. Түүний нэг нь хүний нөөц. Хүний нөөцийн ямар бодлого барих ёстой юм бэ?
-Хүний нөөцийн бодлогыг тодорхойлоход тухайн үйлдвэр эсвэл компанийн захирал гол асуудал нь гэж би боддог. Хүн бүхэн эхээс төрөхдөө тухайн ажил мэргэжилд мэргэшсэн, дадлагажсан байдаггүй. Тиймээс бид ажиллах хүчний асуудалд уян хатан хандах хэрэгтэй юм. Япон захирлуудын гол баримталдаг зүйл нь ямар ч ажилчнаа эхний зургаан сар дураар нь байлгадаг. Нэг ёсондоо эрхлүүлдэг. Энэ хугацаанд тухайн хүн дагалдан хийж, ажлаа тайван сурч авдаг. Энэ нь ажилчнаа аажмаар дасгаж байгаа хэрэг. Харин зургаан сарын дараа ажлаар шахаж эхэлдэг.
Ингэснээр нэгэнт олж авсан ажлын арга барил, дадлагаа улам хөгжүүлж хурдан ажилладаг. Энэ бол энгийн боловч чухал арга юм. Үүний цаана хүний нөөцөө мэргэшүүлэх, чадваржуулах, тогтвор суурьшилтай ажиллуулах цогц бодлого явж байгаа юм. Сайн ажилтантай байхын тулд өөрөө араас нь уйгагүй хөөцөлддөг байх чанар бидэнд дутмаг байдаг. Миний хувьд зарим ажилчид маань ажлаа таслах, архи уух өөр бусад асуудал гаргах үе их гардаг байсан. Тэр бүхний араас шантралгүй, хаячихгүй явсны үр дүнд олон сайхан сэтгэлээрээ ажилладаг хүмүүстэй болсон.
-Танайхаас хэдэн оймсны үйлдвэр салбарласан гэсэн. Тэгэхээр монголчуудын хэдэн хувь нь монгол оймсоо хэрэглэж байгаа бол?
-Өөрийн үйлдвэрээс салбарлуулж бие даасан үйлдвэрүүд бий болгож байгаа нь нарийн учиртай. Одоогоор “Монгол оймс”, “Тод оймс”, “Сор оймс” гэсэн үйлдвэр салбарлаж гарсан. Сайн дураараа үйлдвэрлэл эрхэлж буй оймсны үйлдвэрүүд байгалийнхаа шалгарлаар ямар нэг төлөвлөгөө, бодлого, чиглэлгүй байснаар монгол оймс гэсэн нэрийг газарт унаган, шаварт хутгаж хаяад хаалгаа хаагаад дампуураад явж байсан. Одоо ч байна. Зарим оймсны үйлдвэр хэсэг хугацаанд ажиллаж ашиг олсныхоо дараа хаагдаж байгаа нь ч цөөнгүй.
Харин би өөрийн үйлдвэрээс салбарлан гарч байгаа үйлдвэрүүдэд 40, 50 жил оршин тогтнох, Монгол Улс одоо болон ирээдүйд оймсоо үйлдвэрлэдэг технологи бүхий улс болж хөгжихийн тулд бид оймсны нэр хүндийг унагаж болохгүй гэсэн бодлого барьдаг. Монгол Улс 100, зуун жил оймсоо үйлдвэрлэж чаддаг байх нь чухал. Өөрөөр хэлбэл, өөрийн бодлого, стандартыг хамтран хэрэгжүүлж явах түшиг үйлдвэрүүд байх ёстой гэснээр ийм ажил эхлүүлсэн. Чанаргүй оймс үйлдвэрлэхгүй, хэрэглэгчдийг хуурахгүй, ирээдүйгээ бодох нь үйлдвэрүүдийн бодлогод орсон байх ёстой. Монгочуудын хэрэглэж байгаа оймсны 50 хувь нь монгол оймс байдаг судалгаа гарсан байдаг.
-Хэдий Монголдоо үйлдвэрлэж байгаа ч түүхий эдээ гаднаас авах нь элбэг. Танай салбарын хувьд түүхий эдээ эх орондоо хийх боломж бий юу?
-Түүхий эдийнхээ 90 хувийг БНСУ, 10 хувийг БНХАУ-аас авч байна. Эх орондоо түүхий эд үйлдвэрлэх боломж бий. Юуны өмнө бид оймсондоо тохирсон утас үйлдвэрлэх зорилт тавьж байгаа. Үүнээс гадна Монголдоо тогтвор суурьшилтай ажиллаж байгаа утас үйлдвэрлэгч компаниудтай хамтран ажиллахаар ярьжбайна. Бид ноосоороо баялаг учир ноосон утас хийх бүрэн боломжтой.
Харин хөвөн даавуун утасны хувьд БНСУ ч үйдвэрлэдэггүй. Үүн дээр нэг зүйл нэмж хэлэхэд манай компани ганцаараа түүхий эдээ гаднаас аваагүй. Гадны бусад улс ч гаднаас түүхий эдээ авч оймс үйлдвэрлэдэг. Үүний учир нь ямар ч улс орон түүхий эд болох утсаа эх орондоо үйлдвэрлэхэд өртөг өндөр байдагтай холбоотой.
-Өнөөгийн бизнесийн хууль эрхзүйн орчин, тулгарч буй бэрхшээлийг ярьвал олон зүйлийг дурдах хэрэгтэй болох байх?
-Үүнийг ярихын тулд олон талаас нь тайлбарлах хэрэгтэй болов уу. Юуны өмнө нийгэм маань төлөвшөөгүй байна. Төлөвшилт байхгүй учир жижиг, дунд үйлдвэрийн үйл ажиллагаанд саад болж байгаа. Түүнээс төр санаатайгаар саад болж байгаа юм биш гэж боддог. Тухайлбал, би өнөөдөр үйлдвэрийн барилгаа цахилгаанд холбох хэрэгтэй боллоо. Гэтэл цахилгаанд холбохын тулд олон байгууллагаар дамжиж, удаан хугацаанд хүлээх асуудлууд гардаг. Тэр дундаа жижиг, дунд үйлдвэр байгуулж байгаа хүмүүс 380 вольтын хүчдэлд холбогдох нь ямар хэцүү гэдгийг мэдэж байгаа.
Төрийн байгууллагууд үйл ажиллагааны зөв зохион байгуулалтад ороогүйтэй холбоотой. Хэрэв жижиг, дунд үйлдвэр бичиг баримтаа хууль ёсны дагуу бүрдүүлж өгсөн тохиолдолд 380 вольтын хүчдэлтэй цахилгаанд холбож болно гэсэн журам, хууль гаргахад л болно. Энэ л иргэдээ дэмжиж байгаа хэлбэр юм. Харамсалтай нь 380 вольтын цахилгаанд холбогдох зөвшөөрөл авахын тулд нэг, хоёр жил хөөцөлдөж байгаа хүн олон бий. Зөвхөн цахилгааны асуудал гэхэд ийм байна.
-Төр иймэрхүү жижиг мэт боловч ээдрээтэй асуудлыг хэрхэн шийдвэл зүгээр вэ?
-Монголд олон иргэн өөрийн эзэмшлийн газар дээр үйлдвэрээ барьдаг. Гэтэл өөрийн эзэмшлийн газартаа үйлдвэрээ барих нь хуулиар хориотой. Өөрийн эзэмшлийн газар дээрээ үйлдвэр барьсан хүн бүхэн хуулиа зөрчсөн гэсэн үг. Уг нь эзэмшлийн газартаа үйлдвэрийн байшингаа барьж болно гэсэн зөвшөөрлийг нь олгочихвол хэн хэндээ амар юм. Төр эзэмшлийн газартаа үйлдвэр барьж, өөрчлөхөд л том дэмжлэг болох юм.
-Тэгэхээр та хууль зөрчсөн гэсэн үг үү?
-Тиймээ. Хувийн өмчлөлийн газар дээр үйлдвэр барьснаар хууль зөрчиж байгаа юм. Өмчлөлийн газраа зориулалтын бусаар ашигласан тул жил болгон хоёр сая төгрөгийн торгууль төлдөг. Ажил хийснээрээ буруудаж байна шүү дээ.
-Гадны оронд томоохон үйлдвэрүүд байрласан төвлөрсөн газар байдаг. Манайд мөн энэ хэлбэрээр байж болохгүй юу?
-Уг нь үйлдвэрээ барихдаа үйлдвэрийн районд барих ёстой гэдэг. Энэ нь манайд жаахан учир дутагдалтай. Хан-Уул дүүрэгт үйлдвэрээ байгуулаад ажиллая гэхэд ажиллах хүч асуудалтай болдог. Төвөөс алслагдсан газар тэр бүр хүн ирж ажиллах боломжгүй. Хэрэв Монголд метро эсвэл дэд бүтэц сайн хөгжсөн бол хол байсан ч хамаагүй 20-30 минут яваад ажилдаа ирнэ.
Гэтэл өндөр хөгжилтэй орнуудын төвшинд хараахан очоогүй байгаа тул бодит нөхцөлдөө тааруулахаас өөр аргагүй. Тиймээс евро стандарт ярих нь манайд арай эрт байх шиг байна. Одоогийн Монголын нөхцөлд ажиллах хүч, хүний нөөц хаана байна түүнийгээ дагаж үйлдвэржилтээ явуулах болж байна.
-Бизнес эрхлэгчид жил бүр улсад их хэмжээний татвар төвлөрүүлдэг ч эргээд төр нь бизнесмэнүүдээ харж үзэх нь бага байдаг гэдэг?
-Энэ тал дээр миний бодол өөр байдаг юм. Монгол хүн бүр үйлдвэрлэл эрхлэх, компани байгуулах эрхтэй. Хэн нэгний дарамт шахалт алга. Тиймээс Засгийн газрын зүгээс хийх ёстой ажлаа хийж байгаа гэж боддог. Улсад их татвар төлж байна гэдэг чинь өөртөө цаанаа их мөнгө хуримтлуулж чадаж байна гэсэн үг. Тэгэхээр их хэмжээний татвар төлж байгаадаа гомдолтой байх шалтгаан байхгүй. Нөгөө талаараа манай үйлдвэр өнгөрсөн жил улсад 110 сая төгрөгийн татвар төвлөрүүлсэн. Мэдээж уул уурхайн том компаниудтай харьцуулахад энэ нь бага мөнгө. Гэхдээ хятад оймс манайд орж ирсээр л байсан бол хэн ч ийм хэмжээний татвар манай улсад төлөхгүй байсан. Монгол оймсны үйлдвэр байхгүй байсан бол 45 хүнийг ажлын байраар хангах боломжгүй. Яг энэ асуудал дээр яагаад жижиг, дунд үйлдвэрийг дэмжих шаардлагатай байгаагийн жишээ гарч байгаа юм.
-Хятадууд оймсноос эхлээд алдартай брэндүүдийг хүртэл хуурамчаар үйлдвэрлэж байна. Жишээ нь танай оймсыг хуурамчаар үйлдвэрлэн худалдаж байгааг хянах боломж бий юу?
-Монголчуудын амьдралын 70 хувь нь хар захаас хамааралтай байна. Гар дээрээс наймаа хийж байгаа олон хүн бий. Үүнийгээ дагаад олон хүн бараан захаар үйлчлүүлж байна. Тиймээс Нарантуул зах байгаа цагт хуурамч бараанд хяналт тавих боломжгүй. Харин хүн бүр Нарантуул зах явах шаардлагагүй болсон тэр үед буюу олон хүн супермаркетаар үйлчлүүлдэг болвол асуудал өөр болно гэж боддог.
-Таны бодлоор манайхан оймсоо хэзээ бүрэн үйлдвэрлэдэг болох бол?
-30-40 жилийн дараа Монгол Улс оймсоо бүрэн үйлдвэрлэдэг болно гэж үздэг. Манайд байгаа оймсны үйлдвэрүүд машиндаа гарсан жижиг эвдрэлийг л засварлаж байна. Гэтэл том эвдрэл, оймсны дизайнер, хүний нөөцийн байдал гээд цааш нь авч явах урт удаан хугацааны бодлого байна.
-Бизнес бол өрсөлдөөн. Ялангуяа урд хөршөөс бараа бүтээгдэхүүн их орж ирдэг. Ийм нөхцөлд маркетингийн бодлого, зар сурталчилгаа гол үүрэгтэй юу?
-Бизнес гэдэг мэдээж өрсөлдөөн. Тиймээс бүтээгдэхүүний чанараараа өрсөлдөх нь чухал гэж боддог. Харин зар сурталчилгааны хувьд заавал рекламдах шаардлагагүй. Хэчнээн сайн гэж сурталчилсан ч монгол, хятад оймсыг хэрэглэж байж л ялгааг нь мэдэрнэ. Тиймээс чанартай бүтээгдэхүүн хийж байгаа бол юунд санаа зовж зар сурталчилгаа хийх хэрэгтэй гэж.
Чанартай бүтээгдэхүүн хийж байгаа бол юунд санаа зовж зар сурталчилгаа хийх хэрэгтэй.
-Мэдээж бизнес эрхлэхэд тодорхой хэмжээний эрсдэл гардаг. Тиймээс цаашид гарах эрсдэлийн талаар тооцоолж байсан уу?
-Анх үйлдвэрээ байгуулахдаа энэ талаар тооцоолоогүй байсан. Үйлдвэртээ хэдэн цагийг өнгөрөөх, яг юу хийх, ар гэртээ хэдэн цаг зарцуулах, түүхий эд авахдаа яаж санхүүжилт хийж татан авах, санхүү зардлуудаа нарийн тооцох хэрэгтэй. Энэ бүгд эрсдэл юм. Харин бага зэрэг хуримтлал үүссэний дараа тоног төхөөрөмжөө шинэчлэх, хүний нөөцдөө анхаарах нь чухал байдаг. Монголын компанийн удирдлагын систем жижиг, дунд үйлдвэрт таарахгүй. Үйлдвэрийн эзэн өөрөө нягтлан, нярав, харуул, тогооч, ажилчин гээд бүхнийг хийж байж бизнес босдог.
-Бизнес хийх санаа хаанаас төрдөг юм бол?
-Юуг дагаж санаа орж ирдэг нь сонин. Мөнгийг дагаж санаа орж ирдэг. Хүн өөртөө байгаа мөнгөнийхөө хэмжээнд юу хийх талаар хайж, бодож эхэлдэг юм билээ. Мөнгөтэй холбоотой нэг зүйл хэлэхэд 20-30 насанд хийсэн нэг цент болгон 40-өөс хойш насанд мянга мянган ам.доллар авчирна гэсэн үг бий. Тиймээс хуримтлал чухал. Хуримтлалтай хүн мөнгөнийхөө хэрээр сэтгэж чаддаг.
https://www.facebook.com/yanmalmongolia/