О.Лхагва- Квант физикч, Дээд тэнгэрийн шинжлэх ухааны квант физикийн үндэс
Нэрт квантын физикч, Доктор, профессор, Олон Улсын Эйнштений нэрэмжит шагналт, Шинжлэх ухааны Гавъяат зүтгэлтэн.
Монгол гүн ухааны, Нүүдлийн соёл иргэншлийн хөгжил, Хөх Мөнх ТНГР-ийн хүчинг Квант физикийн онолоор "Дээд тэнгэрийн шинжлэх ухааны квант физикийн үндэс" судалгааг толилуулсан нэрт эрдэмтэн, судлаач.
Эрдмийн гараа энтэй үйлсийн залуурч
Монгол Улсын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн О Лхагва бол МУИС-ийн уугуул буюу оюутан, багш, эрдэмтэн, профессор юм. Түүний хичээл зүтгэл, эрдмийн үйлс Монголдоо төдийгүй дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн гэдгийг хэлэхэд сэтгэл хангалуун байна. Нэг үгээр хэлбэл, билиг танхай авьяас, эрдэм бүтээл, зүтгэлийн зам мөр, тэр тусмаа шинжлэх ухааны шинэ чиглэлийг эх орондоо хөгжүүлэхээр чармайж, чансаа нь олон улсын төвшинд бүрэн нийцсэн гэдгээрээ онцлогтой. Түүнийг эцэхийг мэдэхгүй хөдөлмөрч, энтэй сэтгэгч, эгэлгүй авьяастан гэвэл олон хүн надтай санал нийлэх биз. Түүний гол чанар “Би үүнийг хийсэн, бүтээсэн” гэж хэзээ ч өөрийнхөө тухай ярьж, сурталчилж явсангүй. Харин бүтээл нь он цагийн шалгуурыг давж, эзнээ түмэн олноо улам бүр таниулж яваа нь гайхамшиг юм. О.Лхагваа багшийн авьяас хүүхэд байхаас нь илрэн онц сурч, багш нарынхаа хайрыг татаж чаджээ. Тухайлбал, дунд сургууль төгсөх тооны шалгалтын сэдвийг багш самбарт бичээд эргэхэд бодлогыг аль хэдийнэ бодчихдог байж. Энэ тухай Г.Додон багш нэгэнтээ бахархан өгүүлсэн нь бий. Түүний энэ чанар оюутан ахуй, судалгааны ажилд нь улам бүр шингэсэн гэлтэй.
Тэрбээр Увс аймгийн 10 жилийн сургуулийг 1957 онд онц, МУИС-ийг 1961 онд улаан дипломтой төгссөн. 1971 онд Цөмийн шинжилгээний нэгдсэн институт (ЦШНИ)-д дэд докторын зэрэг хамгаалахад Онолын физикийн лабораторын дэд захирал, профессор В.Г.Соловьев “Өөрөө сурч, сэдэж, асуудлын гүнд нэвтэрдэг онолч, физикч”, 1995 онд гэрэл, бөөмс атомын үйлчлэлцлийн онолоор шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалахад Москвагийн улсын их сургуулийн профессор В.В.Балашов болон академич Н.Содном нар “Атом, цөмийн мөргөлдөөний онолын шинэ чиглэлийг эх орондоо хөгжүүлж, МУИС-д шавь сургууль үүсгэн бүрэлдүүлсэн эрдэмтэн” хэмээн үнэлсэн байдаг. Эдгээр нэрт эрдэмтэд О.Лхагваагийн монгол билиг авьяас болон бүтээлийнх нь цар хүрээг онож тодорхойлсон гэж одоо ч эрдэмтэн шавь нар нь дуу нэгтэй өгүүлдэг. Түүний бас нэгэн эрхэм чанар “Амжилттай, өдий зэрэгтэй амьдарч яваагаа улс түмнийхээ буян гэж залбирах. Өөрөөр хэлбэл, тэрбээр “Монгол төрийнхөө нэр, түмний буянаар сурч боловсорч, Олон улсын цөмийн шинжилгээний төвд он удаан жилээр ажиллаж, улмаар шавь нар, ард түмнээс нэр хүнд хүлээлгэсний ачийг хариулах нь миний эрхэм үүрэг” гэж ярих дуртай. Үнэхээр ч их сургуульдаа багшилж эхлэнгүүтээ л сургалтыг эрдэмжүүлэх, эх орондоо шинжлэх ухааны шинэ чиглэлийг үүсгэн хөгжүүлэх, сургууль, боловсролын байгууллагыг бэхжүүлэх, Монгол Улсын боловсрол, шинжлэх ухааныг удирдаж зохион байгуулах, хөгжүүлэх үйлсэд өнөөг хүртэл сэтгэл зүтгэл, хүч хөдөлмөр, мэдлэг ухаанаа харамгүй зориулж яваа эрхэм нэгэн буурал юм. Ялангуяа тэрбээр шавь нарынхаа хамт тулгуур шинжлэх ухааны галын шугамд эрэл хайлт хийж, эрдмийн дэвшлийг ямагт соргогоор мэдэрч, шинэ чиглэлийг барьж бүтээх, туурвих оргилуун зорилго дэвшүүлж, түүнийгээ хэрэгжүүлэхийн төлөө одоо ч залуу насныхаа эрчээр ажилладаг, ясны сурган хүмүүжүүлэгч, эрдэмтэн гэвэл олон хүн мөн л надтай санал нийлнэ. Учир нь, үйлс, бүтээлийнх нь урт зам зурайж, хөгжүүлсэн эрдмийн шинэ чиглэл, төрүүлсэн шавь нар, тулгуур бүтээл нь зүй ёсоор олны хүндэтгэл хүлээж байгаа болохоор ийм итгэлтэй хэлж байна. Тэгээд ч эрдмийн гараагаа эрчтэй эхэлсэн түүний гавьяа зүтгэл ямагт энтэй байдаг нь уйгагүй, туйлбартай зангийнх үлгэрлэл юм.
Шавь сургуулиасаа олон алдартан төрүүлсэн “Өндөр аав”
Шавь сургууль гэхээр л хамгийн түрүүнд О.Лхагваа багшийн дүр төрх тодорно. Тухайлбал, тэрбээр Цөмийн шинжилгээний нэгдсэн институт, Москвагийн Улсын их сургууль, МУИС-ийн хамтын ажиллагааны хүрээнд 20 гаруй жил атом, цөмийн физикийн онолыг хөгжүүлэхэд оюун ухаан, хүч чадлаа дайчлан ажилласан юм. Үүний үр дүнд Монголын их сургуулиуд дундын онолын физикийн шавь сургууль бүрэлдүүлсэн гавьяатай. Уг шавь сургуулиас манай орны болон гадаадын Шинжлэх ухааны академийн гишүүн гурав, профессор зургаа, шинжлэх ухааны доктор гурав, дэд доктор 10, олон арван магистр төрсөн төдийгүй Монгол Улсын гавьяат зүтгэлтэн дөрвийг “өлгийдөж” авсан шавь сургуулийн “Өндөр аав” юм. Эдүгээ шавь нарынх нь шавь сургууль ч салбарлан үүсч бэхжиж байгаа нь олзуурхууштай. Түүний их суу заль энэ мэтчилэнгээр үргэлжилж хэзээ ч дундрашгүй билээ.
О.Лхагваа багш хүн төрөлхтөнд хувьслын язгуур учиг үзүүрийг хэлхдэг синергетикийн ухааныг ч өндөр төвшинд эзэмшсэн нэгэн. Мэдлэг чадвараа атом, цөм, бодисын хувирлын зүй тогтол хийгээд гүн ухааны судалгаандаа хэрэглэжээ. Өвөг монголын тэнгэр эрдмийн үндсийг квант физик, синергетикийн үзлийн өндөрлөгөөс судлахдаа “Их суу заль” эрдэм нь суурь хувьсал буюу нүүхүйг илэрхийлэх зарчмаараа өнөөгийн синергетик буюу шугаман бус эрдэмд дүйж байгааг тэрбээр тодруулсан. Тиймээс энд дээд тэнгэр квант физикийн талаар товч өгүүлэх нь зүйтэй. Унги үндэс буюу Өрнийн шинжлэх ухаан одоо ч учир утгыг олоогүй өвөг дээдсийн нүүдлийн соёлын гүн учрыг хумхи ертөнцийн квант физик, синергетик эрдмийн үзэл аргыг хэрэглэн шинэ санаа дэвшүүлсэн эрдэмтэн, багш бол О.Лхагваа юм. Квант физикийн үүднээс үзвэл дээд тэнгэр бол орчлонд гурван цагт тохиох тавилан зураг сан гэж үздэг байна. Судалгааныхаа үр дүнг О.Лхагваа багш “Дэлхийн монголч эрдэмтэд”-ийн VII-XI их хуралд танилцуулж өндөр үнэлэлт авсан байдаг. Монголчууд орчлонгийн дээд оюуны нууцыг билгээр таниад, хүмүүний үйлийг жолоодох дээд шударга үнэн-Тэнгэрийн засаглалыг бадруулсан гэх билиг санааг нь эрдэмтэд, өргөн олон дэмжиж байгаа нь үгээр хэлэхийн аргагүй бахархал, судалгааны үнэ цэнэ юм. Энэ ч утгаараа О.Лхагваа багш “Чингис хаан шуналд автаж дайн хийж байсан биш харин эд, эрхийн хавчлага, дарамтад тарчилж байгаа суурин түмнийг тэнгэрийн засаглал бүхий шударга ариуны замд гаргахыг л чармайж байсан. Тэнгэр үзэл төрийн зарчмаа сэргээж, дэлхийн нүдний өмнө дуурайлал болж чадвал өнөөгийн бид дээдсийн гэрээсийг ариунаар сахиснаа нотлон харуулна. Монгол төрийн өнөөгийн уймрал балчиг бол тэнгэр үзлээ умартан гээж, эзгүйрч эх захаа алдсан балмад танхайрлын баримт мөн” гэж харамсан өгүүлсэнийг дурьдахгүй өнгөрч боломгүй санагдлаа. Түүний эрдмийн цар хүрээ, судалсан бүтээлийг энд нэг бүрчлэн тоочин бичвэл мэдээж сонины хуудас хүрэлцэхгүй. Тиймээс харь орноос эрдэм өвөрлөн ирж, эх орондоо цэцэглүүлсэн намраас товч танилцуулъя
Тэрбээр сүүлийн 10-аад жил ЦШНИ, Европын холбоо, МУИС-ийн хамтын ажиллагааны хүрээнд цацрагийн үйлчлэлээр эс эвдрэх, биохимийн хувирал явах, эс эргэж сэргэх, мөхөх асуудлаар олон улсын хамтын ажиллагаанд оролцон үр бүтээлтэй ажиллаж, эх орныхоо нэрийг дуудуулж яваа цөөн эрдэмтний нэг. Жишээлбэл, уураг тархины нейроны ДНХ-д цацрагийн үйлчлэлээр үүссэн эвдрэлийг судлах арга зүйн багц программ боловсруулсан нь дэлхийн 100 орчим лабораторт нэвтэрсэн байна. Тэрбээр бас “Эх оронд хавдар нүүрлэж байгаад эрдэмтний хувьд сэтгэл ихэд эмзэглэдэг. Иймээс цөмийн анагаахуй, хавдрын язгуур үндсийг илрүүлэх цитогенетикийн судалгааны чиглэлийг эх орондоо үүсгэн цэгцрүүлэхээр зүтгэж байгаа нэгэн. Мөн цацрагийн биологи, цөмийн анагаахуйн олон улсын “Geant 4” багцад суурилсан тооцоо-дүрслэлт туршилтын судалгаа-сургалтын лабораторийг бүтээж МУИС-ийн сургалтад нэвтрүүллээ. Олон улсын төвшний доктор, магистрын сургалтын хөтөлбөр нээснээр таван доктор, хэд хэдэн магистрын судалгааг удирдаж байна. М.Батмөнх Моквагийн улсын их сургуульд, Л.Баярчимэг МУИС-д эрдмийн зэрэг хамгаалахаар судалгааны ажлаа бичиж дуусгасан баяртай мэдээ надад бий. 2013, 2016 онд цацрагийн биологийн олон улсын эрдмийн хурал зохион байгуулсан. 2019 онд ЕХ–ны “GEANT 4” төв болон ЦШНИ-тэй хамтран Азийн орнуудын эрдэмтэн, мэргэжилтэн залуусыг оролцуулсан олон улсын сургалт-семинарыг зохион байгуулахаар бэлтгэл хангаж байна” хэмээн даруухан өгүүлж байсан нь одоо ч сэтгэлд тодхон.
“Нэвтэрхий толь”-д бүртгэлтэй нэр хүндтэй эрхэм
Түүний амнаас байнга гарах “Тооцоо-дүрслэлт лаборатори”-ын талаар тодотгоё. О.Лхагваа багш олон жил хуримтлуулсан физик, математик, мэдээллийн технологийн мэдлэг, чадвар туршлагаа хэрэглэн байгаль-нийгмийн үзэгдлийг математикаар илэрхийлж улмаар юмс, үзэгдэл хувирлыг хөдөлгөөн дүрс, дуу авиатай нь цогцлоосон загварчлалын аргыг санаачлан боловсруулжээ. Олон улсын “Geant 4” багц, математик-загварчлал, мэдээллийн технологийн дэвшил, арга зүйг хэрэглэн “Дунд сургуулийн физикийн иж бүрэн загвар лаборатори” бүтээх ажлыг хөтөлж, сүүлийн 10 гаруй жил дараалан сайжруулж, 2018 онд Улсын бүртгэл оюуны өмчийн газраас бүтээгчийн эрхийн гэрчилгээг гарджээ. Үүний онцлог, шинэлэг давуу тал нь сурагцагсад лабораторын тооцоо-дүрслэлт туршилтыг гүйцэтгээд тоон баримтыг тойруулан ном хаялцах замаар тулгуур хуулийг өөрсдөө нээж, томьёог бичиж, томьёоллыг гаргах зарчмаар бүтээсэн инноваци юм. Цаашдаа ЕБС-ийн сургалтад нэвтрүүлэх зорилго тавин уйгагүй ажиллаж байгаагаа тэрбээр илэрхийлнэ билээ. Энэхүү үйл ажиллагааныхаа явцад МУИС, ХААИС, МУБИС, Дундговь, Архангай, Увс, Дорнод аймгийн дунд сургуулийн физик, мэдээлэл зүйн эрдэмтэн багш нарын судалгаа сургалт, зохион бүтээх баг бүрэлдүүлээд амжжээ. Энэчлэн түүний бүтээл зузаанаас зузаан болсоор л байна.
О.Лхагва багш цөм, атомын квант онолоор судалгааны ажлаа эхэлж, синергетикийн цогц үзэл, математик-мэдээлэл зүйн аргад нэвтэрч байгаль-боловсрол-нийгмийн үзэгдлийг загварчлахаар дамжин эдүгээ эсийн цацрагийн биологоор идэвхтэй ажиллаж байгаа өргөн цар хүрээтэй 500 гаруй бүтээлтэй эрдэмтэн багш юм. “Молекуляр физик”, “Квант харвах тэртээ гүнд”, “Атомын физик”, “Тооцоололт математик физик”, “Цацрагийн биологийн тооцоо-дүрслэлт туршилтын лаборатори” зэрэг 40 гаруй ном, сурах бичиг туурвиж, хянан шүүжээ. Үүн дээр нь электрон сурах бичиг гарын авлагууд нэмэгдэж уртаас урт жагсаалт гарна.
Дэлхийд үнэлэгдсэн эрдэмтнээ дэндүү бага мэдэж байгаа нь харамсалтай
О.Лхагваа багшийг ямар хүн бэ гэдгийг мэдэхэд их амархан. Хүнтэй мэндэлж, харилцаж байгаагаас нь илт. Хөгшин, дунд, залуу үеийнхнийг бүгдийг “Та” гэж хүндэтгэнэ. Ёстой л “Эрдэмтэй хүн даруу, их мөрөн дөлгөөн” гэсэн үг юутай үнэн юм бэ гэх бодол О.Лхагваа багшийг харангуут л санаанд бууна. Бас болоогүй ээ, түүний нэг сайхан чанар эхлээд хүний үгийг дуустал сонсч, дараа нь яриагаа эхэлдэг. Энэ нь бас л өндөр төвшинд боловсорсны гэрч гэлтэй. Түмний хүндэтгэлийг хүлээсэн ийм л сайхан эрдэмтэн бүтээл туурвил, ажил үйлсдээ бүхий л насаа зориулан эгэлээс эгэл амьдарч байна. Дэлхийд бүтээл туурвилаараа хүлээн звшөөрснийг нь илтгэх шагнал түүнд олон бий. Жишээлбэл, тэрбээр Олон улсын физикийн Эйнштейний шагналтай. Нью-Йоркийн шинжлэх ухааны академийн жинхэнэ гишүүн, Олон улсын шугаман бус эрдмийн академийн гишүүн, ХХ зууны дэлхийн 2000 шилдэг хүний данс болон “Дэлхийд хэний хэн бэ” нэвтэрхий тольд бүртгэлтэй нэр хүндтэй эрхэм юм. Харин Монголдоо МУИС-ийн шилдэг сурган хүмүүжүүлэгч багш, их сургуулиудын консерциумын шилдэг багш, Монголын оюуны өндөр чадавхтай хүний бүртгэлтэй нэгэн ажээ. Түүнчлэн О.Лхагваа багш шавь нарынхаа хүндлэлийг жинхэнэ утгаар нь хүлээсэн хүн. Дундговь аймгийн Өлзийт сумын иргэн, шавь Х.Отгонмөнх нэгэн захидалдаа:
“…Амьд бурхан байдаг гэвэл тэрний нэг нь Та
Ариун эрдмээс нь адис авсан азтай шавь нар нь
Сац суварга олныг бүтээж ачийг тань хариулна гэвэл
Сая саяыг босгоод ч хариулж үл хүрэлцэх
Буянтай, ачтай гэгээнтэн багш тандаа, үргэлж баярлаж явдаг шүү…” гэж сэтгэлийн үгээ нандигнан урлажээ. Мөн Дубна-Наукоград хотоос шавь Н.Жаргалан:
“Өөрөөрөө биш шавиараа бахархаж зовлонгоо мартдаг
Өргөн түмний үрсийг гэсээр жаргалаа мартдаг
Саруул танхимд шавь нартайгаа шуугихдаа амьдралаа мартдаг
Самбар шохой, ном дэвтэр дунд ар гэрээ мартдаг…” хэмээн багшдаа зориулж шүлэг тэрлэснээ алс нутгаас илгээж байсан байх юм. О.Лхагваа багш шавь нарынхаа сэтгэлийн үгтэй захидлыг эрдмийн бүтээлтэйгээ адитган эрхэмлэж яваа нь сайхан сэтгэгдэл төрүүлсэн. Харин багшийнхаа талаар доктор Р.Бадамдамдин “Миний багш О.Лхагваа онолын физикийн шавь сургуулийг Монголдоо байгуулсан нэрт эрдэмтэн. Одоо энэ сургууль тэлж олон доктор, профессор бүр академич төрөн гарч байна. Манай багш шиг хэд хэдэн шавь сургууль үүсгэсэн хүн Монголд нэг ч байхгүй. Тиймээс буурал багшаараа бид бахархдаг. Нас өндөр болсон ч багш минь залуу хүн шиг эрч хүчтэй, биднийхээ түшиг тулгуур, үлгэр дуурайлал болж эрдмийн ажлаа туурвиж явна. Багшийгаа бүтээрээ баярлуулахыг бид хичээдэг. Жинхэнэ халамжлан хүмүүжүүлэгч гэж ямар хүнийг хэлэх вэ гэвэл би О.Лхагваа багшийгаа л хэлнэ. Олон жилийн өмнө бид “Ардын багш цол” олгуулахаар санал хүргүүлсэн ч одоо хүртэл чимээгүй байгаад харамсч явна” гэв. Докторант Н.Тэгшбаяр “Ихэнх хүн нэг хэвэнд баригдчихсан байдаг. Харин О.Лхагваа багш тийм биш. Цөөн үгээр хэлбэл, бүх зүйл нь хайрцаглагдсан биш чөлөөтэй, аливаа зүйлийн цаад утга, учирт нэвтэрч байж сая үгээ хэлдэг. Туйлбартай шударга зантай. Сансар огторгуй судаллаа гэхэд түүнийгээ газар дэлхийтэй хамтад нь судалж байх жишээтэй. Монголд онолын физикийн үндэс суурийг тавилцсан эрдэмтэн. Суурь судалгаа бүхнээ амьдралд хэрэгжүүлж тооцоо судалгааг хамтад нь хийдэг ясны сайн эрдэмтэн хүн гэж би багшийгаа үнэлдэг. Ямарч хүнд чин сэтгэлээсээ туслахсан гэж хичээдэг зөөлнөөс зөөлөн зантай хүн. Эрдмийн ажилдаа сэтгэл зүтгэл, мэдлэг чадвар, амь амьдрал, залуу халуун насаа бүрэн зориулсан буурал эрдэмтэн. Төр түмэн бүтээлд нь үнэлгээ өгөх цаг болсон доо” гэлээ.
Бүтээлээрээ ч, шавь нарынхаа өгсөн үнэлгээгээр ч ийм нэгэн бяд заасан бүтээл ихтэй О.Лхагваа гэдэг эрдэмтэн та бидний дунд бүтээл туурвилаа хийж оргилын оргил өөд аль хэдийнэ гарчихсан хэрнээ чимээ аниргүйхэн эрдмийн шинэ чиглэл хөгжүүлж суугаа буурал юм. Уулс өөрөө өөрийгөө аниргүйхэн нөмөрлөж тухлан оршдог гэдэг юутай үнэн үг вэ. Энэ ч үүднээс хийсэн бүхнийг нь багцлан хэлбэл О.Лхагваа багш эх орондоо шинжлэх ухааны хэд хэдэн тулгуур чиглэлийг хөгжүүлж, эрдмийн шавь сургууль бүрэлдүүлэн олон арван эрдэмтэн бэлтгэж, МУИС болон бусад их сургуулиудад сургалтыг эрдэмжүүлэх, нийт ард түмний дунд физик-гүн ухааны үзлийг түгээн дэлгэрүүлэх үйлсэд нөр их хөдөлмөрөө зориулж яваа эрдмийн зам мөр хөөсөн үнэлж баршгүй ачтан юм. Түүний энэхүү бүтээлч зүтгэлийг шавь нар нь үнэлүүлэхээр Монгол Улсын хөдөлмөрийн баатар цол, Д.Сүхбаатарын одонд тодорхойлж саналаа илэрхийлж байна. Их эрдэмдээ хоёргүй сэтгэлээр зүтгэж дэлхий мэддэг энэ эрдэмтнээ бид үнэлж хүндлэх цаг болжээ. Тиймээс шавь нарынх нь багшийнхаа алдрыг Монгол даяар дуурсгах гэсэн эгэлгүй хүсэл удахгүй биелж дэлхий мэддэг эрдэмтнийхээ оюуны хүчийг үнэлэх цаг удахгүй ирнэ байх гэсэн учиртай ерөөлөөр энэхүү хөрөг бичлэгээ өндөрлөе. Эрдэмт суу заль ямагт дэлгэрэх болтугай.
Б.ДААРИЙМАА
Нийтлэл, судалгааны бүтээл унших http://olkhagva.blogspot.com/