Koreatown Los Angeles
Зиа Лос Анжелес хотод амьдардаг Монголчуудын ихэнх нь Koreatown буюу Солонгос таунд амьдардаг аа. Мэдээж энэ нь олон шалтгаантай боловч миний бодлоор амьдрах зардал хямд байдаг учраас сонгодог болов уу гэж боддог. Миний хувьд ч бас бусдынхаа л адилаар энэ таунд амьдардаг.
За тэгээд бидний амьдардаг энэ газар их олон жилийн түүхтэй гэж байгаа. 2 жилийн өмнө анхны Солонгос хүн Америк улсад ирсэний 100 жилийн ой болсон юм билээ. Тэгэхээр Солонгосын ард түмэн энэ оронд бүтэн нэг зуун амьдарсаар ирсэн байгаа юм. Солонгос таун бол нэлээн том нутаг дэвсгэртэй, их олон төрлийн үйл ажиллагаа, бизнесийн төв болсон газар байгаа юм.
Түүхээс нь товч дурдвал: Wilshire boulevard- ын дагуу орших 7,8 км. кв нутаг дэвсгэртэй, хүн ам нь 120,000 /Korean American, Korean, Mongolian, Mexican, Indian гээд их олон үндэстэн амьдардаг/, анхны сууршилт нь 1870 оноос эхэлсэн. 1888 оноос Лос Анжелес хотын газрыг хувьчилж эхэлсэн байгаа юм. Тэр үед Henry Gaylord Wilshire гэдэг нөхөр гэр бүлийн хамт одоогийн энэ Солонгос тауны орчмын газрыг худалдаж аваад хожим нь хотын парк байгуулахаар газрыг нь худалдаж аваад энэ хүний нэрээр Wilshire boulevard гэж нэрлэгдсэн гудамж бий болсон байгаа юм.
Анх харин Солонгос хүн яаж явж байгаад энэ газар суурьшив аа? 1970 оны үеэс Солонгосууд анх Wilshire center хэсгээр амьдарч эхэлсэн бөгөөд, 1974 онд Солонгосын залуучуудын холбоо анх байгуулагдаж тэр үед 70 000 Солонгосын цагаачид Солонгос таунд амьдарч байжээ.
Өнөөдөр бол Лос Анжелес хотод нэлээн том нутаг дэвсгэрийг эзлэн орших энэ таунд олон үндэстэнүүд холилдон аж төрж байна. Мөн Роберт Ф Кеннидийгийн (АНУ- н ерөнхийлөгч асан Жон Ф Кеннидийгийн төрсөн дүү ) дурсгалт зориулсан Inspiration Park болон олон арван сургууль цэцэрлэг, бизнесийн байгууллагууд үйл ажиллагаагаа явуулдаг томоохон хотхон болон хөгжсөөр байна.
Энд тэгээд Солонгосын юм бүхэн байна. Бүх л зүйлсээ нутгаасаа зөөгөөд, тээвэрлээд аваад ирнэ дээ. Хаашаа л харна дандаа Солонгос хүмүүс байх учраас бараг Хангуг сарантай байхад амьдраад байж болохоор. Тийм болоод ч тэр үү Солонгосууд англи хэлэндээ жаахан тааруу талдаа (Гэхдээ мэдээж энд төрж өссөн гарууд бол хэлэндээ ус цас, мөс л гэсэн үг. ) насаараа энд амьдарчихаад нэг зөв өгүүлбэр хэлж чадахгүй хүн ч байх жишээтэй.
Олон жил амьдарчихсан Солонгос ардууд нь бол их чинээлэг амьдарнаа. Бүгд өөрсдийн хувийн бизнестэй дор бүрдээ хөлөө олчихсон. Бас Монголчуудын ажилладаг ихэнх газрын эзэд нь Солонгосууд байдаг. (Энэ улсад амьдарч байгаа хэн ч болов цагийн ажил хийж халаасны мөнгө, байр хоолны мөнгөө ар гэрээсээ нэхээд хэвтээд байлгүй өөрийнхөө бор толгойг дааж амьдрахын тулд цагийн ажил хийдэг ээ. Хэдий харийн нутагт ирж залуу нас, хүч хөдөлмөрөө харийн хүний төлөө урсгаж байгаа мэт боловч сурахынхаа хажуугаар гэдсээ илээд хэвтэлгүй ажил хийж амьдралаа авч яваа залуусыг буруутгах аргагүй ээ. Саяхан би нэг иймэрхүү утгатай зүйл олж уншсан юм. Харийн хүний төлөө зүтгэж байгаа Монгол залуус ичээсэй, болиосой гэсэн утгатай байсан санагдаж байна. Яахав дээ хөгжиж яваа улсын иргэд бид чинь хачин баян аав ээжийн л хүүхэд биш бол гэрээсээ байнга мөнгө татаад байна гэж байхгүй. Амьд л хүн болсон хойно биеэ даах гэж ийм ажил хийж байгаа юм. )
Тэгээд энэ ард түмнийг ажиглаад байхад их махруу, хөдөлмөрч, бас эрүүл мэндээ их бодно. 60 70 насан аль хэдий нь хүрчихээд 40 50 настай юм шиг харагдана. 20 30 настай юм шиг л ажлаа хийгээд дэгдээд байна. Буруу хооллож хагартлаа таргалсан Солонгос хүн лав би хараагүй. Бүгд л хөнгөн шингэн, түргэн хөдөлгөөнтэй оворгүй хүмүүс, ер нь унтаж амардаг юмуу гэмээр л ажиллана. Энэ хүмүүсээс бас авах сайн тал зөндөө байна аа байна.
Монголд ардын хувьсгал дөнгөж ялж байхад л анхны цагаач Солонгос АНУ- д хөл тавьж байсан байгаа юм. Ингээд бодохоор манай орон нас залуу, цус шингэн, хөгжиж буй орон яах аргагүй мөн юм даа гэж бодогддог юм. Одоо хэдийгээр болохгүй бүтэхгүй зүйлс түм түмээрээ байгаа ч аяндаа цэгцэрхийн хуулиар бүх зүйлс байрандаа очно гэдэгт би итгэлтэй байдаг. Бас эх орныхоо ирээдүйд үнэтэй хувь нэмэр оруулдаггүй юмаа гэхэд хөгжил цэцэглэлтээс нь хойш татчихааргүй боловсорсон, хөгжсөн иргэн болохын төлөө би өдөр бүр хөдөлмөрлөж явна.
Нийлж суугаад нэг нэгэндээ бурууг тохох биш, дор бүрдээ өөрсдийн биеэ хичээвэл хэд дахин дээр биз дээ.