Халтарын ХАДХҮҮ- Шаазан урлалын мастер
4 жил, 9 сар өмнө

Шаазан урлалын нэрт мастер. Монголын үндэсний онцлогтой Шаазан урлалын хөгжлийн шинэ түүхийг эхлүүлсэн урлаач. Түүний бүтээлүүд Монголд төдийгүй олон улсад үнэлэгддэг.

Хувь хүн аливаа нэг зүйлийг бүтээх гэж төрсөн байдаг. Уг үйл нь агуу байх ёстой гэдэг бол өнөөгийн соёл болоод иргэншлийн нөхцөлд хэдийн зөвшөөрөгдсөн зүйлсийн нэг билээ. Тиймдээ ч бид уран бүтээлчдийн тухай зайлшгүй ярьж, бичиж байх шаардлагатай тулгарна. Үүнтэй эвлэрэх бүрийд бийрлэж болмоор сэтгэгчид бидний дунд өдөр бүр чимээгүйхэн хөдөлмөрлөж явдаг нь олзуурхууштай хэрэг.

Халтарын Хадхүү. Түүн рүү очих зам энгийн мэт боловч өдөр тутам нүдний өмнүүр эрээлжлэн өнгөрдөг хотын үймээнт хөдөлгөөнөөр дүүрэн. Нийслэлийн өргөн чөлөөнөөс гарч анир гүмхэн тал нутгийг зорих шаардлага үгүй. Учир нь монгол шаазан урлаач маань чимээ шуугиант их хотын нэгэн авсаархан өрөөний буланд шинэхэн гаргах гэж буй үзэсгэлэнгийнхээ баримлуудыг урлан намуухнаар инээмсэглэж суух амуй.

Дүрслэх урлагийн дунд сургуулийг 1991 онд керамик, ваар урлалын чиглэлээр төгссөнөөс хойш өнөөдрииг хүртэл тасралтгүй бүтээлээ туурвиж буй уран бүтээлч бол Х.Хадхүү юм. Түүний шаазан урлалууд нь Монголын дүрслэх урлагт шаазангийн урлагийн шинэ төрөл сэргэн мандсаныг харуулаад зогсохгүй дэлхийн хэмжээнд үнэлэгдэх бүтээл төрсний илрэл болдог билээ. Харин дээр дурдсан сургуулийнхаа босгоор 15 настайдаа алхаж орсон байдаг. Үүнээс үзэхэд түүнд төрөлхийн уран бүтээлчийн зөн совин, анхнаасаа бидний араншин, сэтгэл зүрхэнд өгөгдчихсөн бүтээлч чанар оршин байсан нь илэрхий.

Тэрбээр “Хуучин социализмын үед зөвхөн олон нийтэд зориулан өргөн хэрэглээний шаазан бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг байсан бөгөөд тансаг зэрэглэлийн урлагийн бүтээл бүтээх технологи байхгүйн улмаас орхигдсон байсныг орчин үеийн шинжлэх ухаан техникийн дэвшлийн үр дүнд маш нарийн ур хийцтэй шаазанг хийх боломжтой болсон” хэмээн ярьж байв.

Х.Хадхүү нь гангар шаазангаар аяга, таваг, айрагны хул хийхээс гадна Өндөр гэгээн Занабазарын дүр бүхий шаазан баримал, Ногоон дарь эх бурхан, Чингис хааны хөрөг зурагтай ваар гээд олон нарийн ур хийц бүхий бүтээлийг урлаж, түүгээрээ өөрийн бие даасан үзэсгэлэнг эх орондоо хэд хэд гаргаад амжсан билээ. Жишээ нь түүнд хэдэн мянган долларын үнэтэй Занабазар хийцийг шаанзангаар хэрхэн урлаж болохыг харуулсан баримлууд бий. Мөн монголчуудын ахуй амьдрал, урлаг, ёс заншил зэргийг тодорхой цаг хугацааны агшинд хөдлөшгүйгээр барьж үзүүлсэн бүтээлүүд нь өндрөөр үнэлэгддэг байна. Тэр дундаа ардын бүжигчид, дуучид болон хөгжимчдийг дүрсэлсэн цуврал бүтээлүүд нь аялагч жуулчдын сонирхлыг ихээхэн татдаг гэнэ.

Мэдээж шаазангийн үйлдвэрт хэдэн мянган бүтээл өдөр бүр гардаг. Харин Х.Хадхүүгийн бүтээл уран нарийн хийц болоод чанараараа ялгардаг. Тэрээр Монгол шавраар бүтээл хийхээс гадна Герман, Англиас тусгай бодис авч, шавартайгаа холиод гурил шиг маш нарийн “наанги” буюу олон улсын хэллэгээр “каолин” шороо гаргаж уран баримлын чиглэлийн жинхэнэ гоё шаазан гаргаж авдаг ажээ.

Түүний “Монгол шаазангийн гайхамшиг” үзэсгэлэнг Оросын “asia.ru” сайтынхан ирж сурвалжилсан бөгөөд “Монголд шаазан урлал дахин сэргэлээ” хэмээн мэдээллэж байсан юм.  

Дэлхийн улс орнууд шаазангаар өөрийн түүх соёл, ёс заншлаа шингээсэн байдаг. Хятад шаазанг харсан хэн ч энэ бол хятад соёл мөн байна гэж мэддэг. Хятад хүний философи, аж амьдралын бүх зүйлийг шингээсэн байдгийг бид мэднэ. Оросын шаазан ч мөн адил. Үүнтэй адил Монгол Улс түүх, соёл, монгол хүний философийг дэлхий нийтэд шаазангаар дамжуулан таниулах чухал ач холбогдол байгааг Х.Хадхүү хамгийн түрүүнд ойлгож, таньсан уран бүтээлч юм.

БҮТЭЭЛЧ

Шаазан эдлэл гэдэг ур ухаан, цаг хугацааны урт болоод тэсвэр тэвчээрийн үр дүнд бий болдог нарийн төвөгтэй урлагийн бүтээл. Олон зуунд дурсагдан үлдэх учиртай ганц шавар ваарыг бүтээх явцад жижигхэн буруу үйлдэл гаргахын төдийд л өнөөх урлагийн бүтээл хэнд ч хэрэггүй шаврын өчүүхэн хэлтэрхий болж үлдэнэ. Үнэ цэнэ нь ийм л уйгагүй хөдөлмөр, нарийн ур ухааныг дотроо агуулж байдаг учир шаазан урлал өнөөдөр ч хэрэгцээ өндөртэй байдаг билээ. Гэвч нэг л төрөл зүйлийн утга санаа агуулсан, сувенир болгон тавьж гэрээ гоёчлох хэрэглээний бүтээл туурвих нь уран бүтээлчийн хувьд байж боломгүй үйлдэл. Тиймээс Х.Хадхүү өөрийн шаазан урлалын бүтээлүүдэд Занабазар хийцийг нэвтрүүлж эхэлсэн юм.

Бүтээлүүд дунд нь “21 дарь эх”, “Өндөр гэгээний таван дүр” зэрэг олон баримлууд бий. Занабазар хийцийг шаазангаар урлаж хүмүүст хүргэнэ гэдэг маш их судалгаа, хөдөлмөр шаардсан ажил. Мэдээж бүтээгч маань технологи болоод өнгө бэлгэдлийнх нь талаас шаазангаар урлах боломжтой гэж үзсэн болов уу.

“Занабазарын хийцэд ямар ч залгаас ороогүй гэж ярьдаг. Гэвч үнэндээ залгаас орсон байдаг байхгүй юу. Зарим хүмүүс  ингэж хэлэхээр дургүйлхдэг л дээ. Ямар материалаар яаж цутгадгийг өөрийн биеэр туршиж байж л мэдэж авна. Хамгийн гол нь тэр залгаасыг огт мэдэгдүүлэхгүйгээр хийдэгт л гол учир бий. Шаазан дээр ч гэсэн залгаас нь харагдахгүй. Тиймээс Өндөр гэгээний хийцээр бүтээхийн тулд түүнийг эхлээд гайхалтай сайхан хуулбарладаг байх ёстой” хэмээн Х.Хадхүү ярьж байв.

Мэдээж хүнд металаар бүтээсэн Занабазарын бүтээлүүд дэлхийд гайхагддаг. Тэгвэл шаазан нь маш уян зөөлөн элемент учир Занабазар хийцийг шаазанд нэвтрүүлж урлахад илүү гоёмсог харагддаг байна.

БҮТЭЭЛЧИЙН ЭРЭЛ

1993 онд сургуулиа төгсөх үед Х.Хадхүү дипломын ажлаа “Шүхэрч Буниа” сэдэвтэй бүтээлээр онц хамгаалжээ. Ийнхүү аж төрөхүйд хөл тавих болсон тэрээр цаашид шаазан урлалын чиглэлээр бүтээл туурвихаар нэгэнт шийджээ. Гэвч тухайн цаг үеийн нийгэм ороо бусгаа, үйлдвэрүүд хангамжийн хүнд нөхцөлд байсан учир шаазангийн үйлдвэрт ажиллах боломжгүй болсон байна.

Харин Х.Хадхүү энэ завсарт дан ганц шаазангийн үйлдвэрт олж авахгүй боловсролыг өөртөө бий болгожээ. Мэдээж ажил олдоогүй ч нөхцөл байдалд гутранги сэтгэлээр хандаагүй бөгөөд өөрөө бие даан уран бүтээл туурвих болсон байна. Тэрээр керамикийн баримал, металл цутгуур, уран зураг гээд бүхий л төрлөөр ажиллаж, өөрт байх ёстой чадваруудыг хөгжүүлжээ. Ингэж явсаар өнөөдөртэй золгосон шаазан урлаач маань энэ урлалыг дэлхийн хэмжээнд таниулах хүсэл өвөртөлж, эхний алхмуудаа хэдийн хийчихсэн яваа билээ.

Тэрээр уран зураг, метал зутгуур, сийлбэрийн ажлыг хүртэл мэргэжил болгон хичээллэж байсан нь өндөр чанартайгаар урласан шаазан эдлэлүүдээс нь харагддаг. Мэдээж дүрслэх урлагийн олон чадвар Х.Хадхүүд байх шаардлагатай. Уран зургийн аргыг нэлээдгүй өндөр түвшинд эзэмшсэн байдал нь түүний Сүхбаатар, Цэдэнбал, Чингис хаан зэрэг эрхмийн хөрөг бүхий шаазан ваарнуудаас тодорхой харагддаг. Бүтээл бүрт нь туссан өнгө будгийн сонголт, хээ угалз, сийлбэрлэх уран чадвар зэрэг нь тухайн бүтээлчийн зураг зурах авьяасын тодотгол болон оршиж байна.

Уран бүтээлчийн эрэл хайгуулаас гадна энэхүү үгийг шууд утгатай нь холбогдуулан авч үзэж болмоор нэг зүйл бий. Учир нь Х.Хадхүүгийн дипломын сэдвээ амжилттай хамгаалсан “Шүхэрч Буниа” баримал сургуулийн фондноос алга болж байжээ. Гэтэл нэгэн хүн айлд байгааг нь мэдээд түүнд хэлж. Ийнхүү тэрээр өөрийнхөө бүтээлийг 250 мянган төгрөгөөр худалдан авсан гэдэг. Хүн бүрийн амжилтанд эхлэл гэж бий. Тэрхүү эхлэлийг хадгалсан нандин дурсамж бүхий үнэт зүйлсийг ойлгож таньсан уран бүтээлчийн бүтээх үйл явц, эрэл хайгуулд харин төгсгөл гэж үгүй билээ.

ЭЦЭСЛЭЛ ҮГҮЙ

Шинэ оны эхний сар дуусаагүй энэ цаг дор Х.Хадхүү шинэхэн уран бүтээлийн үзэсгэлэнгээ “Хийморь” нэртэйгээр “Үндэсний түүхийн музей”-д гаргалаа. Тухайн үзэсгэлэнд тавигдсан бүтээл болгоноос уламжлалт ёс заншил, түүхийн уртад гээгдэж үлдээгүй нүүдэлчдийн дэврүүн оршихуйн дүр төрхийг харж болно.

Энэ нь түүний 7 дахь уран бүтээлийн үзэсгэлэн байв. Монгол орны зан заншил, нүүдэлчин ахуйн өдөр тутмын амьдралыг харуулсан баримлуудаас гадна, эх орны онгон дагшин байдлыг шаазан дээр өнгө будаг тохируулан урласан нь тус үзэсгэлэнгийн нэгэн чимэг болон оршиж байна.

1990-ээд оноос хойш төдийлөн сайн зам туулалгүй явсаар өдийг хүрсэн шаазан урлагийн хөгжил өнөөгийн түвшинд хэрхэн бүтээгдэж буйг харахыг хүсвэл Х.Хадхүүгийн бүтээлүүдийг сонгон сонирхох нь хамгийн зөв зам юм. Хонх мэт жингэсэн дуутай, өөгүй гоёмсог шаазан эдлэлийг монгол хүн өөрийн ур ухаанаар бүтээж нь байгаа нь үзэгчдэд нэн олзуурхууштай.

Шаазангаар бүтээл урлахад олон төрлийн материал ордог бөгөөд орцноосоо хамаараад энгийн болон гангар шаазан бүтддэг тухай Х.Хадхүү бүтээлч өгүүлж байв. Харин тус үзэсгэлэнгийн бүтээлүүд ясны цагаан шавраар бүтжээ. Хоёр шаазан аягыг алган дээрээ зэрэгцүүлэн тавьж амсарыг нь зөөлөн мөргөлдүүлэхэд гарах авиа нь хүртэл чихэнд нэн тунгалаг аялгуу болж хүрнэ. Энэ л жинхэнэ гангар шаазангийн “хэл” юм хэмээн тэрээр онцолж байв. Хийж бүтээсэн зүйлдээ сэтгэлээ зориулдаг хүн л бүтээлийнхээ хэлийг ойлгодог болов уу гэж сэтгэнэ.

Мөнхүү “Цагаахан сэтгэлтэй хүн л цагаан шаазангаар сайхан бүтээл урлаж чаддаг юм даа. Шаазангаар бүтээл урлах үгээр хэлэхийн аргагүй сайхан мэдрэмж шүү дээ” гэж өгүүлсэн нь санаанаас үл гарнам. Бүтээлийнхээ өнгө шиг тэр л хиргүй цагаан сэтгэлээр бүтээн туурвидаг нь энэ буюу.

Нийтлэлийг Б.Алтанхуяг

Гэрэл зургийг | Б.Чадраабал

Улаанбаатар /МОНЦАМЭ/

https://www.facebook.com/khadaa.kh/