Imagination vs Reality
13 жил, 3 сар өмнө

Энд ирэхээс өмнө энэ орны тухай киноноос, нэвтрүүлгээс, хүмүүсийн зурагнаас гээд их л олон төрлийн мэдээллийн хэрэгсэл дээрээс харж байлаа. Анх ирэхдээ яг л тэр төсөөллөөрөө (өндөр өндөр барилгууд, цэвэрхэн сайхан гудамж талбай, үргэлж инээсэн мишээсэн хүмүүс, үйлчилгээний өндөр соёл гэх мэтчилэн бичээд байвал зөндөө) байв. Харин анх буугаад л нисч явсанаа газардах шиг болсон доо. Нисэх онгоцны буудлаас буугаад амьдрах газар хүртлээ эргэн тойрноо ажиглан явбал хоорондоо ялгаатай тэс өөр өөр орчинг хэдхэн метрийн зайнд (хоорондын зай) л харж байлаа.

Ер нь бол Америк орон бол сайн сайхан, муу муухайгийн бүх л туйлууд холилдон оршдог асар том гүрэн юм билээ. Тэр чинээгээрээ энд юм юм л байна. Гэхдээ би мууг нь дурдах гэсэнгүй ээ. Зүгээр л зарим хүмүүсийн ярьж байхыг (манай эх орон л заваан муухай хогтой, амьдрахад тохиромжгүй байна, гадаадад л очиж амьдарвал болчих гээд байна гэх мэтчилэн. Бид л өөрсдийнхөө амьдарч байгаа орчиноо бүрэлдүүлж, гэрэлтүүлж, бүтээж байдаг шүү дээ. Та ямар байна таны байгаа орчин тийм л байна. ) зөндөө сонсож байсан болохоор аль ч газар, аль ч соёлтой оронд ч бас адилхан л сайн, муу бүгд байдаг гэж хэлэхийг хүссэн юм.

За олон юм нурших яахав. Энэ орон 308,745,538 хүн амтай (2010 оны тооллогоор), 9,826,675 km2 газар нутагтай, July 4 (Independence Day, энэ өдөр зөвшөөрөгдсөн бүх л газар ёслолын буудлага хийж баяраа тэмдэглэдэг. Талархлын баяр, Кристмасын баяр, Тусгаар тогтнолын баярууд бол хамгийн их SALE зарлагддаг том баярууд юм. Хүмүүс хар өглөөнөөс эхлээд хонон өнжин дэлгүүрүүдийн гадаа дугаарлаж зогссон харагддаг юм билээ. Хямдрал ч жинхэнэ утгаараа байдаг даа. ), 1776- нд Их Британий Хаант улсаас салан тусгаарлаж тусгаар тогтнолоо зарласан, Барак Обама ерөнхийлөгчтэй, Вашингтон ДС нийслэлтэй, Номхон далай, Атлантын далайгаар хүрээлүүлэн оршдог. Хоёр дахь албан ёсны хэл нь Спайн. Ер нь бүх л газарт нь Англи болон Спайнаар тайлбар хийсэн байдаг. Мексиктэй хил залгаа оршдог болохоор Мексикүүд их амьдарна. За тэгээд ер нь шар, хар (хар хүмүүс гэснээс бидний сайн мэдэх Мартин Лютер Кинг хар хүмүүсийн эрхийн төлөө жагсаал хийж, “Би мөрөөдөж байна” хэмээх алдарт илтгэлээ тавьж байсан. Тэр үеэс хойш хар хүмүүсийн эрх ашиг зөрчигдөх нь багассан ч гэсэн бас л арьс өнгөний үзэл, ялгаварлан гадуурхах асуудал байсаар л байдаг юм байна лээ. Би хэдэн цэвэр Америк хүмүүсээс асууж үзсэн. Түүхтэйгээ холбож тайлбарладаг юм билээ. Анхнаасаа л хар хүмүүс боол байсан болохоор шар хүмүүс тэднийг бүрэн хүлээн зөвшөөрөхөд илүү их хугацаа шаардана гэсэн. Одоо бол хар, шар хүмүүс хамтдаа ажиллаж сурсан, харин хамтдаа чөлөөт цагаа өнгөрөөж, найз байж чаддаггүй гэсэн. Хар хүмүүс бол бас их сонин сэтгэхүйтэй, өвөрмөц хүмүүс юм билээ. Бүх л талаараа. Эдний талаар тусд нь бичих болно.), улаан гээд л төрөл төрлийн хүмүүс аж төрөн сууна даа. Тэдний нэг нь би өөрөө. Ази хүн. Гадаад оронд удаан хугацаагаар амьдарч сурна гэдэг хүний амьдралын бас нэг гоё туршлага юм билээ. Их олон олон асуудлууд, ололтууд, боломжуудтай би өдөр бүр нүүр тулсаар... давсаар... ашигласаар... амьдарсаар. Одоо харин ажигласнаа бичиж эхэлсээн.

Нэмэлт: Америкийн тухай дэлгэрэнгүй мэдээлэл авангаа хэлээ сайжруулахыг хүсвэл зочлоорой. 

http://en.wikipedia.org/wiki/The_united_states_of_america

Зам зурайсаар би алхсаар.