Гаравсүрэнгийн ИДЭРМАА
13 жил, 10 сар өмнө

Эдийн засагч, “Нью майнд”, Улаанбаатар буян ХХК-ийн үүсгэн байгуулагч, ерөнхий захирал

1965 онд төрсөн.

БОЛОВСРОЛ: 
1987 онд МУИС-ийн эдийн засгийн факультет,
2000 онд Удирдлагын академи,
2005 онд АНУ-д ICFA их сургууль дүүргэсэн.
2008- 2012 онд НИТХ-ын төлөөлөгч.
1997 онд "Нью майнд" менежмент, санхүүгийн зөвлөгөөний компани, 2004 онд "Улаанбаатар буян" буяны цогц үйлчилгээний компани, "Гурван борхууд" газар тариалан, мал аж ахуйн компанийг үүсгэн байгуулсан.

ХҮЧИРХЭГ ЭМЭГТЭЙ (Хөрөг нийтлэл)

Олонд хүндтэй, амьдралын гүн ухааралтай Гаравсүрэн гуай, Люба гуай хоёр хайртай үрээ халтай өсгөж, хайртай морио хазаартай нь усал гэдэг ардын хүмүүжлийн гайхамшигт уламжлалын дагуу хайраа дотроо хадгалж, халаа гаднаа үзүүлэн байж найман хүүхдээ өсгөж өндийлгөжээ. Ийм болохоор хүүхдүүд нь нас биед хүрэхийн цагт бүгд хэний ч дор орохооргүй ажилсаг, бусдыг дээр, дороор алагчилдаггүй ёс жудагтай, өр нимгэн, эвсэг тахимдуу, хичээнгүй нягт, худалгүй үнэнч, хэрсүү ухаалаг хүмүүс болжээ. Чухамдаа, Гаравсүрэн гуайн хүүхдүүд төв шударга, зөв төлөвшсөн байна.
Идэрмаа тэр хүүхдүүдийн нэг. Багын золбоолог энэ охин дунд сургуулийн шилдэг сурагч, дээд сургуулийн алт шиг оюутан явсаар эдийн засагч болсон. Тэр цагаас хойш ажил төрөлдөө түүртсэн нь ч үгүй, цөөхөн хэдэн жилийн дотор мэргэжилдээ дадлагажиж, ажилдаа туршлагажиж, байгууллагынх нь удирдлага шийдвэрээ оновчтой гаргахын тулд Идэрмаагийн амыг заавал хардаг урдаа барьдаг мэргэжилтэн хэдийнэ болсон байлаа. Товчдоо бол Гаравсүрэн гуайн охин Идэрмаа аль ч цаг үед хүний тоосонд дарагдаж явсангүй, харин ч бусдыг дагуулах увьдастай, олныг оройлох чадвартай ийм нэг эрэмгий бүсгүй байсаар өнөөг хүрч ирлээ. Даруухан үнэлэхэд, Монголын бизнесийн хүрээнийхэн өнөөдөр Идэрмааг хүчирхэг удирдагч эмэгтэй, толгой эдийн засагчдын нэг хэмээн нэгэн дуугаар хүлээн зөвшөөрдөг юм. Идэрмааг урдаа барьдаг шинийг сэдэгч, ажил төрөл санаачлагч гэхэд маргах хүн гарахгүй. Тэрээр бусдыг идэвхгүй аялдан дагалдагч биш, мугуйдлан зүтгэгч бүр ч биш. Өөрийгөө бүтээсэн, өөртөө дардан зам гаргасан харьшгүй тэвчээртэй, бишрэм зүтгэлтэй хараат биш хүн гэж Идэрмааг тодорхойлдог. Энэ бол олны дотор Гаравсүрэнгийн Идэрмаагийн танигдсан ИМИЖ нь. Бизнест ч, улс төрд ч, хувь төрхөөрөө ч Нью Майндын Идэрмаа бусдаас тод ялгарна.
Том улс төрд тэрээр яав ч балчирдахгүй нэгэн. Улс төрийн тэмцлийн явцуу талбарт ч, өргөн цараатай талбарт ч тэрээр дандаа ялж ирсэн. Хүмүүс Идэрмаад итгэдэг юм. Нийслэлийн парламентэд сонгосон иргэдээ Идэрмаа бүрнээ төлөөлж чадаж байгаа. Илүү маяггүй, олны дунд явдаг, зовлон жаргал ойлгодог, амьдралтай хутгалдаж чаддаг жинхэнэ монгол эмэгтэй, бид зөв хүнийг олж сонгосон гэж иргэд ам сайтай байдаг юм. Бусдыг оройлох эрдэм Идэрмаагийн унаган чанар гэж дээр нэгэнт хэлсэн дээ. Тэр бүрий хүнд тохиогоод байдаггүй ховор чанар л даа. Ийм учраас давтан хэлж байгаа билээ. Тэрээр заяаны лидер эмэгтэй. Бусдыг араасаа бишрүүлэн дагуулах ийм чадвартай хүн бас тэр бүр тааралдаад байдаггүй юм. Хүний ийм онцгой чадварыг ашиглаж чадвал нийгэмд их тус хүргэдэг нь батлагдсан зүйл. Ийм хүмүүсийн дотроос хүчтэй удирдагчид төрдөг. 
Гаравсүрэнгийн Идэрмааг буяны үйлчилгээний ажил анх санаж сэдэж явахад нь нийслэл хотын удирдлагуудаас хуруу дарам цөөн хүн дэмжиж байсан юм. Нэг ч эр хүнд тэр үед ийм зоримог санаа төрсөнгүй.Эрчүүдээ доош нь хийж, дорд үзэх гэсэнгүй. Харин тэднийг санаж сэрэхэд түшиг болох бүсгүйчүүд дэндүү цөөдөөд байгааг л үгийн далимд хэлж байна. Тэр ч бүү хэл энэ төслийг хэрэгжүүлэхэд нь янз янзын дарамт учруулж, галзуу солиотой хүний л ухаан санаанд багтах ажил гэх нь холгүй яв зайлдаа тулж байсан байдаг юм. Өөр хүн бол сөхөрвөл сөхрөхөөр байсан, гэвч шаргуу тууштай унаган зан чанараараа Идэрмаа өөртөө ялалт, амжилт авчирсан юм. Идэрмааг “Улаанбаатар буян” компанийг үүсгэн байгуулж, хөл дээр нь босгож, санасан хэргээ бүтээгээд далан жил мартагдсан монголын эртний уламжлалт буяны зан үйлийг буцаан сэргээхэд мөнөөх хүмүүс биеэ зэмлэн өөрийн эрхгүй гэмшин харамсаж сайхан ажил болжээ, харалган бодолтой явсныг минь өршөөгөөрэй гэж хэлсэн байдаг юм. Монгол улсын Үйлчилгээний гавьяатын эрхэм алдрыг хүртээд ирэхэд нь баяр хүргэхдээ урьдын буруугаа хүлцэн уучлал гуйсан хүн ч тааралдсан. Ийнхүү буруугаа гэмших эр зоригийг ухаантайн шинж гэдэг тул тийм хүмүүст талархах ёстой билээ. Эрсдэлээс айна гэж харин ч нэг зангүй дээ, манай Идэрмаа. Алсынх нь ач тусыг гярхай мэдэж байсан тул ийм эгзэгтэй алхмыг зоригтой хийсэн юм. Идэрмаагийн санаачилгын буянаар нийсэлийнхэн л хожсон юм. Нийслэл хотын шүдний өвчин болсон бэрхшээлтэй олон асуудлын нэгийг бүрмөсөн шийдэх түлхүүрийг ийнхүү Идэрмаа олсон юм шүү дээ. Тэрээр байгаль сүйтгэж, ус бузарласангүй, архи, тамхи, хорт хүнс гаднаас оруулж, өөрөө үйлдвэрлэж олонд балаг тарьсангүй, харийнхантай үгсэн хуйвалдаж эх орныхоо эд баялгийг гадагш зөөж хөлжсөнгүй. Идэрмаагийн хийсэн зүйл үнэндээ ДЭВШИЛ байлаа. Тэрээр гавьяат үйлс дархалсан анхдагч эмэгтэй даруй мөн билээ. Үүгээрээ Гаравсүрэнгийн Идэрмаа анхдагч Булганчуудын тоог нэгээр нэмсэн юм.
Тэрээр яриангүй санаачлагч лидер эмэгтэй. Монголын бизнесийн хүрээнийхэн дотор нэр алдартай Петровисийн хэмээх Ж.Оюунгэрэл “Идэрмаа бол бүгдийг тэгээс эхэлж өөрийнхөө хүчээр боссон хүчирхэг эмэгтэй” гэсэн байхад, сэтгүүлчид Идэрмааг өнөөгийн эмэгтэйчүүдийн түүчээ, жишиг болсон эмэгтэй гэж хэвлэлд үнэлэн бичсэн байна билээ. Монголын Эмэгтэйчүүдийн холбооны Хүндэт ерөнхийлөгч, олны танил нэртэй улс төрч Н.Гэрэлсүрэн гуай “Идэрмааг ирээдүйн удирдагч байж магадгүй хэмээн миний хувьд үнэлж явдаг” гэж хэлсэн байна. Гэрэлсүрэн гуайн амнаас болчимгүй үг унадаггүй юм. Тэдний аль аль нь Идэрмааг дэгс, даваадуулж үнэлээгүй байх аа. Хир баргийг гүтгэлгийг тэрээр ажирдаггүй бүсгүй. Гүтгүүлж эс сурваас улс төрд хошуу дүрэх хэрэггүйг тэр мэднэ. Энэ бол түмэнд нүүрээ барж, түймэрт хормойгоо шатаалгачихаагүй яваа нэр цэвэр хүний шинж. Зөв шударга, яасан ч шуудхан гүдэсхэн юм бэ дээ гэж бас заримдаа бодмоор байдаг. Уйгагүй шаардлагатай, заримдаа захиргаадаад үзнэ. Буулт нь ч харин зөөлхнөөс зөөлхөн гээч. Өр зөөлөн, гар тэнэгэр бүсгүй байгаа юм. Өвгөд хөгшдөд тахимдуу, үр хүүхдэд эевэргүү нэгэн. 
Хүнд ер нь удам судар, оноо тавилан гэж бас байх шүү дээ. Гаравсүрэн гуай гэж бурхан шиг хүн ядаж зүдсэн олноо гэсэн сэтгэлтэй өгөөмөр сайхан ажил алба залгуулж явж. Идэрмаагийн ээж Люба гуай олонд нүүртэй уран хүн. Хадам аав Орсоо гуайг нь радиогоор Монгол ардын дуу “Гарын арван хуруу”-г дуулж байхад морьтой хүн бууж, суугаа хүн босч чагнан гэгэлзэн догдолж байсан нэгэн үе бий юм. Оросоо гуайн эхнэр Хишигжаргал гуай Байтаг Богдын тулалдааны зоригт дайчин баатар Самдандоржийн Лхагвадоржийн газар дээрх ганц охин байх жишээний. Халуун эх орончдын өлгий, хатан зоригт анхдагчдын уугуул нутаг Булган хангайн зон олны хүлээлт болсон нэгэн хүний үгээр илэрхийлсэн хөрөг дүр ийн буюу. 

Сэтгүүлч Д.Ханд