i Love MONGOLIA аялал №1 Амтат аялал BAGRO
11 жил, 8 сар өмнө

i Love MONGOLIA” үндэсний үйдвэрлэлээ дэмжих танин мэдэхүй, нөхөрлөлийн аялалыг санаачлан эхлүүлэв. Хамгийн анхны аялал маань БАГРО үйлдвэр байв.

БАГРО аялал
Баясах трейд компанийн BAGRO үйлдвэр, МОНГОЛ БЛОГЧИДнаадам хамтран зохион байгуулсан аялалд оролцлоо. Аялалд 22 блогчид хамрагдлаа. Багро үйлдвэр нь хэрэглэгчийг реклам сурталчилгаагаар залхаахгүйгээр харин ил тод бодит мэдээллийг хүргэж, үнэнч хэрэглэгчидээ дэмжинэ гэсэн бодлого барьж ажиллаж байгаа бөгөөд энэ бодлогынхоо хүрээнд блогчидыг үйлдвэр дээрээ урьж бүх үйл ажиллагаа, үйлдвэрлэлийн явцтай танилцууллаа. Аялалын зорилго нь үйлдвэрлэлийн үйл явцийг ил дотоор харуулж үндэсний үйлдвэрлэлээ дэмжих сэтгэлгээг залууст бий болгох, залуусыг найзалж нөхөрлүүлэхэд чиглэсэн байсан учраас замдаа залуучууд өөрсдийгөө танилцуулж ямар ажил дээр хэрхэн хамтарч болох талаар саналаа илэрхийллээ. Нэгэнт л залуучууд цугласан учраас дуу хуур, тэмцээн, өрсөлдөөн дүүрэн явсаар хотоос баруун урагш 37 км зайтай үйлдвэр дээр хүрэлцэн ирлээ.

БАГРО үйлдвэр
Биднийг очиход үйлдвэрийн технологич Ё.Уранчимэг, Маркетингийн албаны дарга Т.Дашдэмбэрэл, Маркетингийн менежер М.Төмөрбаатар нар угтан авч үйлдвэрийнхээ бүхий үйл явцийг бүрэн танилцууллаа. Б'агро буюу Баясах'АГРО үйлдвэрийг 2009 онд ашиглалтанд оруулж үрээ суулгахаас хэрэглэгчийн гар дээр эцсийн бүтээгдэхүүн хүртлэх бүхий л үйл явцийг өөрсдөө гардан хийж байгаа ажээ. Үйлдвэрийн дэргэдэх 80 га ногооны талбай, хүлэмжинд ногоо, жимсгэнээ тариалахаас гадна, жил бүрийн 2-р сард туслан гүйцэтгэгч компаниудтай гэрээ байгуулан стандартын үрээр хангаж, ногоогоо технологийн эрүүл горимд тариалуулж, хяналтаа тавьж, худалдан авдаг байна. Үйлдвэрийн уур, ус, дулааны инженерийн шугамыг бүрэн шийдвэрлэж ахуйн бохирдол усаа солонгосын био шүүлтүүртэй цэвэрлэх байгууламжаар боловсруулдаг. Ажилчидын хэлж байгаагаар Багро үйлдвэр нь ажилчидынхаа нийгмийн асуудалд тогтмол анхаарч ажлын орчинг сайжруулан ажилчдын амрах өрөө, шүршүүр зэргийг ашиглалтанд оруулж, ажиллагсаддаа үйлдвэрийн унаагаар үйлчлэж байгаа зэрэг нь их таалагдлаа. Цаашид ажилчдын орон сууц бүхий үйлдвэрийн хотхон байгуулах, даршилсан ногоо, жимсний чанамалын үндэсний хэрэгцээг бүрэн хангах хэтийн төлөвлөгөөтэй ажиллаж байгаа нь залуус бидний бахархах сэтгэлийг төрүүллээ.

БАГРО амт
Үйлдвэрийн технологийн горимтой танилцсаны дараа биднийг Тарган мах- БАГРО ширээнд урьж бүтээгдэхүүний дээжээр ширээ засан дайллаа. Багрог амтархан идэх блогчидоос мэдээж амтны тухай асуух ч шаардлагагүй байлаа. Харин технологич Ё.Уранчимэгийн хэлснээр бол нам хэмийн технологиор /Баланшёр/ 70- 85 градусд боловсруулалтаа хийж, ямар нэгэн хэт амлагч, консервантгүйгээр үйлдвэрлэдэг нь БАГРО бүтээгдэхүүний амт шимт, витамины өндөр агууламжтай байдгийн нууц гэсэн. Ингээд хоолны дараа халуун яриа, асуулт хариулт өрнөж, шилээ буцааж худалдан авч хог хаягдалыг бууруулах, дотоодыг хэрэгцээг бүрэн хангаж гадаадын даршилсан ногоог зах зээлээс шахах гэх мэт хурц сэдвүүдээр яриа үргэлжилж блогчид ч ногооны мэргэжилтэн болохуйц мэдээлэлтэй болж чадлаа.

БАГРО маркетинг
Яриан дунд бас нэг анхаарал татсан сэдэв бол Багрогийн маркетингийн бодлого. Гоё ганган рекламыг биш бодит мэдээллийг чухалчилж ил тод нээлттэй бодлого барьж ажиллана гэсэн маркетингийн менежерийн үг үнэхээр ойрд сонсоогүй ухаалаг үгийн нэг байлаа. Орой бүр чанга чанга аяаар хүүхэд цочоодог рекламнаас залхдаг миний хувьд энэ бодлого нь маш их таалагдлаа. Мөн зөв ач холбогдолтой ажлыг дэмжих, хүнд хэрэгтэй зүйл хийх, үнэнч хэрэглэгчээ урамшуулж ажиллана гэсэн нь маркетер хүн бүрийн дагавал зохих шинэ хандлагууд байлаа. Энэ бодлого нь биелэлээ олж 1 орой реклам цацах зардлаар нилээн хэдэн хүнд үндэсний үйлдвэрийн талаар бодит мэдээлэл өгсөн танин мэдэхүйн аялал зохион байгуулж байгаад талархахаас өөр яах билээ.

БАГРО найзууд
За ингээд үйлдвэр, хоол, ногооны талбай, хүлэмж, 10000 шил өгөрцийн дундуур аяласан богинохон хугацаатай ч том агуулгатай амтат аялалын багийнхан хотын зүг хөдөллөө. Өдрийн турш хамт явсан залуус одоо л нэг нүүр хагарч яриа хөөрөө ч элбэгшиж бүгд л үндэсний үйлдвэрээр бахархах сэтгэлээр хөглөгдсөн байлаа. Аялалын хувьд танин мэдэхүйн ач холбогдолтой байснаас гадна монголоороо бахархах сэтгэлийг улам их төрүүлж өглөө. Буцах замдаа бидний ойлгосон нэг зүйл бол бид үндэсний үйлдвэрээ дэмжсэнээр эрүүл чанартай хүнс хэрэглэхээс гадна олон монгол хүнийг ажилтай байлгаж чадах юм байна. 1 шил ногооны цаана 10 монгол хүн ажилтай байдаг гэдгийг ойлгосон бөгөөд аль болох үндэсний үйлдвэрээ дэмжиж, чадах чинээгээрээ хэрэглэж байх. Мөн байгууллагуудын хувьд Багро шиг ил тод нээлттэйгээр үйл ажиллагаагаа хэрэглэгчиддээ танилцуулдаг байвал хүмүүсийн итгэх итгэл улам бүрэн нэмэгдэх юм байна гэдгийг ойлгосон. Хүн мэдээлэлгүй байх нь хардах, сэрдэх, таах, цуурахын үндэс болдог шүү дээ. Нүдээр үзэж гараар барих шиг бодит мэдрэмж гэж юу байхав. За ингээд Багрогийн найзуудхамтарч ажиллах олон ажлуудаа сэтгэлдээ өвөрлөн утаатай ч гэсэн Улаанбаатартаа буцаж ирлээ.

Төгсгөлд нь үйлдвэрийн самбар дээр бичиж өлгөсөн байсан шүлгийг танд хүргье ээ. 

БАГРО хамт олон
Нутаг нутгаас хуран ажиллаад
Нуур загас шиг ижилдэн дасаад
Өвчтэй нэгнээ үгүйлэн санаад
Өөрийн эрхгүй яриа өрнүүлдэг
Ажил ажилдаа гаршин мэргэшээд
Аймаг амьдралаа ярилцан таниад
Аяга кофегоо хуваан уугаад
Ааш зандаа илааршин дасдаг
Миний хамт олон минь
Өвөл зун шиг ялгаатай ч
Үйлдвэр зуур нэг амьтай
Өвгөн залуу зөрүүтэй ч
Үнэнч сэтгэл нэг чигтэй
Газрын шимийг олонд хүргэдэг
Гардан бүтээгч нь миний хамт олон
Гаалийг давж алсыг зорьсон
Ганган Багро манай үйлдвэрийнх
Амсаад үз Багрог ахиад авна
Ажиллаад үз Багрод түрийвч зузаарна
Амжилт гаргаад үз Багрод гадаадад аялна
Ахиад зүтгээд үз Багрод энгэр цоолно
Миний хамт олон минь ээ

ШИНЭ ЖИЛИЙН ШИРЭЭНИЙ АМТТАН BAGRO

https://www.facebook.com/BiMongoldooKhairtai