Homeless
Homeless буюу орон гэргүй хүмүүсийн тухай бичихээр шийдлээ. Орон гэргүй болохоор өөрийн гэсэн бүхнээ тэргэнд хийж түрээд, гудамжинд, траншейнд хоног төөрүүлж явдаг хүмүүс. Би энэ хүмүүсийг буруутгах гэсэнгүй, зөвтгөх гэсэнгүй. Харин яагаад энэ хүмүүс ийм байдалтай явдаг юм бол гэж бага ч гэсэн бодож үзсэн юм. Иймэрхүү нийгмийн эмзэг давхаргын хүмүүс аль ч улс оронд л бий.
Зарим нь өөрсдийн арчаагүй байдлаасаа болоод, зарим нь өөрөө дурандаа ийм амьдралыг сонгоод, зарим нь амьдралын эрхээр (амьдрал баян болохоор олон л янзын асуудал тохиолдож хүмүүний амьдрал уруудаж, өгсөж байдаг. Энийг бид амьдралын эрхээр гэж тодотгож ярьдаг юм болов уу?) ийм замналаар замнаж явах.
Энд ирээд удаагүй байхдаа ажил (Өртөг өндөртэй оронд амьдарч байгаа болохоор амаа ангайгаад зүгээр суугаад аав, ээжээсээ мөнгө аваад байхыг хүсээгүй учраас хичээлийн хажуугаар давхар цагийн ажил хийдэг юм. ) хайхаар Little Tokyo нэртэй газар луу явсан юм. Тэгсэн буух ёстой буудлаа андуураад амьдралдаа хэзээ ч явж үзэж байгаагүй үнэхээр аймшгийн газарт буусан даа. Одоо бодоход даанч автобусанд байсан хүмүүс бүгд буугаад цөөрөөд байсан юм байна. Миний очсон тэр хэсэг нь Homeless Shelter буюу орон гэргүй хүмүүсийг нэг өдөр үнэгүй хооллоод хонуулдаг асрамжийн газрын хэсэг байсан юм байна лээ.
Автобуснаас буугаад л би өөрийгөө бөөн хар өнгөн доторх ганц цагаан толбо шиг мэдэрсэн дээ. Гудамж талбай, байшин барилга... тэнд холхилдох хүмүүс. Кинон дээр л тийм дүр зураг харж байсан байх. Хэсэг хэсэг газар бөөн тэнэмэл хүмүүс тойроод зогсчихсон. Айсандаа бүрэн ч харж амжаагүй. Хүн тэгээд айхаараа өөрийн эрхгүй маань л амандаа уншдаг юм байна лээ. Тэгээд л гүйх шахуу алхаад тэр газраас холдохыг л хүсч байсан даа. Хэрвээ тэр үед аль нэг homeless нь надад хүрээд, намайг дуудсан бол би шууд л ухаан алдах байх.
Гэхдээ аз болж тэгээгүй ээ. Хэрвээ тийм юм болвол өөрсдөө хэрэгт орно гэдгээ бас мэддэг юм гэсэн. Гэмгүй мөрөөрөө байдаг хүмүүс юм гэсээн. За миний энэ адал явдал яахав.
Энэ орны тухайд орон гэргүй хүмүүс бол бас л нэг шүднийх нь өвчин. Тэглээ гээд энэ асуудлаа шийдэж чадахгүй л байсаар. Харин ч орон гэргүйчүүд нэмэгдээд л. Дээр нь Working poor буюу ажил хийдэг ядуучууд нэртэй хэсэг бүлэг хүмүүс бас байна.
Эдгээр хүмүүс янз бүрийн л шалтгаанаар ийм амьдралаар амьдардаг. Жишээ нь: Энэ оронд ажилгүй 3 юмуу 4 сар суухад л шууд homeless – н эгнээнд шилжинэ гэж нэг багш маань хэлсэн. Нээрээ ч үнэхээр үнэн.
Багахаан тооцоо хийе л дээ. Калифорниа мужийн хувьд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нь $8.25. 7 хоногт 4
0 цаг ажиллаад $330 (хамгийн багаар нь л бодлоо) олно. Сард $1320 олж байгаа юм. Харин байрны сарын түрээсийн мөнгө доод тал нь $700 studio буюу манайхаар бол нэг өрөө байр юмуу даа. Тэгээд дээр нь нэмэгдээд утас, тог цахилгаан, элдэв янзын даатгалын хураамж, орлогын албан татвар 30% гээд л сар бүр төлөх ёстой мөнгө гэж зөндөө. Мэдлэг боловсрол муутай, өндөр цалинтай ажил хийх чадваргүй хүмүүс нь ингээд л homeless эгнээнд шилжих үнэхээр ойрхон байгаа юм. Үнэхээр энэ шалтгаанаар олон хүмүүс бас орон гэргүй болсон байдаг юм байна лээ. Уг нь бол засгийн газрын бодлогоороо хүн олсон орлогынхо
о 30%- иас илүүг орон байрны зардалдаа өгөх ёсгүй гэсэн юм байдаг болтой. Гэтэл энэ нь бас л бүрэн хэрэгжихгүй байгаа юм байх. Хуулиараа 6- 7 сар ажилгүй байх юм бол ажилгүйдлийн тэтгэмж гэх юмуудаа EBT (Electronic benefit transfer) гэж юм олгодог юм билээ. Сар бүр 400 орчим доллар. Гэхдээ энийг зөвхөн хоол хүнсний зүйлд л зарцуулж болно. Food stamp буюу хоолны талон нэртэй байсан харин одоо шинэчлэл явагдаад электрон карт хэлбэрээр олгогддог юм билээ.
Working poor- н тухайд ажил хийдэг ч гэсэн амьдралын наад захын хэрэгцээгээ хангаж чадахгүй, ёстой л хоосон хонохгүй хоёр идэхгүй хоног өдрийг өнгөрүүлж явдаг хүмүүс. Ийм айлууд Motel- д бас амьдардаг гэсэн.
Харин манай орны тухайд энэ тоон үзүүлэлтүүд ямар гарч ирэх бол. Монголд хүмүүс homeless болж байгаагийн шалтгаан?
Working poor бол зөндөө бий дээ.
Асуудалгүй амьдрал, асуудалгүй улс орон гэж хаана ч үгүй юм даа.
Дэлхий эргэсээр...