Дугарсүрэнгийн ГҮН ҮЙЛС- Нэрт орчуулагч, зохиолч, соён гэгээрүлэгч
Төрт ёс хаадын сангийн тэргүүн, зохиолч, орчуулагч, түүх судлаач
УРАН БҮТЭЭЛ
ТҮҮХ, СОЁЛЫН ЧИГЛЭЛЭЭР
- Чингис Хаан: Эш хөргийг баримтлах их эзний дүр төрх- Их хаадын зарлигийн дээжис- Монгол Хаад: Намтар цадигийн зурагт цомог - Монголын Нууц Товчоо: хуулмал болон барламал дэвтрүүд- Монгол Хаад (хүүхдэд зориулсан зурагт цомог)- Тэнгэрийн Зарлиг (түүхэн туужис)- Тэнгри (өгүүллэг, туужис)- Солонгон Хөндий (роман)- Алтан ургийн хаадын зургийн цомог- Монгол Хаад – нэгдмэл бахархал (бүрэн хэмжээний түүхэн баримтат кино) - Монгол Хатад: Ээдрээт түүхийн тайлал (бүрэн хэмжээний түүхэн баримтат кино)
УДИРДСАН ТӨСӨЛ, ТОМООХОН БҮТЭЭЛҮҮД
- Монгол хаад: 11 боть түүхийн их шастир НЭГДҮГЭЭР БОТЬ (Тэргүүн Бөлөг - ХҮН ГҮРНИЙ ХААД: Модун шаньюй, Үжүлү Жоди шаньюй, Үлэй Жоди шаньюй, Юй Худурши шаньюй, Пүнү шаньюй, Би шаньюй; Атиль хаан. Дэд Бөлөг - ХАМАГ МОНГОЛЫН ХААД: Хабул хаан, Амбагай хаан, Хотула хаан, Есүхэй баатар); ХОЁРДУГААР БОТЬ (ЧИНГИС ХААН); ГУРАВДУГААР БОТЬ (ИХ МОНГОЛ УЛСЫН ХААД: Өгэдэй хаан, Гүюг хаан, Мөнх хаан, Аригбөх хаан); ДӨРӨВДҮГЭЭР БОТЬ (ЦАГАДАЙН УЛСЫН ХААД: Цагадай хаан, Доголон Төмөр); ТАВДУГААР БОТЬ (АЛТАН ОРДНЫ ХААД: Зүчи хаан, Бат хаан, Сартаг хаан, Улаагчи хаан, Бэрх хаан, Мөнхтөмөр хаан, Тудамөнх хаан, Тулабуга хаан, Тогтоа хаан, Узбек хаан, Тогтамыш хаан); ЗУРГААДУГААР БОТЬ (ИЛ ХААНТ УЛСЫН ХААД: Хүлэгү хаан, Абага хаан, Тэкүдер хаан, Аргун хаан, Гэйхату хаан, Байду хаан, Газан хаан, Өлзийт хаан, Абу Сеид хаан); ДОЛООДУГААР БОТЬ (Тэргүүн Бөлөг - ИХ ЮАНЬ УЛСЫГ ЭСЭРГҮҮЦСЭН МОНГОЛЫН ЭВСЛИЙН ТОЛГОЙЛОГЧ ХАЙДУ ХАН; Дэд Бөлөг - МОНГОЛЫН ИХ ЮАНЬ УЛСЫН ХААД: Хубилай Сэцэн хаан, Төмөр хаан Өлзийт, Хайсан Хүлэг хаан, Аюурбарбад Буянт хаан); НАЙМДУГААР БОТЬ (Тэргүүн Бөлөг - МОНГОЛЫН ИХ ЮАНЬ УЛСЫН ХААД (үргэлжлэл): Шадбал Гэгээн хаан, Есөнтөмөр хаан, Тугтөмөр хаан, Ринчинбал хаан, Тогоонтөмөр хаан; Дэд Бөлөг - УМАРД ЮАНЬ УЛСЫН ХААД: Аюушридара хаан, Төгстөмөр хаан; Гутгаар Бөлөг - ДӨЧИН, ДӨРВӨН ХОЁРЫН МОНГОЛ УЛСЫН ХААД: Энх Зоригт хаан, Элбэг хаан, Гүнтөмөр хаан, Өлзийтөмөр хаан, Дэлбэг хаан, Адай хаан, Тайсун хаан, Махагүргис хаан, Молон хаан, Мандуул хаан, Батмөнх Даян хаан); ЕСДҮГЭЭР БОТЬ (Тэргүүн Бөлөг - МОНГОЛЫН ТҮМЭД ТҮМЭНИЙ ТЭРГҮҮН АЛТАН ХАН; Дэд Бөлөг - ДӨЧИН, ДӨРВӨН ХОЁРЫН МОНГОЛ УЛСЫН ХААД: Барсболд хаан, Боди Алаг хаан, Дарайсун хаан, Түмэн Засагт хаан, Буян хаан, Лигдэн хаан); АРАВДУГААР БОТЬ (ЗҮҮНГАР ХААНТ УЛСЫН ХААД: Галдан Бошигт хаан, Цэвээнравдан хаан, Галданцэрэн хаан, Даваач хаан); АРВАН НЭГДҮГЭЭР БОТЬ (БОГД ХААНТ МОНГОЛ УЛСЫН ХААН БОГД ЖАВЗАНДАМБА ХУТАГТ)Төсөлд оролцогчид: Түүхийн Ухааны доктор С.Бадарчи, Ж.Болдбаатар, Л.Ганбат, Г.Жамсран, С.Лочин, Б.Нацагдорж, А.Пунсаг, Ж.Урангуа, Н.Хишигт, Ц.Цэрэндорж, С.Цолмон, Х.Шагдар, Д.Энхцэцэг, Ц.Энхчимэг, Г.Эрдэнэчимэг; магистр Ч.Содбилэг, Б.Сэрчин, А.Төмөр-Очир; доктор Д.Цахилгаан; Г.Мэнд-Ооёо, Б.Номинчимэд, С.Товуудорж- “Монгол хатад” 3 боть түүхийн шастир.I БОТЬ (Алун гуа, Өэлүн эх, Бөртэ хатан, Есүй хатан, Хулан хатан, Алаха бэхи, Сорхагтани бэхи, Дөргэнэ хатан, Огуль Хаймиш, Хотолун гүнж, Өлзийт гоо, Самар гүнж, Сэцэг бэйж, Мандухай сэцэн, Юнгэн хатан, Абай хатан, Мадь тайгал хатан)II БОТЬ (Ханджамц хатан, Гүнж хатан, Сайхан Жуй хатан, Пунцагролма хатан, Доржравдан хатан, Ану хатан, Сэтэржав хатан, Дармабал хатан, Уламбаяр хатан, Есөнлүн хатан, Турхан хатан, Эргэнэ хатан, Сарай Мульк хатан, Ак султан Ханике, Ханзаде бегум гүнж, Айша султан бегум зэрэг Цагадайн улсын хатад, дараа нь Борогчин хатан, Цэцэг хатан, Яйлак хатан, Тайдула хатан, Жаныке гүнж нарын Алтан Ордны хатад), III БОТЬ (Илдүз хатан, Тогос хатан, Гүюг хатан, Өлзий хатан, Хутуй хатан зэрэг Ил хаант улсын 20-иод хатан, Монголын Юань Улсын 17 хатан, Корйө болон Манжийн үеийн 30 гаруй хатан)Төсөлд оролцогчид: Түүхийн Ухааны доктор Л.Ганбат, Б.Нацагдорж, А.Пунсаг, Ж.Урангуа, Ц.Цэрэндорж, С.Цолмон, Д.Энхцэцэг, Ц.Энхчимэг, Г.Эрдэнэчимэг; магистр Ч.Содбилэг, Б.Сэрчин, А.Төмөр-Очир.- Алтан ургийн 36, Алтан ургийн бус 1, нийт 37 хааны хөрөг бүтээх төсөл Төсөлд оролцсон зураачид: Ч.Алимаа, Ц.Болд, С.Ганболд, Б.Насанцэнгэл, Ц.Отгонбаяр
- Чингис, Өгэдэй, Хубилай гурван их хааны сэнтийдээ заларсан, реалист уран зургийг том хэмжээгээр бүтээх төсөл / Зураач: А.Далантай
- Чингис хааны цээж баримал / Барималч: А.Далантай- Чингис хааны төрийн бэлгэдэл / Зөвлөх: С.Дулам (доктор, профессор)
- “Монголын Нууц Товчоо” нэгэн дэлгэмэл нүүрнээ бэлтгэх төсөл.
- Монголын Нууц Товчоо: танилцуулга, толилуулга / Төрт Ёс, Хаадын Сан, Өвөр Монголын “Монголын Нууц Товчоо” Сурвалж Бичгийн Хүрээлэн- Монголын Юань гүрнийг үндэслэгч, их хаан Хубилайн 800 жилийн ойг ёслон тэмдэглэх ЗГ-ын бүрэлдэхүүнд ажиллаж, ойн лого, сүлд зураг зэргийг биечлэн бэлтгэв.- Монголын найман Богд - Богд Хаан (8-р Богдын намтар цадиг) - Монголын их хаад - Богдын лүндэн - Хаан Цадиг (түүхэн туужис) / Төсөлд оролцогчид: С.Пүрэв, Б.Өлзийсүрэн, Ч.Жанчивдорж, Б.Ойдов, До.Цэнджав, С.Оюун- Хатан цадиг (түүхэн туужис) / Төсөлд оролцогчид: Б.Өлзийсүрэн, До.Цэнджав, С.Пүрэв, Ч.Жанчивдорж, Б.Ойдов- Жанжин цадиг (түүхэн туужис) / Төсөлд оролцогчид: С.Пүрэв, Ч.Жанчивдорж, Б.Ойдов, Д.Төрбат, С.Батжаргал, До.Цэнджав, С.Оюун- Тэнгэр хүлэгтэн (Уралдаанд шалгарсан түүхэн туужис) - “Есөн Зууны Сонгодог Бадгууд” XIII-XXI зуун хүртэлх монгол туургатны яруу найргийн дээжис (Д.Гүн-Үйлсийн тайлбар, тодруулга бүхий эмхэтгэл). ОРЧУУЛГА, ХЭЛ ШИНЖЛЭЛИЙН ЧИГЛЭЛЭЭР- А.С.Пушкин: Шүлгүүд / Орос хэлнээс орчуулсан Д.Гүн-Үйлс, ариутган шүүсэн Ю.Н.Кручкин. Улаанбаатар хот, Мөнхийн Үсэг ХХК, 2007, -132н.- А.С.Пушкин “Таашаалдаа зориулму” (А.С.Пушкиний хориотой байсан шүлгүүд) / Орчуулагч Д.Гүн-Үйлс, дизайнер М.Тэгшжаргал, зураач А.Далантай. Улаанбаатар хот, Мөнхийн Үсэг ХХК, 2009.- Эрин зууны дурлал (У.Шекспирийн сонетууд, А.Пушкиний шүлгүүд; ном, CD) / Орчуулагч, дуун өгүүлэгч Д.Гүн-Үйлс, Бит пресс, 2010 он.- Мао Зэдун / түүхэн өгүүллүүд. / Зохиогч А.Панцов, Орос хэлнээс орчуулсан Д.Гүн-Үйлс, Х.Төмөр. Бит пресс, 2010 он.- Нострадамус: Зөн билиг оршвой. / Д.Гүн-Үйлс. Улаанбаатар хот, Соёмбо Принтинг компани, 2005.- Дэлхийд манлайлагчдын маркетинг / Зохиогчид Сливотски А., Моррисон Д. Орчуулагч Д.Гүн-үйлс, Ц.Нарангэрэл, редактор Д.Гүн-Үйлс. Улаанбаатар хот, Соёмбо принтинг ХХК, 2006.- Монгол-Англи Толь / Д.Гүн-Үйлс. техник редактор М.Тэгшжаргал. Улаанбаатар хот, Бит пресс, 2010.- Орчуулга, найруулга зүй (Англи хэлээр жишээлсэн онол, дадлага) / Утга зохиолын тухай яриа (шүүмж судлал) / Зохиогч Д.Гүн-Үйлс. техник редактор М.Тэгшжаргал. Улаанбаатар хот, Соёмбо Принтинг ХХК, 2008.- Англи хэлний нууц товчоо (Англи хэл сурахад тохиолдох хүндрэл бэрхшээлүүдийг даван туулах арга зам) / Зохиогч Д.Гүн-Үйлс, техник редактор М.Тэгшжаргал. Улаанбаатар хот, Мөнхийн Үсэг ХХК, 2006.- Кембрижийн англи хэлний шинэ курс: Түлхүүр хариулт бүхий дадлагын ном 4 (Кембрижийн Хэвлэлийн газрын албан ёсны эрхтэйгээр) / Зохиогчид О’Саливан, Д. Сван, М, Уолтер, К. / Орчуулагч Д.Гүн-Үйлс, техник редактор М.Тэгшжаргал. -Улаанбаатар хот, Мөнхийн Үсэг ХХК, 2007.- Англи хэлний өгүүлбэр зүй / Зохиогч Д.Гүн-Үйлс, техник редактор М.Тэгшжаргал. Улаанбаатар хот, Мөнхийн Үсэг ХХК, 2007.- Англи хэлний үг зүй / Зохиогч Д.Гүн-Үйлс, техник редактор М.Тэгшжаргал. Улаанбаатар хот, Мөнхийн Үсэг ХХК, 2007. - Англи монгол зэрэгцүүлсэн хэл зүй / Зохиогч Д.Гүн-Үйлс, техник редактор М.Тэгшжаргал. Улаанбаатар хот, Мөнхийн Үсэг ХХК, 2007.- Монгол герман яриан толь / Д.Гүн-Үйлс, техник редактор М.Тэгшжаргал. Улаанбаатар хот, Соёмбо принтинг ХХК, 2005. - Монгол англи тайлбар яриан толь / Д.Гүн-Үйлс, техник редактор М.Тэгшжаргал. Улаанбаатар хот, Соёмбо принтинг ХХК, 2005. - Англи яриан хөтөч / Д.Гүн-Үйлс, техник редактор М.Тэгшжаргал. Улаанбаатар хот, Соёмбо принтинг ХХК, 2007. - English – Mongolian phrase - book (аудио CD-ний хамт) / Д.Гүн-Үйлс, техник редактор М.Тэгшжаргал. Улаанбаатар хот, Мөнхийн Үсэг ХХК, 2008. - Би англиар ярьж чадна (аудио CD-ний хамт) / Д.Гүн-Үйлс, зураач А.Бат-Эрдэнэ, техник редактор М.Тэгшжаргал. Улаанбаатар хот, Live Design ХХК, 2006. - Англи хэлийг алхам алхамаар (1) (4 ширхэг аудио CD-ний хамт) / зохиогч Н.А.Бонк, И.И.Левина, И.А.Бонк; орчуулагч Д.Гүн-Үйлс, техник редактор М.Тэгшжаргал. Улаанбаатар хот, Мөнхийн Үсэг ХХК, 2008. - Англи хэлийг алхам алхамаар (2) (3 ширхэг аудио CD-ний хамт) / зохиогч Н.А.Бонк; орчуулагч Д.Гүн-Үйлс, техник редактор М.Тэгшжаргал. Улаанбаатар хот, Мөнхийн Үсэг ХХК, 2008. - Англи хэлний алтан дүрэм / Д.Гүн-Үйлс, техник редактор М.Тэгшжаргал. Улаанбаатар хот, Мөнхийн Үсэг ХХК, 2008. - Англи хэлний алтан ном / Д.Гүн-Үйлс, техник редактор М.Тэгшжаргал. Улаанбаатар хот, Мөнхийн Үсэг ХХК, 2010. - Speak & Listen / эмхэтгэгч, зохиогч Д.Гүн-Үйлс, техник редактор М.Тэгшжаргал. Улаанбаатар хот, Мөнхийн Үсэг ХХК, 2008. - Төгс гэгээрсэн их багш Чин Хай / Асуулт, хариултууд. Орчуулсан Д.Гүн-Үйлс- Нохой миний амьдралд. Зохиогч Чин Хай. Орчуулсан Д.Гүн-Үйлс.- Төгс гэгээрсэн их багш Чин Хай / Зуун зууны хайр. Орчуулсан Д.Гүн-ҮйлсХҮҮХДИЙН ЗОХИОЛ БОЛОН БУСАД- Тэнгэрийн охин (өгүүллэг, туурь) / Зохиогч Д.Гүн-Үйлс, зураач Цом.Ганзориг, техник редактор М.Тэгшжаргал. Улаанбаатар хот, Мөнхийн Үсэг ХХК- “Шижиртэн дуурсах үеийнхэн мину” (Алтан Үеийн зохиолч, уран бүтээлчдийн тайлбар бүхий зургийн цомог.) / Ерөнхий редактор, эрхлэн нийтлэгч Д.Гүн-Үйлс. Улаанбаатар хот, Мөнхийн Үсэг ХХК, 2017.- Яруу найргийн тухай яриа / Д.Гүн-Үйлс, техник редактор М.Тэгшжаргал. Улаанбаатар хот, Соёмбо принтинг ХХК, 2007 он.- Яруу найргийн шинэ үе. / Ерөнхий редактор, эрхлэн нийтлэгч Д.Гүн-Үйлс. Улаанбаатар хот, Мөнхийн Үсэг ХХК, 2007.- “Гайхамшгийн эрэлд” Телевизийн 10 цуврал кино зохиол. Баримтат уран сайхны, хүүхдийн бүтээл. Байгаль хамгаалах сэдэвтэй. / Зохиогч Д.Гүн-Үйлс, техник редактор М.Тэгшжаргал. Улаанбаатар хот, Мөнхийн Үсэг ХХК, 2008.- “Гайхамшгийн эрэлд” 10 цуврал комикс. (Байгаль хамгаалах сэдэв) / Зохиогч Д.Гүн-Үйлс, Зураач: А.Бат-Эрдэнэ, дизайнер М.Тэгшжаргал. Улаанбаатар хот, Мөнхийн Үсэг ХХК, 2013.1-р дэвтэр Цэвэр агаар, 2-р дэвтэр Лус гуай, 3-р дэвтэр Бэлэг, 4-р дэвтэр Хотод айлчилсан цэвэр агаар, 5-р дэвтэр Нууц, 6-р дэвтэр Амьтадын хувцасны дэлгүүр, 7-р дэвтэр Супермен, 8-р дэвтэр Ойг хэн тарив?, 9-р дэвтэр Гайхмаар юм, 10-р дэвтэр Тогорууны өндөг. - Амьтадын тухай цувралууд (Хойд туйлын амьтад, Европ тивийн амьтад, Африк тивийн амьтад, Ази тивийн амьтад, Австрали тивийн амьтад, Америк тивийн амьтад) / Д.Гүн-Үйлс, дизайнер М.Тэгшжаргал. Улаанбаатар хот, Мөнхийн Үсэг ХХК, 2008.- “Мазаалай” цуврал (англи, монгол хэл дээрх) / Зохиогч Д.Гүн-Үйлс, техник редактор М.Тэгшжаргал. Улаанбаатар хот, Соёмбо принтинг ХХК, 2008.- “Мазаалай” цуврал (Хүүхдэд зориулан туурвисан Монголын болон гадаадын зохиолчдын шилдэг бүтээлийн дээжис) / Д.Гүн-Үйлс, техник редактор М.Тэгшжаргал. Улаанбаатар хот, Мөнхийн үсэг ХХК, 2008.- “Эверест” аудио тренинг / Зохиогч Д.Гүн-Үйлс, Оролцсон уран бүтээлчид: Монгол Улсын Соёлын Гавъяат Зүтгэлтэн Чулуунбат, Хаянхирваа, нэвтрүүлэгч Идэрчулуун, найруулагч Баярсайхан, Насандулам. Редактор М.Тэгшжаргал. Улаанбаатар хот, МУЗСТ, 40 минут.- “Ёстой гоё ном” (Хүүхдэд зориулан туурвисан Монголын зохиолчдын шилдэг бүтээлийн дээжис) / Ерөнхий редактор, эрхлэн нийтлэгч Д.Гүн-Үйлс, дизайнер М.Тэгшжаргал, зураач А.Далантай. Улаанбаатар хот, Мөнхийн Үсэг ХХК, 2009.- Амжилтанд хүрэх буян / Сонсдог ном, double CD, 2008.- Ярьдаг цагаан толгой (монгол) / зохиогч Д.Гүн-Үйлс, БНХАУ, Шэнжений хэвлэлийн компани, 2015.- Ярьдаг цагаан толгой (англи) / зохиогч Д.Гүн-Үйлс, БНХАУ, Шэнжений хэвлэлийн компани, 2015.- Гоёхон Бүүжий / зохиогч Д.Гүн-Үйлс, Монголын Утга Зохиол Судлалын Төв, Мөнхийн Үсэг ХХК. 2017.Жич: Дээрх бүтээлүүдээс гадна түүх соёл, хэл, уран зохиолын чиглэлээр олон арван бүтээлийг Д.Гүн-Үйлс редакторлон толилуулжээ. Өдгөө хэвлэлд бэлэн болсон хэд хэдэн бүтээл буй.
Д.Гүн-Үйлс: Бид тоогоор цөөн боловч үзэл санаагаар том үндэстэн
Зохиолч, түүх судлаач Дугарсүрэнгийн Гүн-Үйлстэй уламжлалт оршихуй, монгол хүний мөн чанар, уг төрхийн талаар ярилцлаа.
-Тавлаг сайхан хаваржиж байна уу. Монгол хүний мөн чанарын тухай бодож эргэцүүлж явдгийн хувьд энэ сэдвээр ярилцана гэхээр сэтгэл хөдөлж байна. Ийм том сэдвийг энэ цаг үед дэвшүүлж ярих нь нэг талаар бас зориг юм даа. Одоо чинь Монголоо магтсан хүнийг ад үзэх нь холгүй болж шүү дээ...
-Сайхан, та сайхан хаваржиж байна уу. Энэ сэдвээр үндэсний сэхээтнүүд бүхий л цаг үед дуугарсаар ирсэн. Би тэдний л нэг. Чухал сэдэв. Гэхдээ үндэслэлтэй зөв тайлж ярихгүй бол хүмүүстээ тус биш, ус болж ч мэдэх эмзэг сэдэв.
Өнөөдөр бид их сонин цаг үед амьдарч байна. Энэ хижиг тахлыг эс тооцвол манай нөхцөлд илт нүдэнд харагдах түрэмгийлэл, дайсагнал, дайн дажин байхгүй боловч хүмүүсийн олон янзын хандлага, бие биетэйгээ тэмцэлдсэн бодол санаанууд, ургасан хөрсөө голж шилсэн элдэв “гоё цэцгүүд”-ийн гоморхол, өөрсдөө ч татгалзаж эхлээд байгаа гаднынхны амьдралын хэв маягийг дагаж дуурайх хүсэл, гаднынхны нөлөө, эд баялгийн төлөөх тэмцэл гээд үй олон зөрчилдөөн, ойлгомжгүй байдлын дунд бид амьдарч байна. Ер нь ойлгомжгүй байдал, хүлээлт хоёроос өөр амьдралыг сүйрүүлдэг юм байхгүй. Зөрчил ямар ч үед байдаг нь ойлгомжтой. Гэвч бидний цөөхөн монголчуудын дунд зөрчил үнэндээ хэтрээд байна л даа.
Бид тоогоор цөөн боловч үзэл санаагаар том үндэстэн. Түүхийн бүхий л үеийн турш цөөхүүлээ байж ирсэн. Цөөхүүлээ атлаа бусдын дор оролгүй, харин ч дээр гарч байсан нь хавьгүй их. Үзэл санаа том байгаагүй бол олон үеийн турш цөөхүүлээ байж ирсэн үндэстэн түүхийн урт удаан хугацаанд тэсэж, бие дааж үлдэх, тэр тусмаа бусдаас илүүрхэх боломж угаасаа байгаагүй юм. Аз ганц хоёр таарч болох ч алхам тутамд таараад байхгүй шүү дээ. Тэгэхээр бидний аз гэж ойлгодог хувь заяаны сайн тохиол монголчуудыг алхам тутамд дагадаг байсан нь өвөг дээдэс маань зөв үзэл санаатай, зөв сэтгэлтэй явсны ач юм. Зөв үзэл санаатай, эр зоригтой хүмүүсийг л аз дагахаас биш, сул дорой хүмүүсийг аз дагаж байсан түүх ховор.
Бид байгаль цаг агаарын олон янз хувирал, түүхийн ээдрээт үйл явц, хүнд хүчрийг даваад гараад ирсэн шигээ ямар ч үед тэсэж үлдэх, амьд гарах төрөлхийн зөн совинтой, тийм чадвартай ард түмэн. Тэсэж үлдээд зогсохгүй өөрийгөө ахин дахин тунхаглах санаж сэрэхүй бас бий. Өнөөгийн биднийг олон үеэр бэлтгэсэн өвөг дээдсийн ухаан ч бий. Бид тэднээсээ мөн чанараа өвлөж авсан. Өөр хаанаас хэнээсээ авах билээ дээ. Ер монголчууд гэлтгүй дэлхийн үндэстэн бүхэн өөрийн мөн чанартай. Менталитет, унаган төрх ч гэдэг. Унаган төрх, мөн чанар аливаа улс үндэстний хувь заяаг тодорхойлдог. Хувь заяаны код ч гэж болно.
-Хувь заяа кодтой гэж бодохоор сонин юм байна шүү. Өөрөөр хэлбэл, хувь заяагаа ямар болгох нь бидний санаж сэрэхүйгээс шалтгаалах нь ээ дээ?
-Тэгэлгүй яах вэ. Өөр юунаас шалтгаалах вэ. Гэхдээ эхлээд нэг юманд хариулчихмаар байна. Өнөөдөр бид ийм сул дорой байхаар кодлогдсон юм уу гэж асуух хүн гарч магадгүй. Магадгүй ч биш, ер нь гарна. Өвөг дээдсээсээ өвлөж авсан мөн чанар буруу болохоор өнөөдөр бид ингэж амьдарч байгаа хэрэг огт биш. Харин олон үеийн зөв үзэл санаа, зөв дадал хэвшил, зөв мөн чанараа бид үл тоож унтуулсан учраас ийм болчхоод байгаа юм. Гэхдээ монгол хүн тэр бүх эрхэм чанараа унтуулсан болохоос ор тас гээчхээгүй. Бидний сэтгэл зүрхэнд, зөн совинд нэлээд бөх нойрсож байгаа. Өнөөдөр Монголоо муулаад шүүмжлээд байгаа хүмүүсийн дотор ч ялгаагүй. Учир нь хүн судлалын онолоор язгуур мөн чанар тийм амар арилж алга болдоггүй. Алга болдог юм гэхэд ганц хоёр зуун жил, хоёр гурван үе хангалтгүй. Хэрэв монгол хүнийг өөрчлөх бодлого олон үе шаттай, нарийн төлөвлөгөөтэй, бүх төрлийн арга замаар хэрэгжээгүй бол шүү дээ.
Хүний хөгжлийн онолоор бол, алс хэтийн зорилготой ч байна уу, амьдрах орчиндоо захирагдсан ч байна уу, ямар ч шалтгаантай бай хамаагүй, тухайн үндэстний оюун санаанд олон үеэр хэвшсэн сэтгэхүйн хэв маяг дараа үеийнхнийхээ мөн чанар, уг төрх болж үлддэг нь л бодит зүйл юм. Улс үндэстэн бүхэн өөрийн нийтлэг гэмээр чанартай байдаг нь үүнтэй холбоотой. Олон мянганаар амьдарч ирсэн ахуй оршихуй, түүх соёл нь үндэстэн бүхний сэтгэхүйд кодлогдсон болохоор тэр. Ухаандаа хятадууд ажилсаг, зан заншлаа дээдэлдэг, жаахан дотуур тамиртай, оросууд болохоор далайцтай, нийтэч, хээгүй, танхайдуу, англичууд цэмцгэр, нухацтай, нэр төрд дуртай, япончууд хариуцлагатай, хөдөлмөрч, ёс уламжлалаа сахидаг гэхчлэн нэг тийм тогтчихсон гэмээр дүр төрх, хандлагыг бид олж хардаг...
-Бид тэднийг тэгж хардаг юм байж. Тэд харин биднийг яаж хардаг бол. Монгол хүн яг ямар юм бол. Монгол хүний уг төрх, хандлага юу юм бэ?
-Шууд тийм ийм гээд хэлчхэж болно л доо. Гэхдээ хүний мөн чанар, энгийнээр зан араншин, хандлага яаж бий болж төлөвшдөг тухай ярихын тулд олон үеэр оршин амьдарч ирсэн нөхцөл байдал, ахуй оршихуй, түүнээсээ ургаж гарсан сэтгэхүй, түүхийн явц, уламжлал, зан заншил зэргийг судалгааны зөв арга барилаар, хүн судлалын үүднээс логиктой гаргаж тавихгүй бол уг санаа нь хэчнээн зөв байгаад ч бусдад ойлгуулж чадахгүй. Зөв ойлгуулахгүй бол хүмүүс хүлээн зөвшөөрөхгүй, та бид хоёрын яриа ч ач холбогдолгүй болно. Хүний ой тойнд үлдээхүйц санаж эргэцүүлэх юм өгөхгүй бол хэн өөрийгөө таньж, өөрийгөө хүндлэх вэ дээ.
Зөвхөн ганц шинжийг ойлгуулахын тулд л нэлээд их зүйл ярих хэрэгтэй болно. Жишээ хэлье. Холыг харах чадвар бол монгол хүний нэг мөн чанар байжээ. Нүдний хараа сайтай гэсэн утгаар биш шүү. Амьдралын алс хэтийг ухаарахдаа, хожмын үр дагаварт дүн шинжилгээ хийхдээ сайн байсан гэсэн үг. Ингэж хэлээд л орхичихвол хэн ч итгэхгүй. Залуучууд “Ёстой мэдэх ч үгүй юм байна. Монголчууд холыг хардаг байсан бол өнөөдрийнх шиг ингэж амьдрах уу. Адаглаад том гэрээг ингэж хийх үү?” гээд л шаагилдаад унана. Өнөөдрийн нөхцөл байдлаар сэтгээд байна л даа. Тэгвэл ганц энэ чанарыг тайлбарлахын тулд их холоос эхлэх хэрэгтэй болно.
Монгол хүний хувьд, орон зайг эзэгнэгч байхаар төрсөн гэж би боддог. Орон зай гэдэг өөрөө асар том ухагдахуун. Сэтгэлийн орон зай, зөн билгийн орон зай, хувийн орон зай, харилцааны орон зай гэхчлэн олон орон зай байдаг. Бас бодит ертөнцийн хэмжээсийг ч орон зай гэж ойлгож болно. Тэгэхээр байгаль дэлхий бол орон зайн бас нэг төлөөлөгч. Суурин соёлд цаг хугацаа чухал бол нүүдэлчин соёлд орон зай чухал байжээ. Нүүдэлчин соёлын хүмүүс орон зайг чухалчилж ирсэн нь цаг хугацааг хүн төрөлхтний төлөө үргэлж сайн сайхнаар гүйлгэхийн тулд дэлхий ертөнц өөрөө эрүүл саруул байх ёстой гэж сэтгэж амьдарсных юм.
Өнөөдөр амьдрал дээр ч тэр, зурагтын дэлгэцээр ч тэр, хүмүүс машин техникийг цаг хугацаанаас түрүүлэх шахуу шамдан хийж байна. Тэгээд тэр хүчтэй техникээрээ уулыг нурааж, усыг эргүүлж, газрын хөрсийг онги татаж байна шүү дээ. Байгаль дэлхий сүйрч үгүй болсон ч цаг хугацаа урссаар үлдэх биз. Гэвч байгаль дэлхийтэйгээ хамт үгүй болох хүн төрөлхтөнд цаг хугацаа урссаар байх уу, уудам тал халил хясаанд тулж гэнэт төгсөх шиг таг зогсоно уу, үнэндээ юуны ялгаа байх вэ дээ. Цаг цагаараа байдаггүй, цахилдаг хөхөөрөө байдаггүй. Цаг хугацааны гадна орших юу ч байхгүй гэдгийг нүүдэлчин малч ард түмэн бас мэддэг байсан.
Нүүдэлчин оршихуй өөрөө урт холын явдалтай. Хуучин цагт монголчууд намхан морио унаж дэлхийг хөндлөн гулд туучсан. Тэр зангарагаараа ямар ч орон зайнаас айж сүрдэхээсээ өнгөрсөн улс. Ухаандаа Төв Азийн өндөрлөгөөс хэдэн мянган бээрийн алсад мяралзан урсах Амударья мөрөн, Хорезм улс гэхэд эртний монголчуудын хувьд, “жижиг тугалын бэлчих газар” байсан юм. Гэтэл манай нийслэлээс тэр үеийн Хорезмын томоохон хот Ургенч хүртэл таван мянга гаруй км гээд бод. Хүнээ дагаад адуу мал нь ч тэвчээртэй. Дэлхийн ямар ч алс бөглүү хязгаар сайн морины гүйх газар байсан. Монголчууд морин дэл дээр холыг туулахаас гадна алсад сэрэмжлүүлэг мэдээ дамжуулах аргатай байсан нь орон зайг эзэгнэх ухааны л бас нэг илрэл байж. 100 км газар мэдээ дамжуулахад 10 гаруйхан минут шаардагддаг байсан гэвэл өнөөдөр итгэх хүн гарахгүй. Хүлэг мориноос өөр хурдан унаа байхгүй, нар, сар, галаас өөр гэрэл гаргах юмгүй эрт зуун шүү дээ. Өнөөдөр шиг холбоо барих утас шөрмөс байх биш. Яаж тэр хол газар мэдээ дамжуулдаг байсан юм бол гэж гайхах хүн гарна. Арга нь энгийн.
Нутгийн хил хязгаараас эхлэн хараа бараагаа харах өндөрлөгүүд дээр хуурай мод, хатсан харгана, аргал хомоол овоолон бэлтгэж, асааж дохио өгөхөд дараагийнх нь асаах гэх мэтээр хоромхон зуур нутгийн гүнд мэдээ хүргэдэг байж. Өндөр уулын орой дээр харуулын цэргүүд байрлаад дайсан довтолсон нөхцөлд ээлж дараалан дохио өгсөөр эзэн хаанд мэдэгдэх ба хаан, жанждадаа цэргээ яаралтай засаж, дайсныг угтан цохих хугацаа өгдөг байж. Холыг туулах чадвар, мэдээ дамжуулах арга, нүүдэлчин оршихуйд дасан зохицсон зориг тэвчээр зэрэг олон чанар орон зайг эзэгнэх монгол хүний боломжийг бусдаас илүү болгосон.
Нүүдэлчин малч улсын өглөө сэрээд хамгийн түрүүнд хардаг зүйл нь тооноор үзэгдэх хөх тэнгэр. Хөндий талаар хатируулж явахдаа хардаг юм нь хараа хүрэх алс, холын уулс. Өвөл, зун, хавар, намрын аль ч улиралд ихэнхдээ нартай цэлмэг байдаг нь хүний сэтгэлийг тэнүүн болгодог. Хүний сэтгэхүйд нөлөөлөх газар нутгийн нөлөөлөл. Гэрэл гэгээ ихтэй газрын хүний сэтгэхүй өөр, бүүдгэр сүүмгэр газрын хүний сэтгэхүй өөр. Гэрэл гэгээ ихтэй, уудам нутгийн хүмүүсийн сэтгэл уужим байдаг. Дээр нь байнга алсыг харж явах тул нүдний хараа сайн. Тэнүүн сэтгэлээр аливааг ухаж бодох тул ирэх цагийг төсөөлөх нь газрын холыг хараалах шиг баримжаатай байжээ. Байгаль дэлхийн ааш араншинг танихдаа ч тэр, амьдралын алс хэтийг бодохдоо ч тэр. Тийм байж чадахгүй бол нүүдэлчин амьдралын хэв маягт зохицон амьдрахад хэцүү байсан. Байгаль нь хүнийг тийм чанарт сургана, тийм чанарт суралцсан хүн эргээд байгальдаа зохицон амьдарч чадна. Ийм л харилцан шүтэлцээтэй оршихуй байж.
Холыг бодож сурахад өөр зүйл ч бас нөлөөлсөн. Тэр нь хууччуулын үг, аман зохиол, хайранд суурилсан сэтгэхүй. Цөөн айл талын энгэрээр тарж сийрэг суух тул олон хүний ярианд автах нь бага, тиймээс ойр байх гэрийн ахмадын үгийг л сонсоно. Өөрөө үнэн зөв явахын баталгаа болж амьдарсан хүндтэй хүнийхээ сургаал үгийг хэзээ ч мартахгүй. Үнэн зөв ухааныг хэзээ ч мартахгүй явна гэдэг холыг харах бас л нэг том өгөгдөл. Хашир туршлагатай, ухаантай хүний үгийг дагаж зөв амьдрах зүг чигээ олно. Байгалиар заалгаснаа тунгаахын хамт ахмадын үгийг уужим сэтгэлээр ухаж бодох тул холыг харах өгөгдөл улам нэмэгдэнэ. Монгол хүн ийм л байж. Энэ чанарыг холоос эрэлтгүй. Өвөө эмээ, нутгийг хөгшчүүлээ бодоод үзэхэд л харагддаг шүү дээ.
-Өнөөдөр монгол хүн тийм байсан гэхэд итгэх арга алга болж байна шүү дээ. Өнөөгийн зарим хүмүүсийг хараад гайхах хүн гарна. Гарна ч гэж бие биеэ хараад танихгүй гайхсан улс зөндөө байна шүү дээ, цаана чинь...
-Бүгд ойрын хараатай болчхоогүй ч тийм чанар бүх хүнээс холдож алга болоогүй. Үлдэх нь үлдсэн, унтах нь унтсан. Тийм чанараа сэрэхээргүй бөх унтуулж орхисон нь өөрийгөө хэн бэ гэдгийг таниагүйтэй, өнгөрснөө тоодоггүйтэй, бас харийн соёлд ууссантай холбоотой. Бидний хэн нэгнээс тийм чанар харагдахгүй байгаа нь байгальд ойр, нүүдэлчин малч хөгшид тийм байгаагүй гэсэн үг биш шүү дээ. Ердөө л тэднийхээ олон үеэр бий болгож өгсөн шинж төрхийг бид өөрсдөө унтуулж орхисных юм. Тэгэхээр монгол хүн холыг харах цээжний ухаантай байсныг ойлгуулахын тулд ийм хэдэн зүйлийг оршил болгон ярих хэрэгтэй болно. Дахиад ч задарна.
Түүхэнд манай хууччуулын холч харааны жишээ тун их. Их хаад, ухаант мэргэдээс авахуулаад цаг үеэ зөв шинжиж, ирээдүйгээ далайцтай харж төлөвлөж байсан учраас л өнөөдрийн монголчууд газар нутагтайгаа, соёл сэтгэхүйтэйгээ үлдсэн хэрэг. Хэрэв монгол хүн холын хараагүй байсан бол та бид хоёр ингээд энэ талаар яриад сууж байхгүй. Өндөр гэгээн Занабазар мандах төрийг биш, мөхөх төрийг дагасан нь чухам тийм л холч харааны илрэл байсан. Хальт сонсоход ойлгомжгүй санагдана. Мандах төрийг дагавал сайхан баймаар юм. Гэтэл холыг харах цээжний ухаанаар мөхөх төрийг дагавал, мөхөх тавилантай улсын дунд бид хожим бие даагаад үлдчихнэ гэдгээ тооцоолж. Харин мандах төрийг дагасан бол мандсан төрийн эрхшээлд үлдэнэ гэдгийг л харсан хэрэг шүү дээ. Ер нь бид бүгд ийм л сэтгэхүйг төрүүлсэн нүүдэлчин соёлын бүтээл.
-Зөвхөн ганц шинж бий болохын тулд байгалийн, нийгмийн, түүхийн олон хүчин зүйлс нөлөөлсөн байх нь ээ...
-Тэгэлгүй яах вэ. Ингээд бас зогсохгүй. Сэтгэлгээний өөр хэв шинж ч бас нөлөөлсөн. Үйлийн үрийг манайхан шашин номын ойлголт гэж боддог. Үнэндээ тийм итгэл үнэмшил шашны том урсгалууд үүсэхээс өмнө бидэнд байсан. Байгалиа хайрлах ухаанаас эхтэй, үндэсний уламжлалтай эртний сурвалжит ойлголт л доо. Амь амьжиргааны эх үүсвэр болсон адуу малаа өсгөж адгуулахын тулд байгальтай зөв харьцах ёстойг их эрт ухаарсан учраас хожмын үр дагаврыг сэтгэж сурсан. Байгалийг ойлгож чадвал бүхнийг ойлгож чадна. Байгаль дэлхий тэр аяараа монгол хүний багш байжээ. Монголоор үйлийн үр гэдэг үгийг самгард хэлээр карма, төвөд хэлээр лай ланчиг гэдэг. Гэхдээ тэд биднээс авсан гэж хэлэх гээгүй шүү. Үнэн ганц учраас түүнд очиж нийлэх цэг нь таарсан хэрэг.
Өнөөдөр хийсэн үйл маргаашийн хувь заяаг тодорхойлно гэдгийг эртнээс ойлгосон үндэстэн муу юм хийхгүй байхыг үр хойчтоо ойлгуулж, холыг харж алсыг ухаарч амьдрахыг өөрөөрөө үлгэрлэдэг байж. Өөрөөрөө үлгэрлэх нь үглэж дуулснаас зуу дахин үр дүнтэй. Залуус ахмадаа харж хүмүүжнэ. Өглөө босоод л байгаль дэлхийгээ шинжиж, гэр хороогоо засаж, мал сүргээ адгуулж, хол ойрыг туулж, айраг цагаа боловсруулж, сур элдэж, үйл урлаж, олон үйл зэрэг зэрэг өрнөх байгаллаг нүүдэлчин оршихуйд эцэс төгсгөлгүй удаан ярьж, үглэж дуулж суух цаг зав ч байгаагүй юм.
-Монгол хүний холын хараа өнөөдөр хааччихав гэж асуух хүн надаас эхлээд байна л даа. Тэгэхээр үүнийгээ бид яаж сэрээх вэ?
-Эхний ээлжид монгол хүн өөрт анхнаасаа байсан эрхэм чанаруудыг олж харах хэрэгтэй. Тэгээд өнөөдөр хэр их өөрчлөгдсөнөө ойлгох. Өмнө хэлснээ дахин хэлэхэд, бид өөрчлөгдсөн гэхээсээ илүү эрхэм сайн чанаруудаа сэтгэл зүрхнийхээ гүнд унтуулж орхисон юм. Ганц би ч хэлээд байгаа юм биш, аливаа үндэстний төрөлх чанар үгүй болоход маш урт удаан хугацаа, бие организмын болоод оюун санааны эрлийзжилийн олон үе, харь соёлын хүчтэй довтолгоо хэрэгтэй гэдгийг дэлхийн тэргүүлэх судлаачид хэлж сануулаад байна шүү дээ.
Бидний аз болоход, хэд хэдэн нийгмийн нүүр үзсэн ч төрөлх зөн совин бүрэн гүйцэд алга болоход цаг хугацааны хувьд хангалтгүй, ихэнх монголчуудын үндэсний үзлийн голомт унтраагүй, дээр нь монголчуудын бие организмын эрлийзжилийн хувь бага, оюун санааны буюу соёлын эрлийзжил эхлэлийн шатандаа байгаа учраас санаж сэрэх боломж өндөр байгаа юм. Тэгэхээр ойлгож ухаарах нь эхний том алхам. Амьдралд алхам хэрэгтэй шүү дээ. Ойлгож ухаарвал итгэл үнэмшил төрнө. Итгэл үнэмшлээс найдвар, боломж төрнө. Итгэл найдвар, эр зоригтой хүнд аз тохиодгийг монголчууд түүхээрээ харуулсан. Дараа нь зөв үзэл санааныхаа баталгаа болж амьдарсан хууччуул шигээ ёс зүйтэй явахын баталгаа нь болж амьдрахыг хичээх хэрэгтэй. Хичээх, хүсэх гэдэг нь өөрөө амжилтын тал нь юм. Том үйл хэрэг бодит байдалд биелэхийн өмнө сэтгэл санаанд биелдэг шүү дээ. Шашин номынхон “Гэгээрэхийг хүсэх нь өөрөө гэгээрэл юм” ч гэж хэлдэг. Тэгэхээр үнэн зөв бодлынхоо баталгаа нь болж амьдрах хэрэгтэй. Тэвчээртэй бай гэж хэлэх амархан. Тэвчээртэй байхын баталгаа нь болж амьдрах хэцүү. Бусдыг бүү гомдоо гэх амархан. Бусдыг гомдоохгүй явахын баталгаа нь болж амьдрах амаргүй.
-Монгол хүн холыг харж, нэг ёсондоо зөв бодож төлөвлөх чадвартай байсныг ойлголоо. Монгол хүний өөр ямар шинж төрхүүдийг хэлж болохоор байна?
-Энд ахиад л өнөөх дэлгэрэнгүй хэлж ярихгүй бол ойлгомжгүй болох асуудал үүснэ. Тиймээс ганц хоёр санааг хэлэх төдийгөөр хязгаарлая. Ямар ч үндэстний шинж төрх газар нутгийн онцлог, амьдралын хэв маяг, түүхэн үйл явцтай холбогддог. Ээрэм тал, уул нуруу, хангай говь, гол мөрөн, булаг шанд эрээлжилсэн өргөн уудам нутаг, эрс тэс уур амьсгал, нүүдэлчин амьдралын хэв маяг монгол хүнийг өгөөмөр, тэвчээртэй болгосон юм. Байгалиа дагаж, өөрсдийн оршихуйд зөнгөөрөө түшиглэж, ямар нэг албадлагагүйгээр бий болсон учраас өрх гэр, төрөл садан, хот айл, хөрш саахалтаар амьдарч ирсэн амьдралын хэв маяг нь монгол хүнийг ах дүүсэг, хамаатан садансаг болгосон. “Айл хүний амь нэг, саахалт айлын санаа нэг” гэсэн хэлц ардын дунд яригддаг.
Ойр дотнынхны хүрээнд тохиолдох санаанд оромгүй үйл явдлууд тэднийг аливаа зүйлийн ая эвийг олж, алтан дунджыг барьж шийдэх голч зантай болгосон. Ойр төрлийн хүмүүсийн дунд үл ойлголцол гарч, сайдаж муудах аваас голчийг барихаас өөрөөр яаж эвлэрүүлж, хэн хэнийг нь гомдоохгүй байж чадах билээ. “Эхийг нь эцээхгүй, тугалыг нь тураахгүй” гэдэг үг амьдралаас урган гарчээ. Байгалийн олон янз хувирал дунд үр хүүхдээ өсгөх, мал сүргээ адгуулах, ашиг шимийг нь хүртэх, нүүдэл суудал хийх гэхчлэн амьдралд тохиолдох бүхий л үйл явц зэрэг зэрэг өрнөх өвөрмөц орчин монгол хүнийг хурдтай, бие даасан, боломжит зөв шийдлийг олох чадвартай болгосон. Хаад нь хаад шиг, ноёд нь ноёд шиг бие дааж шийдвэр гаргадаг, эрт дундад зуунд дэлхийн эзэнт гүрнийг байгуулж, хүн төрөлхтнийг бүхэлд нь эрхшээх эрхийг мөнх тэнгэрээс хүртэж явсан учраас түүх нь тэднийг итгэлтэй, омог бардам болгосон гэх зэргээр их зүйл ярьж болно.
Энэ бүх ярианаас монгол хүнийг дэндүү төгс харагдуулах санаа цухалзаж байж магадгүй. Сайн сайхан чанар ямар ч үндэстний хүнд бий. Давхцах зүйл ч бий, давхцахгүй зүйл ч бий. Бусдад байдаг сайн сайхан чанар бидэнд ч бас байсан л гэсэн үг. Бас бусдад үл хүрэх, дутуу чанар ч бидэнд бий. Гэхдээ сэтгэхүйгээрээ эртний нүүдэлчин малч үндэстэнтэй толгой дараалан давхцах тийм үндэстэн хаа ч байхгүй гэдгийг л би баттай хэлж чадна. Харин хэн нэг нь энэ бүхнийг үгүйсгэе гэвэл миний мэдэхгүй олон баримтыг гаргаж ирэх хэрэгтэй болно.
Нүүдэлчдийн хувьд, мал аж ахуй бие даасан шинжтэй бөгөөд эдийн засгийн өрсөлдөөн гэсэн ойлголт байгаллаг оршихуйд байгаагүй учраас монголчуудын хувьд эв нэгдэл үнэ цэнэтэй, харин өрсөлдөөн үнэ цэнэ багатай байжээ. Түүхийн урт удаан хугацаанд нутаг усыг нь түйвээх, тайван амьдралд нь халдах харийн хүмүүс, сүүлтэй сүүлгүй чоно цөөнгүй байсан учраас ах дүүсээ болон амьдарч буй газар нутгаа хайрлаж хамгаалах зөн совин монгол хүнийг зоригтой байхаас аргагүй болгосон юм. Бас зэрэгцээд нутгархаг үзэл, өөрийгөө болон өөрийнхөө хүмүүсийг бусдаас дээгүүр тавих үзэлтэй болгосон. Ийм зан өнөөгийн улс төрийнхөнд их илэрдэг. Ялгаагүй нүүдэлчин сэтгэхүйн угшилтай монгол хүмүүс шүү дээ. Тэд оюун ухаантнуудыг, улс төрийн бодлоготнуудыг улс орныхоо хэмжээгээр харж сонгодог байсан бол бид арай өөрөөр хөгжих байсан. Гэтэл тэд зөвхөн өөрийн хүмүүсийн дундаас буюу нам дотроосоо шилмэл оюун ухааныг хайдаг. Үл мэдэх хүмүүсийг тэд гадуурхдаг.
Уудам орон зай, байгалийн хүнд нөхцөл, туулахын эцэсгүй хол зам, санамсаргүй өөрчлөлт, гэнэтийн тохиол учрал бүхэн монгол хүнд өөрөө л сурч мэдэхгүй бол амьдрахын аргагүй тийм нөхцөлийг үүсгэсэн юм. Мэдэхгүй чадахгүй зүйлээ очоод асуучих суурин иргэншлийнх шиг “юм мэддэг” олон хүн, суугаад үзчих номын сан ч бидэнд байгаагүй. Байдаг юм гэхэд хариултыг нь өгөх ном ч бас үгүй байв. Өнөөдөр хийж барахгүй бол маргааш оройтно гэдгийг зөн совин нь сануулж, цагийн юмыг цагт нь хийж сурах зан монгол хүнд суужээ. Дэргэд байх хөгшдөөсөө өөр асуух мэргэдгүй, өөрөөсөө өөр найдах хүнгүй амьдралын орчин “Айлаас эрэхээр авдраа уудал” гэдэг ухаарлыг монголчуудад өгсөн юм. Тэр нь ч зөв байсан. Авралыг алсаас биш, дэргэдээсээ хайсан нь оносон. Үнэндээ дэргэд байх хөгшид ганц хэрэгтэй ном нь байжээ. Тэднийхээ ачаар монгол хүн өөрөө сэтгэж, өөрөө бие даан хийж сурсан. Хар авдарт эрдэнэ байж, хазгар хөгшинд эрдэм байж. Ингээд яриад байвал маш ихийг ярьж болно, даанч танай сонины хэмжээнээс халиад явчих биз.
Монгол хүний шинж төрх, нүүдэлчин сэтгэхүйн талаар “Монгол заяатан” ном маань удахгүй гарна. Тэр номондоо энэ талаар би дэлгэрэнгүй бичсэн. Тэр номонд судалгаа ч бий, шинжлэх ухаан ч бий, логик гаргалгаа ч бий, түүх оршихуйн задаргаа ч бий, бас уран зохиол, домог яриа, болсон явдал, түүх, шог яриа ч бий. Гэвч энэ ярилцлага маань номын танилцуулга биш учраас олон зүйл яримааргүй байна. Гол нь хүмүүс энэ номыг уншиж, санаа сэдэл авч чадвал ойлгож ухаарч, сэтгэлээ сэрээж, бусдадаа мэдүүлэх боломжтой болно. Заавал номын нэрийг дурдах албагүй л дээ. Энэ бүтээлээс санаа сэдэл авч, монгол хүн өөрийгөө танивал болоо.
-Сүүлийн асуулт. Өөрийгөө танихыг жаахан тодруулбал…
-Өөрийгөө таних нь толинд хараад өөрийгөө таних, зургаас өөрийгөө олж харахтай зарим талаар адил боловч удам дамжсан ойлголт “арай” өөр. Өөрийгөө таниагүй, өөртөө итгэдэггүй хүн ер бусын зүйл өдөрт хэдэн сая дүнчүүрээрээ тохиож байдаг салхи шуурга шиг орчлонд яаж амьдрах вэ дээ. Тиймээс юуг чадах вэ, юуг чадахгүй вэ, сэтгэлийн бяр тэнхээ хэдий хэрийн ачаа даах вэ, уран сэтгэмж хаа хүртэл үргэлжлэх вэ, удмын мэдээлэлд байгаа давуу талаа яаж ашиглах вэ гэдгээ зөн совингоороо мэдрээд ирэхээр хүнд итгэл төрж, тэр хэрээр боломж бий болдог нь батлагдсан зүйл. Чадах бүхнээ хий, үлдсэнийг нь хувь заяандаа даатга гэдэг шүү дээ. Тиймээс өөрийгөө таних гэж хичээх нь хүний өөрийнхөө төлөө хийж чадах эхний зүйл юм. Хүн өөрийнхөө төлөө чадах зүйлээ хийвэл, хувь заяа түүний төлөө чадах зүйлээ хийнэ.
Орчин үеийн компьютерт апдейт хийх гэж нэг юм байдаг. Хуучин программаа санахын хамт сайжруулж шинэчлэхийг тэгж хэлдэг. Юу ч үгүй хоосон үед апдейт хийх боломжгүй. Юундаа ч хийх вэ дээ. Түүн шиг, төрөлх чанараа таньсан хүн л өөртөө апдэйт хийх материалтай болно. Өмнөх үеийнхнээсээ буян заяа өвлөж авахын тулд төрөлх чанараа таньж, түүнийгээ сэрээх хэрэгтэй гэж би боддог. Тэднийхээ оршихуй, сэтгэхүй ямар байсныг мэдэж, өөрийгөө дахин програмчилж, апдейт хийх нь хүний эхний эхний ээлжид олж авах суу мэдлэг гэхэд бараг хилсдэхгүй. Тэнгэрээс мөнгө унахгүй, өдөр бүхэн азын сугалаа хожихгүй, жинхэнэ хайр алхам тутамд таарахгүй болохоор өөрийгөө таньж, өөрийгөө хүчтэй болгохоос өөр амьдралыг туулах ухааныг дэлхийн хүмүүс нээгээгүй байна. Хуучны ёс уламжлалаа сахиж ирсэн япончууд өнөөдөр ямар хүчтэй байгааг бүгд харж байгаа. Бид ч хүчтэй байсан. Гэхдээ бид язгууртан байх үедээ хүчтэй байсан юм. Энэ нь ямар нэг язгуур угсаатай гэхээсээ илүү язгуур сэтгэлгээтэй байх үедээ хүчтэй байсан гэсэн үг. Язгуур сэтгэлгээтэй хүнийг ‘язгууртан’ гэдэг.
Эх сурвалж: Зууны мэдээ сонин