АНГЛИЙН ҮНДЭСНИЙ ИМИЖ БРЭНДИНГИЙН “GREAT” ТӨСӨЛ
7 жил, 7 сар өмнө

ИБУИНВУ-ын Засгийн газраас тус улсын гадаад сурталчилгааг 2012 оноос “Great” сэдэвтэй маркетингийн төслийн дор нэгтгэн хэрэгжүүлж байна. Уг төсөл нь аялал жуулчлалыг дэмжих, хөрөнгө оруулалт нэмэгдүүлэх, Британид ЕХ-ны бус орнуудаас суралцах гадаад оюутнуудын тоог өсгөх үндсэн гурван зорилгын хүрээнд Британийн бараа бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлж сурталчилгаанд зарцуулсан зардалаа 25 дахин өсгөх зорилттой байна.

Жилийн 60 сая фунт стирллингийн төсөвтэй төслийн зорилгыг “Great буюу Агуу-Хүчирхэг” ишлэл үгээр дамжуулан Британийг дэлхий ертөнцөд сурталчлан таниулдаг бөгөөд гол уриагаа “Та бүгдийг Британид зочлох (аялал жуулчлалыг дэмжих), бизнес эрхлэх (хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх), суралцах (оюутны тоог өсгөх)-ыг урьж байна” гэж тодорхойлсон.

“Great” төслийн үйл ажиллагааг Ерөнхий сайдын ажлын албанаас удирдан чиглүүлэх бөгөөд үйл ажиллаганд нь төслийн багийн гишүүд, ГХХНЯ, Худалдаа, хөрөнгө оруулалтын яам, хилийн чанад дахь ДТГ-ын тэргүүнүүд оролцдог. Төслийг Британийн Хатан хааны гэр бүлийн гишүүд болон хувийн хэвшлийн 250 гаруй байгууллага, дэлхийд алдартай алдартанууд үнэ төлбөргүй дэмжин сурталчилдаг байна.

Тус төсөл 2012-2015 оны зорилт болох “дөрвөн жилийн хугацаанд Британийн эдийн засагт 2,3 тэрбум фунт стирллинг нэмж оруулах, 4,6 сая нэмэлт жуулчин хүлээн авах, 60,000 шинэ ажлын байр бий болгох” гэсэн зорилтуудаа бүрэн биелүүлсэн бөгөөд төслийг 2020 хүртэл үргэлжүүлэн хэрэгжүүлнэ.

“Great” төсөл 2012-2015 онд амжилттай хэрэгжсэн гол үндэс нь олон жилийн судалгаа, бэлтгэл ажлын хүрээнд зорилтоо маш тодорхой гаргасан бөгөөд гадаад сурталчилгаагаа Бизнес, Жуулчлал, Боловсрол гэсэн гурван чиглэлд түлхүү хандуулж, нарийн төлөвлөгөө гарган ажилласан явдал юм.

Мөн улсынхаа олон нийтэд төслийн ач холбогдлыг маш сайн ойлгуулж, тэдний дэмжлэгийг авч чадсан байна. Төслийн үйл ажиллагааны гол сэдвүүд болох өв соёл, спорт, худалдаа үйлчилгээ, хөгжим, инноваци, боловсрол, хөдөө орон нутаг зэрэгтэй холбогдолтой мэдээлэл бүхий зурагт хуудсуудад “Great” ишлэл үгийг байрлуулж олон нийтийн газар, нийтийн тээвэр, такси үйлчилгээ зэрэг олны хөлийн газруудад ихээр байршуулсанаар төслийн агуулгыг хүмүүсийн ой тойнд буулгаж, хүн бүрийг энэхүү төслийн нэг хэсэг болж болно гэсэн ойлголтыг төрүүлж чадсан. Энэ ажилд зар сурталчилгааны компаниуд идэвхтэй оролцож, өөрсдийн сурталчилгааны самбар, дэлгэцүүдийг үнэгүй ашиглуулсан байна.

Түүнчлэн Британийн дэлхийд танигдсан Пол Смит, Вивиен Вэствүүд, Ричард Брансон, Дэнис Льюс, Жеймс Бонд 200 гаруй нэр хүндтэй, олны танил алдартанууд сурталчилгааны нүүр царай, Элчин сайдууд (36 элчин сайдтай) болсон. Мөн Британийн дэлхийд алдартай брэндийн компаниуд болох Burberry, McLaren, Premier League, LSE, BAFTA, Land Rover, Jaguar, British Airways, Virgin, Universal Music, Mulberry зэрэг маш идэвхтэйгээр дэмжсэн.

Төсөлд Британийн том, жижиг олон тооны байгууллага түншлэлийн хамтын ажиллагаатай хамтран ажиллаж соёл урлаг, боловсролын салбарын олон зуун байгууллагууд өөрсдийн үйл ажиллагааны сурталчилгаандаа “Great” брэндийг давхар сурталчилж эхэлсэн байна. .

“Great” төсөл анх 14 зорилтот улс, хотуудад хэрэгжиж эхэлсэн бол одоо 144 улсын 300 гаруй хот болж өргөжин, 2015 онд 193 газарт 1,100 гаруй арга хэмжээ зохион байгуулжээ. Кампанит ажлын хүрээнд амжилттай хэрэгжсэн төслүүдийн нэг нь Лондонгийн зуны Олимпийн наадам юм. Харин 2016 онд болсон Риогийн зуны Олимпоор наадмаар олимпийн хотхонд “British House”-ыг хэдэн сарын турш ажиллуулж, Британийн тамирчдын оролцсон тэмцээн уралдаануудыг үзүүлэхээс гадна бизнес, эдийн засаг, аялал жуулчлалын уулзалт, семинар, соёл урлагийн арга хэмжээг зохион явуулсан.

Төсөл хэрэгжиж эхэлснээс хойш эдийн засгийн ашиг 1.5 тэрбум фунт стирллингт хүрсэн бөгөөд нэмж 1.4 тэрбум фунт стирллингийн ашиг олох тооцоо байна. Төслийн “Great” брэндийн өнөөгийн үнэлгээ 217 сая фунт стирллинг.

“Great” төслийн 2020 он хүртэлх төлөвлөгөөндөө аялал жуулчлал (40 сая жуулчин хүлээж авна), хөрөнгө оруулалт (1.5 их наяд фунт стирллингээр нэмэгдүүлнэ. Үүнд 1 их наяд фунт стирллингийн төсөв бүхий шинээр 100,000 экспортлогчтой болох төсөл багтана.), боловсролын (ЕХ бус орноос 55,000 оюутан хүлээж авах) салбарыг хамааруулж 50,000 ажлын байр шинээр бий болгох зорилт тавьж байна.

Дэлхийн 14 хотуудад зар сурталчилгааны зорилтот үйл ажиллагаа явуулсаны үр дүнд тухайн хотын нийт хүн амын 70 хүртэл хувьд сурталчилгаа хүрнэ гэж үзэж байгаа бөгөөд энэ нь нийтдээ 90 орчим сая хүн юм. 2020 он хүртэл сурталчилгааг 140 орчим сая хүнд хүргэх зорилттой.


БРИТАНИЙГ ГАДААДАД СУРТАЛЧЛАХ

GREAT” ТӨСЛИЙН ЗАХИРАЛ НОЁН КОНРАД БӨРД

  • 2012 оноос “Great” төслийн захирал.
  • 2012 он хүртэл Британийн ГХХНЯ-ны “Олон нийтийн дипломат ажиллагаа, гадаад сурталчилгааны бодлогын газар”-ын захирал.
  • Британийн ЗГ-ын Харилцаа холбооны захирал.
  • 2002 онд ЗГ-ын “Мэдээллийн төв алба”-д өсвөр насныхны хар тамхины донтолт, хэрэглэгчдийн эрх ашиг, экспортын Зөвлөгч.
  • 2002 оноос төрийн албанд ажиллаж эхэлсэн.

Ноён Конрад Бөрд Британи болон олон улсын бизнесийн байгууллагуудад сурталчилгааны чиглэлээр 18 жил ажилласан.

АНГЛИЙН ҮНДЭСНИЙ ИМИЖ БРЭНДИНГИЙН “GREAT” ТӨСӨЛ by CREATIVE MONGOLIA on Scribd