Д.Гомбо-Очир- Мянгат малчдыг "Туслах малчин 10,000 ажлын байр" санаачилгыг санаачилагч, сайн малчин
6 жил өмнө

Мянгат малчдыг "Туслах малчин 10,000 ажлын байр" санаачилгыг санаачилагч, Улсын сайн малчин

Хөдөө 10000 мянган ажлын байр бий болгох боломжийн талаар Төв аймгийн Баянчандмань сумын Монгол Улсын сайн малчин П.Олонбат, Төв аймгийн Эрдэнэсант сумын мянгат малчин Д.Гомбо-Очир нар мэдээлэл хийлээ. Тэд “Монголын маань мал сүрэг 61,5 сая билээ.Улс орны эдийн засаг хүндэрч, өр зээлэнд баригдаж, ард иргэд маань ажилгүйдэл ядууралд автаж байгаа энэ хүнд цаг үед мянгат малчид бид улс орныхоо хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, ажилгүйдэл ядуурлыг бууруулахад өөрсдийн хувь нэмрээ оруулах хүсэлтэй байгаа юм. Сүүлийн жилүүдэд Монгол малын мах, арьс шир, ноос ноолуурыг дэлхийн зах зээлд сонирхож байна. Арабууд хонь, япончууд, солонгосууд адуу, вьетнамчууд ямаа, орос, хятадууд үхэр, хонийг их хэмжээгээр авах хүсэлтэй байгаагаа илэрхийлсээр байгаа билээ. Гэтэл эрэлт хэрэгцээг хангах мах, үйлдвэрлэл, хүчин чадал бидэнд алга байна. Бидэнд энэ ажлыг дэмжих, оролцох хүсэл зориг байна. Улаанбаатар хотод байгаа ажилгүй, амьдралын хүнд нөхцөлд байгаа айл өрхүүдээс мянгат малчин айл бүр нэгээс хоёр айлыг хариуцаж авахыг уриалж байна. Арван мянган ажлын байр бий болгох хөдөлгөөн, “Сэтгэлтэй ажилтан” хөтөлбөртэй хамтран ажиллаж хөдөө орон нутагт ажиллах хүсэл зорилготой хүмүүсийн бүртгэлийг эхлүүлсэн” гэв.

Мянгат малчин Д.Гомбо-Очироос энэ талаар тодруулаа.

-Мянгат малчиддаа та бүхэн уриалж байна. Энэ ажлыг та өөрийн хотондоо хэрэгжүүлсэн үү?

-Хэрэгжүүлж байсан туршлага надад бий. Арваад залуу айлыг дэмжиж байсан. Өмч хувьчлалаар үйлдвэрийн хэрэгсэлээсээ салсан хүмүүсийг дэргэдээ авч, малжуулсан. Одоо тэдэн дундаас мянгат малчин болсон айл ч байгаа.

-Мал маллая гээд зориод ирж байгаа хүмүүст хэдэн төгрөгний цалин, хангамж олгох вэ?

-Бид сар бүр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэнээс багагүй цалин өгье. Малжуулах боломж ч байгаа. Хоол хүнс, унаа, хүүхдийн сургалтын төлбөр зэргийг нь бүрэн даая. Хэдэн жилийн дараа Улаанбаатар хотод орон сууцжуулах боломж ч харагдаж байна. Энэ талаараа гэрээ хэлэлцээр байгуулаад түүнийгээ батлуулаад хамтарч ажиллах юм.

-Нэг мянгат малчин айлд хэдэн туслах малчин хэрэгтэй байдаг вэ?

-Социализмын үед бол нэг өрх айл төчнөөн мал хариулна гэж хуваариладаг байсан. Одоо бол хоёр, гурван мянган малаа хоёулаа хариулаад явж байгаа олон мянгат малчин байна. Ер нь бол нэг мянгат малчин айлд хамжаа нэг өрх гэр заавал шаардлагатай байдаг. Хөдөө айлын мал маллахыг айлын зарц гэж зарим нь боддог. Тийм юм байхгүй. Зуучлалаар ажлын байранд очоод, гэрээ хийгээд ажиллаж байна гэсэн үг.

-Та сая гэрээ гэлээ. Та нар малчидтайгаа гэрээ хийж ажлуулах уу?

-Тэгэлгүй яахав. Гурвалсан гэрээ хийдэг. Энэ гэрээнд тухайн хүний ёс суртахуун, газар нутагтайгаа яаж харьцах, юу хийх , яахав гэх мэт зүйлүүд заасан байгаа. Ирж ажиллах хүмүүс маань гэрээт малчин гэсэн үг. Хэзээ, хаанаас ирэх нь мэдэгдэхгүй гадаадын хөрөнгө оруулагчдаас аврал горьдож суухаар элэг нэгт ахан дүүсээ, малчдаа, мал сүргээ дэмжиж, эргэлтэнд оруулж, ажилгүйдэл ядуурлаа бууруулах, улс орныхоо эдийн засгийг өөд татах талаар бүгдээрээ эрвийх дэрвийхээрээ ажиллая, зүтгэе гэв.

Б.ҮРЖИГ 2017/9/22


10 мянган гэрээт малчны ажлын байр бий болгох асуудлыг анхлан санаачлагчдын нэг нь Төв аймгийн Эрдэнэсант сумын мянгат малчин Д.Гомбо-Очир гуайтай хийсэн ярилцлагыг хүргэж байна.  

-Мал, малчин хоёр монголчуудыг олон жил нуруун дэээрээ авч явж байгаа. Малчин гэдэг мэргэжлийн онцлог юу вэ?

-Малчид бид амьтай юм бүхнийг хайрлагдаг, амьгүй юм бүхнийг гамнаж хэмнэдэг.  Дэлхий ертөнцөөс нэг ширхэг чулууг нь ч хотолж хэлтлээгүй. Өгсөн юмыг нь авдаг, өгөөгүй юмыг нь эксватораар ухаж,  капсулаар дэлбэлж нүх болгож авдаг хүмүүс биш. Өгсөн юм нь юу вэ гэвэл  ургасан өвс ногоог нь малаараа идүүлж, урссан усаар нь ундаалж амьдардаг ард түмэн. Тийм  учраас хамгийн оюунлаг, хамгийн ухаантай   хүмүүс гэж өөрсдийгөө боддог.  Яагаад гэвэл амьдрахуйн орчин, оршихуйн  үндэс эх дэлхийгээ  ухаж, шуналтай хүмүүсийн шуналыг хангаж амьдардаггүй.  Бидний олсон хэдэн төгрөг шуналын хор ороогүй цэвэр цагаан мөнгө байдаг гэж боддог юм. Зөвхөн хэдэн малаа дагаж улс орныхоо эдийн засгийг дэмжиж явна.

Мал аж ахуй, нүүдлийн соёл иргэншил бол хэдэн зуун мянган жилийн турш Монгол түмнийг өдий болтол тусгаар улс байлгаж чадсан дархлаа юм. Малчид үнэндээ тэр өв  соёлыг тээгчид.  

Малчид бол гэр нь цагаан, сэтгэл нь цагаан, сүү нь цагаан, гэр нь цоожгүй ард түмэн. Яагаад хаалгаа түгждэггүй юм, малчид бүдүүлэг гэж Их Хурлын гишүүнээс гарсан үг шүү. Бид бүдүүлэгтээ хаалгаа цоожилдоггүй, ядарсандаа нүүж суугаад байдаг юм биш.  Дэлхийн хүн төрөлхтөн нэгэн цагт бүгд нүүдэлчин байсан. Харин чадалгүй нь байшин барид суурин соёл иргэншилд шилжсэн бол чадалтай нь  нэмэх хасах 40 градуст нүүж суугаад амьдарч, ард түмнээ тэжээгээд явж байна. Тэр байтугай дэлхийг ч тэжээж байна.  Өнөөдөр алт долоож, нүүрс хазаад амьдарч байгаа хүн нэг ч байхгүй шүү.

-Эх оронч хүмүүс л гэж хэлэх гээд байнаа даа?

-Тиймээ, эх оронч хүмүүс. Гэхдээ хэвлэлийн цаас хэлний үзүүр хоёроор би эх оронч хүн гэж ярьдаггүй. Цээжээ дэлдэж бус зүрхнийхээ угаас чимээгүйхэн эх орноо хайрлаж явдаг тийм л хүмүүс. Хонио хариулж явахдаа зүрхнийхээ угаас хангай дэлхийдээ залбирдаг, газар шорооныхоо төлөө сэтгэлээ чилээж  явдаг хүмүүс.

-Хонио хариулаад явна гэдэг их жаргалтай  байдаг байх. Хавар мал төллөх цагаар малчны хотонд очих ч сайхан шүү.

- Малчин хүн өглөө бар цагт босохгүй бол ажил нь барагдахгүй. Өглөө босоод хониныхоо явдлыг хараад услах үгүйгээ шийдэх хэрэгтэй. Гэхдээ эзгүй хээр тал, хөх номин тэнгэрийн дор малаа маллаад уушиг дүүрэн тэнүүн сайхан амьсгалаад амьдрах шиг сайхан юм хаана байхав. Гэтэл одоо ч мал маллая, малын захад хэд хоноё гэхээсээ илүүтэй дуугаа дүрсжүүлэх гэсэн хүмүүс л хөдөө малчны хотонд очдог болоо шив дээ. Морины цулбууураас барьж байгаад л нэг хүн дуулна. Хотон дотор хурга ишиг үргээгээд л нэг хүн ирж дуулна, эсвэл тэмээний бурантагнаас барьж байгаад л дуулна. Тэгээд хотод ирээд Соёлын тэргүүний ажилтан болно. Биднийг рекламны бай, ашиг хонжооны хүн гэж боддог  болчихсон юм шиг байна.

-Танаас хэвлэл мэдээллийнхэн ярилцлага авах гэж их хошуурах юм. Таны ярианаас дандаа шинэ содон санаа гардаг. Ингэхэд та ер нь ямар боловсролтой хүн бэ?

-Би бол хонь хариулдаг л хүн,  юугаа ярихав. Гэхдээ Монгол хүний ухаан дотроосоо ундарч айраг шиг исэж байдаг юм. Данболи, сахар  спирт нэмж хийхгүйгээр айраг аяндаа исдэг. Яг үүн шиг. Тийм болохоор монгол малчин хүн боловсролтой боловсролгүй гэхээсээ илүүтэй цаанаасаа өгөгдөл нь байдаг л юм бол айраг шиг ухаан санаа нь дотроосоо исэж гараад байдаг юм.

-Та санаа бодлоо улс төрчидтэй уулзаж танилцуулж байв уу. Тухайлбал, 10 мянган ажлын байрныхаа талаар?

-Манай энэ төрийн түшээд сонгууль болохоор л хошуугаа унжуулж хормойгоо дэвсэж байгаад санал авна. Тэгээд л эмээлээ авсан морь шиг алга болдог. Сонгуулийн маргааш Төрийн ордонд ирээд гишүүнтэйгээ уулзая гэвэл завгүй байна, ийм ч хуралтай, тийм ч ажилтай гээд бараг л танихгүй хүн шиг болчихдог.  Лоохууз гуайн хэлсэн үг байгаа ш дээ. Ер нь энэ улстөрчдийн үг, хэлж ярьж байгаа нь  төрийн бодлого биш зүгээр л шоу. Харин тэр чавганцын ярьж байгаа үгийг төрийн ордонд оруулаад ирвэл тэр төрийн бодлого шүү гэж хэлсэн байдаг. Тэгэхээр уг нь бидний энэ ярьж байгаа чинь л төрийн бодлого шүү дээ.

-Мал эмнэлгийн үйлчилгээг төр эргээд авч байгаа. Танай нутгаар шүлхий гайгүй юу?

-Хөдөө орон нутагт шүлхий өвчин их гарч байна.  Би одоо 70 хол гарсан настай хүн. Өмнөх нийгмийн үед СЭВ гэж социалист орнуудын нөхөрлөл байлаа. Тэр үед эдгээр орнуудтайгаа хамтарч байгаад Монголын малыг ямар ч өвчингүй болгож эрүүлжүүлж чадсан. Монголчууд тухайн үед энэ ах дүү орнуудын тусламжтайгаар олон арван үйлдвэр завод, орон сууцны хороолол барьсан. Дархан, Эрдэнэт гээд бүхэл бүтэн хот суурин, сангийн аж ахуйнууд.  Энэ бүхний  оронд бид нэг кг алт,  нэг тэвш нүүрс өгөөгүй.  Харин  малаа хөлөөр нь, махаар нь гаргаж энэ их бүтээн байгуулалтын  хариу болгон өгч байсан. Энэ улс орны хөгжлийг ингэж малаараа авчирсан юм шүү. Эндээс мал аж ахуй гэдэг ямар гайхамшигтай болохыг анзаарч байгаа байх. Тэр үед Монголын малын махыг дэлхий булаалдаад авах хэмжээний тийм эрүүл саруул хүнс байсан гэдэгт эргэлзах юм алга.

Гэтэл өнөөдөр малчдаа малгай өмссөн мал, эхнэрийг нь алчуур зангидсан  адгуус гэж бичиж байна.  Зарим нэг нь малыг чинь малчид биш хуц ухна л өсгөж байна гэж ярьж байна. Бид үүсэл гарлаа бодоод үзвэл бүгд л хөдөөний хүмүүс шүү дээ.  Гэтэл хот  хөдөөгийн ялгаа гаргаад л хөдөөнийхнийг  орк, тэнэг мангуугаар нь дуудах жишээний. Энэ малчид дотор чинь ухаан бодол нь дэлхий шиг хүмүүс зөндөө байгаа. Тэд чинь тэгж юм бүхэн дээр дуугараад байдаг хүмүүс биш.

-Та дээр шүлхий өвчин гэж ярьж байгаад хазайчих шиг боллоо. Шүлхий ер нь юунаас болоод яагаад гараад байна вэ?

-Энэ шүлхий өвчин чинь хүүхдийн ханиад шиг тэнд нэг нь ханиаж байхад энд нөгөөх нь найтайж байдаг өвчин биш. Нэг дарагдчихвал арав, хорин жил нам жим байдаг өвчин. Гэтэл шуудхан хэлэхэд энэ өвчнийг тэр вакцин гэдэг аюултай наймаанаас болж тараагаад байна. Малыг вакцинжуулна гэдэг нарийн шинжлэх ухаан байж таарна. Гэтэл тэр вакциныг нэг наймаачин, нэг мэргэжлийн бус компани оруулж ирдэг. Энд  Монгол улс дотооддоо Биокомбинатад үйлдвэрлээд байх боломж байна аа. Үүнийг хүн хүн бүхэн ярьж байна. Гэтэл Биокомбинатаар хийлгэдэггүй юм байна. Тэр цаад мөнгөтэй төгрөгтэй хүмүүсийнхээ бизнесийг дэмжиж гаднаас оруулахыг илүүд үздэг юм байна. Үүнийг амтай болгон ярьж, сонин хэвлэлээр ч их бичээд байгаа ш дээ.  

Мал нь шүлхийгээр өвчилчихөөд байдаг, нөгөө вакцин нь ирэхгүй хэдэн хоног сараар хүлээлгэнэ.  Энэ хооронд нөгөө шүлхий нь дамжиж халдварлаад газар авчихдаг. Ийм л байгаа. Үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж вакцин үйлдвэрлэх боломжийг нь хангаж өгөхийн оронд хааж боодог, намаар талцуулдаг, ажлаас нь халахаар далайлгаж байгаа нь шүлхийтэй тэмцэх биш дэмжих гээд байгаа мэт харагдаж байна.

Сүүлийн таван жил шүлхий гарлаа. Өвчтэй гээд Монголын махыг авдаг гадаадын улс орон байхгүй болсон. Ингэхээр чинь монголчууд энэ 66 сая малаа яах болж байна. Нарантуул, Хүчит шинхор, Хархорин  зах дээр борлуулах уу. Гэтэл  дэлхийн хоёр их хөрш танай тарган махыг авъя гээд байж байна шүү дээ.

-Малчин хүний хувьд вакцинаас гадна шүлхийнээс салах өөр ямар арга чарга байна гэж хардаг вэ?

-Шүлхийтэй тэмцэж байгаа одооны энэ арга хэлбэр огт болохгүй байна. Шүлхий гэдэг чинь ганцхан засмал замаар явдаг юм биш ээ. Хаа л бол хаагуур явдаг. Гэтэл засмал зам дээр л ариутгал хийгээд зогсож байна. Халдвартай газраас морьтой хүн мордоод гүвээ давахад шүлхийний халдвар бас л хамт тэр гүвээг давж байдаг. Шүлхий өвчн гарвал бие даасан  хорио цээрийн хуультай болоё. Одооны энэ зохицуулалт чинь зохицохгүй байна.

-Бэлчээр тулгамдсан асуудлын нэг боллоо. Янз бүрийн санаа оноо явж байна. Таны хувьд?

- Бэлчээр хомсдож байна гэж яриад байгаа юм. Гэвч тийм биш. Одоохондоо Монголын байгаль бидний хэрэгцээг хангаад байгаа юм. Хэрэгцээг бол хангаж байна, харин  бидний шуналыг бол хангаж чадахгүй.

Гэхдээ  бэлчээрээ цалжилтөөс хамгаалах ёстой. Энд төрийн тууштай бөгөөд оновчтой бодлого хэрэгтэй. Санаачлага багадахгүй. Би хэдэн жилийн өмнө хүүхдүүдтэйгээ нийлж хоёр гурван мянган мод тарьсан юм. Одоо их хөөрхөн ойн төгөл болсон. Тэгээд, энэ хурмаст гэдэг чинь гайхалтай зохицолтой байдаг юм байна. Тээр тэндээс гарсан үүл явсаар байгаад л тэр ойн төгөл дээр зорьж очоод хур буудаг юм байна. Ийм гайхамшигтай зохицолтой байдаг аж. Ой мод үүл татдаг гэдэг нь үнэн юм байна.  Бэлчээрийнхээ чанар байдлыг сайжөруулж, харгана, олон наст гэхчлэн тарих хэрэгтэй байна.  

-Малчдын залгамж халааны тухайд...

-Энд нэг зүйл их гай болж байна. Дипломтой ажилгүйчүүд бэлддэг хулхины дээд сургууль дэндүү олон болсон. Тэднийг төгссөн хүүхдүүд их л сайндаа “Номин”-гийн худалдагч болдог байх. Үүний төлөө л эцэг эхээ зовоож хоттой хонийг нь нядалж  хэдэн жил хот руу зөөж сургалтын талбөрөө төлж байна. Төгсөөд ажилгүйчүүдийн эгнээг сэлбэх гэж, худалдагч, аль эсвэл энд тэндхийн хамгаалагч хийхийн төлөө ингэх хэрэг байгаа юм уу.

Өөр нэг асуудал байна. Монголд 330 сум бий. Энэ дэндүү олон байна. Үүнээс шалтгаалаад хонхор хонхортоо бүгцгээж, хөмөрсөн тогооны доторхи амьдрал гэдэг шиг болжээ. Цус ойртолтын нэг шалтгаан энэ болж байна. Энэ бол улс орны тухайд бол маш аюултай зүйл.

-Малчдын залуу халаа их цөөрч байх шиг байна ...?

-Үндсэн хуулинд монгол хүн амьдрах газраа сонгох эрхтэй гэж заасан. Хөдөөний малчид зарим нь мал хуйгаа зуданд дуусгаад хот бараадаж ирсэн. Зарим нэг нь бие амар, хөнгөн шингэн амьдрал хайж ирсэн байх. Ингээд нийслэлийн гэр хорооллын янданг 50-60 мянгаар нэмчихээд байгаа. Хотод  ирээд ажил олддоггүй. Сайндаа Нарантуул дээр тэрэг түрдэг байх. Ингэж яндангаас гадна ажилгүйчүүдийн эгнээг тэлж ядуурал нэмэгдэж байна. Эд нар хэдийгээр ядуу зүдүү, гялайх цалайх юмаар бага ч гэсэн бидний л нэг хэсэг. Тэгээд би ийм түмүүстэй очиж уулзлаа.  Би жирийн ард түмний нэг учраас тэр жирийн хүмүүстэйгээ очиж уулзаж байгаа юм.

-Тэд тэгээд юу ярьж байх юм?

-Тэд ярьж байна. Би төдөн жилийн өмнө Ховдоос,  Увсаас ирсэн. Энэ хотод чинь зовсон хүн жаргадаг золбин  нохой зоолдог газар гээд ирсэн чинь тийм юм биш байна. Харин ч зовдог газар юм байна. Хөдөө орон нутаг ямар агуу юм бэ. Би эргээд хөдөөгөө гармаар байна гэцгээж байна. Гэтэл монгол хүмүүс гэдэг чинь нэрэлхүү ичимтгий. Эргээд очих гэхээр нөгөө нутгаа орхиод явсан хүн чинь өөдөлж дээшилсэн юу ч үгүй, харин ч бүр улам дордоод очихоос санаа нь зовдог, ичдэг юм байна. Нөгөө хот бараадаад явсан хүн чинь өмсөе дээл байхгүй,  мордоод явъя гэхээр тохох эмээл байхгүй. Ингээд ичээд санаа нь зовоод орон нутагтаа очдоггүй.

-Таны энэ хүмүүстэй уулзсан гол зорилго юу байв. Нөгөө  10 мянган малчныхаа асуудлаар уу?

-Тэгэхээр яахав гэхээр би энэ хүмүүсийг  хөдөө гаргая гэж зорьж байгаа юм. Нийтдээ 10 мянган өрхийг хөдөө гаргая гэсэн төлөвлөгөө бий. Монгол Улсад мянгат малчин 11600 гаруй өрх байна. Тэдэн дотор 3000 малтай ч байна, 30 мянган малтай нь ч байгаа. Тэдэнд хүн хүч дутагдаж байна. Тэгвэл энэ хүмүүсийг тэр хүн хүч дутагдаж байгаа газарт  аваачиж ажлаар хангая гэж байгаа юм. Ингэвэл 50-60 мянган өрх хотоос нүүхэд араас нь хэдэн мянган хүн явна. Энэ хэмжээгээр хотын утаа, нийтийн тээвэр гээд асуудал хөнгөрнө. Ажилгүйдэл, ядуурал мөн ийм хэмжээгээр буурна.

-Хөдөө гарч байгаа өрхүүдээ ямар нөхцөл боломжоор хангахаар төлөвлөж байгаа вэ?

-Эхний ээлжинд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс дээгүүр 500 мянган төгрөгийн цалин өгье. Эхний таван жил мах сүү, гурил будаа, сахар гэхчлэн хүнсний бүтээгдэхүүнийг ямар нэг нормчлолгүй хангая. Тэгээд хөдөө амьдрах гэж хүсч байгаа бол 50-100 толгой төллөх мал өгч малтай болгоно. Улаанбаатар хотод хүүхэд нь сургууль соёлд суралцаж байгаа бол төлбөрийг нь бид төлье гэж байгаа юм. Тэгээд цаашдаа хөдөө олон жил болж хүүхэд нь 12 дугаар анги төгсөөд хотод суралцахаар бол нэг өрөө байр ч болтугай авч өгөх боломжийг бас хайна гэж байгаа. Иймэрхүү нөхцөл боломжтйгоор уриалаад байгаа юм.  Энэ асуудлаар хоёр ч удаа Улаанбаатарт  ирж хэвлэлийн бага хурал хийж байлаа.

-Тэгээд энэ уриалгын дагуу хүн хэр очсон бэ. Өөрөөр хэлбэл малчин болсон хүн байна уу?

-Тооны хувьд олон биш ч байгаа. Эхний удаад хоёр сайхан залуу очсон. Нэг нь Америкт сургууль төгссөн, нөгөө нь дотооддоо санхүүгийн сургууль төгссөн хоёр залуу малчин болж нэгэн жилийг хамтдаа үдээд байна. Маш сайн ажиллаж байна. Төв суурин газар өсч өндийсөн энэ хоёр залуу маань миний заавар зөвлөгөөн дор ажиллаж, өвлийг өнтэй давсан. Мал маллах эрдэмд  идэвхтэй суралцаж байна. Өнгөрсөн жил зуд болно гээд малчид малаа олноор нядалсан. Хуц ухна тавьж малаа хээлтүүлээгүй. Харин би зөрж малаа хээлтүүлсэн. Энэ жил гэхэд манайх 1000  гаруй хурга авлаа. Өвлийг өнтэй сайхан давсан.  Манай хоёр залуу зуд гэдэг чинь цас мөснөөсөө илүү хариуцлага байдаг юм байна гэдгийг сайтар ойлгож авсан.

-Хүүхдийг зургаан настайд нь сургуульд оруулж байгаад малчид их шүүмжлэлтэй ханддаг...

-Зургаан настай хүүхэдтэй эцэг эх гэдэг чинь их залуу хүмүүс байж таарнаа даа. Гэтэл зургаахан настай балчир амьтнаа хөдөөний малчин аав ээж нь ганцааранг нь сумын төвийн сургууль руу илгээж чадах уу. Яадахгүй. Яах ч аргагүй эхнэр нь дагаад сумын төвд суудаг, нөхөр нь хэдэн малаа сахиад хөдөөгөө үлддэг. Залуу хүмүүс бие биеэсээ тусдаа байна гэдэг хэцүү. Ингээд арга буюу  хэдэн малаа зарж төв суурин газар барааддаг эсвэл гэр бүл салж сарнихад хүрдэг. Иймээс хүүхдийг зургаан настайд сургуульд нь суулгана гэдэг “галуу дууриаж хэрээ хөлөө хөлдөөв” гэдэг ши г л юм. Бусдыг дууриаж болно, гэхдээ өөрийн орны онцлог гэдэг юмаа сайн тооцоолох хэрэгтэй.

-Ярилцсанд баярлалаа



Ярилцсан: П.Булган