Өлзийбаярын ГАНЗОРИГ- Эдийн засагч, Шинэчлэгч, Боловсролын Реформ хөдөлгөөнийг санаачлагч
8 жил, 10 сар өмнө

Хас Банк, Худалдаа Хөгжлийн Банк, Тэнгэр Даатгал, Улаанбаатар Хотын Банканд удирдах алба, Санхүүгийн зах зээлийн холбооны Ерөнхийлөгч, Монголын банкуудын холбооны Ерөнхийлөгч, Монголын даатгагчдын холбооны Дэд ерөнхийлөгч, Голомт банкны Гүйцэтгэх захирлын албыг хашиж ирсэн туршлагатай эдийн засагч юм. Тэрээр Мандал даатгалын үүсгэн байгуулагч бөгөөд ТУЗ-ын даргын албыг хашиж байна.

Намтар

Эдийн засагч Өлзийбаярын ГАНЗОРИГ нь нягтлан бодогч, дилер, санхүүч мэргэжилтэйгээс гадна мэргэшсэн менежер юм. Өлзийбаярын ГАНЗОРИГ 2011 онд Мандал Даатгалыг үүсгэн байгуулсан бөгөөд Мандал өдгөө Монголын хамгийн том даатгалын компани болжээ. Мөн Ганзориг 2015 оноос 2019 онуудын хооронд Голомт Банкийг удирдаж, менежментийн реформ хийснээр ашгийг нь 4 дахин, хадгаламжийг нь 2.5 дахин өсгөж, зах зээлд эзлэх байр суурийг нь үлэмж хэмжээгээр нэмэгдүүлсэн туршлагатай менежер юм.

Өлзийбаярын ГАНЗОРИГ өмнө нь Хас Банк, Худалдаа Хөгжлийн Банк, Тэнгэр Даатгал, Улаанбаатар Хотын Банканд тус тус удирдах алба хашсан. Монголын Хөрөнгийн Биржийн Аудитын хорооны дарга, Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөлийн гишүүн, Санхүүгийн Зохицуулах Хорооны Бодлогын зөвлөлийн гишүүн, Татварын Ерөнхий Газрын Бодлогын зөвлөлийн гишүүн, Ерөнхий Сайдын дэргэдэх Эдийн засгийн зөвлөлийн гишүүнээр тус тус сонгогдон ажиллаж ирсэн.

Тэрээр Санхүүгийн зах зээлийн холбооны Ерөнхийлөгч, Монголын банкуудын холбооны Ерөнхийлөгч, Монголын даатгагчдын холбооны Дэд ерөнхийлөгчөөр мөн томилогдон ажиллаж ирлээ.

Ө.Ганзориг нягтлан бодох бүртгэлийн бакалавр, бизнесийн удирдлагын магистр зэрэгтэй бөгөөд, санхүүгийн диплом, дилерийн сертификатыг тус тус эзэмшдэг. Ганзориг 2016 онд Дэлхийн эдийн засгийн форумаас Дэлхийн шилдэг 100 залуу лидерийн нэгээр нэрлэгдсэн юм. Чөлөөт цагаараа философи, психологийн ухааныг шимтэн судалдаг.[2]

Иргэдийн Санхүүгийн Боловсролд

Өлзийбаярын ГАНЗОРИГ 2003 оноос эхлэн иргэдийн санхүү, эдийн засгийн боловсролыг дээшлүүлэхэд анхаарч ажиллаж эхэлжээ. Энэ хугацаанд тэрээр олон мянган иргэдэд лекц уншиж, 400 гаруй нийтлэл, хэдэн арван боловсролын контент бэлтгэсэн юм. Ө.Ганзоригийн 2017 онд бичсэн “Санхүүгийн Философи” ном нь өндөр эрэлттэй санхүү, эдийн засгийн номуудын нэг болж чадсан билээ. Тэрээр иргэдийн санхүү, эдийн засгийн боловсролыг дээшлүүлэх зорилгоор “Дэлхийн Санхүүгийн Түүхийн Музей”-г Улаанбаатар хотноо байгуулсан нь хүмүүсийн очих дуртай газар болоод байна. Мөн тэрээр эдийн засгийн олон тооны судалгаа хийж бодлого тодорхойлогч байгууллагуудад хүргүүлэн ажиллаж ирсэн юм.

Дэлхийн Санхүүгийн Түүхийн Музей

Дэлхийн санхүүгийн түүхийн музей нь Олон нийтийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх зорилгын хүрээнд 2019 оны 10 сарын 23-ны өдөр албан ёсоор нээлтээ хийж, олон нийтэд үйлчилж эхэлсэн болно. Нээлтээ хийсэн өдрөөс хойш 1,500 гаруй хүн музейг үзсэн бөгөөд хувь хүмүүс, албан байгууллага, олон нийтийн зочлох дуртай музей болоод байна. Тус музей нь 2019 оны 11 сард Монгол улсаа төлөөлөн Олон улсын санхүүгийн музейнүүдийн холбооны(IFFM) 13 гишүүн улсын нэг болсон билээ. [3]

Санхүүгийн Музейн Тухай

Музейд нийт 1,000 гаруй эх хувилбар бүхий түүхийн хосгүй үзмэрүүд толилуулагдаж байна. Бид Дэлхийн санхүүгийн түүх, санхүүгийн системийг бүхэлд нь Мөнгө, Банк, Даатгал, Төлбөрийн хэрэгсэл, Хөрөнгийн зах ба Эдийн засаг гэсэн хоорондоо уялдаа холбоо бүхий 6 хэсэгт хуваан харуулдаг. Мөн музейд эртний Ромын шилэн эдлэл, Грекийн ваар зэрэг соёл урлагийн түүхийг илтгэх үзмэрүүд байрлаж байна.

Одоогоор Дэлхийн санхүүгийн түүхийг бүхэлд нь ийнхүү харуулсан музей Дэлхийд өөр байхгүй бөгөөд зөвхөн Улаанбаатар хотод оршин байгаа нь та бидний бахархал юм. Музейн үзмэрүүдийг олон улсын дуудлага худалдаанд оролцох, нэр хүндтэй цуглуулагч нараас худалдан авах замаар ертөнцийн өнцөг булан бүрээс 10 гаруй жилийн турш цуглуулан бүрдүүлсэн билээ.

Дэлхийн Санхүүгийн Музейг байгуулах үйл хэрэг нь нөр их судалгаа, уйгагүй хайгуул, санхүүгийн золиос, цаг хугацаа шаардсан нүсэр үйл ажил байлаа. Үзмэрүүдийг судлах, цуглуулах нь музейн ажлын зөвхөн эхний хэсэг болдог. Үзмэрүүдийн тайлбаруудыг түүхийн судалгаан дээр үндэслэж үнэн зөв бичих, үзмэрүүдийг үзэгч нарт зөв төсөөлөл, ойлголт өгөхүйцээр байрлуулах ажлууд нь цаг хугацаа, уран сэтгэмж шаардаж байв. Мөн музейн дизайныг гаргахдаа галын, хулгайн, усны эрсдлүүдийг тооцохоос гадна үзэгч нарт тухтай бөгөөд сонирхолтой эргономик шийдэл гаргах шаардлага тулгарч байв.

Онцлох үзмэрүүдийн тухай

Анхны, анхны, анхны- Манай музей Дэлхийн анхны зоосон мөнгө, Дэлхийн анхны фиат цаасан мөнгө, анхны төв банкнаас гаргасан цаасан мөнгө, анхны евробонд, анхны амьдралын даатгалын компанийн баримт, анхны даатгалын сурах бичиг, анхны хувьцаа, анхны төлбөрийн карт, анхны актуарчийн бичсэн ном, анхны хөрөнгө оруулалтын банкны бонд зэрэг санхүүгийн нэн чухал үйл явдлуудтай холбогдсон, эх хувилбар бүхий үзмэрүүд толилуулагдаж байна.

Түүхэн суутнууд- Манай музейд Чингис хаан, Хубилай хаан, Македонийн Александр, Юлий Цезарь, Адам Смит, Карл Маркс зэрэг Дэлхийн түүхэн суут хүмүүсийн амьд ахуй үетэй нь холбоотой бүтээл болон үзмэрүүд хадгалагдаж байна.

Гарын үсэг- Музейд маань сэргэн мандалтын банкны хөгжлийн түүчээ болох Жиованни де Медичи, хөрөнгө оруулалтын банкны хаан Ротшилд, монополийн эцэг Джон Дэвисон Рокфеллер, эдийн засагч Милтон Фридман зэрэг санхүүгийн түүхэнд нэн чухал нэрнүүдийн эх хувь гарын үсэг бүхий баримтууд тус тус хадгалагдаж байна.

Төсөл-хөтөлбөр

Одоо Ө.Ганзориг нь Боловсролын Реформ, Тэтгэврийн Реформ, Эрүүл мэндийн даатгалын Реформ, Санхүүгийн боловсролыг нэмэгдүүлэх төслүүдийг тус тус санаачлан баг бүрдүүлэн ажиллаж байна.

Ярилцлага унших

Эх сурвалж:  https://mn.wikipedia.org/wiki/%D3%A8%D0%BB%D0%B7%D0%B8%D0%B9%D0%B1%D0%B0%D1%8F%D1%80%D1%8B%D0%BD_%D0%93%D0%B0%D0%BD%D0%B7%D0%BE%D1%80%D0%B8%D0%B3
Цахим холбоос: https://www.facebook.com/ganzorig.u/