Гончигийн ГАН-ӨЛЗИЙ- Аялагч, гэрэл зурагчин
9 жил, 10 сар өмнө

Аялагч, гэрэл зурагчин

Монгол орны байгаль, нүүдлийн соёл иргэншлийн фото зурагчин. Монгол орноо олон улсад сурталчилан танилцуулсан нэрт зурагчин.

Хүмүүс өнгөнд татагддаг. Тиймдээ ч ногоон байгальд улаан даашинзтай авахуулсан эмэгтэйн зургийг  фэйсбүүкт оруулбал дорхноо маш олон хүн таалж, like-аар булах нь түгээмэл. Хүнгүй, үйл явдалгүй  зүгээр л байгалийн өнгөт зураг хүртэл сэтгэл татам харагддаг нь өнгөний шид юм. Тэгвэл Монголын байгаль, монгол хүмүүсийн аж амьдрал, түүх соёлын дурсгалын гэрэл зурагчин Г.Ган-Өлзий өнгөрсөн аравдугаар сард гаргасан “Нүүдэлчин Монгол” үзэсгэлэнгээ дан хар, цагаан зургуудаар гаргасан юм.   Хар,цагаан зургийг  зэрвэс хараад өнгөрвөл  юу ч мэдрэхгүй,мэдрэх нь байтугай магадгүй харахгүй. Харин   билгийн мэлмийдээ сайтар тольдож харахуй агуулга аяндаа тодроод ирэх аж. Г.Ган-Өлзий зургууддаа сэтгүүлчид хүртэл цөөн хэрэглэх болсон монгол үгээр тайлбар өгдөг нь бүр ч таалагдсан.

“Нэгэн удаагийн аялалд гарахдаа хөхүүртэй айраг, айраг бүлж байгаа хүүхэд, айраг ууж байгаа хүний зураг авна гэсэн төлөвлөгөөтэй явлаа.Гэтэл хөхүүр гэдэг нүдний гэм болж. Айлууд урдаас хятад спиртний том хөх савыг л харуулах боллоо шүү” хэмээгээд Ховдын Мөнххайрханд нэгэн айлд ороод хөхүүртэй айраг  бүлж байгаа хүүхэдтэй таарч  хэрхэн баярласан тухайгаа  “Тоочин хүү” хэмээх айраг бүлж буй хүүхдийн зурагнаа тайлбарлажээ.  Эрж хайсан үзэгдлээ олсон зурагчны маань хамрын самсаа нь  шархирсан гэнэ.

Үнэхээр л зорьсон зурагчны хувьд зол баяр болон “учирсан” айраг бүлж буй хүүхдийн төрх өнөөгийн залуусын хувьд цоо шинэ үзэгдэл аятай болжээ. Г.Ган-Өлзийн  аав Д.Гончиг гуай “Хүү минь зургуудаа монгол хэлээр, монгол ахуйгаар тайлбарлаад байгаад нь олзуурхдаг. Одооны залуучууд монгол хэлээ мэдэхээ байсан” гэв. Аавын анзаарснаар Г.Ган-Өлзий ботгыг “уяна” гэж бичихийг “зэллэнэ” гэж бичээд нэг л алдаа гаргажээ. Харин надад “Том уу, жижиг үү”, “Овооны орой” гэх хоёр зургийнх нь тайлбар илүү сэтгэгдэл үлдээсэн юм.  “…Хэдий мориноосоо хэд дахин жижигхэн биетэй ч түүний эмээл морины нуруун дээр байр сууриа олж, гарт нь цулбуур нь атгаастай байна” гэх тайлбарыг  мориныхоо цулбуураас барин зогсоо бяцхан хүүгийн “Том уу, жижиг үү” гэх зурагнаа зүүжээ. Харин овооны орой дээр гишгэлж гараад хадаг уяж буй эрийн зурагт “Хэн нэгний хүндэтгэл дээгүүр алхаж гараад өөрийн хүндэтгэлээ илэрхийлэх нь ямар харамсалтай харагддаг юм бэ…” гэжээ. Ах, дүү Соёлын гавьяатууд болох зохиолч, сэтгүүлч Долгорын Цэнджав, Долгорын Чулуунбаатар нар Ган-Өлзийн авга ах нар. “Ах нарын “юм” надад байх шиг, ямар ч байсан зургийн тайлбараа мэдрэмжтэй биччихдэг шиг байгаа юм” хэмээн Г.Ган-Өлзий “омгорхов”.

Тэднийхэн Дундговь аймгийн Гурвансайхан сумын уугуул. Удам судар хөөвөл эрдэм номтой лам нарын үр сад ажээ. “Надаас бусад нь бичиг, соёлын ажилд сайн” гэж Д.Гончиг гуай гавьяат дүү нараараа бахархангуй өгүүлэв. Дөчин жил хилийн цэрэгт  алба хашсан аавыгаа дагаж, нүүдлийн шувуу мэт өнгөрсөн гэрэл зурагчны  бага нас өнөөдрийн хийж буй ажил, амьдралынх нь учгийг яах аргагүй хөврүүлж өгчээ гэж дүгнэхэд хүрсэн юм.

Том уу, жижиг үү

“Багадаа аавынхаа “Зорько” аппаратаар зураг авдаг байгаад  алга болгочихсон.Аппарат ч алга болсон, миний гэрэл зураг авах хүсэл ч тэгээд унтарсан” гэж   өгүүлэв. Харин Д.Гончиг гуай “Би зураг авах нээх дуртай биш байсан, “Чайка” аппараттай байгаад нүүдэл дунд л алга болсон байх” гэв. Аппаратны нэр хийгээд алга болсон түүхийг хайнгадуухан ярьсан   аавын хувьд л лав хүүгийнхээ гэрэл зургийн сонирхолд нөлөөлөөгүй бололтой.  Харин хилчин хүний эх орныхоо ширхэг өвсийг ч манаж, харж,  гярхай ажиглаж явдаг гайхам онцлог Г.Ган-Өлзийд гарцаагүй шингэж үлджээ. “Монголын хил гэдэг чинь ан гөрөөс нь сорлог, ус нь тунгалаг, ургамал нь соргог, хүн зон нь ч сайхан газар. Тийм газарт бага нас нь өнгөрсөн болохоор миний хүүгийн нүд нь нээгдэж, урам нь сэргэж өссөн байх” хэмээн Д.Гончиг гуай өгүүлсэн.

Дундговь,Өмнөговь, Ховд, Сүхбаатарын хилийн отрядуудаар нүүдэллэж явсан тэднийхийг  Сулинхээрийн заставт байх 1972 онд хоёр дахь шинэ хүн мэндэлсэн нь  Г.Ган-Өлзий байжээ. Сулинхээрийн застав тэр үед адуу нь зэрлэгшсэн газар байж.  Тэр  газар нутгийнхаа шувууг хүртэл зүсэлчихдэг ажигч гярхай хилчний гэр бүл, ардын амьдрал дунд өссөн бага насны төлөвшил  түүнд нэг талаар аяллын хөтөч,нөгөө талаар гэрэл зураг авах билгийн мэлмий, хүсэл мөрөөдлийн харгуй  болдог ч юмуу гэж бодогдсон. “Манай гэр бүл  Монголынхоо бүх л сайхан газруудаар явсан, одоо ч хүү минь  өөрөө хаа сайгүй явдаг болж дээ” хэмээн аав хэлэв. Г.Ган-Өлзийд очоогүй сум гарын 10 хуруунд тоологдох тоотой үлджээ.

“Цог” дээд сургуулийг эрх зүйч, хуульч мэргэжлээр төгссөн Г.Ган-Өлзий зах зээлд анхлан хөл тавьсан бусдын л  адил нэг үе наймаачин, таксины жолооч,  борлуулалтын менежэр гээд юм юм хийжээ.

Зөв ч бай,буруу ч бай дандаа л урагшаа явж байсан гэж энэ тухайгаа хэлэв.

2005 онд Монголын  урлагийн зөвлөлөөс хүүхэд багачуудын урлагийн боловсролыг дээшлүүлэх зорилготой “Хүүхэд ба дуран” төсөлд нэгэн англи хүний удирдлага дор ажиллах боломж олдсон нь хүүхэд насны мөнөөх нуугдмал хүслийг бодит болгох эхлэл болсон гэлтэй. 2007 онд БНСУ-д зургаан сарын урлагийн менежэрийн  тэтгэлэгт сургалтад очоод тэтгэлгээрээ зургийн аппарат авч. Улмаар гэрэл зургийн амт шимтэнд татагдан орж, www.agshin.mn гэх мэт гэрэл зургийн вэб сайтад зургаа тавьдаг болжээ. Тухайн үед Монголд дижитал төхөөрөмж анхлан нэвтэрч байсан учраас залуус гэрэл зураг олноор сонирхож эхэлсэн цаг үе байв. 2009 онд Англи улсад таван сар болохдоо тэндхийн гэрэл зурагчидтай аялалд хүртэл явж, 2010 онд Монголд ирээд л гэрэл зургийг ажил болгохоор зориг шулуудан “Студи-11” студиэ байгуулжээ. Тэрбээр  жилийн 365 хоногийн бараг 200-г нь зураг авахын тулд  Монгол орноороо аялж өнгөрүүлдэг.

Бусдаасаа ялгаатай нь Г.Ган-Өлзий цор ганцаараа аялдаг. Машинаа өөрөө барьж, майхнаа ганцаар босгож,хоол унд,аян замын эрсдэл гэхчилэн туулах замын бартаа саад, жаргал зовлонг ганцаараа л үүрдэг.“Бясалгана гэхэд хаашаа юм,ганцаар явахад юм бодож, бодлоо цэгцэлж, тархи толгойдоо ажлаа төлөвлөж  л явна шүү дээ” хэмээн тэр  хэлсэн. Түүний хувьд өөрийгөө олох, дотоод ертөнцдөө нэвтрэх хамгийн сайхан боломж аяллын зам гэнэ.  Зураг авахын тулд аялах бол  ажил, бас амьдралынх нь салшгүй хэсэг. Жилийн гуравны хоёрыг ганцаар аялаад алга болоход ар гэрийнхэнд хэцүү л байдаг байхдаа гэсэн шүү юм  хөндлөнгийн хэнд ч бодогдоно. “Тэнээд явж байхад нь ар гэр,хэдэн хүүхдээ хэл амгүй аваад явна гэдэг хотын хүүхнүүдийн хувьд хэцүү л  байх. Нөхрийнхөө ажлыг эхлээд дэмжиж байсан юм байгаа биз,сүүлдээ ч  дассан юм байгаа биз” гэж Д.Гончиг гуай хэлэв. Харин  гэрэл зурагчны маань шавь  МҮИС-ийн аялал жуулчлалын ангийн оюутан Эрдэнэбулган ”Их л хүлээцтэй хүн байдаг байх” гэж багшийнхаа эхнэрийг дүгнэв. Г.Ган-Өлзийн том хүү Төгөлдөрийн хувьд  өдрөөс  өдөрт өөрчлөгдөж буй байгаль, хүмүүсийн амьдралыг зургаар үлдээж, байгаа бүхнээ хайрлах сэтгэлийг төрүүлдэг   ааваараа маш их бахархдаг аж.   Аавынх нь  ажил үр хойчдоо үлдээж буй өв соёлын маш том хөрөнгө учраас ээжтэйгээ элбэж орон гэр, дүү нараа авч явах нь аавыгаа дэмжиж буйн том илрэл ажээ.

Г.Ган-Өлзий, түүний  эхнэр Өлзийхүү нар   оюутан байхын найзууд гэнэ. “Их л дотно санагддаг байсан, тэгээд л гэрлэсэн. Аялж, зураг авах бол миний амьдралын том хэсэг. Зөвхөн хообий биш, ажил. Үүнийг эхнэр маань ойлгодог учраас авдарлаад,цоожлоод байхыг хүсдэггүй байх. Хүнд сайхан сэтгэл 100 хувь байдаг бол манай эхнэрт тэр нь 100 дахин их байдаг. Хүнд ховор тохиох сайн хань” гэж Ган-Өлзий эхнэрийнхээ тухай хүүрнэхдээ харцанд нь хайр гэрэлтэж харагдсан.

Ганцаар аялж яваа хүнд аян замд элдэв бэрхшээл учрах нь гарцаагүй. Нэг удаа уул өөд буруу замаар гараад буцаж буухдаа машин нь асга хадтай нураад буусан тухай нэгэн ярилцлагадаа өгүүлжээ. Арванхоёрдугаар сарын 20-доор машин нь эвдрээд 30 км алхаж айлын бараа харах гэхчилэн “үхэж ч мэдэх” эрсдэлүүдтэй “ганц дайчин” маань үе үе тулгардаг.

Тэр бүхэнд дараагийнхаа аяллыг нарийн тооцоолох,төлөвлөх,бэлтгэх туршлага суудаг. “Заримдаа дарсан зургаа хараад аймшигтай санагдах үе ч бий” гэв. Гэвч  тэр ажлаа зогсолтгүй хийдэг.   Байнга явсаар ижий, ахай болсон хүмүүсийн тус дэмжлэг ч их, “эргэх холбоо” гэдэг шиг зургийг нь авсан, тусалж дэмжсэн хүмүүстэйгээ  эргээд л уулздаг хэмээн тэр ярилаа. Г.Ган-Өлзий  нийслэлд бие даасан үзэсгэлэнгээ гурван удаа, 21 аймгийн төвүүдэд тус бүр нэг удаа гаргаад байна. Гэрэл зургийг гэрлээр бичих урлаг гэдэг. Гэхдээ өдөр, шөнө ялгаагүй, бороотой шороотойд ч зураг авдаг учраас маш сайн төлөвлөх шаардлага тулгардаг гэнэ. Харин монгол амьдралын ахуй, соёлын зургийг хүмүүсийн дунд орж, амьдрал ахуй ярьсан шигээ энгийн сайхан орчинд авдагт сайн зурагны нууц нь оршдог ажээ.  Авсан зургаа хэрхэн яаж мөнгө болгодог, аяллын зардлаа яаж олдог  тухай асуухад зурагчин маань “Өөрөө л зөв байвал ивээн тэтгэх, хамтран ажиллах хүмүүс олддог. Байгууллага, компаниуд хувь хүнийг спонсорлодоггүй, уран бүтээл, хөдөлмөрт мөнгө өгдөг. Хариуд нь надад итгэж найдаж мөнгө өгсөн хүмүүсийн нэр төрийг эрхэмлэж явах үүрэг хүлээдэг”гэлээ. Баруун аймгуудаар нэг аялахад л зөвхөн  шатахуунд  гурван сая төгрөгийн зардал гардаг. Ганцаараа аялдаг учраас бусдын дэмжлэгтэй явахаар өөр аргагүй. Г.Ган-Өлзийн хийж буй ажлыг үнэлдэг, ойлгодог хүмүүс дэмжиж гурван удаагийн үзэсгэлэнгээ хүртэл ивээн тэтгэгчтэй гаргажээ. Саяхны “Нүүдэлчин Монгол” үзэсгэлэнгийн ерөнхий ивээн тэтгэгчээр л гэхэд  “Монос” групп ажиллажээ.   Дэлхийд уран зураг лугаа хэдэн зуун сая ам.доллараар зарагдсан гэрэл зураг байдаг гэнэ. Харин Г.Ган-Өлзийгийн Шилийн Богдын наана азарга давхиж буй нэгэн зургийг МАН хоёр сая төгрөгөөр худалдаж авч байсан нь шаггүй үнэд хүрсэнд тооцогдох ажээ.

Г.Ган-Өлзий нүүдэлчин өв соёлоо хадгалж үлдсэн хөдөөгийнхний  тухай “Бид өөрсдөө  “Вранглер жийп” уначихаад мотоциклоор хонио хариуллаа гэж тэднийг буруутгаж болохгүй, хөдөөнийхөн бусдын л адил хөгжиж дэвжих эрхтэй.Гагцхүү өв соёлоо хэрхэн авч үлдэх вэ гэдгээ л бүгдээрээ  бодох учиртай гэсэн юм. Шавь  Эрдэнэбулган нь Ган-Өлзий багшийнхаа тухай  “Монголын хамгийн их байгалийн гэрэл зургийн сантай хүн.Ганцаараа аялдаг учраас  зураг  бүхэн нь дахин давтагдашгүй” гэж хэллээ. Г.Ган-Өлзийн үзэсгэлэнг үзсэн хүмүүс зузаан гэгчийн дэвтэрт сэтгэгдлээ үлдээжээ.   “Монгол ахуйг “орчлон багтдаг” хар, цагаан өнгөнд багтааж дэлгэсэн сайхан үзэсгэлэн гаргажээ” гэж П.Баттулга бичсэн бол ШУТИС-ийн нэгэн оюутан монгол хүн юуг хүсч, зорьж буйг түүний гэрэл зургаас мэдэрснээ бичиж, “Урсах амьдрал өрнөсөөр..” хэмээжээ. Уншигч та түүний Gan-Ulzii Gonchig нэртэй фэйсбүүкээр зочилбол энэ мэт постууд олныг унших боломжтой. Дээрх оюутны бичсэн шиг урсах амьдрал өнгөрсөөр, монголчууд бид дэлхийтэй улам бүр нэгдэн нийлж, техник, технологийн эринд санамсаргүйгээр уламжлалт соёл,ахуйгаа гээж, шинэ бүхэнд татагдан орж байна.

Тав, арван жилийн дараа хөхүүр гээч эдийг магадгүй музейд, эсвэл Г.Ган-Өлзийн авсан зурагнаас л зөвхөн үзэж болох цагийн нүүдэлд аж төрж байна.

Мэдээж  Г.Ган-Өлзий үүнийг хүссэндээ зураг авдаггүй, бодит өөрчлөлтийг мэдрүүлж, сануулах гэсэндээ энэ ажлыг хийдэг ч юм шиг…”Зураг авах үед миний амьсгал зогсдог” гэж тэр ярьсан.Түүнтэй адил байгалийн гэрэл зураг авдаг  Б.Баяр ийм сайхан эх орныхоо зургийг уйлж авдгаа хэлсэн. Эдгээр үгсийг сонссон,   ийм агуу үйл хэргийн зах зухаас мэдэж, танихыг хичээсэн би бээр тэднийг зүгээр л “эх орончид” гэж нэрлэхийг хүслээ. Эх орныг дурандаа мөнхлөх эх орончид.

2015 он.#Түмэнбаатарын Бүдээхүү Gereg.mn