Everyday International хэрэглэгчиддээ чиглэсэн шинэ маркетингийг хэрэгжүүлнэ
The New Media Marketing Agency-н хамт олон Everyday Internationalкомпанитай Дэвшилтэт медиа маркетингийн чиглэлд хамтран ажиллах гэрээ байгуулан ажиллаж байгаа билээ. Гэрээний хүрээнд цахим хуудсыг бүрэн шинэчлэх, олон нийтийн сувгуудыг хөгжүүлэх, хэрэглэгчдэд чиглэсэн шинэ маркетингийг хамтран хэрэгжүүлэх зэрэг ажлууд төлөвлөгдөн хийгдэж байна.
Өнөөдөр тус хамт олонд "Сошиаль медиа маркетинг" сэдэвт сургалтыг зохион байгууллаа. Эдний хамт олонд хэд хэдэн давуу тал байсан нь надад маш их таалагдлаа.
1. Сууж сурсан хүмүүс байлаа.
2. Шинэ зүйлийг соргогоор хүлээн авч байсан нь
3. Сонсож мэдсэн зүйлээ амьдралдаа шууд хэрэгжүүлэхээр бүтээлчээр хандаж байгаа нь.
Шинэ хандлагыг мэдэрч түрүүлж хөдлөсөн хүмүүс бүхнээс түрүүнд явдаг. Зарим компанийн залуу хүмүүс нь хүртэл цахим нийгэм гэдгийг ойлгохгүй, ойшоохгүй байхад харин эдний удирдлагууд дунд насныхан атлаа энэ бүхнийг хэнээс ч илүү ойлгож технологийн давуу талуудыг ашиглаж хэрэглэгчиддээ хүрч ажиллах нь чухал, хамгийн шилдэг нь гэсэн уриа лоозон, сурталчилгаагаар биш хэрэглэгчидтэй хэрэгтэй мэдлэг мэдээлэлийг тогтмол хүргэж, тэднийгээ сонсож, түргэн шуурхай харилцах, зохистой, хүнд хэрэгтэй аргаар маркетинг хийх нь зөв гэдэгтэй санал нийлж хэрэгжүүлэхээр ажиллаж байгаагаар нь бахархаж байна.
Зарим компанийн удирдлагуудтай уулзаад цахим орчны хэрэглэгчидтэй харилцах талаар зөвлөхөөр, урдаас яг одоо ашиглаад амжилтанд хүрсэн компани Монголд байна уу гээд л урдаас асуудаг юм. Заавал хэн нэгэн хийхээр нь араас нь дууриаж явдаг юм уу, хаашаа ч юм бэ дээ. Үргэлж 2-рт байх гээд байгаа юм шиг хандлагатай хүмүүс байдаг бол харин эдний хамт олон хийж үзье, хэрэгжүүлье гэсэн хандлагатай байгаа нь таалагдлаа.
Тухайн байгууллагын CEO, менежер, ажилтан ажиллагсад сошиаль медиаг зохистойгоор идэвхитэй ашиглаж бараа бүтээгдэхүүнээ танилцуулж тайлбарладаг, хэрэглэгчийн санал хүсэлтийг нь сонсож нээлттэй ил тод харилцаж чадвал тодорхой хэмжээний стресс бухимдал буурч, үйлчилгээ сайжирч, үргүй зардал буурч, борлуулалт нэмэгдэнэ гэдгийг хамтаараа ойлгох нь чухал юм. Өдрийн цайны цагаараа хов жив ярих, лангууны булан тохойд нь хийх юм олж ядан суух биш бүтээгдэхүүний түүх, ач холбогдол, хэрхэн ашиглахыг ойлгуулсан видеог гар утсаараа хийгээд хэрэглэгчиддээ хүргэдэг байвал ямар сайхан бэ? Хэрэглэгчид технологийн дэвшилтэй хөл зэрэгцэн алхаж байхад үйлчилгээний байгуулага ч гэсэн хэрэглэгчидтэй зэрэгцэн хөгжих ёстой шүү дээ. Тэрнээс биш лангууны хажууд зогсоод ууртайхан үнэ хэлчихээд сонсдог үе өнгөрөөд байна шүү дээ, нөхдөө.
Ажилтан бүр маркетер, ажилтан бүр борлуулагч байх цаг үе ирж байна даа.