Диймаажав ЭРДЭНЭБААТАР- Хүрэл зэвсэг, хүннү судлаач нэрт археологич
10 жил, 11 сар өмнө


Археологич, түүхч, хүрэл зэвсэг, хүннү судлаач

Түүхийн ухааны дэд доктор, профессор. Улаанбаатарын Их Сургуулийн Археологийн тэнхэмийн эрхлэгч. Монголын эртний хүрэл зэвсгийн үе ба Хүннүгийн археологийн судлаач.

Хөдөлмөрийн хүндэт медаль, ШУ-ны тэргүүний ажилтан цол, тэмдэг, Боловсролын тэргүүний ажилтан цол, тэмдэг, Жак Уэтерфордын нэрэмжит дэд байрын шагналт;

Тэрээр газрын хөрсөн дээр ба доор үлдсэн Монголчуудынхаа агуу их түүх, соёлыг хэн ч маргахын аргагүйгээр “Бидний өв соёл энэ шүү” гэж дэлхийд харуулахын тулд ерээд оноос хойш Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Эгийн голын нутагт Хүннүгийн булшийг малтах ажлаа эхэлж хүннүгийн үеийн бэхийн чулуун янтай, хүрэл дуулга, хүрэл морь зэрэг дэлхийд нэн ховор олдворуудыг олж илрүүлсэн. Цаашид Хүннүгийн бичиг үсэг, ном судрыг олох чин зорилготой ажилладаг.

Мөн “Монгол нутаг дахь дөрвөлжин булш, хиргисүүрийн соёл”, “Монгол Алтайн хүн чулуун хөшөө”, “Эртний металлург боловсруулалтын түүх”, Монголын түүхийн I ботийг бүтээхэд хүрлийн үеийн тухай гэх мэт нэгэн сэдэвт бүтээл 5, Хамтын бүтээл 8, Эрдэм шинжилгээний өгүүлэл 160- ийг туурвин бүтээгээд байна.

Түүний ахласан археологийн баг Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Хануй багийн нутаг Балгасын тал хэмээх газар орших Гол мод нэртэй Хүннүгийн хаадын булш бүхий газрыг шинээр илрүүлэн олж, Хүннүгийн хааны булш олсноо зарласан. Архангай аймгийн Хайрхан сумын Хүнүй голын хөндийд Гол модны Хүннүгийн хаадын булштай газартай ижил нэртэй, дурсгалын хувьд ч ижил байгааг анзаарч түүхэн дурсгалтай ижил газраас ялгахын тулд “Гол мод-2” хэмээн нэрлэжээ. Археологийн судалгааны үр дүн Монгол орны хүрэл зэвсгийн үеийн түүхийн он цагийг, өмнөх судалгааны үр дүнгээс 1000- 1500 жилээр урагшлуулан “Чемурчекийн соёл”, Мөнххайрханы соёл”, “Тэвшийн соёл” зэрэг монгол нутагт хүрэл зэвсгийн эрт болон дунд үед амьдарч байсан овог аймгуудын үлдээсэн дурсгалуудыг шинээр илрүүлэн олсон. Хүннүгийн их хааны булшны малтлага судалгааны үр дүн бол түүхэндээ анх удаа монголчууд гадны тусламжгүйгээр бие даан бүрэн цогцолбороор дагуул булш болон тахилын байгууламжийн хамт малтан шинжилсэн. Хүннүгийн их хааны булш хэмжээний хувьд ч тэр, малтлага судалгааны ажлын үргэлжилсэн цаг хугацаа, оруулсан хөрөнгө оруулалт, ажилласан хүний тоо, илрэн олдсон археологийн эд өлгийн дурсгал зэргээрээ олон дээд амжилтыг тогтоосон.

АЖЛЫН ТУРШЛАГА
1979- 1980 онд Улаанбаатар хот дахь Зөвлөлтийн барилгын 2-р трест-д цахилгаан гагнуурчин;
1980-1983 онд Хилийн цэрэгт хугацаат цэргийн албан хаагч;
1983- 1984 онд УБ хотын Байшин Үйлдвэрлэх 2-р комбинат-д цахилгаан гагнуурчин, бригадын дарга;
1988- 2007 онд ШУА-ийн Түүхийн хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан, Эрдэмтэн нарийн бичгийн дарга, Эртний судлалын тасгийн эрхлэгч;
1992 оноос Улаанбаатарын Их Сургуулийн Археологийн тэнхэмийн эрхлэгч;

ШАГНАЛ
2002 онд Шинжлэх Ухааны тэргүүний ажилтан цол тэмдэг;
2006 онд Хөдөлмөрийн хүндэт медаль;
2008 онд Боловсролын тэргүүний ажилтан цол тэмдэг;
2013 онд Соёлын тэргүүний ажилтан цол тэмдэг;
2014 онд Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон;

https://www.facebook.com/erdene.hatagin

Ярилцлага унших