Чингис хаан тансаг зэрэглэлийн брэндийг дэлхийн брэндүүдтэй хамтарч бүтээнэ
8 жил, 11 сар өмнө

“ЧИНГИС ХААН” ТАНСАГ ЗЭРЭГЛЭЛИЙН БРЭНД БҮТЭЭХ ТӨСӨЛ

Дэлхийн “luxury” ангиллын хэрэглээ буюу маш өндөр зэрэглэлийн худалдан авагчдын хэрэгцээнд дэлхийн томоохон дизайнерууд өрсөлдөн ажилладаг салбар юм. “Luxury” хэрэглээнд зориулж бүтээдэг бүтээгдэхүүнүүдийн талаар манайхны ойлголт жаахан буруу байдаг. Тэрбумтанууд, саятнууд гэсэн ангилал байгаагийн тэрбумтануудын ангилалд одоогоор 3240 тэрбумтан бүртгэгдсэн байдаг. Гэхдээ энэ салбарын хэрэглээ өдөр ирэх бүр өсөн нэмэгдэж байна. Тэрбумтануудын хэрэглээ хязгаарлагдахгүй, эдийн засгийн хямралд өртөхгүй салбар. Бид үйлдвэрлэл дизайны салбарт, дэлхийн топ брендүүдтэй Дэлхийд танигдсан Их хааныхаа нэртэй хамтатган үнэт эдлэлийн зах зээл дээр гарах л зорилготой энэхүү төслийг санаачлан ажиллаж байна. “Чингис хаан” гэдэг машиныг дээд зэрэглэлийн ангиллын, цөөхнөөр үйлдвэрлэгддэг бренд болгох талаар MERCEDES BENZ-д санал тавихад нэр төрийн хэрэг гэж хүлээн авсан. Мөн CARTIER, HUGO BOSS брэндүүдтэй уулзаж санал солилцоход маш их сонирхон дэмжиж хүлээж авсан.

CHINGGIS KHAAN LUXURY BRAND PROJECT

World "Luxury" brand category or use a high-end customers need, industry works to compete with the major designers of the world. Ours understanding of the products which for “Luxury" use a little wrong. There is two categories: billionaires and millionaires that class of billionaires are recorded 3240 people in the world. However, this class consumption is growing every day. Billionaires consumption is limitless and not affects by the economic crisis.

We have initiated this project aims to export the world's top brands jewelry market in conjunction with outstanding the world famous Great Khan named industrial design.

They honorary allowed to receive our request when we submitted to the Mercedes-Benz to produce limited edition premium class car named by Chingis khaan design. And very interested in receiving support for the exchange offer with Cartier, Hugo Boss brands

ДЭЛГЭРЭНГҮЙ ЯРИЛЦЛАГА УНШИХ

Д.Эрдэмбилэгийн загварыг нь гаргасан “Чингис хаан” нэртэй автомашиныг “Мерседэс бенз” тэргүүтэй гадны машин үйлдвэрлэгч компаниуд ихэд сонирхож, үйлдвэрлэхээр болсон тухай мэдээ нийтлэгдэх болсон. “Их майдар” цогцолбор болон “Морин хуур” цамхагийн дизайн дээр ажиллаж буй түүний загварыг үнэхээр гадны нэр хүнд бүхий компаниуд үйлдвэрлэх болсон эсэх талаар түүнтэй ярилцлаа.

- Таны загварыг нь гаргасан автомашиныг гадны томоохон компаниуд сонирхож, үйлдвэрлэхээр болсон тухай мэдээлэл үнэн үү?

-Өнгөрсөн долоо хоногт “Мерседес бенз” компани Чингис хаан нэртэй машин үйлдвэрлэхээр боллоо гэдэг мэдээ гарсан юм билээ. Тэр мэдээний дагуу маш олон хүн хандсан. Би өөрөө цахим ертөнцийг төдийлөн сайн ашигладаггүй, сураагүй, тоймтой хэдэн мэдээ сэлт л үздэг хүн. Гэтэл манай ажлынхан, миний ойр дотны хүмүүс надад энэ мэдээллийг дуулгасан. Тэгэхээр нь хайж байж олж уншсан. Гэтэл нийгмийн идэвхитэй хэсэг залуус миний 10 гаруй жилийн өмнө зурж байсан загварыг тавьчихсан байна лээ. Үүнээс болоод би эдгээр залуусыг олж уулзсан. Би тэдэнд бага зэрэг буруу мэдээлэлтэй байгааг нь хэлж өгөөд, “Чингис хаан” нэртэй машины талаар зөв ойлголт өгсөн. Одоо тэр залуустай хамтарч ажиллахаар болж байна.


- Тэгвэл зөв ойлголт нь юу юм бэ?

-Ийм идэвхитэй залуус их олон байдаг боловч мэдээлэл жаахан дутуу. Тиймээс хүмүүсийн дунд болоогүй байхад баярлах, сэтгэл хөөрөх асуудлууд гарч байна. Зарим нь болоогүй байхад л муулах, эсэргүүцэх, хувь хүнийхээ араншинг хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр дамжуулан харуулах зэрэг хандлагууд ажиглагдаж байсан. Гэхдээ энэ мэдээлэл олон нийтэд цацагдсанаар хаа очиж хүмүүсийн бодол санаа ямар байгааг мэдрүүлсэн их зөв юм болжээ гэж би бодож байгаа. Чингис хаан гэдэг машин яг хийх гээд байгаа биш юм. Харин “Мерседес бенз” компанид хандсан минь үнэн. Би өөрийн биеэрээ Германы “Stuttgart” хот дахь компанийн төв дээр очиж уулзсан юм. Уулзаад “Чингис хаан” гэдэг машиныг дээд зэрэглэлийн ангиллын, цөөхнөөр үйлдвэрлэгддэг бренд болговол ямар вэ? гэсэн санал тавьсан. Тэд зөвшөөрсөн. Түүнээс “Мерседес бенз” гэдэг компани Чингис хаан гэдэг машин үйлдвэрлэх гэж байгаа юм биш. Ойлголцлын зөрүү нь энд байгаа юм. Монгол талаас би санал тавихад тэд зөвшөөрсөн. Зөвшөөрлөө гэдэг нь захиалга өгөх юм бол гүйцэтгээд өгөхөд бэлэн л гэсэн үг юм.


- Яагаад заавал дээд зэрэглэлийн, цөөхнөөр үйлдвэрлэгддэг бренд гэж?

-Дэлхий дээр “luxury” ангиллын хэрэглээ гэж байдаг. Энэ нь маш өндөр зэрэглэлийн худалдан авагчдын хэрэгцээнд дэлхийн томоохон дизайнерууд өрсөлдөн ажилладаг салбар юм. “Luxury” хэрэглээнд зориулж бүтээдэг бүтээгдэхүүнүүдийн талаар манайхны ойлголт жаахан буруу байх шиг байгаа юм. Тухайлбал, бизнес ангиллын бүтээгдэхүүнүүд энд ордоггүй. Тэрбумтанууд, саятнууд гэсэн ангилал байгаагийн тэрбумтануудын ангилалд цөөн хэдэн хүн багтдаг. Гэхдээ энэ салбар өсч байгаа. Одоогоор 3240 тэрбумтан бүртгэгдсэн байдаг. Бидний зах зээлийн хувьд энэ салбарынхан маш хурдан өсөн нэмэгдэж байдаг гэж үздэг. Дэлхий дээр саятнууд сая саяараа байгаа. Энийг юуны өмнө ойлгох хэрэгтэй. Тэгээгүй байж “Luxury” ангиллын бүтээгдэхүүнүүдийг “Ямар үнэтэй юм”, “Хэн наадахыг чинь худалдаж авдаг юм” гэх мэт ойлголтууд байдаг. Ялангуяа монголчууд. Тэрбумтануудын хэрэглээ хязгаарлагдахгүй, эдийн засгийн хямралд өртөхгүй салбар. Ингэснээр бид үйлдвэрлэл дизайны салбарт, дэлхийн топ брендүүдтэй өөрийнхөө топ өндөр зэрэгт гарсан хааныхаа нэрийг ашиглан, дэлхийн үнэт эдлэлийн зах зээл дээр гарах л зорилготой. Би өөрөө Москва хотын Үйлдвэр урлалын дээд сургуулийг төгссөн учраас үйлдвэрлэлийн дизайны салбарынхаа ажлыг л хийж, концепц хөгжүүлээд сууж байгаа хүн.

ТЭД “ЧИНГИС ХААН” НЭРЭЭР БИДЭНД ХАНДАЖ БАЙГААГ НЭР ТӨРИЙН ХЭРЭГ ГЭСЭН

-“Чингис хаан” нэрийг ашиглах болсон тухайгаа ярихгүй юу?

-Чингис хаан гэдэг нэрийг яагаад ашиглах болсон гэдэг их чухал. Чингис хааныг зэрлэг балмад, эзлэн түрэмгийлэгч гэж ойлгодог нэг хэсэг байна. Яг нарийн судалгааны, эрдэмтдийн багийн ойлгоц их өөр. Дэлхийн хөгжилд энэ хүний оруулсан хувь нэмэр, дэлхийн даяаршил, эдийн засагт нөлөөлсөн нөлөө, торгоны зам буюу олон улсын хоорондын санхүүгийн харилцаа гээд маш их үр нөлөө үзүүлсэн. Энэ талаасаа үнэхээр дэлхийн хүн. Тэгэхээр энэ дэлхийн том хааны үр хойч болсондоо бид бахархах ёстой. Сүүлийн үед жаахан эвгүй яриа гараад байгаа нь “Чингис хаан гэж цээжээ хий хоосон дэлдэхээ больё” гэсэн утгатай. Энэ бол нэг талаасаа үнэн, нөгөө талаасаа бид Чинис хааны нэрийг зөв ашиглах ёстой. Чингис хаан өөрөө тансаг дээд зэрэглэлийн хэрэглээтэй байсан хүн. Дэлхийн цөөн хаадын оргилд байдаг. Бид ийм хааныхаа нэрийг дээд зэрэглэлийн бүтээгдэхүүнүүдтэй хамтарч, цаашид хөгжүүлье гэсэн маркетинг барьж ажиллаж байгаа юм. Хоёрдугаарт бид Чингис хаан гэдэг машин л ганцхан хийх гээд байгаа юм биш. Өмнө ярьсанчлан “Luxury” ангиллын бүтээгдэхүүнүүдийн эгнээнд “Чингис хаан” гэдэг бүтээгдэхүүнүүд нэмж гаргах. Тухайлбал, би бугуйн цагны томоохон брендүүдтэй уулзаж, ярилцлага хийсэн байгаа. Тэд ч мөн захиалга авахад бэлэн гэдгээ хэлж зөвшөөрсөн. Мэдээж хэрэг Адольф Гитлер гэдэг ч юм уу, зарим хүмүүсийн нэр бүхий бүтээгдэхүүн гаргахыг зөвшөөрөхгүй байх. Гэтэл дэлхийн энэ том брендүүд зөвшөөрч байна гэдэг энэ хүний нэр хүнд дэлхийд ямар вэ гэдэг нь батлагдчихаж байгаа юм. Мөн эрэгтэй хүний үнэтэй хослолууд байна. Тухайлбал, зангиа, пиджак гэх мэт. Энэ компаниудын бүгдийнх нь хэлж байсан нэг нийтлэг үг байгаа. Энэ бол “Чингис хаан гэдэг нэрээр бидэнд хандаж байгааг бид нэр төрийн хэрэг гэж бодож байна” гэж бүгд хэлж байсан. Тэгэхээр энэ Чингис хаан гэдэг хүнийг гадаад ертөнцөд, юм ойлгодог салбартаа бол маш өндрөөр хүлээж авдаг. Энд Монголдоо харин зарим хүмүүс эсэргүүцээд муулаад байдгийг би гайхаад байдаг юм.

-Одоогоор захиалга орж ирсэн үү?

-Яг “Чингис хаан” гэдэг машиныг бүтээгээд ирэх юм бол шууд худалдаж авна гэсэн хоёр хүн бий. Намайг Европоор уулзалтууд хийгээд явж байхад үйлдвэрийнх нь өөрийнх нь эзэд, тэрбумтанууд “Би нэг номерынх нь захиалагч болно шүү” гэж байсан. Жишээ нь, Швейцарийн нэг тэрбумтан нэг номерын захиалагч болно гэдгээ хэлсэн. Ромд явж байхад нэг баян бас нэгийг худалдаж авахаа хэлсэн. Ингэхээр Чингис хааныг муулаад байдаг хүмүүс чинь эцэст нь бид л өөрсдөө. Гадаад ертөнцөд бол шүтдэг, хүндэлдэг байх жишээтэй. Тэгэхээр энэ бренд өөрөө бэлэн захиалагчтай гэж ойлгож болно.

-Таны загварынхаа талаар жаахан дэлгэрүүлж ярхгүй юу? Та загвартаа Чингис хаан гэсэн ойлголтыг хэрхэн шингээсэн бэ?

-Чингис хаан лого дизайныг гаргаад, Монгол улсын оюуны өмчийн гэрчилгээгээ авсан. Энэ логог “Сони”, “Адидас” гэдэг шиг эхний ээлжинд хоногшуулах шаардлагатай болсон. Энийг дэлхийн хүмүүст хоногшуулахын тулд эхний таван жил ажиллана. Тэрнээс бид юу юугүй машины загварыг өөрчлөөд байх юм бол нэгдүгээрт, захиалгын үнэ өртөг маш өндөр тусна. Тиймд эхлээд зөвхөн логогоо “Мерседес бенз” юм уу, “Картер” цагтай, “Хюго босс”-той хослож байршуулах тохироонууд хийчихсэн явж байна. Энэ зөвшөөрлийг авна гэдэг маш том алхам. Ийнхүү дараагийн таван жилээс эхлэн дотор салоны бага зэрэг өөрчлөлтүүд орж ирнэ. Дөрөвдүгээр шатанд гадна талын хэлбэр форм дээр өөрчлөлтүүд орж ирэх боломжтой. Гэхдээ энэ мэдээж захиалагчаасаа шалтгаална. Ингэж маркетинг, бүтээгдэхүүн, бизнесийн хөгжүүлэлт явагдана.

-Цахим ертөнцөд явж байгаа зургаас өөрчлөгдөнө гэсэн үг үү?

-Тэр бол арваад жилийн өмнө хийж байсан анхны судалгааны концепц. Өөрөөр хэлбэл, судалгаа, эрэл хайгуулын үед зурж байсан зураг. Тухайн үеийнхээ цаг үе, чиг хандлагуудаас болоод машины дизайн өөрчлөгдөх жамтай. Магадгүй 10 жилийн дараа цахилгаан машин дэлхий дээр зонхилох болов уу гэж бодож байгаа. Тэгэхээр хэлбэр, форм нь өөрчлөгдөх л болж таарлаа. Бид одоогоор 2017, 2018 оны загвар дээрээ ярилцаад сууж байгаа.

-Мэдээллийг залруулж өгсөн танд баярлалаа. Танд нэмж хэлэх зүйл бий юу?

-Миний эцсийн зорилго бол Монгол улс хөдөө аж ахуйн орон болно гэсэн зорилттой. Харин үйлдвэрлэлийг хөгжүүлэхийн тулд дизайны урлаг нь зэрэг хөгжөөд явах ёстой. Дизайны урлаг хоцроод, аж үйлдвэрийн бодлого нь түрүүлж “давхиад” байвал болохгүй. Аж үйлвэрийн бүтээгдэхүүн гарч л байвал дизайнаар хэлбэр хийцийг нь тодорхойлдог. Үгүй бол бид ахиад л гадны дизайнеруудыг өндөр үнэ төлж авчирна. Үүний тод жишээ нь манай зарим ноолуурын үйлдвэрүүд гадаад дизайнеруудтай сууж байдаг. Бид ноолуур болон сүлжмэлийн дизайнеруудыг маш сайн бэлдсэн бол өдийд гадаад дизайнер өндөр цалин өгч ажиллуулахгүй л байсан. Яг л үүнтэй адил үйлдвэрлэл өөрөө хөгжил гэж байгаа бол үйлдвэрлэлийн салбар дизайны урлагтайгаа зэрэгцээд явах ёстой. Одооноос л бид бодлогоор дизайнеруудаа бэлдэх ёстой. Тун удахгүй ган хайлуулах үйлдвэрүүд, нефтийн үйлдвэрүүд ашиглалтад ороод ирэхээр нэмүү өртөг шингэсэн бэлэн бүтээгдэхүүнүүд гарч эхэлнэ. Тэр үед монгол дизайнерууд маань бэлтгэгдчихсэн ажиллаж байх ёстой юм. Миний цаад санаа бол энэ суурийг бэлтгэж, дэлхийн топ брендүүд, том дизайнеруудтай одооноос нэг логогоороо ч болтугай хамтраад явж байх юм бол энэ салбарт нэмэр болох юм болов уу гэж бодоод байгаа юм. Магадгүй 50 жилийн дараа гэхэд бид эх орондоо машин үйлдвэрлэдэг, машин угсардаг үйлдвэрлэл бий болгох бодлого л явж буй юм.


Эх сурвалж: medee.mn