А.Чимэд-Очир- Monline спорт хувцасны үйлдвэрийг үүсгэн байгуулагч
8 жил, 8 сар өмнө

Monline брэнд 21 аймгийн салбартайгаа нийлээд сард ойролцоогоор 800-­900 сая төгрөгийн орлого олж байна. Гэхдээ энэ бол бага тоо. Үүний цаана илүү том зах зээл байгаа юм.

Хуульч, орчуулагч, менежер, эдийн засагч, нягтлан бодогч, маркетингийн мэргэжилтэй хүн монголоор дүүрэн болчихож. Тэгсэн хэрнээ юм бүтээдэг хүн алга. Жишээ нь оёдолчин ажилд авъя гэхээр олддоггүй. Эсгүүрчин бол бүр олдохгүй. 

Ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүдийн биеийн тамирын хувцасны зах зээл тэр чигээрээ нээлттэй байна. Тиймээс монгол хүний хувиа бодсон, арчаагүй зангаа хойш тавьж, энэ зах зээлийг хятадуудаас булаах л ёстой байхгүй юу.

Monline компанийн захирал А.Чимэд-Очиртой спортын хувцас үйлдвэрлэлийн зах зээлийн талаар ярилцлаа. Нэг үеэ бодвол дотоодын үйлдвэрүүд энэ зах зээлд хүч түрэн орж ирсэн ч ихэнх мөнгө урд хөрш рүү урссан хэвээр байгааг тэрбээр ярилцлагадаа онцолсон. Нэг ёсондоо спорт хувцасны зах зээлд боломж нээлттэй байгааг А.Чимэд-Очир захирал хэлэхийг хүссэн юм.

МОНГОЛЧУУД СПОРТЫН ХУВЦАС ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН 50 ХУВИЙГ Л ДӨНГӨЖ ЭЗЛЭЭД БАЙНА


-Та энэ салбарт хөл тавиад найман жил болжээ. Тухайн үед спорт хувцасны зах зээлийн нөхцөл байдал, өрсөлдөөн ямархуу байв?


-Би уг нь тэс өөр мэргэжлийн хүн. Өмнө нь 14 өөр салбарт бизнес хийж үзсэн. Анх намайг энэ салбарт орж ирэхэд Монгол дахь оёдлын үйлдвэрүүдийн ихэнх нь татан буугдсан, мэргэжилтнүүд нь өөр чиглэлээр ажилладаг, зарим нэг нь байрны хонгилд өмдний түрий хасах гэх мэт жижиг хэмжээнд үйл ажиллагаа явуулсан байдалтай л байлаа. Гэтэл зах зээл нь Монголд байгаад байдаг. Тиймээс энэ салбарт хүчээ сориод үзье гэж шийдсэн юм. Ер нь талх сайн барьдаг хүн талхны цехийн захирал байх албагүй. Харин талх сайн барьдаг хүнийг ажиллуулж чаддаг хүн талхны цехийн захирал байх ёстой юм. Зах зээлийн өнөөгийн хэллэгээр энтрепрёнер гэх юм уу даа. Ер нь 11 жилийн өмнөөс төлөвлөж, хоёр, гурван жилийн турш судалгаа хийж байгаад орсон. Хувцас бол хүний байнгын хэрэглээ. Гэвч энэ хэрэгцээг Монголын үйлдвэрүүд огт хангаж чаддаггүй, ихэнхийг нь Хятадын зах зээл эзэлчихсэн байна. Ингээд эхний ээлжинд спорт хувцас үйлдвэрлэж үзэхээр шийдсэн. Учир нь байгууллага бүр дотроо тэмцээн зохион байгуулдаг. Энэ бүгдэд нэгэн ижил өмсгөлөөр жигдрэх шаардлагатай. Сүүлийн үед монголчууд Эрээнээс авчирсан чанар муутай өмсгөлийг голох хандлагатай болсон шүү дээ. Тэр ч утгаараа зах зээл нь байгаа юм. Мэдээж спорт хувцас ноосон биш, дөрвөн тийшээ сунадаг байх ёстой. Тиймээс дэлхий нийтээрээ спорт хувцсыг нийлэг эдээр хийдэг юм байна гэх мэтийг судалгаа хийх явцдаа олж мэдсэн. Өмнө нь дөрвөн тийшээ сунадаг материал гаргаж аваагүй үед спортын хувцас том, хэлхгэр байж. Харин одоо материалын “ааш” зөөлөрч, үүнийгээ дагаад бие барьсан, загварлаг хувцас үйлдэрлэх боломж бүрдсэн. Нийлэг материал гэхээр манайхан элдэв хуванцар ашиглаж хийсэн, хүний биед хортой эд гэж ойлгодог. Үнэ хямд тийм материал байх нь байна. Харин Adidas, Nike-ийн ашиглаад байгаа тийм материалыг Гуанжоуд үйлдвэрлэж байна. Хүн спорт хувцас өмсөөд идэвхтэй хөдөлгөөн хийхээр хөлөрдөг. Хөлөрснөөс болоод арьсны нүхнүүд онгойно. Түүнд нь ямар нэгэн химийн бодис орчихвол маажуур загатнаа үүсэхээс эхлээд янз бүрийн сөрөг үр дагавартай. Тиймээс дэлхий нийтээрээ спортын хувцасны материалд шинжлэх ухааны үндэстэй хандаж, хүний биед сөргөөр нөлөөлөхгүй байх тал дээр маш их анхаардаг болсон. Энэ мэт шат давааг туулсаар үйлдвэрээс нь /Гуанжоу/ бараагаа татаж, хувцсаа үйлдвэрлэж эхэллээ. Тухайн үед Монголд “Төмөр трейд”, “Сомо” зэрэг хэдхэн үйлдвэр ажиллаж байв. Энэ хэд нь өмнөх ажлаа барддаггүй. Тэд нийт зах зээлийнхээ тавхан хувийг л хангаж байсан. Ингээд ажиллаад эхэлтэл манайх бас ачааллаа дийлэхээ болилоо. Манайх орж ирээд бүрэн хүчин чадлаараа ажиллаад ч нийт зах зээл дэх монголчуудын эзлэх хувь 10 л болж байгаа юм. Үлдсэн 90 хувь нь бас л хятадуудад үлдсэн. 

-21 аймагт салбар нээх санаа эндээс төрсөн үү?

-Тийм ээ. Үйлдвэрүүд байгуу-лагдаж байгаа ч ачааллаа дийлэхгүй болохоор ийм том зах зээлийг монголчууд хуваан эзэлж, хятадуудын эзлэх хувийг багасгаж болохгүй гэж үү хэмээн бодох болсон. Ингээд 21 аймгийн төлөөллийг урьж, өөрийнхөө зардлаар долоо хоногийн сургалт зохион байгуулж, энэ үеэрээ техник тоног төхөөрөмжөө хэрхэн ажиллуулахаас авахуулаад спорт хувцас яаж үйлдвэрлэх бүх процессоо зааж өгсөн. 21 аймагт салбартай болно гэхээр “Энэ нөхөр баахан газарт салбар нээгээд уул овоо шиг ашиг олох нь” гэж хүмүүс боддог. Гэтэл би эднээс нэг ч төгрөгийн ашиг аваагүй. Зүгээр л монголчууд нийлж хятадуудад алдаад байгаа 90 хувийн зах зээлийнхээ нэг хэсгийг ч атугай эзэлж явъя гэж бодсон юм. Энэ нь манай үйлдвэрт ч ашигтай байлаа. Учир нь бараа таталтын хэмжээ бага болохоор шууд авч чадахгүй, хүнээр дамжуулдаг байв. Дунд нь ченж ороод ирнэ гэдэг төлбөр нэмэгдэнэ гэсэн үг. Ингээд 21 аймаг бүгд нийлээд материалаа татахаар ченжээр дамжуулах шаардлагагүй болсон. Нэг кг даавуунаас таван юань хэмнэнэ гэдэг асар их хэмнэлт байхгүй юу. Ингэснээр Monline нэрийн үйлдвэрүүд бүгд нэг стандартаар, нэг материалаар бүтээгдэхүүнээ үйлдвэрлэх боломж бүрдсэн. Тэгсэн хэрнээ дөнгөж 30 хувиа л базаж эхэлж байгаа юм. “Төмөр трейд” зэрэг бусад үйлдвэртэйгээ нийлээд шүү дээ. Үлдсэн 70 хувь нь бас л хятадуудын мэдэлд хэвээрээ. Бид гаднынхнаас зах зээлээ харамлаагүй байж бие биедээ боломж олгохоос татгалзах ёсгүй биз дээ. Тиймээс бусдадаа боломж олгох үүднээс сошиал, хэвлэл мэдээллээр спорт болон чөлөөт хувцасны зах зээл, үйлдвэрлэлийн горим, арга барил бүхнээ харамгүй зааж, сурталчилж эхэлсэн. “Зах зээл нь байна, боломж байна. Та нар хүрээд ирвэл дэмжиж туслахад бэлэн байна, арга замыг нь заагаад өгье” гэх зэргээр их сурталчилсан. Нэг ёсондоо загас барих аргыг бусдадаа зааж өгөөд байна шүү дээ. Үүний үр дүнд манайхаас зөвлөгөө авч, салаалсан долоон компани бий болсон. Эндээс цааш салбарласан, өмнө байсантайгаа нийлээд зөвхөн Улаанбаатар хотод 30 шахам спортын хувцас үйлдвэрлэлийн компани бий болоод байна.

-Ингэж салбарлаад зах зээлийнхээ хэдэн хувийг эзэлдэг болов?


-21 аймаг, гурван хот, Улаанбаатарт 30-аад үйлдвэртэй болсон хэрнээ манай ажил багасаагүй. Бид бүгд нийлээд зах зээлийнхээ дөнгөж 50 хувийг л эзэлж аваад байна. Яахав, нэг үеэ бодвол байгууллагуудын спорт арга хэмжээний хувцсыг манайхан дотооддоо үйлдвэрлээд байна. Гэтэл үүний цаана ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүдийн биеийн тамирын хувцасны зах зээл тэр чигээрээ онгорхой байна. Миний ажлыг булаачих вий гэсэн монгол хүний хувиа бодсон, арчаагүй зангаа хойш тавьж, энэ зах зээлийг хятадуудаас булаах л ёстой байхгүй юу.

МИНИЙ ЗОРИЛГО ТОМ ҮЙЛДВЭРТЭЙ БОЛОХ БИШ


-Энэ зах зээлд төчнөөн төгрөг эргэлддэг гэсэн багцаа тоо гаргах боломжтой юу?


-Би энэ тоог гаргадаг хүн биш, зүгээр л бусдадаа боломж олгосон оёдлын үйлдвэрийн захирал. Ямар ч байсан ажлын ачааллаа дийлэхгүй болохоор зах зээл байна гэдгийг л мэдээд байгаа юм. Харин Monline брэнд 21 аймгийн салбартайгаа нийлээд сард ойролцоогоор 800-900 сая төгрөгийн орлого олж байна. Сард бараг тэрбум төгрөг гэсэн үг. Гэхдээ энэ бол бага тоо шүү. Үүний цаана илүү том зах зээл байгаа юм. Сагсны эрэгтэй, эмэгтэй баг хувцас захиалахад 12 өмсгөлөөр бодоход 660,000 төгрөг болно. Гэтэл манай нэг үйлдвэр өдөрт 4-5 багийн хувцас гаргаж байна.

-Нэгэнт ачааллаа дийлэхгүй байгаа юм чинь үйлдвэрээ өргөжүүлье гэж боддог уу?


-Хүн хүний мөрөөдөл, зорилго өөр байдаг байх. Миний зорилго бол том үйлдвэртэй болох биш. Хүнд мөнгөөр худалдаж авдаггүй аз жаргал зөндөө байдаг юм. Тиймээс би орлогын хязгаараа тогтоочихсон. Манай Улаанбаатар дахь салбар 15 ажилчинтай. Тэднийхээ цалинг тавьж, бусад бүх зардлаа хасаад сардаа 3-5 сая төгрөгийн ашиг олж байвал надад хангалттай. Ажлаа дарамт багатай хийж, чөлөөт цагаараа фитнесст явж, гэр бүлтэйгээ аз жаргалтай амьдармаар байна шүү дээ. Зарим нэг нь “Би тэдэн хүний ажлын байр бий болголоо. Ингэж хөдөлмөрлөж байхад улсаас дэмжсэнгүй” гэж ирээд л гомдоллодог. Яг үнэндээ улсаас дэмжлэг горьдох биш, дор бүрнээ хичээгээд явахад Монголд сайхан амьдарч, бизнес хийж болж байна шүү дээ. Бизнес хийж, үйлдвэрлэл эрхлэхэд Монгол шиг сайхан газар хаа байна. Социализмын үед, төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаар хүмүүжсэн хүмүүс улсаас янз бүрийн юм нэхээд байдаг. Гэтэл зах зээл чинь тэс өөр нийгэм шүү дээ. Одоо бүх бурууг төр засагт үүрүүлчихээд ажил хийхгүй, гомдсон хүмүүс олшроод байх шиг санагдах юм. Эцсийн эцэст хэн амьдрах гээд байгаа юм бэ гэдгээ бодолцох ёстой. Аль ч нийгмийн үед ажилсаг хүн л сайхан амьдардаг юм.

-Одоо 21 аймгийн салбар бас л ачааллаа дийлэхгүй байна уу?


-Бас л ялгаагүй. Бид дотоод сүлжээтэй, түүгээрээ долоо хоногт хоёр удаа хуралддаг юм. Гэтэл “манай ажлыг танайх хийгээд өгөөч, бид амжихгүй байна” гэсэн үгс дотоод сүлжээнд хамгийн их байдаг юм.

-Хэн нэгэн хүн энэ зах зээл рүү зориглоод орохоор бол юунд анхаарах ёстой вэ. Үйл ажиллагаагаа эхлүүлэхэд хэдий хэр хөрөнгө шаардлагатай бол?


-Оёдлын салбарын нэг гоё юм байдаг юм. Учир нь оёдлын үйлдвэр ямар ч стрессгүй, тоног төхөөрөмжөө нэг л удаа авна. Мэдээж машин, тоног төхөөрөмжүүд шинэчлэгдэж байдаг л даа. Гэхдээ оёдлын машины үндсэн үйлдэл өөрчлөгддөггүй юм. Тиймээс техник, тоног төхөөрөмж хоцрогдчихно гэж санаа зоволтгүй. Намайг компьютерийн худалдаа эрхэлдэг байхад аль болох хурдхан зарж дуусгахгүй л бол үзүүлэлтүүд нь хоцрогдож, үнэ цэн нь багасаад бүр хэнд ч хэрэггүй болох ч үе байсан. Харин оёдлын салбарт даавуугаа оруулаад ирсэн байхад 10 жил болсон ч үнэ цэнтэй хөрөнгө хэвээрээ байдаг. 15 хүнтэй спортын хувцасны үйлдвэр байгууллаа гэж бодъё. Үйлдвэрийн байрны үнэ өртгийг хэлэх боломжгүй. Тухайн хүн хотын аль хэсэгт, хэчнээн метр квадрат байр түрээслэх нь тодорхойгүй шүү дээ. Харин тоног төхөөрөмж, бараа материал авах 10 сая төгрөгтэй байхад энэ бизнес рүү орчихно. Ер нь хийе, бүтээе гэвэл эрэлт, худалдан авагч нь байна. Манайхны зарим нь сургуулийн хүүхдийн спорт хувцас руу орж эхэллээ. Зарим сургууль үндэсний үйлдвэрлэлээ дэмжих нь зөв гээд маш сайхнаар хүлээн авч байна. Гэвч зарим нь хүчээр хувцас шахах нь гэх мэтээр эсэргүүцдэг.

-Бид зах зээлээ тэлэхийн тулд яах ёстой вэ?


-Ажилла, хөдөлмөрлө гэж л хэлмээр байна. Ажилд хүн авъя гэхээр ирэх хүн байдаггүй. Тэгсэн хэрнээ ажилгүйчүүдийн тоо их хэвээр. Дандаа дээд сургуулийн дипломтой ажилгүй залуус. Ялангуяа монголчууд “агаарын” мэргэжил маш их эзэмшиж байна. Хуульч, орчуулагч, менежер, эдийн засагч, нягтлан бодогч, маркетингийн мэргэжилтэй хүн Монголоор дүүрэн болчихож. Тэгсэн хэрнээ юм бүтээдэг хүн алга. 15 ажилчинтай манай үйлдвэрт гэхэд би өөрөө нягтлангаа хийчихдэг. Манайд маркетингийн менежерийн хэрэг алга. Эдийн засагч, хуульч хэрэггүй. Шаардлагатай бол хуулийн зөвлөгөө өгдөг газарт хандчихаж болж байна. Тэгсэн хэрнээ оёдолчин олддоггүй. Эсгүүрчин бол бүр олдохгүй. Энэ бүхнийг улс бодлогоор зохицуулах ёстой байх. Гэхдээ улсын бодлого гээч зүйл бүх юман дээр гажчихаад байна даа. Анх оёдлын үйлдвэрээ байгуулахдаа 45-аас дээш насны хүмүүсийг ажилд авна гэж зар тавсан юм. Угаасаа хүний нөөцөө ингэж бүрдүүлнэ гэж төлөвлөж байлаа. Яагаад гэвэл бэлдсэн залуучууд алга. Харин социализмын үед бэлтгэгдсэн мундаг хүмүүс насаараа гадуурхагдаад ихэнх нь ажилгүй, зарим нь манаач, үйлчлэгч хийсэн байдалтай байна. Тиймээс 45-аас дээш насны хүнийг ажилд авна гэсэн зар тавьсны дараа маш олон хүн утасдаж, долоохон хоногийн дотор багаа бүрдүүлсэн.

МИНИЙ МӨНГӨ ГУАНЖОУД ОЧИХ БИШ, МОНГОЛДОО ҮЛДЭЭСЭЙ ГЭЖ ХҮСЭЖ БАЙНА

-Жижиг, дунд бизнес эрхлэхэд төрийн зүгээс зөвшөөрөл, бичиг цаас, татварын дарамт их үзүүлдэг гэж ярьдаг. Таны бизнест ийм зүйл мэдрэгдэж байна уу?

-Хүмүүс ингэж яриад байдаг юм, ямар юмных нь дарамт байх вэ дээ. Хийх хүнд боломж их байдаг, хийхгүй хүнд шалтаг мундахгүй гэсэн үг байдаг даа. Яг үүнтэй адилхан. Мэдээж зарим нэг салбарт татвар, зөвшөөрөл, лиценз гээд янз бүрийн дарамт ирдэг л байх. Харин манай оёдлын салбарт харьцангуй гайгүй шүү. Нийгмийн даатгал, мэргэжлийн хяналтаас шалгалт орж ирэлгүй яахав. Гэхдээ харьцангуй наанатай цаанатай харьцана. “Танай энэ чинь болохгүй байна, тэд хоногийн хугацаа өгье. Шийдсэн байгаарай” гэх мэтээр уян хатан болсон байна лээ. Би өөрөө Оёдлын холбооны Удирдах зөвлөлд багтдаг юм. Энэ холбоог байгуулсан цагаас хойш ганц л зүйлийг хэлсээр ирсэн. “Манай холбоо төр засгаас ямар нэг зүйл нэхэх биш харин бүх оёдолчдод тулгараад байгаа асуудлыг төр засаг, харьяа яаман-даа гаргаж тавья, ажиллах хөр-сөө эрүүлжүүлэх боломжийг бий болгодог болмоор байна” л гэдэг. Жишээ нь мэргэжилтэн бэлдэх хүний нөөцийн асуудал байна. Мөн Хятадын зах зээлд их хэмжээгээр хийсэн ижил төрлийн бүтээгдэхүүн Монголын хилээр ямар ч татваргүй ороод ирдэг. Харин энд бараа материалаа авахаас эхлээд байрны түрээс, цахилгаан, нийгмийн даатгал, татвар гээд дагалдаж гарах зардал асар их. Гэтэл иргэн Дорж Хятадаас 1000 ширхэг хувцас ямар ч татваргүй оруулж ирээд зарахаар өрсөлдөх чадвар харилцан адилгүй болчихоод байгаа юм. Тиймээс Монголдоо үйлдвэрлэж байгаа ижил төстэй бараанаас гаалийн татвар бүрэн авдаг болооч ээ гэсэн хүсэлт тавиад байгаа юм.

-Та нарын хийж чадахгүй зүйл байна уу?


-Энэ салбарт материал буюу даавуугаа л хийх үйлдвэр хомс байна. Бусад бүх юмаа өөрсдөө хийнэ. Нэг үеэ бодвол сурагчийн формын ачаар даавууны үйлд-вэрүүд өндийгөөд эхэлсэн. Гэтэл дотооддоо үйлдвэрлэсэн даавуугаар формоо хийхгүй, урдаас оруулж ирээд байна. Үнэн арчаагүй байгаа биз. Уг нь тэдэнд захиалга өгч, ачаалал нь нэмэгдэх тусам ашигтай ажиллаж, үнэ нь хямдарна шүү дээ. Сурагчийн форм хийж буй бүх үйлдвэр дотоодын үйлдвэртээ даавуугаа захиалчихвал хэн хэндээ ашигтай байгаа юм. Манайх даавууны утас хийж байгаа үйлдвэрүүдэд “Надад манай энэ материалтай дүйцэхүйц материалтай даавуу хийгээд өгөөч. Тэгвэл би өөрийн үйлдвэр, 21 аймгийн бүх салбартайгаа нийлээд захиалья” гэсэн санал тавьчихаад байгаа. Хэрэв ингэвэл миний мөнгө Гуанжоуд очих шаардлагагүй болж, Монголдоо үлдэх юм. Ийм байдлаар бид нэг нэгнээ бага гэлтгүй дэмжиж байж үндэсний үйлдвэрлэл хөгжих учиртай. Хэрэв манайх бусдадаа бо-ломж олгоогүй бол спорт хув-цасны үйлдвэрлэл Монголд ингэж хөгжих байсан эсэхийг хэлж мэдэхгүй юм. Монголчууд энэ зах зээлийнхээ ядаж 40-50 хувийг эзэлж, энэ олон хүн ажил, орло готой болгож байна гэдэг бидний хамгийн том шагнал юм.



http://www.monline.mn/
https://www.facebook.com/Monline-%D1%81%D0%BF%D0%BE%D1%80%D1%82-%D1%85%D1%83%D0%B2%D1%86%D0%B0%D1%81-141091039396932/

Эх сурвалж: Засгийн газрын мэдээ