Cистемдээ баригдаад байна уу? Сэтгэлгээндээ баригдаад байна уу?
Өчигдөр нийслэлийн бага, дунд, сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудын удирдах ажилтнуудын зөвөлгөөн боллоо. Уг зөвөлгөөнөөр боловсролын байгууллагад ажиллаж байгаа багш сурган хүмүүжүүлэгчид эх орныхоо ирээдүйг бэлтгэхэд тулгамдаж байгаа асуудлуудаар санал бодлоо солилцсон юм. Уг зөвөлгөөний үеэр зорилго нэгтнүүдтэйгээр санал бодлоо ярилцах завшаан олдслныг хэлэх ялдамд үүнийгээ хэвлэл мэдээллийн хэрэгслэлээр дамжуулан нийт багш, энэ системд мөр зэрэгцэн зүтгэж яваа хамтрагчидтайгаа хуваалцах гэсэн юм.
Боловсролын салбарын бүтцийг өөрчлөх, сайжруулах, төгөлдөржүүлэх талаар нэлээд олон арга хэмжээ авч байсныг бид мэднэ. Үүний нэг нь хорооллын дунд орших сургуулиудыг чиглэл чиглэлээр нь нэгтгэн бага, дунд, ахлах сургуулийн суурийг тавьж байсан цаг саяхан. Гэтэл энэ тогтолцоо маань хэр амжилттай хэрэгжиж байна вэ гэдэг талаар нэг ч хүн нэг ч үг дуугарахгүй байсаар арван хоёр жилийн тогтолцоо руу шилжин орох тухай ярьж эхлээд байна.
Бусад орнуудын арван хоёр жилийн тогтолцоотой сургуулиудын туршлагуудыг харж байхад нэг зүйл анхаарлыг минь туйлын их татсаныг зорилго нэгтнүүддээ хэлэх гэсэн юм. Энэ санаа нэлээд хэдэн улсад хэрэгждэг ба Герман улсын боловсролын тогтолцооны жишээн дээр харахад, ойлгоход, хэрэгжүүлэхэд хамгийн оновчтой гэж ойлгодог. Тэд хүүхдийг нэг дүгээр ангид орсон цагаас эхлэн сургуулийнхаа нийгмийн ажилтны тусламжтайгаар ажиглалт судалгаа хийсээр зургаа дугаар анги төгсөхөд нь чадвар, мэдлэг, ирээдүйн боломжоор нь “ангилна”.
Сурлагын үзүүлэлт болон төлөвшилтөөрөө доогуур түвшний хүүхдүүд долоо дугаар ангиасаа нэг сургуульд сурдаг ба эдгээр хүүхдүүд ирээдүйд мэргэжлийн ажилчин анги болж өсдөг. Мэргэжилтэй ажилтан бэлтгэх сургуулиудад амьдралд нь тэр бүр чухал шаардлагатай биш математик, хими, физик гэх мэтийн хичээлүүдийг хялбаршуулан зааж сургуулиа төгсөнгүүт л ажлаа хийгээд, амьдралаа аваад явчих боломжтой мэдлэг чадварыг эзэмшүүлдэг.
Харин дундчууд буюу сэтгэлгээний хувьд хоцрогдоод байдаггүй, хичээл сургалтын үзүүлэлтүүд нь тийм ч бага биш хүүхдүүд инженер бэлтгэх сургуульд цугларан суралцдаг. Инженерүүдийн /нийтлэг нэрээр нь авлаа/ хувьд арай өндөр шаардлага тавьдаг ба нийгмийн бас нэгэн давхаргыг багаас нь бэлддэг байна.
Бидний хувьд вүүндэркинд хэмээн нэрлэх дуртай гоц авьяастай буюу онцчууд бас өөр сургуульд сурдаг ба энэ хүүхдүүдээс улс эх орны ирээдүйг гардан явч явах хүмүүс төрдөг. Хамгийн дээд ангиллын буюу гоц авьяастнуудын хувьд нийгмийн элитүүд бэлтгэгдэж байгаа утгаар нь үнэхээр өндөр шаардлага тавьдаг. Эдгээр сургуулийг төгсөгчид хуульч, эмч, багш бэлтгэх их дээд сургуулиудад элсэн суралцах боломжтой байдаг. Нөгөө талаасаа ижил түвшний хүүхдүүд хамт сурч байгаа болохоор манлайлал гэдэг жинхэнэ утгаараа хэрэгжих боломж бүрддэг.
Өнөөдрийн манай нөхцөлд нэг ангид сурч байгаа хүүхдүүдийн сурлага, төлөвшил өөр өөр байна. Огт юу ч сурдаггүй, эсвэл хүсдэггүй, бусдаасаа хуулсаар байгаад сургуулиа төгсөж байгаа сурагч, хот улсын төдийгүй олон улсын олимпиадын аваргатай мөр зэрэгцэн сууж л байдаг. Гэтэл энэ нь хуулж байгаа хүүхдэд боломж олгож байгаа харагдавч энэ нийгмийг удирдан авч явах элитүүдийг бэлтгэх ажилд саад болох төдийгүй, улмаар ямар ч идэвхигүй байдлыг хүүхэд байхаас нь л бий болгож, үлбэгэр сулчууд эсвэл зальт аргатнуудын эгнээг өргөжүүлсээр.
Германы боловсролын тогтолцоог Монгол улсын ерөнхий боловсролын тогтолцоо руу хөрвүүлэх гэж төсөөлье. Хүүхдүүдийг “ангилах”, дараагийн шатны сургуулиудад хуваарилахдаа нийгмийн ажилтнуудын саналыг голлон харгалздаг ба тэд ч үнэхээр нийгмийн нэгэн иргэнийг бэлтгэх ажлыг жинхэнэ утгаар нь хэрэгжүүлж чаддаг. Манай улсын хувьд сүүлийн жилүүдэд бэлтгэж гаргаад байгаа нийгмийн ажлтнууд маань хүүхдээ таньж хуваарилах чадвар нь хэр байгаа бол доо? Зөвөлгөөн дээр хэлж байсанчлан мэргэжлийн хүн ажиллах ёстой гэсэн далбаан дор ажлаа мэддэг нэгнийг нь халчихаад огт мэргэжлийн биш, танил тохойгоор сонгосон хүмүүсийг ажиллуулаад байвал улс орны ирээдүйн сонголтыг арын хаалганы гэгддэг чадвар муутай нөхдүүдийн гарт атгуулах мэт.
Мэдээж зургаа дугаар анги төгсмөгц хууваарилсан хуваарь хатуу, хөдөлшгүй зүйл биш. Дээд ангиллын сургуульд сурч байгаа хүүхэд тааруу суралцвал доод ангиллын сургууль руу шилжих, доод ангиллын сургуульд сурч байгаа хүүхэд амжилттай сайн суралцвал дээд ангиллын сургууль руу шилжин орох боломж бүрэн нээлттэй байх нь бидний ярьдаг “тамын тогооны үлгэр”-ийг саармагжуулах арга ч байж болох юм. Чадвартай хүүхдийг идэвхи чармайлт гаргадаггүй “нөхдүүд”-ээс эртхэн салган авч, шахаж шаардаж хөгжүүлэхгүй байсаар чадлыг нь мохоож орхидог төдийгүй тэдний далбаан дор явагчдыг бас бойжуулсаар байдаг. Том болохоороо “Энэ манай ангид байсан нэг тааруу л амьтан байсан даа хөөрхий, одоо л их овойж оцойж гэнэ” хэмээн шинэхэн сонгогдсон сайдыг ч юм уу өөлөн ярих нэгэн болж төлөвшдөг. Алтны дэргэдэх гууль шарладаг хэмээх зүйр үгийг өвөг дээдэс маань сайныг дагаж сайн бол гэдэг утгаар нь хэрэглэж сургасаар ирсэн. Гэтэл өнөөдөр манай орны хөгжил гуулины дэргэдэх алт нь гунддаг тогтолцоотой байсаар байна.
Уг зөвөлгөөн дээр нэлээд дэлгэрэнгүй яригдсан бас нэг асуудал бол багшийн ёсзүй, нэр хүндийн тухай сэдэв байсан. Энэ асуудлыг боловсролын өнөөдрийн тогтолцоонд багш гэдэг хүнийг хэрхэн бэлтгэж байгаагаас эхэлье. Хамгийн сайн хүүхдүүд СЭЗДС, МУИС, ЭМШУИС гэх мэт сургуулиудад элсэн орох гэж өрсөлддөг. Тиймдээ ч эдгээр сургуулиудын элсэгчдийн босго оноо өндөр байдаг. Үнэхээр чадалтай нь ч тийшээ ордог байх. Нийслэлийн 6 дугаар сургуулийн захирал намрын нэгэн хурал дээр “Энэ жил манай сургуулийн нэг ангиас 12 хүүхэд Анагаах ухааны их сургуульд орсон нь үнэхээр бахархалтай” гэж ярьж байх юм. Босго оноо өндөртэй сургуульд нэг ангиас олон хүүхэд орж байгаа талаасаа харвал зүйтэй, бахархам амжилт мэт. Гэтэл яг хэлэлцэж байгаа асуудлаар тулгамдаад байгаа хүндрэлийн талаас нь харвал энэ захирал маань юу ярьчихав аа? “Манай сургуулийн нэг ангиас л гэхэд 12 хүүхэд Багшийн их сургуульд орсон” гэж бахархвал шоолуулах байсан л даа.
Дээр дурьдсан сургуулиудад орж чадаагүй хэсэг нь бусад сургуулиуд болон хувийн их дээд сургуулиудад орцгоодог. Ингэж ингэж хамгийн сүүлд үлдсэн хүүхдүүдээс тэр дундаа ихэнх нь орон нутгаас МУБИС буюу багшийн их сургуульд элсэн ордог. Эндээс л бидний яриад байгаа багшийн нэр хүнд ёсзүйн асуудал эхэлж байгаа юм.
Бидний санаа авах гээд байгаа Германы хувьд багш бэлтгэдэг их дээд сургуульд зөвхөн хамгийн дээд ангиллын ЕБС төгссөн хүүхдүүд л элсэх эрхтэй байдаг. Нэгдүгээр сургуулийн тооны анги төгссөн гэж хэлэхэд бидний хандлага ямар байдаг билээ? Яг л үүн шиг нэр хүндтэй хүмүүсээс улс эх орныхоо ирээдүйг бэлтгэдэг хүмүүс болох багш нарыг бэлтгэх ёстой баймаар. Энд зөвхөн зөв тогтолцооны асуудал л байгаа гэдэгт эргэлзэх зүйлгүй. Бидний явж ирсэн буруу хэмээн шүүмжлэгддэг боловсролын тогтолцоо социалист нийгмийн тогтолцоо шигээ халагдах цаг болчихсон. Олон тааруу нөхөд нийлээд хаашаа явахаа шийдэж чадахгүй маргалдаж байхаар цөөн ч болов ухаантайнхаа үгийг сонсоод холхон, хурдхан алхах боломжийг боловсролын тогтолцооноосоо эхлээд хангаж өгөх цаг нэгэнт болжээ.
Бид арван жилийн сургалтын тогтолцоог арван хоёр жил рүү шилжүүлж байгаа практик үйл ажиллагаанаас харахад 10 жилд заадаг байсан агуулгыг арван хоёр жилд хуваагаад, тараагаад тавьчих гээд байгаа мэт хар буугаад байгаа болохоор жирийн иргэний хувьд, боловсролын салбарт ажилладаг хүний хувьд өр өвдөж санаж бодож байгаагаа хуваалцах хүсэлтэй байсан юм.
Бидний ярилцсан бас нэгэн чухал асуудал бол хүүхдийн байгууллагын орчны стандартын асуудал байлаа. Хүүхэд сургаж хөгжүүлэх боломжийг үл харгалзан хүссэн бүхэн цэцэрлэг нээж ажиллуулдаг моод дэлгэрээд байгааг бид бүгд мэднэ. Үнэхээр гэрийнхээ нэг өрөөг “Энэ бол манай цэцэрлэг” гээд байгаа хүмүүсийг харахад хэцүүхэн л санагддаг. Гэхдээ цэцэрлэг нээгээд хавь ойртоо байгаа хэрэгцээг хангачихаж байгаа хүмүүсийг буруутгахад хэцүү. Учир нь цэцэрлэг гэж ийм юм байна гээд заагаад өгчихсөн дотоод, гадаад орчны стандарт /бага дунд боловсролын сургалтын агуулгын стандарт л байдаг/ өнөөдөр манайд байхгүй шүү дээ. Тэгэхээр чинь гэрийнхээ ширээний хөлийг тайраад хүүхдийн ширээ болгоод тавьчихсан байхад хэлэх үг бидэнд бий билүү?
Мэргэжлийн хяналтын байгууллагууд дээрх асуудлыг “Хүүхэд, өсвөр үеийнхний сургалт-хүмүүжлийн байгууллагын үйл ажиллагаанд мөрдөх эрүүл ахуйн үлгэрчилсэн дүрэм” нэртэй арав гаруй жилийн өмнө Эрүүл ахуй халдвар судлалын улсын Ерөнхий байцаагчийн баталсан бичиг баримтаар зохицуулдаг. Арай шинэ нь энэ шүү. Салбарын сайдын хувьд гэвэл 1985 оноос хойш энэ талаар стандартын хэмжээний дүрэм журам огт гаргаагүй байна. БНМАУ-ын Эрүүлийг хамгаалах яам, Ардын боловсролын яамны сайдын 1985 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 140/217 тушаалаар баталсан “Сургуулийн өмнөх насны хүүхдийн /ясли, цэцэрлэг-яслийн цэцэрлэг/ байгууллагын ариун цэврийн дүрэм” /Индекс Дм-ХөүЭА-1086-85/-ээр өнөөдөр үйл ажиллагааг хянан зохицуулдаг. Энэ дүрэмтэй зэрэг төрсөн хүүхэд өнөөдөр 22 настай. Бараг өөрөө хүүхэд төрүүлчихсэн ч байгаа. Гэтэл бид чинь улс орныхоо ирээдүйг бэлтгэх уурхай болсон газруудаа ямар байлгах ёстой гэдэг талаар сүүлийн хорин жилд огт тоосонгүй. Энэ бол хүний амьдралын нэг үеэр тоологдох хугацаа. Сонгуулийн хугацаагаар бодвол 5-6 сонгуулийн хугацаа!
Мэргэжлийн хяналтын байгууллагууд хувийн хэвшлийн байгууллагуудыг шалгах, хянах болохоор дээрх бичиг баримтын нэрээр далайлгадаг. Яг тэр дотоод орчны стандартаа гаргаад ир гэхээр үзүүлэх зүйлгүй л байдаг. Бид үүнийг хийж байгаа гэсээр таван жилийн нүүрийг үзээд байна. Үнэхээр 2002 онд эхэлсэн сургуулийн өмнөх боловсролын байгууллагын орчны стандарт гэсэн нэр бүхий стандартын төсөл нэртэй дээр дурьдсан ариун цэврийн гэхчилэн олон дүрэм журмуудыг бүгдийг нэг дор хуулаад биччихсэн 22 нүүр бүхий баримт бичгийн төсөл хийгдээд таван нас хүрч байгаа нь үнэн. Гэхдээ өнөөдөр хэрэглээ, шаардлага хэрхэн өөрчлөгдөж байгаа билээ дээ.
Бид, манай боловсролын салбар нийтээр ижил тэгш тааруу боловсрол эзэмшүүлэхийн төлөө махран зүтгэх бус зөв тогтолцоог нь бүрдүүлж өгөөд хувь хүний хэрэгцээ, сонирхол, хүсэл тэмүүлэлд нь нийцсэн боловсрол олгох зөв замыг сонгох нь 12 жилийн тогтолцоонд шилжих гэж байгаа энэ үед юу юунаас чухал байна. Бага дунд боловсрол нэртэй, бага жаахан боловсрол яах вэ гэсэн сэтгэлгээндээ баригдалгүй боловсролын хэмээх томоохон системээ аврах цаг нэгэнт болжээ!
Бас нэг асуудал бол хүүхдийн гэх тодотголтой бүхнийг хурааж авдаг, зарж борлуулдаг эсвэл тэдэнд зориулж гар сунгах дургүй явдал юм. Хүүхдийн байгууллагын тоглоомын талбайн асуудлыг энд хөндөж байна. Тэдэнд зориулсан тоглоомын талбай байгуулахаар харьяа дүүргийн Газрын алба зэрэг албан ёсны замаар хөөцөлдөхөд нийслэлийн ерөнхий төлөвлөгөөнд тусгаж байж асуудлаа шийдүүүл гэсэн хариуг арван сарын дараа өгөх юм. Нийслэл хот 6-8 дүүрэгтэй. /байрлалын хувьд салгаж үзвэл/ Тэгэхээр дүүрэг дээр очоод 10 сарын дараа хариу ирдэг бичиг нийслэл дээр очихоор хариу нь иртэл дор хаяад зургаа дахин их хугацаа зарах байх. Тэгэхээр манай хүүхдүүд ойрын 5-6 жилдээ тоглоомын талбайтай болох найдвар алга байна хотын дарга аа!!! Хүүхдүүд яахав гэсэн сэтгэлгээндээ баригдахаа больж тэдний тухай, улс эх орныхоо хойч ирээдүйн тухай ул суурьтай бодох, хөдлөх цаг нэгэнт болжээ дарга нар аа!!!