Дэмчигийн БОЛОР | Эдийн засагч, санхүүч, инженер, геоулстөр реалполитик судлаач
7 жил, 8 сар өмнө


Монгол улсын Зөвлөх инженер, реалполитик судлаач, санхүүч-эдийн засагч

1962.7.28-нд Өмнөговь аймгийн төв Даланзадгад хотод төрсөн.

1970-1980 онд Улаанбаатар хотын Сүхбаатарын нэрэмжит 2-р дунд сургуульд суралцаж төгссөн.

1980-1986 онд ЗХУлсын Кировын нэрэмжит Уралын политехникийн дээд сургуулийг Автоматик телемеханикийн инженерийн мэргэжлээр төгссөн.

1986 оноос УСУГазрын харьяа Улаанбаатар хотын усан хангамжийн төвд автоматикийн инженер, автоматик телемеханикийн инженер, 1989-1994 онд Цахилгааны ангийн дарга-Ерөнхий цахилгаанчаар ажилласан.

1994-1995 онд хувийн хэвшилд ажилласан.

1996-1998 онд Санхүү-эдийн засгийн дээд сургуулийг Санхүүч-эдийн засагч мэргэжлээр төгссөн. “Санхүүгийн тайлангийн судалгаа ба оновчлол” сэдвээр бакалаврын диплом хамгаалсан.

1998 онд ШУТИСургуулийн Докторантурт элсэж “Улаанбаатар хотын усан хангамжийн системийн урсгал хуваарилалтын оновчлол ба математик загварчлал” сэдвээр эрдэм шинжилгээ судалгааны ажил хийж төгссөн.

Улмаар хувийн хэвшилд ажиллаж нийслэл хот, хөдөө орон нутгийн 11 газарт усан хангамжийн автоматжуулалт, дохиолох хэмжих хэрэгслүүдийн төсөл бие даан боловсруулж, хэрэгжүүлж, хүлээлгэн өгсөн.

Мөн барилгын салбарт нийт 4 барилгын бүх цахилгаан, автоматикийн ажлын төслийн ажлын зургийг боловсруулж монтажийн ажлыг удирдаж хүлээлгэн өгсөн.

Төрөл бүрийн төслүүд дээр зөвлөх инженерээр ажиллаж байсан.

Гэр бүлтэй, 1 хүү, 2 охинтой. Баянгол дүүргийн 13-р хороонд гэр бүлийн хамт амьдардаг.

Орос, Англи хэлтэй.

Хувийн хэвшлүүдэд тѳсѳл хэрэгжүүлэн ажиллахын зэрэгцээ ардчилал, зах зээлийн системийг бие даан судлахад цаг заваа бүрэн зориулсны үндсэн дээр дараах 12 ном, 4 баримтат киног монгол хэл рүү орчуулсан:

1. Джон Перкинс, Эдийн засгийн алуурчны наминчлал (2010)

2. Джон Гатто, Хүн сүргийн үйлдвэрлэл (2010)

3. Уильям Энгдаль, Сүйрлийн үрүүд:Генийн өөрчлөлтүүдийн далд төлөвлөгөө, Destruction Seeds (2011)

4. Джеймс Меролла, Эрин цагийн дуудлага, Zietgeist (2013)

5. Адам Кёртис, Бидний эрх чөлөөний тухай мөрөөдөл юу болчихов оо (What happened to our dream of freedom)

6. 12 авторын, Эдийн засгийн алуурчдын золиосууд (2011)

7. Н. Стариков, Октябрийн хувьсгалын нууц (2016)

8. Н. Стариков, Иргэний дайны түүхэн үнэн ба худал домгууд (2016)

9. Н. Стариков, Гитлерийн нууц ноёд (2013)

10. "Мөнгөний эзэд" баримтат кино (Money masters)

11. "Далд эзэрхэг гүрэн" баримтат кино (Invisible empire)

12. "Ардчиллыг хакердах нь" баримтат кино (Hacking democracy) г. м

Мөн “Үхлийн конвейр 731-р анги”, “Мөнгө л хийцгээе” зэрэг нийт 53 баримтат киног сонгож орчуулж дуу оруулах ажлыг удирдсан.

2008 оноос www.bolor.info сайтдаа 300 гаруй нийтлэл бичиж, 50 орчим ярилцлага өгөн - ард түмэндээ үнэн бодит мэдлэг мэдээлэл өгч ухааруулж сэхээрүүлэх үйлсэд хүчин зүтгэж ирлээ.

_________________________________________

Монголчууддаа маш чухал мэдлэг мэдээллийг тасралтгүй түгээсээр ирсэн эдийн засагч, санхүүч, инженер, геоулстөр реалполитик судлаач Дэмчигийн Болор (Болорболд)-ын Bolor.info сайт нь түүний 18 жилийн судалгаандаа үндэслэн боловсруулж бичсэн 300 орчим нийтлэлээс бүрддэг.

Тус сайт анх 2008 оны 3 сараас эхлэн www.ubman.mn домен нэртэйгээр интернэтийн орчинд мэндэлсэн түүхтэй. Тэр цагаас хойш тус вебсайт 2 удаа шинэтгэл хийж өргөжин тэлсээр байна.

Биднээс нуудаг үнэнийг зоригтой бичиж, орчуулж, нийтэлдэг судлаач Д.Болор дэлхий дахины болон өөрийн орны нийгэм, улс төр, санхүү, эдийн засаг, өнөөгийн бодит байдал, үнэн түүхтэй холбоотой олон баримт мэдээлэл, дэлхийн нэрт улстөр нийгмийн зүтгэлтнүүдийн түүхэн дурдатгалууд, гадаадын хараат бус нэрт судлаач эрдэмтдийн 700 гаруй номыг уншиж, тэдний хөтөлдөг сайт блогуудаар тогтмол орон тэнд болж байгаа үйл явдлын мэдээнүүд, аналитик нийтлэлүүд, судалгааны бүтээлүүдийг тогтмол судалж, мөн 1600 орчим баримтат кино үзэж цуглуулсан төдийгүй тэдгээрээс цөөнгүйг түүвэрлэн орчуулж, телевизийн зарим ярилцлага болон цуврал нэвтрүүлэгт оржээ.

Тэрээр ЗХУ-д Уралын Политехникийн дээд сургуулийг автоматик-телемеханикийн мэргэжлээр төгсөөд, мэргэжлээрээ улсдаа 22 жил ажилласан, мөн уг мэргэжлийнхээ дагуу докторантур төгссөн, Монгол улсын Зөвлөх инженер зэрэгтэй. Ажиллах хугацаандаа Нийслэлийн усан хангамжийн системийн телемеханик - алсын удирдлагын систем байгуулах ажлыг удирдаж, гардан хийж явсан байдаг.

Хожим 1996 онд Санхүү Эдийн Засгийн Дээд Сургуульд орж зах зээлийн эдийн засаг, мөнгө санхүү бүртгэлийн чиглэлээр суралцаж санхүүч эдийн засагч мэргэжилтэй болсон. Гэхдээ бусад шиг заасныг нь л сураад төгсөхийн тулд биш, өнөөгийн эдийн засгийн “экономикс” нэртэй энэ онол хир үндэстэй эд болохыг шалгаж судлахын тулд орж, уг онолын үл гүйцэлдэх чанарыг, бодит амьдралд биелэх боломжгүй гэдгийг илрүүлсэн байдаг.

Д.Болор бол өнөөгийн дэлхий дахины хямрал мухардлын цаад шалтгаануудыг, тэдгээрийг үүсгэж нөхцөлдүүлж байгаа хүчин зүйлүүдийг, далд механизмуудтай нь, гол үзэл онол номлолыг нь үүсэл гарвал бүх үүх түүхтэй нь гүнзгий, системчилж судалсан манай цорын ганц бие даасан- хараат бус судлаач.

Түүний орчуулан гаргасан "Эдийн засгийн алуурчны наминчлал", "Эдийн засгийн алуурчдын золиосууд", "Эрин цагийн дуудлага", "Хүн сүргийн үйлдвэрлэл", "Сүйрлийн үрүүд", "Мухардал", "Урхи", "Гитлерийн нууц ноёд" зэрэг номууд, мөн 2012 онд орчуулсан сонгуулийн санал тоологч машины булхайн талаарх "Hacking democracy" (Ардчиллыг хакердах нь), "Inside job" (Өөрсдөө дотроосоо хийсэн ажил) зэрэг баримтат кинонууд нь үзэгч уншигчдын нүдийг нээхэд ихээхэн үүрэг гүйцэтгэсэн билээ.

"Ухаантай хүн хэзээ ч ердийн иргэн байдаггүй, тэр ямагт ЖИНХЭНЭ төрийн хүн байдаг" гэж Францын нэрт зохиолч, философич Клод Гельвеций хэлсэн байдаг. Чадалтай судлаач бол төр улсын үнэт баялаг. Ялангуяа төр нь төр биш болсон өнөө цаг үед. Судлаач Болорын Монгол улсынхаа өнөөгийн байдал болон цаашдын хувь заяанд сэтгэл чилээн, ямар ч цалин хөлс, санхүүжилтгүйгээр олон жилийн турш судалж, орчуулж, хэвлүүлж, нийтэлсэн уйгагүй хөдөлмөрийн ачаар Монголын ард түмэн өөрийн улс орондоо бий болсон хүнд асуудлуудын цаад шалтгааныг ойлгож ухаарч авсан юм.

Түүний old.bolor.info болон bolor.info сайтууддаа бэлэн боловсруулаад энгийн үгээр бичээд өгчихсөн нийтлэлүүдийг уншигчдын тоо жилээс жилд өссөөр ирсэн байдаг. Гэвч тэнд одоохондоо тавигдсан байгаа материалууд, орчуулан гаргасан бүтээлүүд нь түүний нөөц чадвар, судалж мэдсэн мэдлэгийн өчүүхэн бага хэсэг юм.

Бидний судлаач харийн баячуудад эрдэм оюунаа худалдаж тэдэнд үйлчилж байсан бол өдийд тэрбумтан болчих байсан биз. Гэтэл тэр ашиг хонжоог биш, үнэн мөнийг хайж маш өргөн хүрээнд судалгаа шинжилгээ хийхдээ ард олноосоо хандив туслалцаа авалгүй ганцаар зүтгэжээ. Эх орноо өндийлгөх гол хүч бол бодит үнэнд тулгуурласан мэдлэг ухаарал сэхээрэл гэдгийг ойлгох нь энэ цаг үеийн монголчуудын хамгийн чухал асуудал юм.

Гагцхүү үнэн бодит мэдлэг мэдээлэл л ус агаар мэт хэрэгтэй байгаа өнөө цаг үед монголчууд биднийгээ сэрээж сэхээрүүлэх үйлсэд гол үүрэг гүйцэтгэж яваа судлаач Болорын ажил үйлсэд тусалж, веб сайтыг нь өргөжүүлэн-хэлэлцүүлэг форумтай болох, бусад нийтлэгчдийг нийтлэлээ оруулах техникийн боломжоор хангах, одоо бэлэн болчихоод байгаа 5 шинэ номоо хэвлүүлэх ажлыг нь ивээн тэтгэх, илүү их судалгаа хийж өргөн мэдлэг мэдээллээсээ түгээхэд нь урам дэмжлэг өгч хандив өргөхийг нийт монголчууддаа, мөн гадаадад байгаа монголчууддаа уриалж байна!

Мөн нийтлэлүүдийг нь цааш түгээх, хэвлэгдсэн номуудыг нь сурталчлах, олон чухал сэдвээр дэлгэрэнгүй ярилцлага хийж түмний хүртээл болгох, тулгамдсан чухал асуудлуудаар хэлэлцүүлэг мэтгэлцээн нэвтрүүлгүүдэд оролцуулах, уулзалт ярилцлага зохион байгуулах, дэлхийн түүх болон улстөр геополитик, эдийн засаг санхүүгийн чиглэлээр танин мэдэхүйн цуврал нэвтрүүлэг, лекц хийх зэргээр бодитоор хамтран ажиллахыг Монголын сэхээтнүүд, оюунлаг ард иргэд, сэтгүүлч сурвалжлагчдаасаа хүсэж байна.

Бидний Монгол улс мөнхөд мандан бадарч, ард түмний минь ухаан билэг үргэлжид цэцэн мэргэн байх болтугай!