Бадамсүрэнгийн БАЯРСАЙХАН- Морин хуурын мастер урлаач
5 жил, 8 сар өмнө

Мэргэжлийн морин хуур урлаач, мастер, PEGASUS брэндийг үүсгэн байгуулагч, “Bayar & Brothers” ХХК-ий захирал.

1992 онд “Авьяас цогцолбор” нэртэй Нийслэлийн 93-р сургуульд суралцаж байхдаа Монголын нэрт хөгжмийн мастер  н.Жүгдэр багшийн шавь болж морин хуур урлалд суралцах гараагаа эхлэсэн. 1993 оноос Улсын Үндэсний Хөгжмийн үйлдвэрт Б.Энхболд мастерийн дагалдангаар орж ажилласан. 2002-2004 онд Их Британийн Дурхам хотод алдарт хийлийн мастер Таркюнь Болтоны удирдлаган дор хийл урлал, альто хийл урлалын чиглэлээр сертификат хамгаалсан.

“2003 онд “Bayar & Brothers” ХХК, 2010 онд Мэргэжлийн Морин Хуур Урлаачдын Холбоо (ММХУХ) зэргийг байгуулан өөрийн урлангийн бүтээлүүдээрээ 2001 онд БНУАУ-д “Олон Улсын Урлаачдын Их Наадам”, 2001 онд Хөх хотод болсон “1000 Морин Хуурчдын Наадам, 2002 онд “Мэргэжлийн Морин Хуур Урлаачдын Уралдаан”-ы дэд байр, 2001, 2002 онд Японд “Made in Mongolia” үзэсгэлэн худалдаа, 2002 он Лондонд “Made in Mongolia” үзэсгэлэн, 2005 он Японд 132 орон оролцсон “Aichi- Expo 2005” үзэсгэлэн яармагт тус тус оролцож 2002 онд ардын урлагийн “Этүгэн” хамтлагийг байгуулан 2001 онд БНХАУ, 2003, 2005, 2006, 2007, 2008 онуудад Япон, 2004 онд АНУ, 2008 онд АНУ-д “ hicago, Lotus World Music” фестивальд Монголоо төлөөлөн оролцож байсан. 

2009 онд “Төгөлдөр” хийл, морин хуурын сургалт, 2010 онд “PEGASUS” үндэсний амьд хөгжмийн студийг байгуулан урлагийн тоглолт үзүүлбэрүүдээр тогтмол үйлчилгээ үзүүлж байна. Мөн түүний урласан морин хуур АНУ-ын Нью-Йорк дахь дэлхийн хамгийн олон жилийн түүхтэй “SHUBERT CLUB” хөгжмийн түүхийн музейд, 2010 онд АНУ-ын Аризона мужийн Феникс дэх дэлхийн хамгийн том хөгжмийн зэмсгийн музей “MIM-The World’s First Global Musical Instrument Museum”-д тавигдаж дэлхийн улс үндэстний мэлмийн өмнө таашаагдаж байна.

Ярилцлага унших 

http://morinkhuur.mn/