Рэнцэнгийн БАТЦЭНГЭЛ: МОНГОЛЧУУД БИД АНИМЕЙШН КИНОГООР ДЭЛХИЙД ГАРАХ БҮРЭН БОЛОМЖТОЙ
9 жил, 7 сар өмнө
Монгол бахархлын ноён оргил, монголын түүх соёлын нэвтэрхий толь болох Монголын нууц товчоог хүн төрөлхтөнд таниулан алдаршуулж Монгол хүн бүрийн хүсэн хүлээсэн анимейшн киног бүтээх зорилготой “Монголын нууц товчоог дэлхийд түгээе” төслийн санаачлагч, зураач Рэнцэнгийн БАТЦЭНГЭЛ- тэй монгол бахархал, түүх соёлын тухай яриа өрнүүллээ.

Амар байна уу? Та сайхан хаваржиж байна уу. Уран бүтээл арвин сайхан уу? Та “Монголын нууц товчоог дэлхийд түгээе” төслийг яагаад эхлүүлсэн талаар яриагаа эхлүүлье.

Анх 3-р ангид байхдаа Монголын нууц товчоо номыг уншиж байсан. Тухайн үед Чингис хааны тухай ил ярьдаггүй байлаа. Их харгис хэрцгий алуурчин байсан тул ярьж болохгүй. Яривал шоронд хийчихдэг гэж шивнэлддэг байлаа шүү дээ. Хүүхдүүд Чингис хааны зураг гээд олон дахин татаж угаасаар байгаад дүрс нь мэдэгдэхгүй сүнс сүүдэр шиг болчихсон зургийг нууцаар дамжуулж үздэг байсан юмдаг.

Анх Нууц товчоог уншаад төрсөн сэтгэгдэл үнэхээр гайхамшигтай. Өнөөдрийн анх уншиж байгаа хүүхдүүд ч мөн адил тийм гайхамшигтай ертөнцөд нэвтрэн ордог байх гэж найддаг. Анхны сэтгэгдлээрээ Бөртө чоно, Гоо маралыг зурсан маань одоо надад бий. Тэр зураг дээр дүрсэлсэн цацарч байгаа гэрэл МНТ надад хэрхэн нөлөөлж, ямар их догдлуулж байсныг сануулдаг юм.

1995 онд сургуулиа төгсөөд МНТ, Алтан ургийн түүх, домогоос сэдэвлэсэн ажлаа үргэлжлүүлсэн. Хамт төгссөн Батхишиг, Бямбацогт хоёртойгоо хамтраад 7 жил мөн ч олон газар урлан түрээслэн хэсэж явсан даа. Оюутны байранд ч сууж байлаа.

1999 онд түүх, угсаатны чиглэлээр судалгаа хийж байхдаа нэрт түүхч Чулууны Далай гуайтай танилцаж багш шавь болж тогтмол зөвлөгөө авч эхлэсэн.

2002 онд Чингис хаан мэндэлсний 840 жилийн ойг тэмдэглэх болж, орон даяар ажлууд өрнөсөн. Ойн арга хэмжээний хүрээнд бид гурвын долоон жилийн турш бүтээсэн дөчөөд зургаар “Алтан ургийн домгийн чуулган” нэртэй үзэсгэлэн гарсан юм. Сүүлд сонсоход тухайн үед Түүхийн хүрээлэнгийн захирал байсан Чулууны Далай багш маань их хөөцөлдөж байж бүтээсэн юм билээ.

Монголын нууц товчоо, Их хааны түүхийг өгүүлсэн томоохон үзэсгэлэн гаргаж байгаадаа их баяртай байлаа. Бага залуу насны дэврүүн мөрөөдлөөр олон жил тууштай зүтгэсэн болохоор их л том хүлээлттэй байсан шиг байгаа юм. Олон хүн ирж үзнэ, бүтээлүүдээ бүгдийг нь борлуулчихвал… гээд л сайхан л юм бодож байж. Гэтэл бүх мөрөөдөл унтарч, урам зориг хугарсан даа. Гавьтай олон хүн ч үзсэнгүй, цөөн хэдэн зураг л зарсан. Гэр бүлтэй болж, анхны хүүхэд гарчихсан амаргүй үе бас таарсан юм л даа. Олон жил зураг зураад өрөөний мухарт суучихсан болохоор байр сууцтай болох нь битгий хэл хоолны мөнгөгүй шахуу л байсан.

Тэгээд амь зуулгаа залгуулахын тулд график дизайны ажил хийж эхэллээ. Нилээн зүтгэж байгаад нэг компьютер, зургийн камертай болж төгсөлтийн монтаж хүртэл хийж явлаа шүү дээ. (Инээв)

Тэгж байтал 2005 онд Их Монгол 800 ажлын хэсэг байгуулагдаж, ажлын санал авч байгааг сонсоод эргээд МНТ хэмээх өвчин маань сэдэрлээ. “МНТ”-г фото зургаар бүтээх төсөл бэлтгэж танилцуулсан маань дэмжигдэж гэрээ хүртэл байгуулчихаад байж байтал тухайн үеийн засгийн газар солигдож бүх зүйл түүнтэй хамт замхран алга болсон доо.

Харин азаар Х.Баттулга гишүүнтэй танилцаж төслийнхөө санааг танилцуулсан чинь зөв санаа байна гээд одоо энэ төслийг эхлүүлэх боломжийг нээж өгсөн юм. Харамсалтай нь гишүүний өгсөн мөнгөний ихэнхийг зураг авалтанд зарчихсан юм. Фотогоор олигтой юм болохгүй юм билээ. Ядахдаа зураг авахад хавар таарсаныг ч хэлэх үү морь малын тарга тэвээргээс авахуулаад, хувцас, хэрэглэл, үс сахал авах юм байгаагүй. Уран сайхан, дүрслэлийн хувьд бол бүр ярих ч юм биш. Тухайн үед ингэж долоон жилийн турш нэг номын зурагтай зууралдана гэж төсөөлж ч чадахгүй, сэтгэлийн тэнхээ ч хүрэхээргүй байж л дээ. Амар хялбараар нь фото зургаар аргалчихмаар санагдаад байсан хэрэг.

Энэ бүхний сургамж нь дижитал арт буюу нью медиа арт руу орох үндэс болсон. Ингээд “Wacom” зургийн дэлгэц худалдаж аваад л үзэж тарсан. Анхны үр дүн болох “Монголы Нууц Товчоо түгээмэл эх”-ийн “Тэргүүн дэвтэр”-ийг 2014 оны наадмаар “Чингис хааны талбайд” олон нийтэд танилцуулсан.

Номоо яагаад түгээмэл эх гэж нэрлэх болов? Бусад цувралууд хэзээ хэвлэгдэх вэ?

Монгол үндэстэний сод бүтээл Монголын нууц товчоо дэлхий дахинд түгэж дэлгэрээсэй, дэлхийн хүмүүсийн хүртээл болж биднийг үнэн зөвөөр танин мэдээсэй гэдэг үүднээс “Түгээмэл эх” гэсэн нэр өгч, түгэн дэлгэрэхэд нь хувь нэмэр оруулахын тулд ажиллаж байна. Монголын Нууц Товчоо бол үйл явдлыг голчлон тэмдэглэж үлдээсэн зохиол. Тиймээс хүмүүсийн дүр төрх, ахуй орчин, хувцас хэрэглэлийн талаар дүрсэлсэн зүйл бага. Тийм ч учраас тухайн үеийн овог, аймгуудын соёлын хэв маяг, угсаатан ястны дүр төрхийг тодорхой зурж дүрсжүүлэх зайлшгүй шаардлага байсан. Ингэхдээ чимэг төдий биш зохиолын агуулгыг баяжуулсан бодит дүрслэлтэй зургууд хэрэгтэй. Үүний тулд судлаачдаас байнга зөвлөгөө авч, түүх, хүн судлал, археологийн судалгааны сүүлийн үеийн ололтыг тусгасан, XIII зууны монгол ертөнцийг бүх талаас нь харуулсан бүтээл хийхийг хичээн ажиллаж байна.

Уул нь “Дэд дэвтэр” хэвлэхэд бэлэн болчихсон байгаа. “Тэргүүн дэвтэр”-ийг нь зээлээр хэвлэчихсэн болохоор уг номоо худалдаж борлуулсан орлогоороо бусад дэвтэрээ хэвлэх боломж бий болох юм. Энэ 5-р сарын 27-нд “Дэд дэвтэр”-ийн нээлтийг хийхээр төлөвлөж байна. “Гутгаар дэвтэр” нь оны сүүлд гарчихна.

Англи, хятад хэлээр ази, европийн улсуудад гаргахаар гэрээ хийгдсэн. Ирэх оноос нэлээд олон улсын худалдаанд гарна.

Түгээмэл эх” бүтээл гадаад зах зээлд гарах болсон нь үнэхээр бахархалтай байна. Монгол улсаа олон улсад сурталчилах нэг чухал хөшүүрэг болж чадах болов уу?


Тэгэлгүй яахав. Бүх л үндэстний адил монголчууд маань түүх соёлоороо бахархдаг. Тэр бахархалаа дэлхий нийтэд харуулахсан, мэдүүлэхсэн гэсэн хүсэл, хүлээлт байдгийг бид өдөр тутам мэдэрдэг. Анх энэ хүлээлтийг бага ч болов нөхөх санаагаар энэ ажлыг эхлүүлсэн юм. Бид Монголоо сурталчилъя гэвэл МНТ-гоо л сурталчилах хэрэгтэй байна. МНТ бол манай түүх соёлын нэвтэрхий толь учраас монгол орныг таниулах хамгийн тодорхой сайхан зам. Энэ бүтээлээс цаашлаад МНТ-ноос сэдэвлсэн уран сайхны кино хиймээр байна. Ном бол бас л хязгаарлагдмал түвшиний хэрэглээ. Кино бол бүх нийтийг хамарсан үзмэр учраас илүү их ач холбогдолтой.

Төслийн үндсэн зорилго болох “Чингис хаан” анимейшн хийх шийдвэрийг хэзээ гаргасан бэ?

Ил хэлж байгаагүй болохоос аль эртнээс санаж явсан юм. 2010 оноос эхэлж анимейшн хийе гэж адилхан хүсэл зорилготой залуучуудыг олж уулзаж санаа бодлоо хуваалцах болсон. Эхнээс яривал манай ах Р.Батсайхан “Бөртэ чонын удам” хүүхэлдэйн кинон дээр ажиллаж байсан үеэс эхэлнэ. Тэгэхэд би 7-р ангид байсан.

Дараа нь “Азар, Базар, Тазар гурав” киног ах маань бүтэн жилийн турш зүтгэж байж хийсэн. Энэ бүхэнд нь би чадлаараа туслаад үргэлж хамт байдаг байсан. Ер нь манайх киноны гэр бүл шүү дээ. Уулзаад юм ярьвал кино руу орчихсон байдаг. Өнөөгийн монголчууд бидний хувьд дэлхийн зах зээлд гарах боломж анимейшн уран сайхны кино, баримтат кино гэсэн хоёр төрөлд л байна гэж хардаг.

Яагаад анимейшн гэж?

Анимейшн буюу хүүхэлдэйн киноны гол давуу тал, ид шид гэж хэлж болохоор шинж бол шашин, соёлын хил хязгаар, арьс өнгөний ялгаа зэрэг саадыг нэвтэлж чаддагт байгаа юм. Бас бидэнд байгаа боломжинд тохирно. Боломжийн төсөвтэй, ажиллах хүний нөөц байна. Ихэнхи ажлыг нь компьютерийн ард зурж ноцолдож байгаад өөрсдийн санаанд хүртлээ гүйцэтгэх боломжтой. Чингис хааны дүрийн хувьд л гэхэд хэн нэгэн жүжигчинээр төсөөлөх ямар ч боломж алга.

Монгол залуус анимейшн кино хийхгүй байгаа шалтгаан нь юу вэ?

Дор дороо жижиг сажиг оролдож үзээд, мөрөөдөөд явж байгаа залуус олон байна. Бүгдийнх нь зүрх сэтгэлийг татаж нэг зорилгод зангидаад, зохиол, уран сайхны шийдлээ тодорхойлоод дээр нь төсөв мөнгөө босгочихвол монгол залуус хамтдаа чадна. Гадаад дотоодын төслүүдэд оролцоод, туршлага хуримтлуулаад, ур чадвартай болсон залуус байна. Крейтив ур чадвар, сэтгэлгээ бол бид хэнээс ч дутахгүй. Гадаадаас цөөн хэдэн мэргэжилтэн урьж авчирч болно. Техник, технологи тал дээр бол шийдэх олон аргууд бий болчихсон.

Пиксар зэрэг дэлхийн хэмжээний студиудтай бид хамтран ажиллах боломжтой юу?

Биднийг тоох болов уу даа. Том компаниуд дээр өдөрт хэдэн мянган санал очиж байгаа шүү дээ. Харин манай засаг төсөв мөнгийг гаргаад хамтаръя гэвэл мэдээж өөр л дөө.

Бидний хувьд бол инди маягаар, багийнхаа крейтив чадварт тулгуурлан бага зардлаар бүтээх замыг сонгож явна даа. Инди фильм, Инди рок гэж хүчтэй жанр бий болоод удаж байна.

“Чингис хаан” анимейшн кино бүтээгдээд олон нийтэд хүрсэний дараа нийгэмд ямар өөрчлөлтүүд гарах бол? Таны төсөөлөл?

Миний туйлын хүсэл бол монгол улс үйлдвэрлэгч орон болоход өөрийн хувь нэмрийг оруулах. Энэ кино бол үүний нэг хэсэг. Энэ кино төсөл амжилттай хэрэгжвэл бүтээлч үйлдвэрлэлийн үндэс суурь тавигдана. Монгол хүний чадал чадварт итгэх итгэл үлэмж дээшлэнэ. Өндөр технологи эзэмшиж, дэлхийн хэмжээнд сэтгэж, дэлхийн хэмжээнд бүтээж чадахыг нотолно. Монголчууд багаар ажиллаж чаддаггүй, том төслүүдийг амжуулж чадахгүй гэх мэт хөгжилд саад болж буй ойлголтуудыг няцааж таягдан хаяхад том нөлөө үзүүлнэ гэж боддог. Ингэж чадвал хүнд үйлдвэр, технологийн салбарт ч үзэл санаа, итгэл үнэмшлийн дэм өгнө биз дээ?

Мэдээж монголчууд маань хүсэж хүлээсэн бүтээл нь хилийн чанадад гарахыг үзээд маш их бахархана байх. Өвөг дээдсээрээ, түүх соёлоороо жинхэнэ утгаараа бахархана. Энэ бол ашиг орлого болон бусад зүйлсээс илүү эрхэм, юутай ч зүйрлэмгүй үнэ цэнэ.

Ерөөс кино хийж байгаа шалтгаан нь ном уншаад, миний зурсан зургаас олж авч чадахгүй байгаа зүйлсийг давж бүүр гүн рүү нь орж үзүүлэх зорилго байгаа. Нууц товчооны цаад нууц нь юу байна. Тэр үеийн нийгэм, соёл ахуй нь ямар байсныг бид хангалттай төсөөлж харж чадахгүй байгаа. Насаараа судласан судлаачдийн хувьд бол толгой дотор нь төсөөлөл бий болсон байдаг. Миний хувьд багагүй судалсны үр дүнд тодорхой дүрслэлүүд бий болчихоод байгаа. Үүнийгээ үзэгчидтэй хуваалцах хүсэл их байна. Ч.Далай багш маань эртний монгол соёл бол нээгдээгүй цоо шинэ ертөнц шүү гэдэг байсан. Тэр сонин сайхан ертөнцийг хүн төрөлхтөнд нээж харуулахыг хүсч байна.

Бид Монгол хүнээ хайрлахгүй, нэгнийхээ хийсэн бүтээснийг үгүйсгэх өвчтэй, үнэт зүйлгүй, итгэл үнэмшилгүй цаг үед амьдарч байгаа юмуу даа. Энэ байдал хэрхэн өөрчлөгдөх бол?

Ямар ч байсан алдарсан итгэл нь сэргэхэд бидний ажил асар их нөлөөтэй гэж харж байна. Жишээ нь Сумогоор төсөөлье л дөө. Аса аварга аварга болчих гээд хүч үзэж байх үед сумог монгол хүн бүр үздэг, хоорондоо аварга болж чадах болов уу, үгүй болов уу гээд л ярьдаг байсан. Тэр үеэс урагшаа эргэн санавал Кёкүшюзан дээд зиндаанд гарч ирэхээс өмнө сумо гэдэг чинь бүүр хүршгүй даваа гэж боддог байсан. Аймар том биетэй, аймаар хүчтэй хүмүүс байдаг юм байна. Монголоос хэдэн хүүхэд явсан юм гэнэ лээ, яах юм бол доо, хөөрхийс гэж ярьдаг байлаа шүү дээ. Өнөөдөр бол олон монгол залуус сумод ид хаваа гайхуулж байгааг харж байна. Яг энэ шиг өөрчлөлт гарах байх гэж боддог юм. Монголчууд далайцтай, чанартай зүйл хийж чадах юм байна, эхний ээлжинд дэлхийн хэмжээнд биш гэхэд хилийн дээс алхаж чадахуйц бүтээл хийж чадах юм байна гэсэн итгэл найдвар хамгийн түрүүнд бий болно гэдэгт итгэдэг.

Кино урлагаас гадна улс орныхоо нийгэм соёлын хөгжилд бодитой нөлөөлж, цаашлаад бүтээлч үйлдвэрлэл болж хөгжих боломжтой урлагийн ямар салбар байна вэ?

Тооцож үзсэн юм байхгүй болохоос уул нь зураачид, хөөмийчид, ардын урлагийнхан багагүй хэмжээны валют оруулж ирдэг. Үүнийг хөгжүүлж, ашиг орлогыг нь нэмэгдүүлэхийн тулд соёл урлагийнхаа жаахан төсвийг зохистой зарцуулдаг зоригтой өөрчилт хиймээр санагддаг. Жишээ нь аймаг бүрт Хөгжимт драмын театр хэрэгтэй юу? Халамжийн нийгэм болчихож гээд халаглаад байгаа нь эхчүүд, хүүхдүүдийг хэлээд байгаа юм биш. Салбар бүрт үр бүтээлгүй халамжийн цалин аваад байгаа хүмүүсийг хэлж байна гэж ойлгодог.

Урлаг хатуу хоол байх ёстой. Хээрийн хөх чоно шиг чадлаараа амьдрах нь амьдраад чадахгүй нь уурхай, барилга руу яваг.

Жил болгон урлагийн сургуульд дэндүү олон хүүхэд элсэн ордог. Энэ хүүхдүүд өмнөх үеэсээ сургамж аваад өөр мэргэжил сонгодог болмоор байна. Ингээд байгаа жаахан төсвөө цөөн хэдэн сайн төсөл шалгаруулаад өгчихвөл сая манайд бүтээлч үйлдвэрлэл хөгжинө.

Тэгээд дээр нь урлагийн төрлүүдээс “олимпын төрлүүд”-дээ илүү анхаармаар санагдаад байдаг юм. Олимпын төрөл гэхээр дэлхийд өрсөлдөж үнэлэгдэж чадах төрлүүдийг хэлж байна. Яруу найраг л гэхэд хилийн дээс алхдаггүй төрөл. Манайхан их ярьдаг даа “Аргалын утаа боргилсон малчны гэрт төрсөн би” гэхийг орчуулах арга алга гээд л.

Хүч чадалтай сайн бөхчүүд кураш мурашаар хичээллэсэнээс жүдогоор явж олимпийн аварга болсон нь дээр биз дээ? Улс үндэстэнийхээ сэтгэлгээний царааг харуулж дэлхийд гарч чадах урлагийн төрлүүдээ илүү анхаарал тавьмаар санагддаг. Уран сайхны кино, уран барилга, уран баримал бол “олимпын төрлүүд”. Уран зураг гэхэд одоо олимпоос хасагдаж байх шиг байна.

Уран баримал, уран барилгын хувьд ланд марк болж чаддагаараа онцлогтой. Нэг онцгой байшин байлаа гэхэд л тухайн газрынхаа нүүр царай болчих жишээтэй. Энэ онцлогоороо урлагийн дээд зиндааг хадгалж чадаад байх шиг байгаа юм. Манай Цонжин болдогийг гэхэд л олон оронд мэддэг болчихлоо шүү дээ.

Хятадыг луу, улаан өнгө, торго, үйлдвэрлэгч гээд төсөөлдөг, Герман, Япон гэхээр өндөр технологи, робот гэх мэтээр дэлхий нийтэд төсөөлөгддөг үндэсний имиж байдаг. Монгол гэхээр танд юу төсөөлөгддөг вэ?

Хөгжихийг хүсч буй улс үндэстэн өөрийн Nation branding гэдэг зүйлийг хийх ёстой юм гэдэг. Үүнийг бид одоо хийе гэвэл мэдээж түүх, соёл уламжлалдаа тулгуурлаж таарна. Бас бид дэлхийд юу борлуулахыг хүсч байна тэрийгээ тойруулж хийх ёстой байлгүй. Тэгээд бодохоор гол бүтээгдэхүүн маань уул уурхай, аялал жуулчлал хоёр болж таарч байгаа. УБ хот жилд 5 сая жуулчин авдаг болох сайхан зорилт дэвшүүлсэн байна лээ. Энэ зорилтыг биелүүлэхийн тулд жуулчдаа татах ажил хийж таарна. Тэр нь юу байх вэ? Юу хамгийн үр дүнтэй сурталчилгаа болох вэ гэхээр Шинэ Зеаланд, Хятадын жишээгээр дэлхийд гарах кино бүтээх шаардлагатай л гэж харагдаж байна. Кино бүтээл улс орнуудын аялал жуулчлалын орлогыг нэмэгдүүлсэн жишээ олон байдаг. Бидний хамгийн сайн мэдэх жишээ бол “Бөгжний эзэн”. Энэ киноны 3 цуврал дэлгэцэнд гарсанаас хойш Шинэ Зеаландын аялал жуулчлалын жилийн орлого 27 сая ам.долларт хүрсэн. Манайд ойрхон жишээ гэвэл Өмнөговь дах Хэрмэн цавын үргэлжлэл Өвөр Монголын нутагт Жан Эмаогийн “Hero” киноны зураг авалт хийгдсэн. Одоо тэнд аялал жуулчлал хөгжөөд хүн дүүрэн очдог болчихоод байхад яг залгаа манай Хэрмэн цав хүнгүй хоосон байж байх жишээтэй. Аватар киноны байгалийн дүрслэлийг Хятад өмнөд хэсгийн байгалаас санаа авж хийсэн гэж бүтээгчид нь хэлсэн байдаг. Одоо тэр газар нь мөн л аялал жуулчлал хөгжсөн.

Түүхээ таниулснаар өнөөгийн Монгол улсад ямар ашигтай вэ? Бид нүүдэлчин гэдэг имиж хийснээрээ бидэнд ашигтай юу?

Энэ асуултын хариуг өөрсдийнхөө дотроос хаймаар. Надад ямар, ямар улс сайхан санагддаг вэ? Яагаад тэр улс сайхан сэтгэгдэл төрүүлсэн юм бол гэж бодоод үзвэл түүх, соёл нь чухал нөлөө үзүүлсэнийг анзаарна. Сонин жишээ хэлэхэд хятад сургуульд орсон хүү “Ээжээ та битгий “хужаа” гэж ярьж бай л даа” гэж гуйсан байдаг юм. Хүн таньж мэдсэн зүйлээ хайрлаж хүндлэдэгийн тод жишээ энэ биш гэж үү?

Улиг болсон түүх юунд хэрэгтэй юм, арагшаа биш урагшаа харж хөгжье гэж ярьдаг хүмүүс байдаг л даа. Аз болоход ингэж ярьдаг хүмүүс цөөхөн. Тэдний үг нийгэмд нөлөөлдөггүй. Дэлхий даяараа шимтэн үздэг NBA-г аваад үзье. Байнга л түүхээ ярина, үзүүлнэ. Тэгж байж сонирхолтой, сэтгэл татам болж байна. Манай гурван хүү энэ жилээс NBA үзэж байгаа гэхэд Карим Абдул Жабар, Ларри Бөрд тэгсэн ингэсэн гээд яриад байх нь үнэхээр гайхмаар.

Түүх, соёлоо сурталчилах буюу тэр nation branding гэдгийг нь хийж чадвал ашиг тусыг монгол хүн бүр амьдрал дээр хүртэнэ. Үнэндээ бол монгол гэж сонсоогүй дэлхийн иргэд дэндүү олон байна. Манай тамирчдыг имэгрэшн дээр саатуулж, хориод, оронд нь дасгалжуулагчид нь дэвжээн дээр гарсан тохиолдол гарсан нь ч үүнтэй холбоотой байх.

Харин аархал, омогшил гэдэг мунхаглалаасаа салж учир шалтгаан, үр дагаварыг нь эргэцүүлдэг ухаалаг түвшин лүү ахимаар байна даа.


Ярилцлагыг бэлтгэсэн
Жамсранжавын Лувсандорж (CreativeMongolia.com)
2015 оны 5- р сарын 11