Батбилэгийн БАТ-ЭРДЭНЭ- Нэрт төгөлдөр хуурч
5 жил, 1 сар өмнө

Төгөлдөр хуурч, 
П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын хөгжмийн их наадмаас "Шилдэг концертмэйстр" шагналт дэлхийн хэмжээний тоглооч.

Батбилэгийн Бат-Эрдэнэ нь 1990 онд Улаанбаатар хотод төрсөн ба 1997 онд Д.Чимгээ багшийн удирдлага дор Хөгжим бүжгийн коллежийн “Төгөлдөр хуур”-ын ангид элсэн орж амжилттай суралцан төгссөн юм.

Б.Бат-Эрдэнэ нь 2008-2010 онд Итали улсын Дуино хот дахь Дэлхийн Нэгдсэн Коллежид суралцсан бөгөөд улмаар 2010 онд Итали улсын Триэстэ хотын У.Тартинийн нэрэмжит хөгжмийн Их сургуульд Маэстро Игор Когнолато-н удирдлага дор амжилттай суралцаж, 2013 оны 10 дугаар сард Бакалаврын зэргээ 110-с 108 оноотой төгсөж, сурлагын өндөр амжилт үзүүлсэн билээ.

Мөн тус ондоо Итали улсын Удинэ хотын Ж.Томадинийн нэрэмжит Хөгжмийн их сургуульд Master degree specialist (Магистрын зэрэг)-т Профессор Массимиллиано Фэрратийн удирдлага дор суралцсан юм.

Тэрбээр суралцаж байх хугацаандаа Европын томоохон хотуудын төгөлдөр хуурын олон концерт, урлагийн наадамд оролцон тоглосны зэрэгцээ дэлхийд нэр хүндтэй удирдаачид, төгөлдөр хуурчид, профессоруудын мастер хичээлүүдийг авч, туршлага хуримтлуулж чадсан билээ.

Б.Бат-Эрдэнэ нь бага наснаасаа эхлэн өөрийн орондоо төдийгүй олон улсад зохион байгуулагдсан төгөлдөр хуурчдын уралдаан тэмцээнд амжилттай оролцон тэргүүн болон дэд байруудыг эзэлж байсан түүхтэй. Эдгээрээс доор товчхон танилцуулъя.

- 2011 онд Францын Парис Хотод зохион байгуулагдсан Милош Магины нэрэмжит олон улсын төгөлдөр хуурчдын уралдаанд тэргүүн байрыг эзэлсэн.

- 2011 Монгол улсад болсон "Шопен ба Монгол 21-р зуун" олон улсын төгөлдөр хуурчдын уралдаанд тэргүүн байрыг эзэлсэн.

- 2012 онд Итали улсын Триэстэ хотын "Friuli Venezia Giulia" oлон улсын уралдаанд 3-р байрыг эзэлсэн.

- 2013 онд Испаний Мадрид хотод зохион байгуулагдсан "Villa de Madrid" олон улсын төгөлдөр хуурчдын уралдаанд тэргүүн байрыг эзэлсэн.

- 2014 оны 10 дугаар сард Италийн Венеци хотод зохион байгуулагдсан "Premio Venezia" төгөлдөр хуурчдын уралдаанд 4-р байрыг нь эзэлж, улмаар тус уралдааны төгсгөлд Венец хот дахь Дэлхийн алдартай театруудын нэг болох La Fenice театрт өөрийн концертыг тоглосон юм. Энэхүү томоохон уралдаанд Итали улсад сурч буй шилдэг оюутнууд оролцдогоороо онцлог юм.

- 2015 онд Польшийн Варшав хотноо зохион байгуулагдсан Фредерик Шопений нэрэмжит олон улсын төгөлдөр хуурчдын уралдааны урьдчилсан шатны шалгуурт тэнцсэн амжилтыг гаргасан.

- 2016 онд Төрийн соёрхолт, Чингис хаан одонт, МУУГЗ, хөгжмийн зохиолч Б.Шаравын нэрэмжит мэргэжлийн уралдаанд Шилдэг Концертмейстер шагналыг тус тус хүртсэн билээ.

- 2019 онд  П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын хөгжмийн их наадмаас "Шилдэг концертмэйстр" шагнал хүртсэн.

Түүнчлэн Б.Бат-Эрдэнэ нь өөрийн бие даасан концертоо эх орондоо төдийгүй дэлхийн томоохон хотуудын урилгаар тоглож байсан бөгөөд хамгийн сүүлд 2016 оны 5 дугаар сарын 1-ний өдөр Монгол улсын филармонийн танхимд дэлхийн сор болсон шилдэг бүтээлүүдээр “Precipitato” нэртэй бие даасан концертоо мөн амжилттай хийсэн.

Төгөлдөр хуурч Б.Бат-Эрдэнэ нь тоглолт, уран бүтээлийнхээ хажуугаар одоо Хөгжим бүжгийн коллежид төгөлдөр хуурын багшаар ажиллаж өөрийн мэдлэг, туршлагаа сурагчид болон бусад төгөлдөр хуурчиддаа хуваалцсаар байгаа өнөө цагийн үлгэр жишээ төгөлдөр хуурчдын нэг мөн билээ.

Танилцуулгыг бэлтгэсэн.

Хөгжим бүжгийн коллежийн уран сайхны удирдаач, багш,

Хөгжим судлаач С.Энхбулаг